Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгч Ш.Ц нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ширээ овогт Шагдарсүрэнгийн Цэрэнбатад холбогдох эрүүгийн 1722000480020 дугаартай хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 2 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн  хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг, “Яргай” гэх газар оршин суух, Монголын Залуучуудийн  Холбооны “Тэргүүний залуу” алтан медалиар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй гэх Ширээ овогт Шагдарсүрэнгийн Цэрэнбат /регистрийн дугаар ЗА87060218/

    Шүүгдэгч Ш.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Шорвог” гэх газарт Т.Эрдэнэбаатарыг зодож, биед нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ш.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өглөө гүүгээ бариад дуусаж байтал 2 морьтой хүүхэд манай хонийг тасдаад гэрийн хойд талруу туусан. Хонь дээрээ очиход 1 хурганы хөл хугарсан байсан. Би хүүхдүүдийн хойноос нь очоод “хэн та нарыг хонь хөө гэж хэлсэн юм бэ” гэхэд “ах хөө гэж хэлсэн” гэж хэлсэн. Би гэрт нь очиход гэрийн гадна 2, 3 эмэгтэй хүн байсан. “Яагаад хонь хөөгөөд байгаа юм”  гэхэд гэрээс нэг хүн гарч ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би арагш нь түлхэж  унагаад, бөгсрүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд “дахиад хонь хөөвөл ахтай чинь ярина шүү” гэж хэлээд явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

- Хохирогч Т. Эрдэнэбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын  20-ны өдөр Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Шорвог” гэх газарт мал маллаж байтал манай мал Ш.Ц гэх айлын хоньтой нийлэх гээд байхаар нь хамт байсан дүү 10-11 настай Жадамба, Мөнх-Аялгуу нарт нэг нэг морь унуулаад хонио айлын хониноос зөрүүлээд ир гээд явуулсан. Тэгтэл Ш.Ц мотоцикльтой хонинд явсан хүүхдүүдийг туулгаад ирсэн. Гэрийн гадаа ирээд бид хэдийг “ална яасан их хонь туудаг юм” гээд дайрсан...намайг шууд заамдаж аваад гэрээс татаж гаргаад хавирч унагахад би ухаан балартсан. Нэг мэдсэн чинь Ш.Ц мотоцикльдоо суугаад явахдаа баруун хөлөөрөө миний толгой руу өшиглөчихөөд яваад өгсөн. Тэгээд би түргэн дуудаж үзүүлсэн. Адаацаг сумын эмч ирж үзээд хурдан аймаг явж үзүүл гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

- Хохирогч Т. Эрдэнэбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд дахин өгсөн “...Ш.Ц намайг түлхэж унагаад толгой руу нэг удаа өшиглөсөн...Надад Ш.Ц ах 100000 төгрөг эм авч уугаарай гээд өгсөн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

- Гэрч Б.Энхцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн  “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Шорвог” гэх газарт байх хөдөө гэртээ байсан. Өглөө 9-10 цагийн үед  манай хонь саахалт айлын Ш.Цын  хоньтой ойрхон очсон нийлэх гээд байсан.  Манай малчин Т.Эрдэнэбаатар манайд амарч байсан дүү  Жадамба, Мөнх-Аялгуу нарыг морь унуулаад хоёр хонио зөрүүлээд нийлүүлэхээргүй болгоод ир гээд  явуулсан. Удалгүй  саахалт айлын Ш.Ц ах хонинд явсан хоёр хүүхдийг мотоцикльтойгоо хөөж  гэрийн гадаа ирээд “хэн чинь хонь хөө гэж явуулсан, та нарыг ална шүү” гэж дайраад манай малчин залуу Т.Эрдэнэбаатарыг гэрийн үүднээс заамдаж аваад  гэрээс гаргаж хавирч дагзаар нь унагаагаад, явахдаа Т.Эрдэнэбаатарын толгой хэсэг рүү нэг удаа өшиглөчихөөд  яваад өгсөн.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

- Гэрч Ө.Догмидцэрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутаг “Шорвог” гэх газарт байх эмээ М.Бямбажавын гэрт байсан. Өглөө 9-10 цагийн үед манай эмээгийн хонь саахалт айлын Ш.Цын хоньтой нийлэх гээд байсан.  Манай малчин Т.Эрдэнэбаатар  эмээгийнд амарч байсан дүү Жадамба, Мөнх-Аялгуу нарыг морь унуулаад “хоёр хонио зөрүүлээд нийлүүлэхээргүй болгоод ир” гээд явуулсан.  Удалгүй саахалт айлын  Ш.Ц ах хонинд явсан хоёр хүүхдийг мотоцикльтойгоо хөөж гэрийн гадаа ирээд “хэн чинь хонь хөө гэж явуулсан, та нарыг ална шүү” гэж дайраад манай малчин залуу Т.Эрдэнэбаатарыг гэрийн үүднээс заамдаж аваад гэрээс гаргаж хавирч дагзаар нь  унагаагаад мотоцикльдоо суусан. Т.Эрдэнэбаатарын ухаан балартсан байдалтай сууж байсан. Ш.Ц мотоцикльтойгоо хөдлөхдөө  Т.Эрдэнэбаатарын толгой хэсэгрүү нь нэг удаа  өшиглөчихөөд уяа руу явж уяан дээр байсан хоёр хүүхдийг дайрч ална гэж явахаар нь би морины уяан  дээр очин хоёр дүүгээ барьж аваад зогссон. Ш.Ц мотоциклиосоо буугаад  том чулуу авч бид хэдийн өөдөөс шидсэн чулуу нь оноогүй тэгээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

- Гэрч Б.Нанжидын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 30 минутад Туяамаагийн Эрдэнэбаатар нь хүнд зодуулаад толгой өвдөх зовиуртай гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиж үзэхэд тархи толгойндоо ямар нэгэн ил гэмтэл байхгүй, өвдөж байна гэх зовиуртай байсан. Биеийн амин чухал үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Эмчилгээнд нь өвчин намдаах тариа хийсэн. Би аймагруу явж толгойны зураг авахуулаарай гэж хэлсэн. Ямар нэгэн эм бичиж өгөөгүй. Би эмнэлгийн анхан шатны тусламжийн хуудас бичих гэсэн чинь шаардлагагүй гээд аваагүй ...”гэх мэдүүлэг /хх-ийн 12/

- Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн  170200260 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд

1. Т.Эрдэнэбаатарын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 15/

- Яллагдагч Ш.Цын “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр адуундаа явж ирээд гүүгээ уяад зогсож байтал гэрээс хойд зүгт бэлчиж байсан манай хонийг 2 морьтой хүн элдэж байгаа харагдахаар нь мотоцикльтойгоо очтол морьтой 2 хүүхэд цаашаа давхиад явчихсан. Хонин дээрээ очтол нэг хурганы хөл доголчихсон байсан. Тэгэхээр нь нөгөө 2 хүүхдийг дуудахад зогссон. Би араас нь очиж “яагаад хонь хөөгөөд байгаа юм та хоёр” гэхэд “манай ах хөө” гэж хэлсэн гэчихээд цааш давхиад явсан. Би тэр айлынх руу нь явж очиход 2 эмэгтэй хүн зогсож байхаар нь “яагаад хонь хөөгөөд байгаа юм” гэхэд гэрээс нэг залуу “хэн том том дугараад байнаа” гээд гараад ирсэн.  Тэр залуу гарч ирээд намайг нэг болохоор та гээд нэг болохоор пизда гээд олон юм  яриад байхаар нь цааш нь түлхчихсэн чинь арагшаа унасан, тэгэхээр нь бөгсрүү нь нэг удаа өшиглөчихөөд явсан. Өөр зүйл болоогүй. Уг асуудал болсон “Шорвог” гэх газар нь Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг ба Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутагтай хиллэдэг. Т.Эрдэнэбаатарын байсан айлын хүмүүс Дэлгэрцогт  сумын хүмүүс байгаа юм. Тэд “Шорвог ” гэх газрыг Дэлгэрцогт сумын нутаг гэж ойлгодог юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Ш.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Шорвог ” гэх газарт  Т.Эрдэнэбаатарыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Эрдэнэбаатар нь  хэрэг  бүртгэлтийн  шатанд “...Ш.Ц  100000 төгрөг өгсөн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 8/ гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Ш.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Ц нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ш.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

           

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ширээ овогт Шагдарсүрэнгийн Цэрэнбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Цыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Цад  оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ш.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Цад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

               

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ