Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2124

 

МАГАДЛАЛ

 

2019.12.18                                               Дугаар 2124                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Д.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02368 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Л-д холбогдох,

3 876 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.Л нь “АУ ” ХХК-д төлөх төлбөр болох 2 000 ам.долларыг өөрийн уран бүтээлээр төлөх байсан боловч уг байгууллага нь татан буугдсан учир ямар нэгэн уран бүтээл авах шаардлагагүй болсон юм. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах тухай” хэлцэлээр Э.Л нь дээрх төлбөрийг тус компанийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал Д.Э-т төлөхөөр харилцан тохиролцсон юм. Гэвч Э.Л нь төлбөрийг төлөөгүй тул дахин харилцан тохиролцсоны дагуу 2018 оны 02 дугаар сарын 14-ний дотор 3 876 000 төгрөгийг төлөхөөр баталгаа гаргасан боловч хугацаандаа төлөөгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан баталгааны дагуу Э.Л-оос 3 876 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан баталгааны дагуу Э.Л-оос 3 876 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл нэхэмжлэлийн утгаа тайлбарлахдаа 2 000 ам.долларыг өөрийн уран бүтээлээр төлөх ёстой байсан боловч татан буугдсан учир ямар нэгэн уран бүтээлээр төлөх шаардлагагүй болсон гэсэн. “АУ ” ХХК-тай Э.Л нь 2012 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тухайн үед компанийг төлөөлж Д.Э гарын үсэг зурсан байдаг бөгөөд Д.Э-ээс нэг ч төгрөг аваагүй. Уран бүтээл болон шаардлагатай ажлуудыг хийж өгч байсан бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу ажлын хөлс болох 2 000 ам.долларыг ерөнхий захирал болох Австрали улсын иргэнээс 2011 онд авч байсан. Гэрээний дагуу мөнгө авсан болохоос биш Д.Э-ээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “АУ ” ХХК-иас 2 000 ам.доллар авсанаас биш Д.Э-ээс мөнгө аваагүй. Хувиасаа өгсөн гэж байгаа бол үндэслэлээ салгаж тайлбарлаад нэхэмжлэх эрхтэй тусдаа асуудал байсан. “АУ ” ХХК-ийг төлөөлж Д.Э гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л-оос нэхээд байгаа 2 000 ам.доллар нь хэлцэл дээр бичигдсэн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр баталгаа гаргаад байгаа мөнгө мөн юм гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Д.Э компанийг төлөөлөх, эрх шилжүүлсэн баримт байхгүй. Компаниас өгсөн мөнгийг өөрөө өгсөн нэхэмжилж    байгаа нь үндэслэлгүй. “АУ ” ХХК-иас өгсөн мөнгийг “АУ ” ХХК нь нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Э.Л-оос 3 876 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 000 төгрөгийн 76 966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, хариуцагч Э.Л-оос улсын тэмдэгтийн хураамжид 76 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх дүгнэлт хийхдээ татан буугдсан гэх “АУ ” ХХК-д төлөх 2 000 ам.доллар гэж хэлцэл бичигдсэн байх боловч иргэд хооронд үүрэг хүлээж, хугацаа тогтоож байгуулагдсан дээрх хэлцэл, баталгаа зэргийг үгүйсгэх боломжгүй юм. Уг хэлцэл хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна гэж үзсэнийг хүлээн зөвөөрөхгүй байна. Хамтран ажиллах гэрээг 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 “АУ ” ХХК-тай байгуулсан энэхүү гэрээнд компанийг төлөөлж менежер Д.Э гарын үсэг зурсан бөгөөд хамтран ажиллах гэрээний харилцаа Э.Л “АУ ” ХХК-ийн хооронд үүссэн. Нэхэмжлэгч Д.Э “АУ ” ХХК-ийг төлөөлөх, нэхэмжлэл гаргах зэрэг эрх олгогдсон итгэмжлэл байхгүй бөгөөд 2012 оны 06 сараас хойш Д.Э  “АУ ” ХХК-д ажиллаагүй. Д.Э өөрийгөө “АУ ” ХХК-ийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэх захирал гэж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нэг ч баримт байхгүй. Д.Э-ээс доллар болон төгрөг авч байгаагүй. Д.Э нэхэмжлэлдээ “АУ ” ХХК-д төлөх төлбөр болох 2 000 ам.доллар гэж нэхэмжилдэг хирнээ шүүхийн хэлэлцүүлгээр Д.Э-ээс авсан мөнгө гэж тайлбар хийдэг. Д.Э-ээс ямар нэгэн байдлаар мөнгө хүлээж авсан баримт байдаггүй. Шүүх хэт нэг талыг барьж Д.Э болон Э.Л нарын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа талуудын хооронд бодитоор үүссэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Э.Л-д холбогдуулан 3 876 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын  29-ний өдөр “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” байгуулагдаж, уг хэлцэлээр “АУ ” ХХК-д төлөх ёстой 2 000 ам.долларыг өөрийн уран бүтээлээр барагдуулах байсан боловч уг байгууллага татан буугдсан учир ямар нэг уран бүтээл авах шаардлагагүй болсон тул Д.Э-т 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон, хүү, алданги тооцоогүй дүн болно” гэж тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, хариуцагч нь дээрх хугацаанд үнийн дүнг төлж барагдуулаагүй тул 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Баталгаа” гаргаж “2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3 876 000 төгрөгийг төлж барагдуулах ба төлбөрийг төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу шийдүүлнэ” гэж дахин баримт үйлдсэн нь хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Хэдийгээр хариуцагч нь “АУ ” ХХК-д төлөх ёстой гэж тайлбарладаг боловч уг мөнгийг хүлээн авсан, мөн “АУ ” ХХК нь татан буугдсан үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг нөхцөл байдлын талаар талууд хэн аль нь маргаагүй байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Л-д үүрэг үүссэн байх тул тухайн үүргийг биелүүлэхийг Д.Э шаардах эрхтэй.

Нэгэнт хүчин төгөлдөр, хуулийн шаардлага хангасан хэлцэл байх тул хариуцагч мөнгийг заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул 3 846 000 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/02368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 76 966 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

                                 ШҮҮГЧИД                                                  С.ЭНХТӨР

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ