Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/388

 

 

 

 

 

   2022             04            14                                      2022/ДШМ/388

                                                       

 

С.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтмагнай,

шүүгдэгч С.Т,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/367 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтмагнайн бичсэн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцлээр С.Төмөрт холбогдох эрүүгийн 2109000000899 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Т, 

 

                2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

            С.Т нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Б-т ном, биет 100.000 төгрөг, нэг шил виски өгч, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ. Гэтэл шүүгдэгч С.Төмөрт холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Т нь шинжээч эмчээр ямар худал дүгнэлт гаргуулахаар нөлөөлснийг бүрэн гүйцэд тогтоогоогүй бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэх үндэслэл болж байна. Энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул С.Т холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн King Roberts виски 1 ширхэг, Варлам Шаламон Кольм өгүүллэг 2 ширхэг, АК9743516, Аl1068853, АL2710288, АL6807869, АК5640120 серийн дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг сиди зэргийг хэргийн хамт хүргүүлж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч С.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цогтмагнай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгчийн захирамжид "... С.Т-т холбогдох хэрэгт авагдсан баримтуудаас харахад тус эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Т нь шинжээч эмчээр ямар худал дүгнэлт гаргуулахаар нөлөөлснийг бүрэн гүйцэд тогтоогоогүй бөгөөд энэ нь мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэх үндэслэл болж байна. Энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул С.Т-т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. ...” гэж дүгнэн ямар нэгэн баримтад үндэслэлгүйгээр, бусад баримтуудыг няцаалгүйгээр, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан анхны шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан заалтыг зөрчсөн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримттай бүрэн танилцаагүй, дуу, дүрсний бичлэг бүхий хяналтын камерын бичлэгийг үзэж дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар яллагдагч С.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байгаа. Тухайлбал, хавтас хэргийн 37 дугаар хуудсанд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол хавсаргагдсан байгаа бөгөөд яллагдагч С.Т нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмчид шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолын дагуу биеэ үзүүлэхээр орж, үзлэг хийсний дараа шинжээч эмч О.Б-т ном /бэлэн 100.000 төгрөгийг завсар нь хавчуулсан байсан/-ыг ширээн дээр нь “номын дээжээсээ өгч байна” хэмээн үлдээж гарсан, хавтас хэргийн 31 дүгээр талд гэрч Б.Г-ын “... жижүүрийн текний араар ороод зогсчихсон байхаар нь “та яах гээд байгаа юм бэ” гэхэд улам цаашаа ортой амралтын өрөө рүү ороод “орой үүнийг эмчдээ өгөөрэй” гээд хар ууттай зүйл үлдээгээд гарсан. ...” гэсэн мэдүүлгээр нэг шил виски үлдээсэн үйл баримт тогтоогддог. Дээрх үйл баримт нь камерын яриа хураасан дуу-дүрсний бичлэгээр хангалттай нотлогдсон. Шүүгдэгч С.Т нь “шинжээч эмч О.Б-т дээрх зүйлсийг өгөөгүй, мөнгө, архины талаар мэдэхгүй” гэж мэдүүлдэг ч энэ нь гэрч Г.А, А.А, О.Б, Б.Г нарын мэдүүлгээр няцаагддаг. Дээрх баримтад тулгуурлан прокуророос шүүгдэгч С.Т-ийг “шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлөх“ гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх бүрэн боломжгүй байхад “шүүгдэгч С.Т нь шинжээч эмчээр ямар худал дүгнэлт гаргуулахаар нөлөөлснийг тогтоогоогүй” гэж буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Учир нь, дээр дурдсан баримтуудаар шүүгдэгч С.Т нь өөрийн биед гэмтэл учирсан эсэхийг шинжилгээний байгууллагаар тогтоолгохоор очиж байгаа гэдгээ бүрэн ухамсарлаж байсан, шинжээч эмчид үзүүлсэн атлаа мөнгө, эд зүйл шинжээчийн ширээн дээр болон жижүүрт нь зориуд үлдээж гарсан нь нөлөөлсөн гэж үзэх хангалттай үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг прокуророос шилжүүлсэн хүрээнд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Сүхбаатарын талбайд номоо зарах гэж яваад цагдаа нарт зодуулж, хавиргаа хугалуулсан зохиолч, орчуулагч хүн байгаа юм. Намайг зодсон хоёр цагдаа болон миний хавирга хугарсныг нотлох шүүх эмнэлгийн компьютер томографын оношилгооны хариу байгаа. Үүн дээр 8 дугаар хавирга хугарсан гэдэг нь нотлогдсон. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон. Хэрэг нь удахгүй шүүхэд шилжихээр байгаа. Яагаад намайг авлига өгөх гэж оролдсон гэж байгаа вэ гэхээр энэ хоёр цагдааг хариуцлагаас мултлах гэж ийм юм хийсэн гэж үзэж байна. Прокурор хэргийг нотолсон юм шиг эсэргүүцэл бичсэн байсан. Гэтэл намайг гэм буруугүйг нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан. Би энэ хавтас хэргийг 2-3 удаа өмгөөлөгчтэйгөө маш сайн уншиж танилцсан. Хэрэгт байгаа ийм ийм нотлох баримтууд намайг гэм буруугүй гэдгийг нотолж байгаа гэж заасан байгаа. Би анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй. Анхан шатны шүүх прокурорт гэмт хэрэг гэдгийг улам сайн нотол гэж дахин боломж өгсөн. Гэтэл прокурор эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Т-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Прокуророос С.Т-ийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Б-т ном, биет 100.000 төгрөг, нэг шил виски өгч, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоох шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх тул хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн С.Т-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд анхан шатны шүүхээс яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Т-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗ/367 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.Т-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл С.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН