Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/389

 

 

 

 

 

 

  2022             04            14                                        2022/ДШМ/389

                                                       

 

Э.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

хохирогч Г.М,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.Б-д холбогдох эрүүгийн 2109000001596 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Б,

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.М-тай “гэр зааж өгч, хэрүүл маргаан үүсгүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн мөрний дээд хэсэг, толгойны зүүн дээд хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.М нь гэрээний улмаас хохирсон хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгч шийтгэх тогтоол уншиж танилцуулахдаа хохирогч Г.М-ын биед учруулсан гэмтлийн улмаас ирээдүйд гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж иргэнийн журмаар нэхэмжлэх, гэрээний улмаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй хохирсон хохирлыг баримтаа бүрдүүлж иргэний журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэж уншиж танилцуулсан боловч шийтгэх тогтоолд эрүүл мэндтэй холбоотой ирээдүйд гарах зардал гэсэн хэсгийг хассан байгаа тул шийтгэх тогтоолд ирээдүйд гарах эрүүл мэндтэй холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Д.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл утга агуулгын хувьд зөрүүгүй. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг зөрүүтэй талаар дурдаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндийн талаар шүүх хуралдаан даргалагч асуухад зүүн мөр гайгүй болж байгаа, хөдөө агаар, салхинд гарах зөвлөмж өгсөн талаар мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүх шийдвэрлэхдээ цаашид гарах эмчилгээний зардал болон гэрээний улмаас учирсан хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг шүүх хуралдаанд дурдсан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн  тоотын үүдэнд Г.М-тай “гэр зааж өгч, хэрүүл маргаан үүсгүүллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хутга барьж түүнийг орцонд хөөж зүүн мөрний дээд хэсэг, толгойны зүүн дээд хэсэгт хатгаж, эрүүл мэндэд нь мөр өргөгч шөрмөс атгаал ясны толгойд бэхлэгдэх түвшинд хэсэгчилсэн урагдал, мөрний урд хэсгийн булчин, 2 толгойт булчингийн урагдал, булчингийн шөрмөсний хүүдий болон мөрний үенд шингэн хуралт, хаван нэвчдэс бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                                                                                                  

хохирогч Г.М-ын “...би 8 давхарт гараад гэрийнх нь хаалгыг тогшсон. Ю.М гарч ирээд “Чамайг хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй” гээд уурласан. Гэтэл цаанаас нь Э.Б “чамайг ална” гэж ирснээ буцаад цаашаа гүйгээд цагаан алаг иштэй хутга барьж гарч ирээд намайг 8 давхарт хөөсөн. Би зугтаагаад лифтний харалдаа Э.Б хутгаа барьж ирээд миний зүүн мөрний дээд хэсэгт хатгасан, дараа нь миний толгойн зүүн дээд хэсэгт хатгаад хутгаа халаасандаа хийсэн. ...” /хх 11/,

гэрч Ю.Минагийн “...Э.Б, Г.М нар хоорондоо муудалцаад үүдэнд зодолдоод байх шиг байсан. ...Тэгээд харахад Мөнхбаярын духнаас цус гарч байсан. ...” /хх 43-44/,

Э.Б-ын яллагдагчаар өгсөн “...би гал тогооны өрөөнд хэрэглэж байсан цагаан өнгийн иштэй хутга бариад М-ын дух, мөр хэсэгт нь хатгасан. Би тухайн үедээ М-ыг айлгая гэж бодож байсан ч тэр үедээ уур хүрээд яг юу болсныг мэдээгүй. М-тай зууралдаж байгаад нэг харахад М-ын дух, хүзүүнээс нь цус гарсныг мэдээд эмнэлэгт үзүүлэх гээд гарсан. ...Би энэ хэрэгт өөрийн гэм буруугаа хүлээж байна. ...” /хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Г.М-ын биед мөр өргөгч шөрмөс атгаал ясны толгойд бэхлэгдэх түвшинд хэсэгчилсэн урагдал, мөрний урд хэсгийн булчин, 2 толгойт булчингийн урагдал, булчингийн шөрмөсний хүүдий болон мөрний үенд шингэн хуралт, хаван нэвчдэс бүхий хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 867 дугаартай дүгнэлт /хх 23-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Э.Б гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б-ын хохирогч Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Хохирогч Г.М “...цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд заагаагүй. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэг, хохирогч шаардах эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн цаашид гаргах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг заалгүй орхигдуулсан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/175 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэрээний улмаас хохирсон хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН