Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Их дэлгэр овогт Баатарсүрэнгийн Цэрэнбямбад холбогдох эрүүгийн 1722000200022 дугаартай хэргийг 2017 оны 10 дүгаар сарын 18 -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, Оросын Холбооны Улсын Ивановийн их сургуульд оюутан,  ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг, Цагаан дэлийн 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй гэх, Их дэлгэр овогт Баатарсүрэнгийн Цэрэнбямба /регистрийн дугаар ЗЕ99052210/

 

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 23-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр улсын дугааргүй “даюун” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний  улмаас зам тээврийн осол гаргаж С.Ишдоржийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 23-нд өдөр шилжих шөнө Дэлгэрцогт сумаас баруун урд зүгт арвуулаа 4 пиво уусан. Би С.Ишдорж, У.Үржинханд нарыг мотоциклийн ард суулгаад явж байтал урдаас тод гэрэлтэй мотоцикль ирээд мөргөлдсөн. Түүнээс хойш ухаан балартаж шоконд ороод юм санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 800000 төгрөг хохиролд төлсөн, хохирогчийн биеийн байдал сайжирсан. Цаашид гэмт хэргийн хор уршгийг арилгах болно гэв.

 

- Хохирогч С.Ишдоржийн “...2017 оны  7 дугаар сарын 22-ны өдөр наадам дуусаад талбай дээрээс мотоцикльтой Т.Жанлавцогзол, Г.Батцоож, Цэрэндагва, Мягмардорж, У.Үржинханд, Б.Ц, Э.Мөнхдалай бид хэд бүжгэнд орох гээд соёлын төврүү явсан...Хамт байсан хүүхдүүдтэйгээ осолд орохын өмнө 4 том 2,5 литрийн пиво уусан. Б.Ц цагаан мотоцикль унаж байсан ба ард нь би сундалаад миний ард У.Үржинханд сууж байсан. Б.Ц мотоцикль жолоодож байхдаа гуйваад яваад байсан. Сумын баруун зүгээс сумруу явж байтал урдаас мотоцикль ирж байсан тэгээд  цааш нь санахгүй байна. Би 2017 оны  8 дугаар сарын 8-нд гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа ухаан орсон. Ямар нэгэн гомдол санал байхгүй, эмчилгээний зардал гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/

 

- Гэрч Э.Мөнхдалайгийн “...2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн орчимд Т.Жанлавцогзол намайг сундалаад сумын төвөөс худагруу явж байсан, Б.Ц С.Ишдоржийг сундалаад хийдээс ирсэн 2 найзаа тосож авчихаад “Жарантай худаг”-аас сумруу ирж байсан. Тэр 2 найзыг маань Цэрэндагва, Мийгаа гэдэг юм. Т.Жанлавцогзол бид хоёрын унаж явсан мотоциклийн гэрэл асаж унтраад гэрэлгүй явж байсан. Гэнэт урдаас гэрэл гарч ирээд Б.Ц, С.Ишдорж хоёртой мөргөлдсөн. Т.Жанлавцогзол бид хоёр  босоод С.Ишдорж дээр очиход С.Ишдорж газар хэвтэж байсан ба хамарнаас нь цус гарчихсан байхаар нь эмнэлэг дуудсан. Би Т.Жанлавцогзол, С.Ишдорж, Б.Ц, Мийгаа, Цэрэндагва бид 6 нийлээд 2 сав том пиво хувааж уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

 

-Гэрч Т.Жанлавцогзолын “...2017 оны 7 дугаар сарын 22-ны орой С.Ишдорж сумын наадмаар үзүүрлээд наадмын дараа С.Ишдорж, Б.Ц, Мягмардорж, Цэрэндагва, У.Үржинханд, Б.Дагийжанцан, Г.Батцоож нартай хамт сумаас баруун тийшээ явж 2,5 литрийн 4 пиво уусан. Б.Дагийжанцан, У.Үржинханд хоёр пиво уугаагүй. Тэнд дөрвөн мотоцикль байсан. Би нэг мотоциклийг жолоодоод Э.Мөнхдалайг сундалж сумруу явсан. Би соёлын төв орж бүжиг тарж байгаа эсэхийг үзчихээд буцаад баруун тийшээ явж байгаад “Жарантай худаг”-ийн баруун талд урдаас Б.Дагийжанцан гэнэт гарч ирээд замын урд талруу дараад зөрөөд явсан. Би замын хойд талруу дартал Б.Цэрэнбямбын жолоодож явсан мотоцикльтой мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/

 

- Гэрч У.Үржинхандийн “...Б.Цэрэнбямбын унаж явсан мотоцикльд С.Ишдорж бид 2 сундалж явсан. С.Ишдорж голд суугаад би хамгийн хойно нь сундалж явсан. Б.Ц мотоцикль жолоодоод “Жарантай худаг”-ийн баруун талын замаар баруунаас зүүн зүгт хөдлөөд явж байтал урдаас мотоцикль ирж байгаа гэрэл харагдаж Б.Ц зүүн гар талруугаа буюу хойд зүгрүү жолоогоо дараад урдаас ирж явсан мотоциклийн зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр урд талаас мөргөлдсөн. Миний сууж явсан мотоцикль зүүн гар талруугаа буюу хойд зүгрүү урдаас ирсэн мотоцикль зүүн гар талруугаа буюу урд зүгрүү хажуу талаараа унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

 

- Яллагдагч Б.Цэрэнбямбын “...2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дэлгэрцогт сумын төвд ангийн найзууд болох Т.Жанлавцогзол, Г.Батцоож нартай тааралдаж Г.Батцоож намайг “хэдүүлээ хөдөө гарах уу” гэхээр нь би зөвшөөрөөд Т.Жанлавцогзолын мотоциклийн ард талаар сундалаад сумаас баруун урагшаа хөдөө очтол Цэрэндагва, Э.Мөнхдалай Мягмарсүрэн нар сууцгааж байсан. Араас У.Үржинханд ирсэн. Мягмарсүрэн сумын төврүү яваад 4 том пиво авчирсан. Бид нар пиво ууж дуусаад 00 цагийн орчим би Э.Мөнхдалайгийн мотоциклийг бариад миний араар С.Ишдорж суугаад араар нь У.Үржинханд суугаад хөдөлсөн. Мөн Б.Дагийжанцан, Г.Батцоож, Тунгалаг нар сундалаад араас нь Мягмарсүрэн, Рэнцэнжүгдэр, Дөк гээд хүмүүс араас хөдөлсөн. Миний урд гэрэлгүй мотоцикльтой гээд Б.Дагийжанцан явж байсан. Б.Дагийжанцангийн мотоцикль замын баруун гар  талруу гартал миний өөдөөс тод гэрэлтэй мотоцикль ирээд мөргөсөн тэгээд юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67/

 

- 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 7-9/

 

-2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “Ослын газарт мөргөлдсөн цэгт осол болсон үеийн мотоциклуудын байрлалыг тогтоох зорилгоор 2 ширхэг “даюун” маркийн мотоциклийг Б.Ц, Т.Жанлавцогзол нараар байрлуулан тавиулав. Осол болсон гэх газар нь Дэлгэрцогт сумын “Жарантай худаг”-аас баруун тийш 185 метрийн зайд шороон зам дээр байлаа...үл хөдлөх цэгээр Жарантай гэх худгийг авав. Үл хөдлөх цэгээс анх мөргөлдсөн цэг хүртэл 178.7 метр, шороон замын голын тээврийн хэрэгсэл яваагүй өвс ургасан хэсэг урд ирмэгээс хойд ирмэг хүртэл 1 метр, баруун талын мотоциклийн хойд дугуйнаас хойш шороон замын ирмэг хүртэл 1.20 метр, урд ирмэг хүртэл 0.40 метр, анх мөргөлдсөн цэгээс шороон замын урд ирмэг хүртэл  1.30 метр,  хойд ирмэг хүртэл 0.60 метр байлаа. Зүүн талын мотоциклын урд дугуйнаас шороон замын хойд ирмэг хүртэл 0.40 метр, урд ирмэг хүртэл 1 метр, хойд дугуйнаас урд ирмэг хүртэл 1.20 метр шороон замын өргөн 1.90 метр, шороон замын хойд талын дугуй явах урсгал хэсгийн өргөн 0.40 метр, урд талын дугуй явах хэсэг 0.50 метр” гэжээ  /хх-ийн 10-12/

 

- Дундговь аймаг дахь Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

“1. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Жанлавцогзол, Б.Ц нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-ыг хоёр жолооч зөрчсөн байна. Мөн Б.Ц нь уг дүрмийн 21.8-н а-г зөрчсөн байна.

2. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Жанлавцогзол, Б.Ц нар  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д  заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг  зөрчсөн мөн Б.Ц нь уг дүрмийн 21.8-ын а-д заасан “Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна.

3. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Жанлавцогзол, Б.Ц нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалт зөрчсөн байна. Б.Ц нь 21.8.а-д заасан заалт зөрчиж осол гаргасан байна” гэжээ /хх-ийн 16-17/

 

- Дундговь аймаг дахь Цагдаагийн Газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

“1. Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Ц.Ариунболдын гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Осол болох үед “даюун” маркийн 2512 ДУЗ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан Т.Жанлавцогзол Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийг зөрчөөгүй байна.

3. Осол болох үед “даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Б.Ц  Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийг зөрчсөн байна.

4. Б.Ц нь мөн дүрмийн 8.1 “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10а, б, 5.11а, б тэмдэгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

5. Уг осол болох гол шалтгаан нь Б.Цэрэнбямбын буруутай үйлдлээс болж гарсан байна.

6.Т.Жанлавцогзол, Б.Ц нар тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхгүй байна” гэжээ   /хх-ийн 19/

 

- 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 20-21/

 

- 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн дүгнэлтэд 

“1. 2512 ДУЗ улсын дугаартай “даюун” маркийн тээврийн хэрэгсэл нь улсын үзлэг оношилгоонд огт хамрагдаж байгаагүй болно.

2. Ослын улмаас урд амартизатор мурийсан, урд крыло хэмхэрсэн, урд гэрлийн хамгаалалт мурийсан, толь хугарсан, өвдөгний хамгаалалт мурийж халцарсан, гар мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл нь осол болсоны дараа үүссэн байх талтай.

3. Дээрх эвдрэл нь гэмтэл нь осол болоход нөлөөлөөгүй.

4. Тухайн тээврийн хэрэгслийн тормоз, гэрэл дохио бүрэн, бүтэн хэвийн ажиллагаатай байсан” гэжээ /хх-ийн 29/

 

- 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Дундговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн дүгнэлтэд

“1. L7GPCKLY6H1024041 арлын дугаартай “даюун” маркийн тээврийн хэрэгсэл нь улсын үзлэг оношилгоонд огт хамрагдаж байгаагүй болно.

2. Ослын улмаас урд амартизатор мурийсан, баруун дохио хагарсан, гар мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл нь осол болсны дараа үүссэн байх  талтай.

3. Дээрх эвдрэл нь осол болоход нөлөөлөөгүй.

4. Тухайн тээврийн хэрэгслийн тормоз, бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай, гэрэл дохио гэмтэлтэй, асч унтардаг” гэжээ /хх-ийн 31/

 

- 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9481 дугаартай Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд

“1. С.Ишдоржийн биед суурь яс, дух яс, хоншоор яс, баруун зүүн ухархайн дээд хана, дотор хананы хугарал, баруун чамархайн дэлбэнгийн ялтаслаг цусан хураа, баруун духны дэлбэнгийн эдийн гүн дэх цус хуралт, тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  3.1.2, 3.1.3-д зааснаар амьд биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 33/

 

- Хохирогч С.Ишдоржийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35-46/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69/

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 23-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр улсын дугааргүй “даюун” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж С.Ишдоржийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх” саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасахаар заасан боловч шүүгдэгч Б.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тул эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэх боломжгүй юм.

 

Хохирогч С.Ишдорж Дундговь аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Б.Цас хохиролд 800000 төгрөг авсан” /хх-ийн 87/, мөн хохирогч хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй” /хх-ийн 82/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ц тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Их дэлгэр овогт Баатарсүрэнгийн Цэрэнбямбыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Б.Цэрэнбямбыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Цд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ  авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

               

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ