Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02995

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 06 өдөр                  Дугаар 102/ШШ2024/02995                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Төв аймгийн .............,

            Хариуцагч: Баянгол дүүргийн.................,

            Нэхэмжлэлийн шаардлага: 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..............оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Солонгос улс руу виз гаргана гэх зарын дагуу .............эй холбогдож, хэлсэн данс руу нь 6,250,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь нэг л биш байхаар нь би болилоо мөнгөө авъя гээд очиход “таны мөнгийг 3 хоноод өгнө, та түр хүлээж бай” гэсэн. Гурав хоноод ирэхэд мөнгө өгөөгүй. Тэгээд нэлээн хэл ам хийсний дараа 1,500,000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдсэн мөнгийг нь дараа өгнө гээд өгөөгүй байна. Маргааш нь шууд мөнгөө буцааж авна гэж хэлээд, оффис дээр нь очиход олон хүн байсан. Тиймээс хариуцагчаас 5,000,000 төгрөгөө буцаан шаардаж байна...гэв.

            2. Хариуцагч ..............2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар бичгээр гаргаагүй байна.

            3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Төв аймгийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 134 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-4-5/, өөрийн Хаан банк дахь .................тоот дансны хуулга /хх-22-23/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

            4. Шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11252 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу Төв аймгийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-16/, шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 134 тоот прокурорын тогтоолыг ирүүлсэн байна. /хх-21/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх ..........ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч .............нь хариуцагч ..............д холбогдуулан, түүнд дансаар шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагчийн интернэтэд тавьсан зарын дагуу Солонгос улсын виз гаргуулахаар 6,250,000 төгрөг шилжүүлсэн ба виз гаргахгүй, залилуулсан гэдгээ мэдэж мөнгөө буцаан шаардахад 1,500,000 төгрөгийг буцаан өгч, үлдсэн мөнгийг өгөөгүй, цагдаагийн байгууллагад шалгуулсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тиймээс үлдэгдэл мөнгөө буцаан шаардаж байна” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хариу тайлбар бичгээр гаргах үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч нь БНСУ-ын виз гаргана гэх зарын дагуу хариуцагчтай утсаар холбогдож, үйлчилгээний хөлс 6,250,000 төгрөгийг хариуцагчийн 5429373902 тоот данс руу 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 1,250,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн болох нь түүний дансны хуулга, цагдаагийн байгууллагад ............ийн гэрчээр өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

            5. Улмаар нэхэмжлэгч үйлчилгээ авахаас татгалзаж, мөнгөө буцаан шаардахад хариуцагч 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь прокурорын тогтоолд тусгагдсан ..............ийн гэрчээр өгсөн тайлбараар тогтоогдсон.

            6. Талуудын хооронд аливаа гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч хариуцагчид мөнгө шилжүүлсний маргааш буцаан шаардсаны дагуу 1,500,000 төгрөгийг буцааж төлсөн ба үлдэгдэл мөнгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс  зааснаар төлбөрийн үлдэгдлийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг шаардах эрхтэй.

            7. Харин нэхэмжлэгчээс хариуцагчид 6,250,000 төгрөг шилжүүлснээс хариуцагч 1,500,000 төгрөгийг буцаан төлснөөр 4,750,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байхад 250,000 төгрөгийг илүү шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 4,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

            8. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 90,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .............өөс 4,750,000 /дөрвөн сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч .............д олгож, нэхэмжлэлээс 250,000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........өс 90,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...............нд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА