Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Халх овогт Б.Х-т холбогдох эрүүгийн 1722000740027 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1972 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ариунболор” ХХК-д галч ажилтай, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг “Ариунболор” ХХК-ний Нетрогийн нийтийн байрны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, мөн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх Халх овогт Б.Х /регистрийн дугаар ЗЙ72050110/

 

    Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн хашаанд иргэн Ц.Галхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний чээжин тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр барилга дээр ажиллаж байхдаа Ц.Галхүү ахтай танилцаад Нэгдсэн эмнэлгийн арын хашаанд байх гэрт нь хамт амьдарч байсан юм. Ц.Галхүүгийн жинхэнэ нэрийг нь Н.Галбадрах гэдэг. Сүүлд бие нь өвдөөд ламд үзүүлж нэрээ Ц.Галхүү болгож өөрчилсөн гэсэн. 2017 оны 9 дүгээр сарын  24-ний өдөр би ажлаасаа чөлөө аваад гэрт боорцог, хоол хийж, хохирогч Ц.Галхүүгийн дүү Н.Алтангэрэлтэй хамт архи уусан. Тухайн үед Ц.Галхүү барилга дээр ажиллаж байсан. Намайг хоол хийж байхад Ц.Галхүү ах “чанаргүй, муу хоол хийлээ” гэж хэл амаар доромжлоод байхаар нь хутгаар чээжний зүүн талд нь зүссэн. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Урьд өмнө Ц.Галхүү ах намайг гэрээсээ хөөж байсан. Гэхдээ өс хонзон санасан зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Н.Галхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр  сарын 24-ний орой 19 цагийн орчим ажлаа тараад гэртээ иртэл Хатанаа гэх залуу үл таних эмэгтэйтэй хамт манайд архи уугаад сууж байсан. Хэсэг хугацааны дараа караоке орлоо гээд гараад явсан. 30-40 минутын дараа орж ирээд Хатанаа надруу хандаж “та намайг түрүү шөнө гэрээсээ хөөсөн шүү” гэж хэлээд агсарсан. Би хөнжлөө аваад яв гээд хөнжлийг нь өгтөл гарч явснаа буцаж орж ирээд гэрийн зүүн урд байдаг шүүгээний шургуулганаас нэг зүйл аваад суганы орчимд хатгасан. Намайг хатгачихаад “гүйцээчихье” гэж хэлээд гараад явахаар нь би гэрийн хаалгыг дотроос нь түгжээд хувинд цусаа гоожуулж угаасан. Хатанаа гэх залуу гэрийн гадна хошлонгийн 2 модыг хугалаад, гэрийн бүрээсийг зүсэж ураад, ханаруу өшиглөөд байсан...миний зүүн талын хөмсөгний ойролцоо язарч ангайсан, суганы орчимд зүсэгдэж, эмнэлэгт гурван оёдол тавиулсан. Хатанаа архины шилээр зүүн хөмсөгний орчимд цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

Хохирогч Ц.Галхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...миний албан ёсны нэр, овог бол Цэрэндэжидийн Галхүү гэдэг, регистерийн дугаар ЗП63102217. Урьд нь Н.Галбадрах гэдэг нэртэй байж байгаад бие өвдөөд ламд үзүүлэхэд “ээжээрээ овоглоод нэрээ Галхүү болго” гэж хэлсэн учир 2012 онд нэрээ солиулж Цэрэндэжидийн Галхүү болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

 

Гэрч Н.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн  “...2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд гэртээ иртэл манай ах Ц.Галбадрах гэрийн зүүн орон дээр суугаад “намайг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлээд баруун гараа зүүн суганы доод тал орчимд тавьчихсан байсан. Би ахынхаа хувцасыг яраад харахад зүүн талд зүрхний орчимд зүсэгдсэн, нэлээн цус гоожсон, футболк цус болчихсон байсан... Ц.Галбадрах ах “Хатанаа хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

Б.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Н.Алтангэрэл бид хоёр 0.5 литрийн “онги” нэртэй архи ууж байсан юм. 19 цагийн үед Ц.Галхүү ах ажлаасаа ирсэн. Би хоол хийж тавьсан байсан чинь тэр хоолыг голоод аятайхан хоол хийхгүй яасан юм бэ гээд бид 2 муудалцсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гэрийн зүүн шүүгээнд байсан хар иштэй хутгыг аваад зүүн талын хавирганы дээд талд нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

 

- Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 170200293 дугаартай дүгнэлтэд

“1. Ц.Галхүүгийн биед чээжний зүүн хэсэгт суганы урд шугамаар 3-4-р хавирганы түвшинд чээжний хөндийрүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-ийн 8/

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 11-14/

-  Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15, 18/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-45/ зэрэг болно.

 

   Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

    Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн хашаанд байх гэрт иргэн Ц.Галхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний чээжин тус газар хутгаар зүсэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох санал гаргасныг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Галхүү нь хэрэг бүртгэлтийн шатанд “...Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 100000 төгрөгийг Б.Хаас авлаа, гомдолгүй” /хх-ийн 48-49/ гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

             Шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Халх овогт Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Хыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол  хорих ялаар солихыг тайлбарласугай. 

 

5. Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 сантиметр урттай, хар өнгийн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

               

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ