Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гомбо

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан

      Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурлууд овгийн Батнасангийн Бямбадоржид холбогдох эрүүгийн 201712000003 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, “Цагаан ус”-ны 5 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Буурлууд овгийн Батнасангийн Бямбадорж/РД:ЗП69031411/                                                      

 

              Шүүгдэгч Б.Б нь  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт 7424 ДУА улсын дугаартай “ЗИЛ-130” маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 0055 УНЛ улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн автомашиныг мөргөж, Т.Мэндсайхан, Х.Баттөр нарын амь насыг хохирсон, мөн “Зил-130” маркийн машинд зорчиж явсан Ё.Чагнаадоржийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                                                                         

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 4-5 цагийн үед Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас гарч Дэлгэрцогт суманд ирсэн. Засмал замд ороод 8-9 километр газар явж байтал Улаанбаатар чиглэлээс тод гэрэлтэй машин ирж байгаа харагдсан. Хамт явж байсан хүндээ “яасан тод гэрэлтэй машин бэ” гэж хэлээд огцом эргэлтээр эргэтэл нөгөө машин өөдөөс ирээд мөргөсөн. Гэрэл гялбаад надад зам харагдах боломж байгаагүй, зогсоох самбаа гаргаж амжаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн шийтгэл оногдуулна үү гэв.

           - Хохирогч Б.Хэнмэдэхэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хүү талийгаач Х.Баттөр нь МУБИС-ийн 3 дугаар курст хөдөлмөрийн багш мэргэжлээр сурдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сургууль нь амраад амралтаараа Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд байх гэртээ ирэхээр боллоо гэж ярьсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн үед ээжрүүгээ утасдаад “би очихоор боллоо, маргааш өглөө 3 цагт Улаанбаатараас гарна” гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7 цагаас 10 цаг хүртэл ээж нь талийгаачруу залгасан боловч утсаа авахгүй байсаар байгаад холбогдохоо больсон. Өдрийн 12 цагийн үед манай эхнэрийн дүү П.Мөнхнасан утасдаад “Х.Баттөрийн сууж явсан машин замдаа осолд орсон юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 54/

 

              - Хохирогч Т.Төрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 9 цагийн үед талийгаач Т.Мэндсайхан ахын маань эхнэр Золбоо надруу утасдаж “Т.Мэндсайхан хөдөө замд машинтайгаа явж байгаад осолд орсон байна” гэж хэлсэн... Ослын газар дээр ирэхэд талийгаачийн “ланд круйзер” маркийн машин, “Зил-130” маркийн машинтай мөргөлдсөн байсан. “Зил-130” машин нь зам дээр хөндөлдөж онхолдсон, талийгаачийн машин засмал замын ертөнцийн зүгээр баруун талд нь мөргөлдсөн байдалтай байсан... Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж талийгаачийн цогцсыг үзэхэд манай ах Т.Мэндсайхан мөн байсан...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57/

 

          - Хохирогч Ё.Чагнаадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хүргэн Б.Бийн хамт түүний “Зил-130” маркийн машинтай мах ачаад Улаанбаатар хот орох гээд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төв өнгөрөөд засмал замаар явж байтал замын эргэлт бүхий хэсэг дээр Улаанбаатар чиглэлээс их хурц гэрэлтэй, их хурдтай машин халз өөдөөс ирж мөргөсөн. Нэг ухаан ороход машин онхолдсон, намайг машин дотроос Б.Б татаж гаргасан...осол болох үед машиныг Б.Б жолоодож явсан. 40-50 километр цагийн хурдтай явсан байх. “Ланд круйзер 200” маркийн машины гэрэл их хурц тод байсан, нэмэлт гэрэл асаасан үгүйг нь мэдэхгүй, их л тод гэрэлтэй байсан. Тэр машины гэрэл нь миний нүдийг гялбуулж байсан. Миний сууж явсан “Зил 130” маркийн машин эсрэг урсгалд ороогүй яг замаараа явж байсан. Осол болохоос өмнө замын хөвөөний шороон дээгүүр явж байсан... Нөгөө машин л эсрэг урсгалруу орж ирж манай машиныг мөргөсөн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221/

 

          - Иргэний нэхэмжлэгч Х.Нандин-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай компаний захирал Т.Мэндсайхан нь Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын Цогт-Овоо багт орших “Таван толгой” ХК-ний ашиглалтын уурхай орох ажилтай байсан. Тэгээд замдаа явж байгаад осолд орж, нас барсан. Тухайн үед сууж явсан машин нь “Таван хур” ХХК-ний эзэмшлийн машин байсан. Талийгаач Т.Мэндсайхан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед надруу утасдаад би маргааш Өмнөговь явах ажилтай гэж ярьж байсан. “Ланд круйзер маркийн автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, 2010 онд үйлдвэрлэгдсэн машиныг  2011 онд шинээр нь худалдаж аваад осол болох хүртэл ашиглаж байсан. Ашиглах явцад гарсан эвдрэл гэмтлийг тухай бүрт нь засварлуулж байсан юм...”Таван-Хур” ХХК-ний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61/

 

- Ё.Чагнаадоржийн гэрчээр өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 5 цагийн үед хүргэн ах Б.Бийн хамт түүний “Зил-130” маркийн машинтай Улаанбаатар хотруу гарсан...засмал замаар 10 орчим километр явж байхад замын эргэлттэй газар бидний өөдөөс хурц гэрэлтэй “ланд круйзер 200” маркийн машин их хурдтайгаар урсгал сөрж, халз өөдөөс гарч ирээд манай машиныг мөргөсөн. Тэр үед 7 цаг өнгөрч байсан байх. Нэг мэдэхэд машин унасан Б.Б намайг дуудаж, машинаас татаж гаргасан. Бид хоёрыг машинаас буухад миний сууж явсан машин зам дээр хөндлөн онхолдсон, “ланд круйзер 200” маркийн машин замын баруун талд, замруу харсан байдалтай зогсож байсан. Дундговь чиглэлээс нэг том машин ирж зогссон, тэр машинд явсан хүнээр цагдаа, эмнэлэг дуудуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62/

- Гэрч П.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаач Х.Баттөр нь манай төрсөн эгчийн хүү байгаа юм. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед талийгаач Т.Мэндсайхан надруу утасдаад өнөөдөр хотоос гарна, чамд захих юм байна уу гэхээр нь манай Х.Баттөрийн хичээл нь амарчихсан наана чинь байгаа, чи манай дүүг аваад ир гэж хэлээд дүү Х.Баттөрийн утасны дугаарыг өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед манай дүү талийгаач Х.Баттөр надруу утсаар яриад нөгөө машины хүн ярьсан 3 цагт Улаанбаатараас гарна гэж байна гэж хэлсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8 цагаас эхлээд 10 цаг хүртэл талийгаач Х.Баттөрийн утасруу залгахад утас нь холбогдож байсан хирнээ утсаа авахгүй байсан. Би талийгаач Т.Мэндсайханы компанируу утасдаад танай захирал хаана яваа юм бол манай дүү хамт яваа юм гэж асуухад Дундговь аймагт осолд орсон юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь ар гэрийнхнийг нь аваад шууд Дундговь аймагруу явж ирэхэд авто осол болж Т.Мэндсайхан, Х.Баттөр нар нас барсан байсан...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 64/

- Гэрч Б.Пүрэвнямийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын дундуур Улаанбаатар хотруу албаны машин буюу сисчер бариад явж байхад 6 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт сум өнгөрөөд 10 орчим километрийн зайд замын голд “ланд круйзер 200” маркийн автомашин ачааны автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гарсан байсан. Би тухайн үед 102 дугаарт залгаж  дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48/

 

- Гэрч Б.Цэрэнчунтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 7 цаг 50 минутын үед манай эмнэлэгт ослын яаралтай дуудлага ирсний дагуу Дэлгэрцогт сумаас хойш 9 орчим километр явахад засмал зам дээр 2 машин мөргөлдсөн, “Зил-130” маркийн машин ертөнцийн зүгээр баруун тийш харсан, засмал замын баруун талд “ланд круйзер 200” маркийн автомашин зүүн хойш харсан байдалтай онхолдсон байсан. “Ланд круйзер 200” маркийн автомашин дээр очиж жолоочийн суудал дээрх хүний амьсгал, зүрх судсыг үнэлэхэд ямар ч амьсгалгүй, зүрх нь зогссон нас барсан байсан ба машинаас гаргах боломжгүй, хавчуулагдсан байсан. Жолоочийн хажууд сууж байсан хүнийг машинаас яаралтай гаргаж амьсгал, зүрх  судсыг үнэлэхэд зүрх нь зогссон, нас барсан байсан. “Ланд круйзер 200” маркийн машинд байсан хүмүүсийг нас барсан эсэхийг 2-3 удаагийн давтамжтайгаар шалгаж үзсэн. Үүний дараа “Зил-130” маркийн машинд сууж явсан гэх 2 хүний биеийн байдлыг үзэхэд жолооч Б.Бийн зүүн эрүүний хэсэгт 4х6 сантиметрийн хэмжээтэй зүсэгдсэн шархтай, шархнаас цус шүүрч байсан. Б.Б өөрөө айж сандарсан байсан. Б.Бид яаралтай цус тогтоох тариа хийж Дэлгэрцогт сумын эрүүл мэндийн төврүү тээвэрлэж эрүүнд нь 8 оёо тавьж цусыг тогтоож, шархыг хаасан. “Зил-130” маркийн машинд сууж явсан гэх Ё.Чагнаадоржийн биеийг үзэхэд ил гэмтэлгүй, дотор гэмтлийн шинж тэмдэггүй байсан болохоор хэргийн газарт түр орхиж  яваад эргэж ирж авахад Ё.Чагнаадорж айж сандарсан байдалтай байсан тул тайвшруулах эм өгч, хүзүү өвдөж байна гэсэн зовиурын дагуу өвдөлт намдаахын тулд тариа тарьж, хүзүүний чиг тавин сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Хэргийн газарт очиход засмал замын баруун эгнээ буюу Улаанбаатар хотоос Дундговь аймагруу явах чиглэлд машины тос масло асгарсан, эд ангиуд бутарсан, шороо тоос болсон байсан. Нөгөө урсгал буюу замын зүүн эгнээнд нь онц ажиглагдахаар  зүйл байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208/

- Гэрч С.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Б нь миний үеэл төдийгүй анд найз маань байгаа юм...Б.Б төлөв даруу зантай, их олон найз нөхөдтэй, ямар нэгэн муу зуршилгүй, олонтойгоо явдаг, их тусч, хүн чанар сайтай хүн байгаа юм...Би хувьдаа Б.Бийг сайн жолооч гэж боддог. Урьд өмнө нь хэрэг төвөг ямар нэг осолд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 170100002 дугаартай шинжээчийн

“1.2 Талийгаач Т.Мэндсайханы цогцост баруун, зүүн чамархай, дагз, турк эмээл, хоёр талын чулуулаг ясны цөмөрсөн болон шугаман хугарал, тархины 3, 4-р ховдол, уртавтар тархи, бага тархины орой хэсгийн аалзан бүрхүүл доорхи цус харвалт, элэг, дэлүү, зүүн бөөрний язрал, урагдал, зүүн чамархайн булчин, дагзны хуйхны дотор гадаргуу, зүүн бөөрний өөхлөг, чацархайд цус хуралт,  зүүн атгаал ясны дунд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, баруун 2-6-р хавирганы дан болон хоёрлосон хугарал, эрүү, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Талийгаачийн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд 2.2 промилли, ходоодны  агууламжинд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн байна.  Цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтод хамаарна.

5.Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь дээрхи гавал тархи, чээж, хэвлий, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн  амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 74-75/

- Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 170100003 дугаартай шинжээчийн 

“1.2 Талийгаач Х.Баттөрын цогцост зүүн ухархай, тахиан залаа, турк эмээлрүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн дунд чөмөгний доод 1/3, баруун шаант, тахилзуур яс дунд 1/3, баруун тавхайн ясны бяцарсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн ил хугарал, зүүн шуу, богтос ясны дээд 1/3, баруун дунд чөмөгний дунд 1/3, баруун шагайн гадна хавчаар, зүүн шагайн гадна, дотор хавчаарын яс далд хугарал, зүүн шагайн үений мултрал, дэлүүний язрал, урагдал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, зүүн бугалганд няцарсан  гүн шарх, духны хуйхны дотор гадаргуу гадаргуу дахь цус хуралт, зүүн нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, баруун хацар, хүзүү, чээж, зүүн тохой, шуу, бугуй, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Талийгаачийн цус нь ABO системээр В/III/  бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

5. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач нь дээрхи гавал тархи, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 89-90/

- Шүүхийн Шинжилгээний албаны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 170200060 дугаартай шинжээчийн

“1.2 Ё.Чагнаадоржийн биед хүзүүний 6-р нугалмын яс, зүүн талын хөндлөн сэртэн, хөндлөн сэртэнгийн нүх дайрсан бага зэргийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.5 Дээрх гэмтэл нь зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт  /1-р хх-ийн 107/

          -  Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд

“1. “Ланд круйзер 200” маркийн  0055 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодож явсан Х.Баттөр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна.

2. “Зил-130” маркийн 7424 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал  сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.

3. Уг ослын гол шалтгаан нь Зил-130 маркийн 7424 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Б нь Монгол улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг  хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог  замд  гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн  заалтыг зөрчсөний  улмаас зам тээврийн осол гарсан байна” гэжээ. /1-р хх-ийн 72/

             - Дундговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн Техникийн дүгнэлтэд

“1. Зил-130 маркийн 7424 ДУА улсын дугаартай автомашин нь Дундговь аймагт 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна.

2. Тухайн тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд зүүн гар талын урд талын дугуй шпилькаар тасарч салсан, нүүр крыло, урд буфер хойш чихэгдэж кабинруугаа орсон, зүүн хаалга хойш нугарч хэмхэрсэн, шилнүүд хагарсан, копуд урд хэсгээрээ чихэгдэж пөмбийж хэмхэрсэн, урд гэрэл, дохио бүгд хагарч сууриараа булгарсан, зүүн урд стэрмен тасарч урд тэнхлэг салсан, нумны срочик сууриараа булгарсан, барбан хагарсан, рама гулзайсан, рулийн аппарат булгарч ойчсон, дагуу болон хөндлөн татуургууд хугарсан, муруйсан, кабин хэмхэрсэн, салхины шил хагарсан, тэвш муруйсан, гүйсэн, зүүн хаалга хэмхэрсэн, кабины дотор салон хэмхэрсэн, рулийн блак хагарсан, гол хэсгээрээ муруйсан, хянах самбарууд хэмхэрсэн, агаар шүүгч мултарсан, центрбургер хагарсан, радиатор хагарсан, патурба урагдсан, мотор хойш гүйж лап тасарсан, кроп хойш гүйсэн, кардан гол муруйсан, чагтан шаарик нь нурсан, банк цөмөрсөн, нумнууд салсан зэрэг эвдрэл гэмтэл илэрлээ. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын улмаас үүссэн байх талтай.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь осол болоход нөлөөлөөгүй.

4. Тухайн тээврийн хэрэгсэл нь асах болон хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тул гэрэл дохио тормоз бусад эд ангийг хэвийн ажиллаж байсан эсэхийг шалгах боломжгүй байна.” гэжээ. /1-р хх-ийн 110/

-  Дундговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн Техникийн дүгнэлтэд

“1. “Ланд круйзер 200” маркийн 0055 УНЛ улсын дугаартай автомашин нь Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн техникийн үзлэгт хамрагдсан байна.

2. Тухайн тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд зүүн  гар талын урд, хойд хаалга, голын баганы хамт хуниралдаж салж ойчсон, шилнүүд нь хагарсан, урд багана хойш чихэгдэж муруйсан, салхины шил хагарсан, лүк хагарсан, зүүн урд толь хагарч салж ойчсон, урд буфер хэмхэрч бутарсан, урд их гэрлүүд дохионы хамт, нүүр хөмсөгний хамт хагарч бутарч ойчсон, хөргөлтийн болон кондейшний радиаторууд хойш чихэгдэж хэмхэрсэн, баруун урд крыло, дотор хамгаалалтын хэсэг хойш чихэгдэж урагдсан, баруун урд дугуй обудын хамт хагарсан, таван бултай хэсгээрээ салж ойчсон, өндгөн тулгуур /доод, дээд/ хугарсан, зүүн урд амортизатор доод сууриараа хугарсан, дээд суурь лонжромны хэсгээрээ урагдаж ойчсон, пүрш мултарсан, босоо тэнцүүлэгч хугарсан, зүүн хойд заалны шил хагарсан, копут хойш чихэгдэж нугаларсан, хөдөлгүүр урд талаасаа чихэгдэж лап тасарсан, сэнс хугарсан, ременүүд тасарсан, клапантай крешигний таг цөмөрсөн, дээд, доод патурбаны суурь булгарч унасан, патурба тасарсан, рулийн аппарат сууринаасаа булгарч унасан, хөндлөн болон дагуу татуурганууд хугарсан, рулийн брак хэмхэрсэн, гол муруйсан, тормозны болон консны газын дөрөөнүүд сууринаасаа ханзарч ойчсон, трүпнүүд тасарсан, зүүн урд талын хаалга, крыло хэмхэрсэн, багана муруйсан, зүүн урд талын хаалганууд гажаатай болсон, шил нь цуурсан, дотор салоны хэсэг бүхэлдээ хэмхэрсэн, хянах самбар хагарсан, аккумулятор хагарсан, рама гулзайсан, цахилгааны утаснууд тасарсан, гэмтсэн, реле компьютер салж ойчсон, залгуурууд нь салсан, дотор салон хэмхэрсэн, гэрэлтүүлэх системүүд массалсан, сандалууд хэмхэрсэн,  гацсан, хийн дэрнүүд бүгд ажилласан, тос масло их хэмжээгээр гоожсон байдалтай, хөдөлгүүр асах боломжгүй зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтэл нь ослын улмаас үүссэн байх талтай.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь осол болоход нөлөөлөөгүй.

4. Ослын дараа тухайн тээврийн хэрэгсэл нь асах болон хөдөлгөх боломжгүй тул гэрэл дохио тормоз бусад эд ангийг хэвийн ажиллаж байсан эсэхийг шалгах боломжгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт техникийн хяналтын үзлэгт орсон мэдээллийг шалгаж үзэхэд тормоз, гэрэл, дохио бусад эд анги бүрэн бүтэн ажиллагаатай байсан мэдээлэлтэй байна.

5. Тухайн тээврийн хэрэгсэл нь зориулалтын бус урт лед гэрлийг бүхээгний орой дээр байрлуулж хөдөлгөөнд оролцож байсан байна. Харин асаалттай хөдөлгөөнд оролцож байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ /1-р хх-ийн 113/

- Замын Цагдаагийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 388 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.1 дүгээр зүйлийн 2-д “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж заасан байх тул Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Нэмэхбаярын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

2. Осол болон хэргийн материалд үндэслэхэд “Ланд круйзер 200” маркийн  0055 УНЛ улсын дугаартай автомашины жолооч Х.Баттөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. “Зил-130” маркийн 7424 ДУА улсын дугаартай  автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  зорчих хэсэгт байрлан явах заалт буюу 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Ослын газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /Зураг-7, 15, 16, 38, 39, 40/ зорчих хэсэгт үлдсэн ул мөр, хагарсан, бутарсан эд анги, хэсгүүдийн байрлал, мөргөлдөлтийн улмаас үүсч, үлдсэн автомашины шингэн цацагдсан үлдэц, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, “ланд круйзер 200” маркийн автомашины зорчих хэсгийн шороон зурвасаар зурагдан гарсан мөр зэргийг үндэслэхэд “Зил-130” автомашины  жолооч зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл байрлан явах дүрмийн дээрх заалтыг зөрчсөн нь тодорхой харагдаж байна.

4. “Зил-130” маркийн автомашины жолооч, түүнд зорчиж явсан зорчигчийн тайлбар мэдүүлгээр “ланд круйзер 200” маркийн 0055 УНЛ улсын дугаартай автомашин нь “хурц, тод гэрэлтэй байсан,...гялбуулсан” гэх ба зориулалтын бус гэрэлтүүлэг хэрэглэж байсан нь хавтаст хэрэгт авагдсан бусад материалаар тогтоогдохгүй байна. Үүнийг дүгнэлт гаргаж буй шинжээчид тогтоох боломжгүй. Хэргийн газрын анхны үзлэг хийсэн бүрэлдэхүүн, автомашинд үзлэг хийсэн, техникийн байдалд дүгнэлт гаргасан шинжээч тогтоох боломжтой /их хэмжээний эвдрэлтэй тохиолдолд тогтоох боломж бага/, зориулалтын бус гэх гэрэлтүүлгийн хэрэгсэлд шинжилгээ хийгдээгүй байх тул Монгол улсын стандартаар тогтоосон тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэлд тавигдах шаардлага, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, бусад дүрэм, журмуудыг зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй юм.

5. “Ланд круйзер 200” маркийн автомашин болон “Зил-130” автомашинуудын осол гарах үеийн хурдыг тогтоох боломжгүй.

6. Автомашин нь хийцийн хувьд нийлмэл бус, нэгэн төрлийн биш материалтай тул мөргөлдөлт, цохилтын улмаас үүссэн шилжилтээр эсрэг чиглэлтэй биетийн хурдыг тодорхойлох боломж хязгаарлагдмал ба ижил нөхцөл /тухайн үеийн биетийн масс, гадаргуу зэрэг бусад байдал/-д туршилтын аргаар тогтоох боломжтой.

7. Ослын газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /Зураг- 7, 15, 16, 38, 39, 40/, зорчих хэсэгт үлдсэн ул мөр, хагарсан, бутарсан эд анги, хэсгүүдийн байрлал, мөргөлдөлтийн улмаас үүсч, үлдсэн автомашины шингэн цацагдсан үлдэц, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, “ланд круйзер 200” маркийн автомашины зорчих хэсгийн шороон зурвасаар зурагдан гарсан мөр зэргийг үндэслэхэд ертөнцийн зүгээр баруун зүгт буюу “ланд круйзер 200” маркийн автомашин зорчиж явсан гэх чиг, эгнээнд мөргөлдөлт үүсч, хэргийн газрын үзлэгээр авагдсан мөргөлдөлтийн дараах байрлалд тээврийн хэрэгслүүд байрлаж тогтоосон гэж үзэхээр байна....” гэжээ /2-р хх-ийн 8-10/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-10/, зам тээврийн ослын схем зураг /1-р хх-ийн 14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-27/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 34, 35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 142/, хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 201, 241, 242/ зэрэг болно.

             Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 Хэрэгт цугларсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7424 ДУА улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ё.Чагнаадоржийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, “ланд круйзер 200”  маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Х.Баттөр, Т.Мэндсайхан нарын амь нас хохирсон болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хоёр хүний амь нас хохирч, нэг хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Төрсайхан, Ё.Чагнаадорж, иргэний нэхэмжлэгч Х.Наран-Эрдэнэ нар “…гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /1-р хх-ийн 57, 61, 221/ гэх тайлбар, хохирогч Б.Хэнмэдэхэв “хохиролд нийт 15500000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” /хх-ийн 241-242/ гэх баримт хэрэгт тус тус авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Бийн эзэмшлийн “Мицүбиши” маркийн 7992 ДУА улсын дугаартай, арын шилгүй, сфидометрийн заалт нь 211976-г заасан MMBJNK7404D043461 арлын дугаартай автомашинийг мөрдөн байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор битүүмжилсэн байх боловч шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй тул мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй  болгох нь зүйтэй байна. 

Мөн хэрэгт хураагдсан Б.Бийн эзэмшлийн “BCE” ангиллын 042764 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Х.Баттөрийн эзэмшлийн “BCEM” ангиллын 785366 дугаартай жолоочийн үнэмлэхийг уг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б. Бямбадорж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурлууд овгийн Б.Бавтотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч Б.Бид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дугаартай “мицүбиши” маркийн 7992 ДУА улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8-д зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.Бийн “BCE” ангиллын 042764 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Х.Баттөрийн “BCEМ” ангиллын 785366 дугаартай жолоочийн үнэмлэхийг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэгт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.        

      

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ