Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2125

 

МАГАДЛАЛ

 

2019.12.18                                               Дугаар 2125                                     Улаанбаатар хот

 

 

 

З.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02527 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.А-д холбогдох,

3 450 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: З.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай хариуцагчид зээлүүлсэн. Хариуцагч 3 сарын дараа надад 700 000 төгрөг өгсөн. Би хэд хоногийн дараа хариуцагчид 200 000 төгрөг өгсөн. Энэ мөнгөө тооцоогүй. Хүү нь миний дансанд бүрэн ороогүй. Би хүүг нь тооцоогүй. Жилийн алданги, гэрээний дагуу мөнгө, үлдсэн мөнгөнөөс 50 хувийн хүү тооцож нэхэмжилсэн. Тэр өдөр надтай цуг дэлгүүр явж байгаад өөрт нь бэлэн мөнгө байхгүй гээд надаар крем авахуулсан. 740 000 төгрөгийг дараа төлнө гэсэн ч хариу тайлбартаа 740 000 төгрөг өгсөн гэж бичсэн байсан. Би хариуцагчтай найз биш, түүнийг “С ” гоо сайхны салонд ажиллаж байхад нь байнга тус салоноор үйлчлүүлдэг байсан. Гэтэл нэг өдөр хариуцагч нөхрөөсөө салчихсан, бага насны хүүхэдтэй, амьдралын бололцоо хэцүү, өөрийн гэсэн гэр орон байхгүй. Тиймээс өөрийн гэсэн гоо сайхны газар нээх гэсэн юм. Надад туслаач гэсэн. Би надад хуримтлуулсан мөнгө байгаа, үүнийг хэрэглээд тогтсон хугацаандаа мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Би гэрээ байгуулах, хүү тооцох талаар мэдэхгүй байсан. Гэтэл хариуцагч намайг нотариат дээр дагуулж очоод зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь би хариуцагчаас мөнгөө өгөөч ээ, байрныхаа зээлийг төлөх гээд байна гэж аргадаж олон удаа гуйсан. Гэтэл сүүлдээ мөнгө байхгүй, чадахгүй гэх мэтээр хэлж жил гаруй хугацаа өнгөрсөн. Тиймээс шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 740 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 230 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 230 000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 245 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг тус тус төлсөн. Дээрхи төлөлтүүдээс зээлийн төлбөрийн тооцоо дараах байдлаар гарч байна. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 740 000 төгрөг нь зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 3 000 000 төгрөгөөс хасагдаж, үлдэгдэл 2 260 000 төгрөг болно. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 230 000 төгрөгийн хүү төлсөн /2018 оны 05 дугаар сарын 03-25 хүртэл 22 хоног бөгөөд үндсэн төлбөр 2 260 000 төгрөгөөс 226 000 төгрөгийн хүү төлөгдөх ёстой бөгөөд үүнийг нийт 22 хоногоор тооцно. 226 000/30,000=7290 төгрөгийг 22 хоногт тооцвол 160 380 төгрөг байна. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 230 000 төгрөгөөс 160 380 төгрөгийг хасаж, 69 620 төгрөгийг үндсэн төлбөр 2 260 000 төгрөгөөс хасаж тооцно/. Иймд үндсэн төлбөр 2 190 380 төгрөг байна. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 230 000 төгрөг төлсөн. Мөн 230 000 төгрөгийн зөрүү 10 962 төгрөг байгаа. 2 190 380 төгрөгийн 10 хувийн хүү нь сард 219 038 төгрөг болох бөгөөд илүү төлөлттэй гэж үзээд үндсэн төлбөр 2 179 418 төгрөг болно. 2018 оны 08 дугаар сарын    31-ний өдөр 245 000 төгрөг төлсөн. Үлдсэн төлбөрийн 10 хувь нь 217 941 төгрөг юм. Илүү төлөлт 27 058 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаад 2 152 360 төгрөгийн үндсэн төлбөр үлдсэн. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр З.Н мөнгөний хэрэг гарлаа гээд       300 000 төгрөг надаас авсан тул уг мөнгө үндсэн төлбөрөөс хасагдах ёстой. Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн төлбөрөөс 300 000 төгрөгийг хасаад 1 852 360 төгрөг болно. Иймд энэ мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 1 591 630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А-аас 3 347 640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Н-д олгож, нэхэмжлэлээс 102 360 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 360 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.А-аас 68 512 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Н-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр төлсөн 300 000 төгрөгийг үгүйсгээгүй байхад шүүх хариуцагч бэлнээр төлсөн 300 000 төгрөг төлсөн нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх 2 231 760 төгрөгөөс алданги тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь дээрх тооцоололд нийцэхгүй байх ба нэхэмжлэгч 1 852 360 төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн алданги 1 115 880 төгрөгийг хангаж    шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1 489 280 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч З.Н нь хариуцагч Ц.А-д холбогдуулан 3 450 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 3 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Иймд зээлдүүлэгч гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч Ц.А нь нэхэмжлэгч З.Н-аас 3 000 000 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдож байх ба талууд зээлийн хэмжээний талаар маргаагүй, харин төлөгдсөн үнийн дүн зөрүүтэй, зээлийн хүү тооцсон талаар маргажээ.

Ц.А нь 1 852 360 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэх боловч тэрээр нийт          2 345 000 төгрөгийг төлсөн нь харилцах дансны дэлгэрэнгүй хуулгууд, зохигч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч зээлийн төлбөрт 2 231 760 төгрөг төлөх үүрэгтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Талууд зээлийн гэрээний 2.7-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлнө.” гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсэн алдангийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 2 231 760 төгрөгийн алданги нь түүний 50 хувиас хэтэрч байх тул алдангийн хэмжээг шүүх 1 115 880 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй.

Талуудын хооронд хийгдсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын тохиролцоо нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангажээ. Хариуцагч тал алдангийн тохиролцоог зөвшөөрч гарын үсэг зурж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болно. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч 1 852 360 төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй байсан” гэж тайлбарлаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 38 780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

                                   ШҮҮГЧИД                                               С.ЭНХТӨР

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ