Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                           С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Т.Энхболд        

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******гийн *******, 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар баг, Жаргалант гэх газар оршин суух, гавъяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан.

Шүүгдэгч З.******* нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Hyundai Porter маркийн 86-09 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар баг, “Баян ганга” гэх газарт байрлах иргэн *******ын өвөлжөөний гаднаас Porter маркийн автомашины моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Алтангэрлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч  *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2  жилийн хугацаанд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Hyundai Porter маркийн 86-09 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл  битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Би хөдөө компанийн мал маллаж, гурван хүүхэд амьдрал ахуйгаа авч явдаг хүн. Миний бие хулгай хийсэндээ маш их харамсаж гэмшиж байгаа бөгөөд портер машины моторын тагаар тос гоожоод байхаар нь хөдөө хаягдсан моторын тагийг авах зорилгоор уг моторыг авч явсан нь үнэн. Хадлан, бордоо өвлийн ажил, мал ахуй гээд моторыг нь буцааж өгөх, хохирогчтой уулзаж чадаагүйдээ харамсаж байдаг. Энэ бүх үйлдэлдээ би хохирогчоос уучлалт гуйж хохирол буюу моторыг мотороор нь өгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн болно.

Энэ бүх байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч хулгайлсан машины моторыг хохирогчид буцаан өгсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшин ойлгож байгаа, цаашид Баяндун сумын нутагт хөдөө мал маллан амьдралаа авч явах зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэн 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа: Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ******* нь ялаа багасгаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан. Өмгөөлөгчийн хувьд уг гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчийн ар гэр, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, Өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь өмнө нь хулгайн гэмт хэргээр шийтгүүлж байсан. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Hyundai Porter маркийн 86-09 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл  ашиглан Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутаг “Баян ганга” гэх газарт байрлах иргэн *******ын өвөлжөөний гаднаас Porter маркийн автомашины моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх 45-46,82/, хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 20-22/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7/,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 14-15/,  гэрэл зургийн үзүүлэлт /хх16/, Баяндун сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх 27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 32-34/,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 35-36/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг 2 /хоёр/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч ******* нь “хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би 2020 оны 12 сарын үед эхнэртэйгээ хамт өвөлжөөний хашаан дээрээс аргал авахаар очсон. ... моторны помпыг нь тайлж авья 12-ын түлхүүрээ өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд нь би энэ өвөлжөө чинь миний өвөлжөө, мөн наад машины мотор чинь миний машины мотор байгаа юм. Авах гэж байгаа бол эзэнд нь хэлээд авч болно ш дээ гэж хэлэхэд юу ч дуугарахгүй, чимээгүй байсан. Тэгээд ... мотоциклоо унаад эхнэрээ ардаа суулгаад зүүн тийш яваад өгсөн. ... 20 орчим хоногийн дараа өвөлжөөнөөсөө дахин аргал авахаар машинтайгаа очиход уг машины мотор байхгүй болсон байсан. ... гэртээ очоод гэрээсээ мотоциклоо унаад уг ******* гэх айлын гадаа очсон. Гадаа нь очиход гэрийнх нь гадаа манай өвөлжөөн дээр байсан миний машины мотор маань байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 20-22/,

Шүүгдэгч *******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... уг мотороос кастерийг нь авсан. Тэгээд 2021 оны 12 сарын үед хэсгийн төлөөлөгч ирээд моторыг аваад явсан. ... Би учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Машины моторыг хэсгийн төлөөлөгч хурааж аваад Цэдэнбатад өгсөн. Харин кастер буюу тагийг машиндаа тавьж хэрэглэж байгаад 2021 оны 12 сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх 46/ зэргээс үзэхэд шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн дараа уг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн ба энэ ажиллагааны явцад хэсгийн төлөөлөгч шүүгдэгчээс моторыг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Иймд дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгчийн “хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

                                ШҮҮГЧИД                                             С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                              З.ЭНХЦЭЦЭГ