Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбатын Улаанхүүд холбогдох эрүүгийн 1722000400026 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 25 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигон овогт Ганбатын Улаанхүү /регистрийн дугаар ЗЮ85082475/

 

    Шүүгдэгч Г.У нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сайнцагаан сумын 3 дугаар баг Боржигоны 25 дугаар гудамжны 4 тоотод байх гэртээ эхнэр Э.Энхмаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Э.Энхмаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай том хүү нөхрийн хөдөө байдаг эгчийнд очоод ирсэн. Манай хүүд эгч нь 20000 төгрөг өгсөн байсан. Мөнгөөр нь хүү дэвтэр авсан. Тэр мөнгөний асуудлаас болоод нөхөр бид 2 хэрэлдэж Г.У миний хөлрүү өшиглөсөн. Би босоод зүүн орон дээр суусан чинь галын хайч, хутгуураар цохиж зодсон. Би гэрээсээ гараад ээжийндээ очиж ээждээ хэлэхэд ээж цагдаад дуудлага өгсөн...Манай нөхөр урьд нь намайг зодож байгаагүй. Миний гар, хөл, баруун хөх, зүүн гарын шуу, 2 шанаа хөхөрсөн. Бид 2 гэр бүлээ батлуулаагүй, хамт амьдраад 5 жил болж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

Гэрч М.Энхтайваны хэрэг бүртгэлтийн  шатанд өгсөн  “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим манай охин Э.Энхмаа “манай нөхөр Г.У намайг зодлоо, миний толгой болон хүзүүрүү цохисон” гээд уйлаад гэрт орж ирсэн. Гэрт нь очиход Г.У байхгүй байсан...Шөнө Г.У нэлээн халамцуу нэг шил архитай орж ирсэн. Архиа уучихаад надруу агсам тавих гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай хүргэн урьд өмнө охин Э.Энхмааг зодож байгаагүй. Тухайн үед Э.Энхмаагийн толгой, баруун гар нь хавдартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 170200256 дугаартай дүгнэлтэд

“1. Э.Энхмаагийн биед зүүн шанаа, хэвлий, баруун хөх, зүүн бугалга, баруун тохой, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21/

 

- Согтуурсан, мансуурсан хүнийг албадан саатуулсан тухай тогтоол /хх-ийн 7/

- Аюулын зэргийн үнэлгээний маягтад “эрсдлийн түвшин дунд” гэжээ /хх-ийн 19-20/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32/ зэрэг болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч Э.Энхмаа “...Бид 2 гэр бүлээ батлуулаагүй, хамт амьдраад 5 жил болж байна...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.9-д "Хамтран амьдрах гэж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүйэсхүл гэрлэлтээ цуцлуулсан ч эрэгтэй эмэгтэй хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгааг хэлнэ” гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол…” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж тус тус заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, тус аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  шүүгдэгч Г.У гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Энхмаа хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг болон хэргийн материалтай танилцаад “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 12-13, 48/ гэх тайлбар гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Улаанхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.У нь энэ хэргийн улмаас 1 /нэг/ хоног саатуулагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй болно. 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Улаанхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.Уд 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Уд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Э.Энхмаа хуульд заасны дагуу аюулгүй байдлыг хамгаалуулах, туслалцаа авах хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Г.У нь энэ хэргийн улмаас 1 /нэг/ хоног саатуулагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

        

 

 

                                                                                                                                     

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ