Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2123

 

МАГАДЛАЛ

 

2019.12.18                                                Дугаар 2123                           Улаанбаатар хот

 

 

 

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 182/ШШ2017/00436 дугаартай захирамжаар Г.А , Ц.Т бид нараас 156 687 416 төгрөгийг гаргуулан “ХБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.А  миний өмчлөлийн эрхийн улсын Ү-2206032096 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот 103.68 м.кв талбайтай, орон сууцны зах зээлийн ханшийг 187 900 000 төгрөгөөр үнэлэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээ тогтоон, албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр намайг дуудаж, энэ бичгийг хүлээж авахгүй бол дуудлага худалдаанд оруулах болно гэж хүлээлгэж өгсөн. НШШГГ нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар 3 хоног дотор танилцуулаагүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжээчид эрх үүргийг хэдэн сарын хэдний өдөр, хэн танилцуулсан нь тодорхойгүй, үнэлгээ гаргуулсан байна. Уг үл хөдлөх хөрөнгийг бараг 10 жилийн өмнө одоо тогтоосон үнээр шахуу худалдаж авсан, одоо бол 230 000 000 төгрөг хавьцаа бэлэн мөнгөөр зарагдаж байхад хэт доогуур хууль зөрчин үнэлгээ гаргуулсан, төлбөр мөнгөө төлсөөр байхад үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Иймд НШШГГ-ын үнэлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 257 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр Г.А , Ц.Т нараас 156 687 416 төгрөгийг гаргуулж “ХБ ” ХХК-д олгохоор, төлбөр төлөгч нар хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот, 103.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17290812 дугаар тогтоолоор үүсгэж, шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17290812/06 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17290812/03 дугаар тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Г.А т, Ц.Т нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4/10599 тоот мэдэгдлийг гардуулахад үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “ХЭ ” ХХК-ийг томилоход Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот орон сууцыг 187 900 000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/13190 дүгээр албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу тайлан, мэдэгдлийг оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгч Г.А-ийн 99102713 дугаарын утсаар холбогдон мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00436 дугаар захирамжаар хариуцагч Г.А , Ц.Т нараас зээлийн төлбөрт 156 217 897 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 31 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 32 217 897 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 469 519,5 төгрөгийн хамт нэхэмжлэгч “ХБ ” ХХК-д төлөх, хариуцагч Г.А , Ц.Т нар нь хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн  Ү-2206032096 дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон, М.Гандийн гудамж, 19 дүгээр байрны 18 тоотод байрлах, 103.68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ шилжүүлсэн бөгөөд уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, дээрх үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 187 900 000 төгрөгөөр үнэлэн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон. Гэтэл төлбөр төлөгч Г.А , Ц.Т нар нь үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Уг орон сууцны 1 м.кв талбайн үнэлгээ нь 1 812 307 төгрөг /103.68 м.кв талбайн үнэ 187 900 000/ төгрөг байгаа нь зах зээлийн бодит ханш бөгөөд уг хөрөнгийг багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Зарын unegui.mn сайтаас үзэхэд тухайн байрлалд байрлах орон сууцны үнэ ханш үнэлгээчний гаргасан үнэтэй дүйцэж байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ холбогдох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон М.Ганди гудамж 19 байр 18 тоот 103,68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НШШГГ-аас  2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч Г.А-ийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэхээр “ХҮТ ” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтийг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг шинжээчид даалгасан. Хөрөнгийн үнэлгээг хийж шинжээч Ж.У гэх шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд тухайн шинжээчийг хэрхэн томилсон, “ХҮТ ” ХХК-ийн үнэлгээчин гэж үзэж байгаа бол түүнийг “ХҮТ ” ХХК-иас албан ёсны дагуу томилсон тушаал байхгүй байна. Хөрөнгийн үнэлгээ хийж буй шинжээчид Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хуульд зааснаар эрх, үүргийг танилцуулах ёстой. Үнэлгээ хийсэн шинжээч Ж.У-д 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр "шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай баримт"-аар танилцуулсан гэх боловч тухайн баримт нь ямар дүгнэлт гаргахад эрх, үүрэг танилцуулж байгаа эсэх, эрх, үүргийг хэн танилцуулж байгаа нь тодорхойгүй баримт байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад НШШГГ баримт №1 гэрч шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримтаар шинжээчид эрх, үүргийг тухайн шийдвэр гүйцэтгэгч танилцуулдаг. Шинжээч Ж.У-д дээрх баримтаар эрх, үүрэг танилцуулаагүй, танилцуулсан гэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй байна. Орон сууц үнэлсэн хөрөнгийн үнэлгээг шинжээч Ж.У дүгнэлт гаргахдаа зах зээлийн харьцуулах аргаар гаргасан. Зах зээлийн харьцуулах аргаар үнэлгээ хийхдээ тухайн бүс нутагт зарагдаж буй 3 орон сууцыг сонгож авсан. ХУД-ийн Хурд хороолол 114 м.кв талбайтай орон сууц 228 000 000 төгрөг, ХУД-ийн Хурд хороолол 114.5 м.кв талбайтай орон сууц 217 550 000 төгрөг, ХУД-ийн Хурд хороолол 74 м.кв талбайтай орон сууц 148 000 000 төгрөг, дээрх байрны мэдээллүүдийг www.unegui.mn сайтаас авсан гэх бөгөөд тухайн байрны зар нь хэзээ хэвлэгдсэн талаар баримт байхгүй байна. Хөрөнгийн үнэлгээг харьцуулах аргааг гаргахад тухайн үнэлгээ гаргах үеийн зарын мэдээлэлтэй харьцуулж гаргах, мөн тухайн байрнууд үнэлж байгаа байртай адилгүй тул байрнуудын байрлал, засвар хийсэн байдал зэрэгт зохицуулалт хэрэглэдэг бөгөөд Хөрөнгийн үнэлгээний олон улсын стандартад зааснаар тухайн зохицуулалт нь нэмэх, хасах 20 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн хүснэгт 11-д тухайн тохируулгыг хийхдээ -30, +30-иар хийж байгаа нь стандарт зөрчсөн байна. Тухайн хэрэгт нэхэмжлэгч Г.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс оролцож эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг, мөн Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Хөрөнгийн үнэлгээний СЭ  ХХК-д хандаж, маргаж буй хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр болсон. Иргэний шүүхээс хуралдааныг 2019 оны 10 сарын 01-ний өдөр зарласан бөгөөд тухайн үед СЭ  ХХК-нь хөрөнгийн үнэлгээг гүйцэтгэж дуусаагүй байсан тул ажлын 5 өдрийн дотор дээрх хөрөнгийг үнэлж, дүгнэлтийг ирүүлэх талаар албан тоот ирүүлсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2019 оны 09 сарын 24-ний өдөр анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ хугацаанд “СЭ ” ХХК-д хөрөнгөө үнэлүүлэхээр хандсан бөгөөд 10 сарын 01-ний өдөр хүртэл хурал хойшилсон байсан тул тухайн хурал дээр дээрх албан тоотыг танилцуулж, хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, мэтгэлцэх эрхийг хангаж үнэлгээний дүгнэлт ирэх хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хүлээн авалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, мэтгэлцэх эрхийг зөрчсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар “...түүнчлэн уг хэргийг шийдвэрлэж чадах үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэдэг үндэслэлээр шүүгчээс татгалзсан. Шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг гаргахдаа “Шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзаагүй бөгөөд хэргийн оролцогчийн мэтгэлзэх, нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн, шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд нь эргэлзсэн учраас шүүгчийг татгалзсан. Ийм байтал шүүгч хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ оруулсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан. Тухайн гардан авсан шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй, шүүхийн тамга дарагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. Шүүхээс гардуулсан шийдвэрт гарын үсэг зурагдаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.А  нь хариуцагч НШШГГ холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион оргил хотхон М.Ганди гудамж, 19 дүгээр байрны 18 тоот 103.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 187 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь шүүгчийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу төлбөр авагч “ХБ ” ХХК-д 180 438 427,42 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул “ХҮТ ” ХХК-ийг шинжээчээр томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн харьцуулах аргаар буюу он, байршил, ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа нөхцөл байдлыг тодруулан 187 900 000 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын     27-ны өдрөөс хойш үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах 7 хоногийг тоолбол 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх бөгөөд дээрх хугацааг хэтрүүлэн 15 хоногийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцыг зах зээлийн ханш нь шинжээчийн тогтоосон үнээс илүү болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй, шүүхийн тамга дарагдаагүй” гэх боловч шүүхэд хавсаргаж ирүүлсэн      шийдвэр нь хуулбар баримт тул эргэлзээтэй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

               ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

                                                                              М.НАРАНЦЭЦЭГ