Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/357

 

 

 

Б.Б, Б.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Тунгалаг,

шүүгдэгч Б.Нн өмгөөлөгч А.Оюун,

хохирогч Д.Аийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,   

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/345 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Б.Нн өмгөөлөгч А.Оюун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б, Б.Н нарт холбогдох 2110000000959 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй;
  2. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.Б, Б.Н нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргиин 4 дүгээр хороонд байрлах Вива сити хотхоноос Хан-Уул дүүргиин 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр таксинд суусан иргэн Д.Аид хүч хэрэглэн зодож, түүний эзэмшлийн I Phone 11 pro загварын гар утсыг дээрэмдэн авч, 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан, ингэж Д.Аийн биед бүлэглэн хүч хэрэглэн халдах үедээ түүний нүүр хэсэг рүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б.Б, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үндэслэл нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан.

Хавтаст хэрэгт хохирогч Д.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машинаа хөдөлгөөд төв зам руу ороод Нисэхийн тойрог чиглээд явж байхад тэр хоёр хоорондоо яг хэн нь хэлснийг нь мэдэхгүй байна. Ингэтэл нь зодсон юм чинь одоо хашаанд аваачаад булаад хаячихъя л гээд яриад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд кодыг нь гаргах гэж байсан чинь жолоочийн хажууд сууж явсан эрэгтэй нь “хөөш пизда чинь” гээд гар утас булааж аваад утасны гэрэнд байсан Хаан банкны ногоон өнгийн картыг гаргаж ирээд “картынхаа кодыг хэл, хэдэн төгрөг байгаа юм энд чинь” гээд яриад байсан. Жолооч нь колонкийн түгээгчтэй цонхоороо юм яриад байх шиг байсан. Сайн харсан чинь жолооч миний ногоон өнгийн картыг барьчихсан зогсож байснаа цагдаа ирж байна гээд нөгөө эрэгтэй хүнтэй яриад машиндаа суугаад зугтаад явсан.

...би картаа өгөөгүй. Миний гар утсыг машинд байхад жолоочийн хажууд сууж явсан хүн булааж авсан. Би сүүлд МТ колонкийн гадаа байхад тэр хоёрыг явах гэж байхдаа жолооч нь надаас картын нууц дугаараа би 8090 гэж хэлсэн чинь “юу гэнээ” гэхээр нь би 8020 гэж худал хэлсэн. Тухайн үед миний Хаан банкны ... дугаартай ногоон өнгийн картад 1.800.000 төгрөг байсан. Би дансны хуулгаа гаргаж өгье. Шар өнгийн Хаан банкны ... дугаартай дансны картад 65 сая төгрөг байсан юм. Гэхдээ тэр хоёр хүн ногоон өнгийн картын нууц дугаарыг асуугаад байсан юм.” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Б.Бээс эд зүйл хураан авсан тухай: “...гар утасны гэр 1 ширхэг /хар өнгийн/, Дорлиг Аюушийн иргэний үнэмлэх 1 ширхэг, Хаан банкны ногоон өнгийн виза карт 1 ширхэг, Хаан банкны шар өнгийн карт 1 ширхэгийг тус тус хураан авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-22/,

Хохирогч Д.Аийн Хаан банк дахь харилцах дансны хуулгад: ..... дугаар бүхий дансанд 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар 1.447.466 төгрөгийн үлдэгдэлтэй, ... дугаар бүхий дансанд 68.013.525 төгрөгтэй байсан /хх 86-87/ баримт авагджээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд шүүгдэгч Б.Н, Б.Б нарын үйлдэлд хохирогч Д.Аийн I Phone 11 pro загварын гар утас дээрэмдэн авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Аийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээс дүгнэхэд: Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь хохирогч Д.Аийн I Phone 11 pro загварын гар утаснаас гадна Хаан банкны 2 ширхэг виза картыг авч, хохирогчоос “дансанд чинь хэдэн төгрөг байгаа, банкны картын нууц дугаараа хэл” хэмээн авч улмаар хохирогчийн картаас мөнгө авахыг завдсан боловч хохирогч нь картын нууц дугаараа “8020” гэж буруу хэлснээр шүүгдэгч нарын хохирогчийн харилцах данснаас мөнгө авах санаа зорилго туйлдаа хүрээгүй үйл баримт тогтоогдож байхад прокурор энэ үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл: прокуророос шүүгдэгч Б.Н, Б.Б нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг хохирогчоос 2 ширхэг виза картыг авч улмаар харилцах данснаас мөнгө авахыг завдсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй байхад шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэн дүгнэлт хийх боломжгүй юм.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Б.Н, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь бүлэглэн “Дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв. ...” гэж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Тунгалаг гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийг цагдан хорих арга хэмжээ авсан нь дараах байдлаар хуульд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

  1. Шүүгч нь захирамжийнхаа гол агуулгыг тайлбарлахдаа шүүгдэгчийг цагдан хорих арга хэмжээ авахдаа ямар хуулийн заалтыг үндэслэл болгож байгаагаа огт тайлбарлаагүй.
  2. Шүүгч нь захирамжаа бичгээр гаргасныг гардан авч үзэхэд захирамжийн “Тодорхойлох нь” хэсэгтээ “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан” тэдгээрт цагдан хорих арга хэмжээ авлаа гэжээ.
  3. Шүүгдэгчийг хүнд гэмт хэрэгт гэм буруутай гэж үзээд цагдан хорьж байгаа юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно.” гэснийг зөрчиж байна.
  4. Шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй байхад шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй. Шүүгч захирамжиндаа хуулийн ямар зүйл, заалтыг үндэслэл болгон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа талаараа бичсэнгүй.

Иймд шүүгчийн захирамжийн шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Нн өмгөөлөгч А.Оюун гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт “Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн ажиллагаа шийдвэрт гомдол гаргах эрхтэй”, мөн тус хуулийн 7.7 дугаар зүйлд “... цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч нь түүнийг баривчилсан, цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон бол суллуулахаар гомдол гаргах эрхтэй”, тус хуулийн 2.12 дахь хэсэгт сэжигтнийг баривчлах, яллагдагч шүүгдэгчийг цагдан хорих бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхтэй.” гэж заасан.

Иймд: 1. Шүүгчийн гаргасан захирамжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэсэн нь тодорхой биш байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх хуульд заасан үндэслэлүүд дурдагдаагүй бөгөөд миний үйлчлүүлэгч Б.Н ч дээрх заалтуудыг зөрчөөгүй байсан юм.

Нөгөө талаар хуульд заасны дагуу яллагдагчийн гэм буруугийн асуудлаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоох нотолгоо байж болохгүй ба шүүх гаргах гэж байгаа шийдвэр болон яллагдагчийн гэм буруугийн асуудлаар саналаа урьдчилан илэрхийлэх, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гаргах хүртэл яллагдагчийг гэмт хэрэгт буруутай гэж мэдээлэхийг хориглоно гэж заасан заалтуудыг зөрчсөн байна.

2. Миний үйлчлүүлэгч Б.Нг одоогоор шүүхээс гэм буруутай гэж тооцоогүй байгаа бөгөөд харин прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд шүүгдэгч нарыг хохирогчоос 2 ширхэг виза картыг авч, харилцах данснаас мөнгө авахыг завдсан үйл баримтад дүгнэлт хийгээгүй тул шүүхээс шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэн дүгнэлт хийх боломжгүй гэж яллах дүгнэлтээ засаж ирэхийг улсын яллагдагчид даалгаж байгаа нь миний үйлчлүүлэгчийг цагдан хорих шалтгаан болохгүй юм.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйл “Хэргийг прокурорт буцаах” үндэслэлийг баримтлан дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Гэвч шүүгдэгч нар нь бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцоогүй мөртлөө хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг урьдчилан гаргасан нь шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, хууль ёсны болж чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 345 дугаартай захирамжаар шүүгдэгч Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах заалтыг өөрчлөн хүчингүй болгож, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг өөрөөр хэлбэл эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан эсэхээс үл хамаарч довтолгоон эхэлснээр гэмт хэрэг төгсдөг.

Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь хохирогч Д.Аийг таксиний төлбөрөө интернэт банкаар шилжүүлэх гэлээ гэх зүйлээр шалтаглан улмаар түүний бие махбодид халдан зодож, хохирогч Д.А өөрийн гар утсаа халааснаасаа гаргах үед нь хүч хэрэглэн авч, довтолж гар утсыг нь авсан үйл баримт тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Б.Н, Б.Б нар нь хохирогчийг зодож түүнрүү довтлон улмаар гар утсыг хүч хэрэглэн авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний дараа түүний гар утасны гэрэнд /кэйс/ байсан банкны картыг олж аван тухайн картны нууц дугаарыг хохирогчоос шаардсан бөгөөд хохирогч өөрийн банкны картны нууц дугаарыг шүүгдэгч нарт худал хэлж тухайн картнаас мөнгө гарган авах боломж нөхцлийг хангаагүй хязгаарласан ба картыг шилжүүлэн авсны улмаас хохирогчид бодит хохирол, хор уршиг учраагүй ба энэ нь түүний дансны хуулгаар тогтоогддог.

Харин гар утсыг дээрэмдэн авснаар хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх гар утсыг 1.700.000 төгрөгөөр үнэлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар” буюу хохиролд хамаарч байх тул прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд дан ганц гар утсыг хохиролд тооцсон болно.

Гэтэл шүүх шүүгдэгч нар нь хохирогчийн гар утсыг дээрэмдэн авсаны дараа картнаас мөнгө авахаар хохирогчоос картын нууц дугаарыг шаардсан үйл баримтыг мөнгө авахаар “дээрэмдэх” гэмт хэрэг туйлдаа хүрээгүй “завдсан” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан байна.

Шүүгдэгч Б.Н, Б.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн, Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/345 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв. 

Хохирогч Д.Аийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасны дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан 145 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Прокурор өөрийн гаргасан эсэргүүцлээ хуульд нийцүүлэн тайлбарлаж чадсангүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гомдол гаргасан Б.Бт, Б.Н нарын өмгөөлөгч нар тухайн гар утастай холбоотой асуудал дээр гомдол гаргаж байгаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолын агуулгад 2 ширхэг карт буюу картнаас мөнгө авах гэсэн үйлдэлд ач холбогдол өгөлгүй, энэ талаар дурдалгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд миний бие тайлбарласан юм. Гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Б.Б, Б.Н нарыг бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Хан-Уул дүүргиин 4 дүгээр хороонд байрлах Вива сити хотхоноос Хан-Уул дүүргиин 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр тэдний машинд нь таксины журмаар суусан иргэн Д.Аийг хүч хэрэглэн зодож, түүний эзэмшлийн I Phone 11 pro загварын гар утсыг дээрэмдэн авч 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан, иргэн Д.Аийн биед бүлэглэн хүч хэрэглэн халдах үедээ түүний нүүр хэсэг рүү гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “...баруун нүдний алим, зовхи, зүүн нүднии зовхи, хамрын нуруу, баруун хацар, баруун, зүүн суганд цус хуралт, дух, хамрын баруун угалз, уруул, баруун, зүүн суга, баруун тохой, баруун шуу, баруун алга, баруун зүун гарын хураа, зүүн өвдөгт зулгаралт, уруулд шарх бүхий...” гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн “...Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь хохирогч Д.Аийн I Phone 11 pro загварын гар утаснаас гадна Хаан банкны 2 ширхэг виза картыг авч, хохирогчоос “дансанд чинь хэдэн төгрөг байгаа, банкны картын нууц дугаараа хэл” хэмээн авч улмаар хохирогчийн картаас мөнгө авахыг завдсан боловч хохирогч нь картын нууц дугаараа “8020” гэж буруу хэлснээр шүүгдэгч нарын хохирогчийн харилцах данснаас мөнгө авах санаа зорилго туйлдаа хүрээгүй үйл баримт тогтоогдож байхад прокурор энэ үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсаныг ш,үүх хуралдаанаар нөхөн дүгнэх боломжгүй буюу шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэн дүгнэлт хийхгүй...” гэж дүгнэж, хэргийн үйл баримтыг нэг мөр, эргэлзээгүй тогтоох ажиллагааг хийлгэхээр Б.Н, Б.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий байна.

Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаанд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийг тогтооход ач холбогдолтой гэж үзээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид бичсэн прокурор Ч.Түмэн-Өлзийгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ. 

Харин шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Б.Нн өмгөөлөгч А.Оюун нар нь  “...шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тасан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;”, 1.2-т “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;”, 1.3-т “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;”, 1.4-д “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.” гэж заасан үндэслэлүүд хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Н, Б.Б нар нь 2110000000959 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

- мөрдөн шалгах болон, прокурорын хяналт, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдаагүй, оргон зайлсан нотлох баримт байхгүй,

- шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээллийн талаар нотлох баримт хэрэгт байхгүй,

- Б.Б, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдэж болзошгүй, гэмт хэрэг үйлдсэн талаар баримт, мэдээлэл байхгүй,

- Б.Б, Б.Н нарт мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж байсан байх ба уг таслан сэгийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үйл баримт хэрэгт байхгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Б, Б.Н нарын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь хорих ялгүй гэмт хэргүүд байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно. ...” гэж зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг заавал авах гэмт хэрэг биш байна.

Мөн шүүгдэгч Б.Б, Б.Н нарт холбоглох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно. ...” гэж заасанг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх талаар гаргасан санал, өөрчлөх зайлшгүй шалтгаан нөхцөл үүсээгүй байхад цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээг шүүгдэгч нарт авсан нь хуульд нийцээгүй гэж дүгнээд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэрэг прокурорт очтол тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, нэн даруй суллахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/345 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Б.Б, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэрэг прокурорт очтол тэдэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ