Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2016/0746

 

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2016/0746

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газар            “Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дүгаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, нарийн бичгийн дарга Ж.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Д.Б, Н.******* нарын үйлдсэн 2014 оны 3-р сарын 07-ны өдрийн 2014/06 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актыг хүлээн зөвшөөрөхгүй тухай гомдлыг Татварын ерөнхий газрын даргад хуулийн хугацаанд гаргасан юм. Манай гомдлыг татварын албаны газар, хэлтэс албан тушаалтнууд шат шатандаа дамжуулан шалгасны эцэст 2016 оны 4-р сарын 11-ний өдөр Гааль, татварын ерөнхий  газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газраас 03-3/1800 дугаар бүхий албан тоотоор хариу ирүүлсэн. Уг албан бичигт “...захирал Б.Г******* танилцан гарын үсэг зурсан. Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Д******* гарын үсэг зурснаар ...уг акт хүчин төгөлдөр болсон байна” гээд захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсан байна.

Бид 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03-3/1800 дугаар бүхий албан тоотод дурдсаны дагуу захиргааны дээд шатны байгууллага болох Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2016 оны 5-р сарын 09-ний өдөр гомдол гаргасан боловч “Компанийн захирал Б.Г******* нь ...акттай танилцаж гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарсан байх бөгөөд дээр дурдсан хуулийн заалтад хамрагдах боломжгүй байгааг мэдэгдье” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь манай гомдлыг хүлээн авч хэлэлцэхээс татгалзаж байгаагаа удаа дараа бичгээр мэдэгдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг минь хүлээн авна уу.

2014 оны 3 дугаар сарын 07-ны 2014/06 дугаар бүхий “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын тогтоох нь хэсгийн 1-р заалтадНэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт “Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад албан татвар ногдуулах” гэж заасны дагуу удирдлагаас өгсөн чиглэл, тус компаниас гаргасан хүсэлтийг үндэслэн А******* ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгаажуулав” гэжээ.

Зүй нь татварын улсын байцаагч хяналт шалгалтын үр дүнд “...зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх...” үүрэгтэй. Гэтэл Д.Б, Н.******* нарын "А*******” ХХК-д нягтлах хяналт шалгалт хийж үйлдсэн актад татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг олж тогтоосон зүйл, заалт байхгүй байна.

Актын тогтоох нь хэсгийн нэгдүгээрт ... Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад албан татвар ногдуулах гэж заасны дагуу...” гэсэн нь утга, агуулгын хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтыг зөрчсөн болохыг илэрхийлэхгүй юм. Татварын хууль тогтоомж зөрчөөгүй нь тодорхой байхад "А*******” ХХК-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0“ болгож баталгаажуулсан Татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актын тогтоох нь хэсгийн 2 дугаар заалтад “Тус компани орлогоо “Урьдчилж орсон орлого” дансанд, барилгын ажлын зардлаа Дуусаагүй барилга” дансанд бүртгэхдээ нэмэгдсэн өртгийн албан татваргүй дүнгээр тусгаж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэлтэй гаргасан байна” гэжээ.

Актын дээрхи заалт нь А*******” ХХК-ийг орлого, татвартай холбоотой ажил гүйлгээг хууль, стандартад нийцүүлэн нягтлан бодох бүртгэлд тусгасан болохыг баталгаажуулжээ. Татвар төлөгч холбогдох хууль, стандартад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгааг татварын улсын байцаагч өөрөө баталгаажуулсан атлаа зөрчил гэж хариуцлага тооцсон нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Хяналт шалгалтын үед татварын улсын байцаагч Н.******* нь “А*******” ХХК-ийн барьж буй барилгын талбайд очиж ажлын зураг авалт хийсэн бөгөөд уг барилга баригдаж дуусаагүй болохыг олж мэдсэн болно. Барилга баригдаж дуусаагүй тохиолдолд татвар төлөгч худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуримтлуулан бүртгэх нь хуульд нийцсэн үйлдэл юм. Татварын улсын байцаагч А*******” ХХК-ийг хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулсан болохыг тодорхойлж, актын тогтоох хэсэгт заалт оруулсан хэрнэ нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0“ болгож баталгаажуулсныг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Татварын улсын байцаагч Д.Б, Н.******* нарын үйлдсэн 2014/06 дугаар бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.6, 9.1.1 дэх заалтуудыг зөрчсөн байх тул уг актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Н.туул нар нь “А*******” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 01-ээс 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2014 оны 3 дугаар сарын 07-ний өдрийн 014/06 дугаартай актаар 2013 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгаажуулсныг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу дараах тайлбар гаргаж байна. Компанийн захирал нь 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уг актыг гардаж аваад гарын үсэг болон тамга тэмдгээ дарсан байгаа нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 34 дүгээр зүйлийн 34.2, 72 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчиж хугацаа сэргээсэн гэж үзэхээр байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйл, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан
татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно. 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна” гээд 8.1.2 дахь хэсэгт “Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад”, Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 Үйлдвэрлэл, ү,йлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, улдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар
ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, уйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно” гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас харахад борлуулалтад ногдох худалдан авалтыг хасч тооцохоор заасан бөгөөд А******* ХХК-ийн хувьд барилга нь дуусаагүй гэдгийг шалгалтын үед авсан зураг болон татвар төлөгч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Уг аж ахуйн нэгжийн борлуулалт нь нотлогдохгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар эцсийн борлуулалтад ногдохоор тодорхойлсон. Татварын улсын байцаагч нар НӨАТ-ын падаан болон мэдүүлсэн үнийн дүн дээр маргаагүй, зөвхөн 2013 онд барилга баригдаж дуусаагүй байхад мэдүүлсэн нь буруу гэж үзсэн. Одоо орон сууцаа борлуулсан бол энэ компани мэдүүлгээ гаргаад, баталгаажуулах боломжтой юм. Тиймээс татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2014/06 тоот актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “А*******” ХХК “Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дүгаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

             “А*******” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг компани[1] байх бөгөөд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй, 68 айлын орон сууцтай барилгыг барихад худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтээ Баянгол дүүргийн Татварын хэлтэст гаргажээ.

            Уг хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар 07-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар[2] төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварыг /цаашид НӨАТ гэх/ 31933.9 мянган төгрөгөөр баталгаажуулж, саналаа 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.3 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий газарт хүргүүлжээ.

            Уг саналыг хүлээн авч, хянаад Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар актаар[3] 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” албан татвар ногдуулах гэж заасны дагуу “А*******” ХХК-ийн 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах НӨАТ-ын үлдэгдлийг 00 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 00 төгрөгөөр баталгаажуулжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1         дэх заалт хамаарахгүй, барилга барихаар худалдаж авсан НӨАТ-тай бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ын буцаан авалтыг барилга зарагдсаны дараа биш, барааг худалдан авсан үед тайлагнана гэж маргаж байна.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газраас 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр татварын хяналт шалгалт хийх томилолт[4] олгосоны дагуу татварын улсын байцаагч Д.Б, Н.******* нар шалгалт хийжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2. 15.1.3-т зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 7 хоногт багтаан хянаж, буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж... хүргүүлэх” гэсэн заалтын дагуу дүүргээс баталгаажуулан ирсэн саналыг хянаж,  2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар акт гаргасан нь хуульд заасны дагуу хийгдсэн үйл ажиллагаа байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1 “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 14.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээг заасан байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлд ямар журмаар ногдуулахыг тусгажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.2 “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуултад” ногдуулна гэж заажээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7 “Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэсэн хуулийн заалтуудаас үзвэл барилга барихаар худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг барилгыг борлуулсаны дараа хасалт хийх хуулийн зохицуулалттай байна.

“А*******” ХХК нь уг барилгыг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр барьж дууссан нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар[5] тогтоогдож байх бөгөөд уг орон сууцны ихэнх нь зарагдсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд[6] гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014/06 дугаар актын хавсралтын 4 дүгээр хэсэгт заасан худалдан авалт болон түүнд ногдох НӨАТ-ын талаар маргаан байхгүй, гагцхүү нэхэмжлэгч бараа худалдан авахдаа биш барилгаа зарсаны дараа баталгаажуулж хасалт хийлгэх ёстой, одоо байр зарагдсан бол дахин хүсэлтээ харьяа татварын хэлтэст гаргаж баталгаажуулалт хийлгэх боломжтой гэсэн тайлбарыг өгч байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.2, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт тус тус зааснаар “А*******” ХХК барилга барихдаа худалдан авсан бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлтээ харьяа дүүргийн татварын хэлтэст гаргах эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн “Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2014 оны 3 дүгаар сарын 07-ны өдрийн 2014/06 дугаар акты-г хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ