Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 100

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Г.Амарсайхан,

Шүүгдэгч Ү.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Ү.Т-д холбогдох 1730000990064 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 32 настай, эмэгтэй,  ам бүл 3, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ү.Т ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Ү.Т нь 2017.09.18-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах “Өнө-Энхжин” баарны гадна Наран сумын иргэн  Б.Э-ыг “ чи намайг танихгүй байна уу “ хэмээн маргалдаж түүний дагз болон нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ү.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Баарнаас гарч явахад манай нутгийн нэг залуу байхаар нь намайг танихгүй байна уу гэхэд Э гэдэг найз нь чамайг танихгүй байна шүү дээ гээд намайг түлхэхээр нь босохдоо нүүр рүү нь цохисон. Архи ууснаас энэ асуудал болсон.  Б.Э бид хоёр эвлэрсэн. Э-ын нэхэмжилсэн 150.000 төгрөгийг өгсөн. Одоо бол ямар ч асуудал байхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 500000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.. гэв. 

 

- Хохирогч  Б.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 09 сарын 18-ны өдөр найзуудын хамт Тансаг ресторанд хүлээн авалттай байж байхад хоёр эмэгтэй байн байн ирээд Б-ыг танихгүй байна уу гэж асуугаад байсан ба Б нь танихгүй байна гэсэн чинь чи хүн танихгүй болжээ гээд цамцнаас зулгаагаад байсан. Тэгэхээр нь би тэр Т гэдэг эмэгтэйд хандаад наад залуу чинь чамайг танихгүй байна шүү гэж хэлсэн. Тэгээд бүжиглэж байгаад 23 цагийн үед гарах гээд шатан дээр явж байхад намайг Т түлхсэн. Тэгээд машиндаа суух гэж байтал араас дагз руу хатуу зүйлээр цохих шиг болохоор нь эргээд харсан чинь нүүр рүү Т гараараа 2 удаа цохисон. Тэгээд нүүрнээс цус гараад цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг / хх-н 10 х /, 

 

          - Гэрч П.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: 22 цаг өнгөрөөгөөд Энхжин баар руу манай эхнэр Т түүний дүү З нарын хамт орсон. Бааранд ороод шилтэй пиво нэгийг уугаад би нилээд муудсан болохоор шууд гэртээ харьсан. З-аас манай эхнэр яасан бэ гэсэн чинь хүний толгой цохиод эрүүлжүүлэхэд орсон гэж хэлсэн... гэх мэдүүлэг,/ хх-н 14 х / 

 

- Гэрч Б.З-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 22 цаг өнгөрөөгөөд Энхжин баар руу Т түүний нөхөр Б нарын хамт орсон. Бааранд ороод шилтэй пиво нэгийг уугаад гадаа гарч байхдаа Т манай Халзан сумын залуу байна гээд нэг хүний гараас татаад байсан, тэр залуу нь танихгүй байна гээд байсан. Тэгээд тэр залуутай Т эгч маргаж байгаад түүний нүүр рүү цохисон... гэх мэдүүлэг,/ хх-н 5 х / 

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 347 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Э-ын биед 2 хөмсөгний гол хэсэгт, баруун нүдний гадна буланд, дагз хэсгийн хуйханд язарсан шарх, баруун нүдний гадна буланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ / хх-17 х/,

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол /хх-1/

 

- Ү.Т-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт/хх- 30 / 

 

- Хохирогч  Б.Э-ын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт/хх- 31 / 

 

- Ү.Т-ын өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авахгүй талаархи хүсэлт/хх- 32 / 

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 5/10 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол  /хх-2/ 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017.09.27-ны өдрийн 4 дугаартай тодорхойлолт /хх-н 25 х /

 

- Ү.Т-ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 26 х /

 

- Ү.Т-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг болно.

                     

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

           Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ү.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлий 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд  хангагдсан буюу Ү.Т гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар хэрэгт нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

         Шүүгдэгч Ү.Т нь 2017.09.18-ны шөнийн 23 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах “ Өнө-Энхжин ” зоогийн газрын  гадна иргэн  Б.Э-ын дагз болон нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Ү.Т-ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч  Б.Э-, гэрч П.Б, Б.З нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 347 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Ү.Т-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.

 

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Ү.Т нь иргэн  Б.Э-ыг үл ялих зүйлээр буюу “ наад залуу чинь чамайг танихгүй байна шүү “ гэж хэлснээр шалтаглан цохиж, зодсон нь түүний өөрийнх нь мэдүүлэг, хохирогч  Б.Э-ын “ 2017 оны 09 сарын 18-ны өдөр найзуудын хамт Тансаг ресторанд хүлээн авалттай байхад хоёр эмэгтэй байн байн ирээд Б-ыг танихгүй байна уу гэж асуугаад байсан ба Б нь танихгүй байна гэсэн чинь чи хүн танихгүй болжээ гээд цамцнаас зулгаагаад байсан. Тэгэхээр нь би тэр Т гэдэг эмэгтэйд хандаад наад залуу чинь чамайг танихгүй байна шүү гэж хэлсэн. Тэгээд бүжиглэж байгаад 23 цагийн үед гарах гээд шатан дээр явж байхад намайг Т түлхсэн. Тэгээд машиндаа суух гэж байтал араас дагз руу хатуу зүйлээр цохих шиг болохоор нь эргээд харсан чинь нүүр рүү Т гараараа 2 удаа цохисон ” гэх, гэрч Б.З-ийн “ 22 цаг өнгөрөөгөөд Энхжин баар руу Т түүний нөхөр Б  нарын хамт орсон. Бааранд ороод шилтэй пиво нэгийг уугаад гадаа гарч байхдаа Т  манай Халзан сумын залуу байна гээд нэг хүний гараас байсан, тэр залуу нь танихгүй байна гээд байсан. Тэгээд тэр залуутай Т эгч маргаж байгаад түүний нүүр рүү цохисон” гэх мэдүүлгүүдээр хэрэгт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ.

Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа согтуурсны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

         Шүүгдэгч Ү.Т-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч Ү.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч Ү.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Ү.Т-н гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч  Б.Э-д эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

          Шүүгдэгч Ү.Т-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гомдолгүй гэсэн, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогчид 150.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч Ү.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид 150.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч  Б.Э нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ү.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 5. Ялтан Ү.Т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогчид 150.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч  Б.Э нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

  6. Ялтан Ү.Т-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН