Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2176

 

МАГАДЛАЛ

 

2019.12.20                                               Дугаар 2176                                     Улаанбаатар хот

 

 

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02151 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ю.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар захирамжаар 65 533 500 төгрөгийг Ц.С-д  төлөхөөр шийдвэр гарсан. Би уг мөнгийг чадах хэмжээгээр төлсөн боловч шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөх эрхийн улсын Ү-2206020420 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 24 дүгээр байр, 43 тоот орон сууцыг дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өгсөн, дуудлага худалдаанд орох тухай саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надад дуудлага худалдаанд орохдоо үнийн дүнгийн 70 хувиар анхны дуудлага худалдаанд ордог гэдгийг хэлээгүй. Иймээс би дуудлага худалдаанд оруулах үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/00637 дугаар шийдвэрээр Г.Б-аас 65 683 500 төгрөгийг гаргуулан Ц.С-д  олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Г.Б-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 24 дүгээр байр, 43 тоот байрлах, 47.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17291118 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17291118/01 дүгээр тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож 90 000 000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгөд үнийн саналаа ирүүлсэн. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн харилцан тохиролцсон үнэ болох         90 000 000 төгрөгийн 70 хувь буюу 63 000 000 төгрөгөөр 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай тогтоол, мэдэгдлийг талуудад 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Б-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох, эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх анхны дуудлага худалдаанд шийдвэр гүйцэтгэх газар нь тэдний тохирсон үнэлгээгээр биш харин үнийн дүнгийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулсан нь хууль зүйн үндэстэй эсэхэд дүгнэлт өгөөгүй байна гэж үзэж байна. Мөн төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас дуудлага худалдаанд оруулах үнийн санал гэж авахдаа анхны дуудлага худалдаанд оруулахдаа та нарын санал болгосон үнийн дүнгийн хувиар оруулах талаар танилцуулаагүй зэрэг нь төлбөр төлөгч, төлбар авагч нарын эрхийг зөрчиж байгаа бөгөөд гаргасан үнийн саналаар дуудлага худалдаанд оруулахгүй байсан бол тэднээс санал авах шаардлага байсан эсэхэд уг санал нь ямар ач холбогдолтой болох хэрвээ санал зөрсөн буюу хэн нэгнийхээ саналыг зөвшөөрөхгүй бол хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах гэсэн заалт байх бөгөөд түүнтэй адил үнийн дүнгийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулахыг хууль журмын дагуу мэдэгдэж тайлбарласан бол дуудлага худалдааны үнэд маргаан гарахгүй л байсан. Иймд дээрхи нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, 24 дүгээр байр, 43 тоотод байрлах, 47.16 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 90 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын    18-ны өдрийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу төлбөр авагч Ц.С-д  65 400 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, үүний тулд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцсон 90 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын     27-ны өдрийн мэдэгдэлд талуудын харилцан тохиролцсон 90 000 000 төгрөгийн 70 хувь буюу 63 000 000 төгрөгөөр тооцон дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдааг зарласан байх тул нэхэмжлэгчид 70 хувиар дуудлага худалдаанд оруулахыг хууль журмын дагуу мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 70 хувиар тооцох байсаныг мэдээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцыг зах зээлийн ханш нь тогтоосон үнээс илүү болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс дүгнэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02151 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                         ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

                                                                                М.НАРАНЦЭЦЭГ