Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2016/0751/З |
Дугаар | 128/ШШ2016/0740 |
Огноо | 2016-10-04 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2016/0740
2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 128/ШШ2016/0740 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Аззаяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/761 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Аззаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Аззаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Аззаяа 2015 оны 8 дугаар сарын 25-ны Б/1074 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих 0433 дугаар ангид няраваар, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/528 дугаар тушаалаар холбоочноор тус тус ажиллаж байх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/761 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхтэйгээр халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 08-нд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл миний гомдлыг хянан үзээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сараас хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн тул Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 7 сарын 28-ны өдрийн 796 тоотоор 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/761 дүгээр тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар одоог хүртэл ямар нэг арга хэмжээ авч хариу өгөөгүй байна.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн Б/761 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Аззаяа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/1074 дүгээр тушаалаар Хорих 433 дугаар ангийн нярав, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/528 дугаар тушаалаар тус ангийн холбоочноор томилогдон ажиллаж байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хорих 433 дугаар ангийн санхүүгийн үйл ажиллагаанд 2016 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд шалгалт хийсэн ба шалгалтаар тус ангийн эд хариуцагчаар ажиллаж байсан дэд ахлагч Б.Аззаяад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн №01 тоот актад 3.988.772 төгрөгийн төлбөр тавигдаж дээр зөрчилтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/761 дүгээр тушаалаар “Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэл оногдуулсан.
Тус тушаалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 796 дугаар “Сахилгын зөрчил оногдуулах хугацаа хэтэрсэн тул тушаал хүчингүй болгох тухай” албан бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/761 дүгээр тушаалыг хүчингүй болгож түүнийг тус ангийн холбоочноор буцаан томилсон болно. Цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Аззаяа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/761 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн б/1036 дугаар тушаалаар 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/761 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоожээ.[1]
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүнд олгосон итгэмжлэлийг[2] үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн 28.2.2 “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга тусгайлан зааж олгоогүй байна.
Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Аззаяагийн ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 53 хоногийн цалин 1830458 /нэг сая найман зуун гучин мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ