Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1972

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01729 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “M” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Болормаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рэгзэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2005 онд “P” ХХК-д Сургалтын менежер, сургалтын ахлах ажилтан зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад “P” ХХК “M” ХХК-д шилжсэнээс хойш үргэлжлүүлэн 2009 оноос “M” ХХК-д Хүний нөөцийн газар ахлах ажилтан, байгууллагын харилцаа сургалтын албаны ажилтан, Тамгын хэлтсийн Хүний нөөц ба сургалт хариуцсан ажилтан, Сургалт хөгжлийн хэлтсийн захирал, Хүний нөөцийн газрын сургалтын хэлтсийн захирал, Хүний нөөцийн хэлтсийн захирал, Хүний нөөцийн газрын сургалт хөгжлийн албаны захирал зэрэг ажил албан тушаалд нийтдээ 14 жил тасралтгүй ажиллаж байгаад “M” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн.

Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2018 оны 09 дүгээр сарын 11 өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шүүхийн шийдвэрээр “M” ХХК-ийн Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх 5 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг “M” ХХК-д даалган шийдвэрлэсэн.

Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2251 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00466 дугаар тогтоолоор тус тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон хэдий ч хариуцагч “M” ХХК-аас Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй одоог хүртэл намайг ажилд авахгүй, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж, миний бие цалин хөлсөөрөө хохирч байгаа болно.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01727 дугаар шүүхийн шийдвэрээс хойших ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Б.Бгийн ажилд эгүүлэн тогтоогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байх хугацааны буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны 5 cap 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 22 841 210 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 “M” ХХК-ийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.Бд Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газар харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албанд мэргэжилтэн гэх ажлын байрыг санал болгосон боловч хүлээж аваагүй бөгөөд одоогоор нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан Сургалт, хөгжлийн албаны захирлын орон тоо хасагдсан мөн орон тооны хүндрэлтэй асуудал байгаа хэдий ч нэхэмжлэгч Б.Бг ажилтай болгох үүднээс асуудлыг судлаж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “M” ХХК-иас 50 452 325 төгрөгийг гаргуулж Б.Бд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “M” ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “M” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 410 211 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Бгийн 1 сарын дундаж цалинг 3 944 466 төгрөг, нэг өдрийн дундаж цалинг 183 463 төгрөгөөр тус тус тооцсон. Мөн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг 50 452 325 төгрөгөөр тооцсон байна. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын нийт 271 хоног байх ба 271 хоногийн цалин 49 718 473 төгрөг байна.

Гэтэл шүүх 2018 оны 9 дүгээр сарын 11- ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын нийт 275 хоногоор тооцож банкнаас 50 452 325 төгрөг гаргуулахаар буюу 4 хоногийн илүү цалинг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Mны гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Б.Бгийн Хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан банкны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 3 500 000 төгрөг олгосон. Гэтэл шүүх тус тэтгэмжийг хасч тооцолгүй нэхэмжлэгчид давуу байдал үүсгэсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 50 452 325 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс хариуцагчийн зүгээс 4 233 852 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “M” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2251 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00466 дугаар тогтоолоор Б.Бг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн үйл баримтыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил болох “M” ХХК-ийн ХҮний нөөцийн газрын Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 4-13/

 

Хариуцагч “M” ХХК нь дээрх шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийн зөрчил арилаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Учир нь нэхэмжлэгч Б.Бгаас 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч “M” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой өргөдлийг гаргасан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182/ГХ2019/00475 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4/18322 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай албан бичгийг “M” ХХК-д явуулж байсан байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байгаа хугацаан дахь олговрыг шаардах эрхтэй.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэрээр 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх олговорт 22 841 210 төгрөгийг “M” ХХК-аас гаргуулж Б.Бд олгохоор болсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрын хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл гэж тодорхойлсон нь зөв болжээ.

 

Иймд “M” ХХК-аас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 50 452 325 төгрөгийг гаргуулж Б.Бд олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд 5 хоногийн олговрыг илүү олгосон гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбогдуулан “M” ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 3 500 000 төгрөгийг Б.Бд олгосон нь мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговороос хасч тооцох үндэслэл болохгүй. Хариуцагч нь олгосон тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2019/01729 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 691 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА