Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/375

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мд холбогдох 1903007800528 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бы М, 1977 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “И” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:-/;

            Шүүгдэгч Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 52-ын Давааны урд замд “Land Rover” загварын --улсын дугаартай т хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Д жолоодож явсан “Тоёота Приус-20” загварын --улсын дугаартай т хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота Приус” загварын т хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Н.А, жолооч Б.Д нарын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Т прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бы Мийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мий т хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 5 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мий цагдан хоригдсон 160 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүнд оногдуулсан ялаас үлдсэн 5 сарын хорих ялаас хасаж, Б.Мийг ял эдэлсэнд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан т хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн тамгын газрын барьцааны, Төрийн сан 100900005407 дугаарын дансанд шүүгдэгч Б.Мий 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулсан 26.782.867 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 6.823.938 төгрөг, хохирогч А.Тд 19.958.929 төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Мээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 6.823.938 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгончимэгт 24.870.000 төгрөг, хохирогч З.Бд 3.100.000 төгрөг, хохирогч А.Тд 42.582.229 төгрөг нийт 77.376.167 төгрөгийг төлсөн, хохирогч З.Б, иргэний нэхэмжлэгч Х.Эрхэмчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, Н.Отгончимэг нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэгч Д.Сэргэлэнбаатар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг, хохирогч А.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн үйл баримттай нийцээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх [хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэмт буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасны дагуу дараах байдлаар гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Мгийн тухайд анх энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын хяналтын шатанд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн талаар маргаж өдийг хүрсэн. Тиймдээ ч амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс өнөөдрийг хүртэл уучлалт гуйж, хохирол төлбөрийг бүрэн төлөхгүйгээр өдийг хүрсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон хэдий ч түүнд ял шийтгэл оногдуулахдаа хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж их, бусдад учруулсан хор уршиг их, арилаагүй, шүүгдэгчийн хувийн байдалд зэрэгт зөрүүтэй дүгнэлт өгч хуулийг буруу хэрэглэж хоёрын хоёр хүний нас эрсэдсэн энэхүү хэрэгт шүүхээс хуулийг зөрчиж, хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй. Энэхүү хэрэгт амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч н.Бийн зүгээс талийгаачийн буяны үйл ажиллагаанд зарцуулсан 13.647.877 төгрөгийг гаргуулахаар холбогдох нотлох баримтуудын хамтаар нэхэмжилж оролцсон байдаг. Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан баримтаар нотлогдож буй бодит мөнгөн төлбөрийг бүрэн гаргуулаагүй байж улмаар шийтгэх тогтоолдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл өнөөдөр энэхүү авто ослын улмаас хоёрын хоёр эрдэнэт хүний амь нас хохирсон атал тэдгээрийн ар гэрт буяны зардлыг ч бүрэн барагдуулаагүй, “аав” гэж дуудаж уулзаж чадахгүй бага насны нэг хүүхэд, хань ижил, нөхрөө алдсан эхнэр, үр хүүхдээ алдсан эцэг, эх, ах дүүс нь туйлын гомдолтой. Цаашид буруутай этгээдээс холбогдох зардал, тэтгэмж гаргуулахаар хуульд заасан үндэслэл журмын дагуу хандах болно. Хохирол төлбөр бүрэн төлж барагдаагүй, хохирогчийн зүгээс туйлын гомдолтой байгаагаа дахин илэрхийлье. Энэхүү хэрэгт амь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг оролцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шатны шүүх хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр товлогдсон бөгөөд энэхүү шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч миний бие эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж байгаа тухай хүсэлт болон холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн атал шүүх түүнийг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг хохирогч болон түүний өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг хийж явуулсан байна. Шүүхээс товлосон ял шийтгэл оногдуулах тухай шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч миний бие биечлэн оролцохоор ирэхэд шүүгч биднийг “хөндлөнгийн ажиглагчийн байр суурьнаас оролц” гээд хохирогчийн байр суурийг илэрхийлэх, учирсан хохирлоо нэхэмжлэх, гомдол саналаа илэрхийлэх, улмаар өмгөөлөгчөөр оролцуулж үг хэлэх, шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14, Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.9 дэх хэсэгт тус тус заасныг анхан шатны шүүх ноцтойгоор зөрчлөө гэж үзэж байгаа. Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч хэргийг бүхэлд нь магадлан хянаж, Сонинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөх гэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа хохирол төлбөрийн асуудлыг хэлэлцэнэ” гээд дансаа өгөөгүй. Тэгэхээр хохирол төлбөр барагдуулаагүй гэж хэлж болохгүй. Уучлалт гуйсан эсэх нь шүүгдэгчийн асуудал юм. Тухайн асуудал зөвхөн шүүгдэгч Б.Мий буруутай үйлдлээс болж гараагүй. Талийгаачид холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ нь хуулийн хүчин төгөлдөр үйл ажиллагаа болсон. Тэгэхээр энэ хэрэгт хэний буруутай үйлдэл байсан, ямар хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн тухайн хор уршиг учирсан талаар тодотгол хийгээгүй. Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэвэл миний үйлчлүүлэгч тал хувийг нь хариуцах ёстой. Нас барсан жолооч тал хувийг хариуцах нь хууль, шударга ёсонд нийцсэн гэж бодож байна. Хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд тухайн нэхэмжлэл нь үндэслэлтэй байх ёстой. Хохирлын хэмжээ нь баримтад тулгуурлагдсан байх ёстой. Тийм нэхэмжлэл хэрэгт байхгүй. Прокурор хохирол төлбөрийн асуудлаар хохирогч талтай уулзуулах, тохиролцуулах ажиллагаа хийж болох байсан боловч зөвхөн нэг талыг барьж ажилласан. Хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэж ярьж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас шүүх хуралдаан хойшилж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг төр хамгаалдаг. Прокуророор дамжуулаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх хамгаалагддаг. Өмгөөлөгч нь ирээгүй болохоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө бас шүүх хуралдаанд ирээгүй юм. Өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг. Хурал удаа дараа хойшилж байсан. Гэм буруугийн хуралдаан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчгүйгээр эхэлж, завсарласан байсан учраас өмгөөлөгчийн эрхийг эдлүүлээгүй. Тэгэхээр үүнд эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Хүн өршөөгдөх эрхтэй. Өршөөгдөх эрхийг хуулиар олгодог. Тухайн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бол өршөөлд хамрагдана. Үүнд хоёр тал хоёулаа буруутай байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудал байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол т хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасныг барьж гэм буруугийн шүүх хуралдаан хийгдсэн. Иймд Эрүүгийн хуулийг ямар нэгэн зөрүүтэй байдлаар хэрэглээгүй гэж дүгнэж байна. Шүүх хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт болон шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан, мэдүүлэг авч гэмт хэргийн шинж байна гэж үзээд Б.Мг гэм буруутайд тооцсон. Б.М анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагын хувьд хоригдсон хугацааг нийцүүлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Өмгөөлөгч оролцуулаагүй гэх асуудлын хувьд энэ хурал олон удаа хойшилж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгч 2 буюу түүнээс дээш удаа 1 үйл баримтаар хойшлуулахгүй байх хууль зүйн зохицуулалттай. Тэр зохицуулалт, хууль дүрмийн дагуу анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдааныг хийсэн. Шинжээч нарын дүгнэлт дээр жолооч, талийгаач нарыг гэм буруугүй гэж үзээгүй. Нас барснаар нь хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэм буруутай этгээдүүд хохирол төлбөрийг хуульд заасан үндэслэлээр хувааж төлдөг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Дашдорж өмгөөлөгчөөр дамжуулан Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгчтэй уулзах хүсэлтийг хоёр удаа тавьсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд мөн уулзах хүсэлтэй байгаагаа гар утсаар дамжуулан хэлж байсан. Бид нар хохирол төлбөрийг тухайн дансанд хийсэн шалтгаан нь хохирогчийн дансыг нь мэдэх боломжгүй байсан учраас өмгөөлөгч нараас асууж байгаад данс нээж хийсэн. ...” гэв.

            Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийг хоёр жолооч аль аль нь зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүхэд энэ талаар маргасан. Прокурорын зүгээс 3 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байсан бөгөөд тухайн хүсэлтийг прокурорын зүгээс дэмжсэн. Гэвч шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хохирол төлбөрийн талаар дурдаж, тухайн хэргийг шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангагдах ёстой.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 17ы өдрийн 2021/ШЗ/2672 дугаартай “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэж эхлэхээр товлон хойшлуулжээ. /хх 112-113/

Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай “шүүх хуралдааныг “...2022 оны 1 дүгээр сарын 12ы өдрийн 9 цаг 00 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд болохыг ... мэдэгдэв. ...” гэсэн баримт /хх 115/ үйлдэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар Баатарван амралт, рашаан сувиллын газарт 2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж байна. ...2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй, ... хойшлуулж өгнө үү. ...” гээд Баатарван амралт, рашаан сувиллын илгээх бичиг, сэргээн засах эмчилгээний карт зэрэг баримтыг хавсаргасан нь хавтас хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй.” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанд иргэн биечлэн оролцох нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэ нь дан ганц хэргээ шүүлгэж байгаа шүүгдэгчид олгогдсон эрх гэж үзэх болохгүй юм.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх нь хүн бүрт хуулиар тэгш олгогдсон боломж учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байх тул “...шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хязгаарласан...” гэсэн агуулга бүхий түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

           ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

           ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ