Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 125

 

 

           Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

               Нарийн бичгийн дарга: Н.О,

               Улсын яллагч: С.М,

               Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Т.Н ,

        Шүүгдэгч: Т.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

             Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Т.Б д холбогдох 1728000300043 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Т.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум явах хатуу хучилттай замын 50 дахь километрт 61-87 ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашин жолоодож яваад автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Т.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.   Үүнд:

          Шүүгдэгч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 16 цагт Улаанбаатар хотоос Шивээхүрэнгийн чиглэлд 13 хүн аваад гарсан. Өмнөговь аймагт ирж бензин аваад хөдлөөд явж байсан чинь нойр хүрээд зогсчихоод явъя гэхээр хил рүү явж байгаа жолооч нар 4 дэх өдөр ажилтай болохоор тэр өдөртөө багтаж очих шаардлагатай, тэгээд хүмүүс нь ажлаасаа хоцорчих юм болов уу гэж бодоод явж байсан чинь үүрэглээд машин онхолдсон. Золбоо түрүүлж гараад машины дунд хаалга онгойлгоод хүмүүсээ гаргасан. Тэгэхэд нэг хүн үлдсэн байсан. Тэр нь Т.Н ах байсан. Т.Н ахыг гаргаж ирээд копутны урд хөнжил дэвсэж хэвтүүлчихээд цагдаад дуудлага өгөхөд цагдаа нь эмнэлэг рүү дуудлага өгөөд Баяндалай сумаас эмнэлгийн машин ирсэн. Т.Н ахыг Өмнөговь аймаг руу авч яваад би нэг машин дуудаад хүмүүсээ хүргүүлсэн. Хохирол төлбөрт нийт 2.165.000 төгрөгийг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:     “2017 оны 08 дугаар сарны 02-ны өдөр явахын өмнө өдөр нь эхнэртэйгээ хамт Драгон ороод Т.Б той таарсан. Маргааш явна гэж байсан. Маргааш 2 цагийн үед над руу залгаад явах гэж байна гэхээр нь би хүрээд очсон. 5 цагийн үед Улаанбаатар хотоос гараад явсан. Замдаа Дундговь аймаг дээр хоол идээд дараа шөнийн 2 цагийн үед Өмнөговь аймаг дээр ирж бинзенээ аваад баруун тийш явах замдаа нэг зогсоод Т.Б  надад ах жоохон үүрэглээд байна гэхээр нь би тамхи татах уу? гэхэд би тамхи татдаггүй гэсэн. Хөдлөөд 20 км яваад онхолдсон тэгэхэд миний дээрээс хувцасны чандам гэх мэт тэнд байсан зүйлүүд дээрээс унасан Т.Б  гарч ирээд урд талынхаа хаалганыхаа шилийг хаглаад тэгэхэд дээрээс нь бинзен массол ус нь над руу урсаад ороод ирсэн. Би манайг авах хүн байна уу? гэхэд Т.Б  намайг чирээд гарч ирсэн. Замын хажуугаар хэвтүүлээд хөнжил, дээл дээрээс тавиад миний бөгсөн бие ямар ч мэдээгүй болсон байсан. Т.Б ийг тайван бай гэж хэлээд удалгүй эмнэлэг ирсэн. Өмнөговь аймгийн эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хотод очиж эмчлүүл гэсэн. Т.Б ид Улаанбаатар хот руу эмчлүүлж яв гэж байна гэхэд Т.Б  истина машиныг 250.000 төгрөгөөр хөлслөөд арын суудалд суугаад Улаанбаатар хот руу очоод гэмтлийн эмнэлэгт тариа хийлгэж үзүүлхэд эмч нар хэвт гэж хэлсэн. Зургаа авахуулаад эмнэлэгээс нь бүс 85.000 төгрөгөөр авчихаад эмнэлэгт хэвтсэн. Миний нуруу бяцралттай байна нэг нуруу нь хугарсан байна гэсэн. Т.Б  эмнэлэгт хэвтэж байхад ирсэн. Т.Б  таныг яаж хийж байгаад хөл дээр нь босгоно гэж хэлж байсан. Би тэр үед нь баярлаж байсан. Одоо нэхэмжилж мөнгө 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Сувилгаанд яваад 4 сар болоход зүгээр болно гэсэн. Би өөрөөсөө мөнгө гаргаад эмчлүүлсэн. Би 6 хүүхэдтэй манай хамгийн бага хүүхэд оюутан, эхнэрийнхээ тэтгэврийг аваад өгсөн. Манай хөгшин зах дээр зогсдог, ажил ч хийсэн юм байхгүй. Т.Б  хохирол төлбөрт нийт 2.165.000 төгрөгийг өгсөн гэдэгт маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа гэв.

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“...Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “ВҮ” гэдэг компанид жолоочоор ажиллаж байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа очихоор Улаанбаатар хотын тээврийн Драгон төвөөс Гурвантэс сум руу явна гэж байсан 61-87 ӨМА улсын дугаартай фургон машинд суусан. Уг машин нь тэр өдрийнхөө орой 16 цагийн үед Улаанбаатар хотоос гарч явсаар Даланзадгад сумаар дайрч 03-нд шилжих шөнөө цааш Гурвантэс сум руу явж байгаад Баяндалай сумаас наана засмал замын хажуу руу онхолдчихсон. Тухайн үед би машины арын хойш харсан суудалд сууж явсан. Унтаж байгаад сэрэхэд машин замын хажуу руу орж явсан. Би унаж байна даа гэж бодтол машин хөрвөөгөөд хүмүүс орлилдоод явчихсан. Машинд байсан том төмөр миний нуруун дээр унасан. Миний ухаан балартсан байх. Нэг сэрэхэд намайг машины гадна гаргаж тавьсан байсан. Нуруу хөдлөх аргагүй өвдөж байсан ба өглөө нь түргэний машин очиж намайг авч аймгийн төвийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тэнд эмчилгээ хийлгэж рентген зураг авахуулаад Улаанбаатар хотод хүргэгдэн ирж гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад эмнэлэгээс гараад удаагүй байна. Би машины жолоочийн ар талын суудалд хойш харж суусан байсан ба машинд нийт 13 хүн сууж явсан. Машиныг онхолдох үед жолооч Т.Б  буюу Б жолоодож явсан юм. Би яг хэдэн км/цагийн хурдтай явсаныг сайн мэдэхгүй багцаагаар 80 км/цагийн хурдтай явсан байх. Т.Б  машин жолоодож явах үедээ архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан. Гэхдээ нойр хүрээд байна гээд тамхи татаад машины шилээ онгойлгоод цаашаа хөдлөж яваад удаагүй л осол болсон. Би Т.Б ийг үүргэлж яваад л машинаа унагаж осол гаргасан гэж бодож байна. Осолд орсоны улмаас миний нэг нуруу бяцралттай, нэг нурууны сэртэн хугарсан, нэг нуруу мэдрэлийн судсаа дарсан зэрэг гэмтэл учирсан бөгөөд одоог хүртэл эмчилгээ хийлгэж байна. Би эрүүл саруул явж байгаад жолоочийн буруутай үйлдлийн улмаас бие, эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна, эмчилгээний зардалд буруутай хүнээс 4 сая төгрөг нэхэмжилж байна. Одоогоор мэс засал болон хийлгэсэн эмчилгээнд 2 сая төгрөг зарцуулсан байгаа цаашид бас эмчилгээ хийлгэнэ. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд суух эсэхээ тухайн үед биеийн байдал ямар байхаас хамаарч шийдэнэ.” гэжээ. /хх-14-15/,

             Шүүгдэгч Т.Б ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“Би Шивээ хүрэн хилийн боомтоос Улаанбаатар хот, Улаанбаатараас Шивээ хүрэн гэсэн маршрутаар хувиараа тээвэрт явдаг юм. 2017 оны 08 дугаар сар 01-ний өглөө 10 цагт Улаанбаатар хотод очоод Драгон төв орж хүмүүсээ буулгаад маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 02-ны өглөө Драгон төвд байж байгаад 13-н хүнтэй болохоор нь хүмүүсээ суулгаад 17 цагийн үед Шивээ хүрэн хилийн боомтийн чиглэлд буюу Өмнөговь аймаг руу гарсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад Өмнөговь аймагт ирээд “Тэс петролиум” шатахуун түгээгүүрээс бензин аваад Шивээхүрэн хилийн боомтийн чиглэлд гарсан. Тэгэж яваад Охин хөтөл өөд өгсөж явахад нойр хүрээд байсан. Нүдний хор гаргая гэж бодож байгаад за за энэ хүмүүс дургүйцэх байх гэж бодоод явж байгаад Охин хөтөл дээр гарсан. Цааш уруудаж явахад байх засмал замын тохой дээр нэг мэдэхэд машин үсрээд би сэрсэн. Сэрэхэд олон хүмүүс хашгиралдаад би тэр хооронд юу болсныг мэдээгүй, тэгээд л машин унасан. Би машины урд талын цонхоор гараад гүйж очоод хойд заалны хаалгаа онгойлгоод хүмүүсээ гаргаж эхэлсэн. Ард суусан 12 хүнээс 11-г нь гаргаж авсан, нэг өвгөн орилоод үлдсэн. Нэг нь түүнийг татаад гаргаад ирсэн. Тэр өвгөнийг хөнжил дээр хэвтүүлчихээд Цагдаагийн газрын 102 утсанд мэдээлэл өгсөн. Баяндалай сумын хүн эмнэлэг ирээд дараа нь цагдаа нар ирсэн. Баяндалай сумын эмнэлэг тэр бэртсэн өвгөнийг аваад Даланзадгад сум руу явсан. Би машин дуудаж хүмүүсээ аймагт авчирсан. Мөн унасан машинаа аймагт авчирч журмын хашаанд хийсэн. Ер нь бол 60 орчим км цагийн хурдтай явсан. Тухайн үед бол мэдэхгүй байна. Би үүрэглэж замаас гарснаас болоод далан мөргөж онхолдсон. Би ВСDЕ ангилалтай надад хүн тээвэр хийх ангилал байгаа. Би унаж явсан тээврийн хэрэгслээ Өлзийсүрэн гэдэг хүнээс 2017 оны 07  дугаар сарын эхээр худалдаж авсан 61-87 ӨМА улсын дугаартай фургон машин байгаа. Тухайн үед нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй явж байсан юм. Хүн тээвэрлэх эрх байхгүй. Аваар осол гаргахгүй явдаг юм. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй. Би эмчид үзүүлээгүй байна эхний ээлжинд зорчигч нараа үзүүлж байна. Зорчигч нарын асуудлыг л шийдэх санаатай байна.” гэжээ. /хх-16/,

             Гэрч А.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт орохоор Драгон төв дээрээс фургонд суусан. Тэр фургон 17 цаг өнгөрөөгөөд хотоос гарсан. Дундговь аймгийн Луус сумын хоолны газарт хоол идээд наашаа явсан. Би унтаад явж байтал машин гэнэт харайгаад далбигнахад сэрсэн. Тоормозоо гишгээрэй гэж орилсон, тэрийгээ л мэдэж байна.  Машин онхолдоод ард суусан хүмүүс нэгнийгээ дараад байж байхад хаалга нээж өгөөд гарсан, ийм асуудал болсон. Унтаж явсан учраас тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэж байгаа юм алга. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Зам тээврийн ослоос болж миний биед нурууны 2-р үе гэмтсэн байна гэсэн. Хүзүү болохгүй байна. Мөн толгой өвдөж байна.” гэжээ. /хх-17/,

Гэрч А.Доржжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос “Э” ХХК-руу явах ажил гараад Драгон төв дээр байсан Шивээхүрэн явна гэсэн фургон машинд сууссан. 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарсан. Дундговь аймгийн Луус сумын төв дээр хоол идээд машинд суугаад унтсан. Машин уначихсан байсан, хаалга онгойлгоод гарч ирсэн санагдаж байна. Би бас нэг настай ахыг татаж гаргаж ирсэн ийм асуудал болсон. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэж байгаа юм алга, би унтаад явж байсан юм. Зам тээврийн ослоос миний биед ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй. Би одоо яаралтай ажилтай болохоор явахгүй бол болохгүй байна.” гэжээ. /хх-18/,

            Гэрч Ш.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Манай нөхөр харвалттай хүн байгаа юм. Би бас нурууны өвчтэй хүн. Манай нэг дүү Шивээхүрэнгийн хилийн боомтод ажилдаг.  Бид хоёрыг хүрээд ир хятад гарч эмчид үзүүлж өгье гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Шивээхүрэн явахаар автобусанд суух гэхэд автобус дүүрсэн байсан. Драгон төв ороод машин асуухад 1 фургон байхаар нь суусан. 17 цаг өнгөрч байхад хотоос гарч яваад Дундговь аймгийн Луус суманд ирж хоол идээд хөдөлсөн. Өмнөговь аймгаар дайраад Баяндалай сумын засмал замаар явж байгаад замаас 2 тийшээ гараад байсан. Тэр үед бүх хүн унтаж байсан. Би ганцаараа сэрүүн байж байхад жолооч машинаа замаас гаргаад байхаар нь “Хөөе хүүхдээ унтаад байгаа юм уу?” гэхэд тэр чигээрээ далбигнаж давхиад машин онхолдсон. Тэр үед бүх хүн сэрээд хашигчсан. Арай гэж машинаас бууж ирсэн. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явсан эсэхийг нь бол мэдээгүй. Жолооч унтсан асуудлаас болоод замаас гарч далан руу зүтгээд онхолдсон. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Жолооч туслах жолоочтой байсан, тэр нь унтаж байсан. Надад учирсан гэмтэл байхгүй байна. Жолооч хариуцлаггүй байгаад гомдолтой байна мөн ажлаа алдаж байна.” гэжээ. /хх-19/,

           Гэрч Х.Х ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Манай нэг дүү Шивээхүрэнгийн хилийн боомтод ажилдаг юм. Бид хоёрыг хүрээд ир хятад гарч эмчид үзүүлж өгье гэж хэлсэн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Шивээхүрэн явахаар автобусанд суух гэхэд автобусны хүн дүүрсэн учраас Драгон төв ороод машин асуухад 1 фургон байхаар нь энэ машинд суусан юм.  17 цаг өнгөрч байхад хотоос гарч яваад Дундговь аймгийн Луус суманд ирж хоол идээд хөдөлсөн. Тэгээд унтаад өгсөн нэг мэдэхэд машин онхолдсон. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна.  Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Зам тээврийн ослоос болж хүзүү л жоохон эвгүй болсон бусдаар гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-20/,

         Гэрч С.А ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би ажилдаа явах гээд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт орохоор Драгон төв рүү очоод 61-87 ӨМА дугаартай фургонд суусан. Тэр фургон 17 цаг өнгөрөөгөөд хотоос гараад Дундговь аймгийн Луус сумын хоолны газарт хоол идээд наашаа явсан. Намайг унтаад явж байхад машин гэнэт далбигнаад эхэлсэн.  Тэгэхэд л сэрэхэд машин онхолдсон. Машины хаалгийг нээгээд буугаад ирэхэд машин дээшээ харсан байсан. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг унтаж явсан учраас мэдэж байгаа юм алга. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Зам тээврийн ослоос болж миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-21/,

          Гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би саяхан “Э” ХХК-ийн “Б” ХХК-д ажилд ороод 2017 оны 08 дугаар сар 02-ны өдөр Улаанбаатар хотоос Э ХХК-руу ажилдаа явах Драгон төв дээр очиход Шивээхүрэн явна гэсэн фургон машин байсанд суугаад 17 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарсан. Дундговь аймгийн Луус сумын төвд хоол идээд машинд суугаад нэг хэсэг явж байгаад унтаад өгсөн. Өмнөговь аймаг өнгөрсныг ч мэдээгүй унтсан байсан нэг мэдэхэд машины хойд талд “так” гэж нэг юм дуугарахад сэрсэн. Дугуй хагарч байгаа юм болов уу гээд бодох зуур л машин унасан. Машины хаалгыг гаднаас онгойлгоход гарцгаасан. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэж байгаа юм алга, би унтаад явж байсан юм. Зам тээврийн ослоос болж миний биед зүүн мөрний үеэр хатгаж өвдөж байна, эмчид үзүүлэхэд ясанд үүссэн гэмтэл байхгүй байна гэсэн. Улаанбаатар орж үзүүлэх саналтай байна. Бусдаар гомдол бол байхгүй байна.” гэжээ. /хх-22/,

           Гэрч Д.Ө гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт руу ажилдаа явахаар Драгон төв ороод фургонд сууссан. Улбаанбаатар хотоос 17 цаг өнгөрч байхад гараад Дундговь аймгийн Луус сумын гуанзанд хоол идээд машинд суугаад би унтаад өгсөн.  Тэгээд юу болсон мэдэхгүй гэнэт миний сууж явсан машин баруун талын доогуур юманд цохигдоод сэрсэн.  Тэгтэл машин найгаж явж байгаад онхолдсон. Би арын хаалга онгойлгож өгөх үед гарч ирсэн. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдээгүй, жолооч нойрмоглоод замаас гараад онхолдсон гэсэн. Зам тээврийн ослоос болж миний биед толгойны баруун дээд хэсгээ юманд цохиж хавтгасан өөр гэмтэл байхгүй. Санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-23/,

            Гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Манай аав, ээж нар Өвөр монголд байдаг юм. Аав, ээждээ очихоор 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Шивээхүрэн хилийн боомт руу явахаар Драгон төв ороод фургон байхаар нь сууссан. Улаанбаатар хотоос 17 цаг өнгөрч байхад гараад Дундговь аймгийн Луус сумын гуанзанд хоол идээд машины арын суудалд суугаад би унтаад өгсөн. Юу болсон мэдэхгүй гэнэт л машин онхолдсон. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй. Зам тээврийн ослоос миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-24/,

             Гэрч Ш.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би ажилдаа явах гээд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт орохоор Драгон төвд очоод 61-87 ӨМА дугаартай фургонд суусан. Тэр фургон 17 цаг өнгөрөөгөөд хотоос гарсан.  Дундговь аймгийн Луус сумын хоолны газарт хоол идээд наашаа явсан. Би урд талын суудалд ээлжийн жолоочийн хажууд сууж явсан юм. Унтаад явж байхад машин замаас гараад ховил цохиж харайхад нь сэрсэн. Яах ийхийн зуургүй машин онхолдож хажууд сууж байсан дүү урд талын шилийг цөм өшиглөж би гарсан. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар унтаж явсан учраас мэдэж байгаа юм алга. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Зам тээврийн ослоос болжтаны биед учирсан гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-25/,

          Гэрч Н.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сум орохоор Драгон төвөөс фургонд суусан. Тэр фургон 17 цаг өнгөрөөгөөд хотоос гарсан. Дундговь аймгийн Луус сумын хоолны газарт хоол идээд наашаа явсан. Би унтаж яваад Өмнөговь аймагт ирээд бензин авахад сэрсэн. Тэгээд эргээд унтаад явсан. Осол яаж болсон талаар мэдэхгүй байна машин онхолдож байхад л сэрсэн, машин дээшээ харсан байсан. Тэр үед гаднаас хаалга онгойлгож өгсөн. Гэмтсэн бэртсэн хүмүүсээ гаргаад цагдаа дуудсан.  Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Зам тээврийн ослоос миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-26/,

           Гэрч Ж.З гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 61-87 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэн Т.Б ийн хамтын ээлжийн жолоочоор Улаанбаатар хот руу 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улбаанбаатар хот ороод 08 дугаар сарын 03-ны өдөр Шивээхүрэнгийн чиглэлд жолоочоос гадна 13-н хүн аваад гарсан. Дундговь аймгийн Луус сум орж хоол идээд цааш явж Өмнөговь аймагт 04 цагийн үед ирээд бензин аваад Баяндалайн засмалаар явсан. Би унтсан байсан гэнэт хүмүүс хашгирах үед сэрэхэд машин засмал замаас гараад замын хажуу талын ховил руу ороод харайгаад далан өөд цоройлгоод машин унасан. Би урд талын шилээ тийрч цөмлөөд гараад хаалгаа онгойлгож хүмүүсээ гаргасан. Утсаар ярих гэхэд сүлжээ барихгүй байсан. Манай нэг залуугийн утсанд сүлжээ ороод тэр залуугаар дуудлага өгүүлсэн. Нэлээд байж байгаад Баяндалай сумын эмнэлэг ирээд бие нь хүнд байсан ахыг аваад явсан. Удалгүй Цагдаа ирсэн. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсан эсэхийг мэдэхгүй байна. Жолооч үүрэглэсэн гэсэн түүнээс болоод тээврийн хэрэгсэл онхолдсон байх. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Т.Б  Баяндалай хүртэл яваад би түүнээс цааш явах байсан юм. Зам тээврийн ослоос миний биед нүүр бага зэрэг шалбарсан өөр гэмтэл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-27/,

            Гэрч Т.О гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт орохоор Драгон төвөөс фургонд суусан. Тэр фургон 17 цаг өнгөрөөгөөд хотоос гарсан.  Дундговь аймгийн Луус сумын хоолны газарт хоол идээд цааш явсан. Би унтаж явсан, нэг мэдэхэд хүмүүс хашгиралдаад эхэлсэн. Яах ийхийн зуургүй дээшээ хараад унасан. Хүмүүс дээр доороо давхаралдсан байсан. Буух гэхэд цээжээр өвдөж байсан. Намайг нэг нь буулгасан байх сайн санахгүй байна. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй.  Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Зам тээврийн ослоос болж миний бие цээжээр хатгаж өвдөөд байна, сууж байгаад босохоор босч болохгүй хүнд байна. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-28/,

           Гэрч С.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт орохоор Драгон төвөөс фургонд суусан. Тэр фургон 17 цаг өнгөрөөгөөд хотоос гарсан.  Дундговь аймгийн Луус сумын хоолны газарт хоол идээд наашаа явсан. Би унтаж явсан нэг мэдэхэд хүмүүс хашгираад эхэлсэн. Яах ийхийн зуургүй дээшээ хараад унасан.  Хүмүүс дээр доороо давхаралдсан байсан. Туслах жолооч нь урд шилээ хагалж гараад хойд хаалга нээж бид нар гарсан.  Жолооч нь утас сүлжээгүй байна гэсэн би баруун тийшээ яваад утсаа үзэхэд миний утсанд сүлжээ байсан. Тэгээд Цагдаад мэдэгдсэн. Тээврийн хэрэгсэл хэдэн км цагийн хурдтай явж байсныг бол мэдэхгүй байна. Машин эвдрэх болон донслох асуудал байгаагүй жолооч үүрэглээд машин унагаасан гэж бодож байна. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй. Зам тээврийн ослоос болж миний биед зүүн гар, тохой, хөндүүр байна, өөр гэмтсэн юм алга байна. Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй.” гэжээ. /хх-29/,

           Гэрч Ц.Ө гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2008 онд Б гэдэг Хүрмэн сумын залуугаас 61-87 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэлээд хэсэг нь шатсан, хуучин машин аваад янзалж унасан юм. 2017 оны 07 дугаар сард Т.Б ид зарсан.  Би Б өөс тээврийн хэрэслийн гэрчилгээг шилжүүлж авч чадаагүй байсан юм. Б гэдэг миний машин авсан хүн Хүрмэн суманд байдаг. Анх авахдаа шилжүүлж авч чадаагүй.  Шилжүүлэх гэхээр тэр хөдөө би хот хооронд яваад ер амжихгүй байсан юм. Тэгэж байгаад би Батдожид тээврийн хэрэгслээ зарчихсан юм. Т.Б  надаас 5.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Т.Б  машинаа онхолдуулсан гэж сонссон. Би тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн Т.Б ид зарсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэжээ. /хх-30/,

              Гэрч С.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Манай нөхөр Т.Б  Гурвантэсээс Улаанбаатар, Улаанбаатараас Гурвантэс гэсэн маршрутаар өөрийн фургон машинаар хүн тээвэрлэдэг юм. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө би Баяндалай суманд байж байхад нөхрийн эгч над руу залгаад “Т.Б  аваар хийсэн байна” гэж хэлсэн. Би Баяндалай сумаас гараад аймгийн эмнэлэгт ирж нөхөртэйгээ уулзахад нөхрөөс гадна 14 хүн байсан гэхээр нь тэр хүмүүсийг бүгдийг нь эмч Батцэнгэлд үзүүлсэн. “Гэмтэлтэй хүн Т.Н , Т.О  нар байна” гэж эмч хэлсэн. Би тэр дор нь Улаанбаатар хо труу “Истана” маркийн автомашин хөлслөөд явсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч Д.О т 200.000 мянган төгрөг өгч явсан. Дундговь аймагт хамт яваа хүмүүсээ хооллоод Улаанбаатар орж гэмтлийн эмнэлэгт очиж хоёр хүний рентген зургийг нь авахуулж эхо-д харуулсан. Маргааш өглөө нь Т.Н ыг компьютерт оруулсан. Т.Н ын 12-р нуруу бяцарч гэмтсэн гэсэн онош гарсан. Т.О д хуучин хавирга хугарсан гэж гарч ирсэн. Араас А.М  гэх хүн ирснийг мөн үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл илрээгүй. Би энэ гурван хүнийг яг гардаж эмнэлэгт үзүүлж явсан юм. Т.Н  ах нурууны хагалгаанд орсон үүнд эмчилгээ хагалгааны зардалд нийт 2.148.000 мянган төгрөг болсон. Т.О г эмнэлэгт үзүүлэхэд 193.100 мянган төгрөг зарцуулсан. А.М ыг эмнэлэгт үзүүлэхэд 180.000 мянган төгрөг зарцуулсан. Ингээд хоол унд, бензин тосны зардал гээд нийт 3.250.200 мянган төгрөг зарцуулсан юм. Би зарцуулсан мөнгөний тооцоог өөрийн дэвтэр дээрээ гараараа тэмдэглээд явсан. А.М  гуай эмнэлэгээс явахдаа ямар нэгэн гомдол санал байхгүй, бие зүгээр байна гээд явсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Т.О  гуай надаас бэлэн 160.000 мянган төгрөг аваад өөрөө эмнэлэгт үзүүлнэ гээд явсан. Эргээд холбогдоход бие асуудалгүй ажилдаа явлаа гэж байсан. Энэ осол болсноос хойш хүмүүсээс маш их мөнгө зээлсэн дээр нь 8 настай охин Б.А маань 2-р зэргийн түлэгдэлтэй байгаа юм. Хүүхдээ эмчлүүлэх шаардлагатай байна. Т.Н  ах манай нөхрөөс 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн. Тэрийг өгөхөд үнэхээр их хүнд байна. Өөр санал хүсэлт байхгүй.” гэжээ. /хх-31/,

            Шүүгдэгч Т.Б ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөрийн Уаз фургон маркийн 61-87 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүн суулгаад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боотоос гараад Улаанбаатар хотод очсон. Улаанбаатар хотод амарч хоноод 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Драгон төвд очиж зогсоод 13-н зорчигчтой болсон. Нийт миний машинд 13 зорчигч 1 ээлжийн жолооч би өөрөө ингээд нийт 15 хүнтэй болсон. 17 цагийн үед Улаанбаатараас Өмнөговь, Шивээхүрэнгийн чиглэлд гарсан юм. Яваад Өмнөговь аймагт шөнө 03 цагийн орчимд ирсэн. “Тэс петролиум” шатахуун түгээгүүрээс бензин нэмж аваад Шивээхүрэнгийн чиглэлд гарсан. Охин хөтөл өгсөөд явж байхад нойр хүрээд эхэлсэн. Нэг зогсож нүдний хор гаргадаг юм билүү гэж бодож байгаад хүмүүс дургүйцэх байх гэж бодоод цаашаа чигээрээ яваад Охин хөтөл даваад цаашаа уруудаж байгаад үүрэглээд замын зүүн гар талд байсан усны шуудуу руу машин чигээрээ орж тас гэж дуугархад би сэрсэн. Яах ийхийн зуургүй машин онхолдсон. Би болон урд байсан хүмүүс машины урд шилээр гараад хойд хаалгаа нээгээд хүмүүсээ буулгасан тэгээд хүмүүс бууж дуусахад нэг өвгөн машин дотор орилоод үлдсэн. Тэр нь Т.Н  ах байсан. Тэр ахыг хэн буулгасан мэдэхгүй нэг нь татаад буулгаад ирсэн. “Бэртсэн гэмтсэн хүн байна уу?” гэхэд бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэсэн. Ганцхан Т.Н  ах босч чадахгүй байсан. Т.Н  ахыг хөнжил дээр хэвтүүлсэн.  Би түргэн тусламж, цагдаа хоёр дуудаатах гэж хэлсэн. Нэг нь дуудсан байх тэгээд байж байхад Баяндалай сумын хүн эмнэлэг ирээд Т.Н  ахыг үзээд аймаг авч явна гээд аваад явсан. Тэр үед би машин дуудаж хүмүүсээ аймаг хүргэх арга хэмжээ аваад байж байхад цагдаа нар ирж ослын газрыг хэмжсэн. Аймагаас машин ирээд хүмүүсээ аймаг руу авч явсан.  Эмнэлэг орж бүх хүмүүсээ эмнэлэгт үзүүлсэн. Эмч “Т.Н , Т.О  нар гэмтэлтэй байна, бусад нь зүгээр байна” гэж хэлсэн. Би Т.Н , Т.О  нарыг эхнэр С.С гаар Улаанбаатар хот руу явуулаад өөрөө цагдаад ирж мэдүүлэг өгөөд хүмүүсээ бүгдийг нь унаанд суулгаж өгөөд орой нь хот руу араас нь явсан. Улаанбаатар хотод очоод Гэмтлийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Т.О г шинжилгээнд оруулахад гэмтэлгүй байна гэж гарсан. Т.Н ыг шинжилгээнд оруулж зургийг нь авахуулахад Т.Н ын нуруу бэртсэн байна, хагалгаанд орох шаардлагатай байна гэсэн. 2-3 хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж хагалгаа амжилттай болж Т.Н  4 хоногийн дараа хөл дээрээ явж эхэлсэн юм. Хагалгаанд ороход хагалгааны зардал гэж 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, мөн эмч, сувилагч нарт өгөх ёстой гэж 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг өгсөн. Мөн нуруу нугасны зураг авахуулахад тэтгэврийн хүн гээд 180.000 /зуун наян мянга/ төгрөг авсан зэрэг Т.Н ын эмчилгээний зардалд нийт 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг орсон. Яг юу юунд зарцуулсныг сайн санахгүй байна. Тухайн үед би 60 орчим км цагийн хурдтай явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодож яваад үүрэглэж замаас гарснаас болоод замын хажуу талын далан мөргөж тээврийн хэрэгсэл онхолдсон. Тухайн үед надаас гадна 14 хүн явсан. Золбоо гэх миний туслах жолоочоос гадна 13 зорчигч явсан. Ослын улмаас Т.Н ын нуруу хугарсан, Мөнхбаатар биедээ хөнгөн гэмтэл авсан одоо ихэнх хүмүүстэй нь холбоо барьсан биеийн байдал зүгээр гэсэн Т.Н  эмнэлэгээс гарсан одоо бие нь гайгүй байгаа. Нөгөө ээлжийн жолооч Золбоогийн бие нь жаахан ядраад байна гэхээр нь өөрөө гүрийж байсан юм. Т.Н ын эмчилгээний зардлыг бүрэн өгсөн, Т.Н д нийт 2.148.000 /хоёр сая нэг зуун дөчин найман мянга/ төгрөг өгсөн байгаа. Одоо надаас 4 сая төгрөг нэхэмжилж байгаа, түүнийг нь өгч чадаагүй байгаа. Санхүүгийн асуудлыг эхнэр С.С  мэдэж байгаа би сайн мэдэхгүй байна. Би зам тээврийн осол гаргаж хохироосондоо маш их гэмшиж байна. Би өөрийн 8 настай охин Б.А г 2017 оны 05 дугаар сард түлчихсэн юм. Хүүхдийнхээ эмчилгээний зардал нь 10.000.000 /арван сая/ төгрөг болно гэсэн юм. Тэр мөнгийг олох гэж нойр хоолгүй явж байгаад ийм асуудалд орчихсон юм. Одоо надад Т.Н  ахад өгөх мөнгөний боломж байхгүй байна охиныхоо эмчилгээнд мөнгө яаж олох вэ гээд л явж байна. Өөр санал хүсэлт байхгүй байна.” гэжээ. /хх-97-98/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1728000300043 дугаартай прокурорын тогтоол /хх-01/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-02/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-04/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-10/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-11/,

Т.Н ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-32, 45, 48, 51, 54, 57, 60, 64, 66, 69, 72, 75, 78, 81, 84, 87/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №359 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Т.Н ын биед цээжний 12-р нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-33/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Өвчний түүх /хх-34-43/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №352 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Т.Б ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-48/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №361 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Золбоогийн биед дух, баруун хацар, тохой, шууны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-49/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №353 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Доржжавын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-52/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №356 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Баясаагийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. /хх-55/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №354 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Өлзийхүүгийн биед тархины доргилт, дух, баруун зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-58/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №355 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:  Баяртуяагийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. /хх-61/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №357 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Будхүүгийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. /хх-63/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №358 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд:  Халхын биед тархины доргилт, зүүн чихний дэлбээ, баруун гарын 5-р хурууны зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-67/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №365 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Ш.Г ын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-70/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №360 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Н.М ын биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. /хх-73/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №366 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: С.А ны биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-76/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №362 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: С.Г ын биед баруун мөрний зөөлөн эдийн няцрал, шууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-79/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №363 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: Т.О гийн биед ямар нэг гэмтэл тогтоогдсонгүй. Т.О  нь гуурсан хоолойн тэлэгдэл өвчтэй болох нь КТГ-ийн шинжилгээгээр тогтоогдлоо. /хх-82/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №364 дугаар шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн дүгнэлтэд: А.М ын биед тархины доргилт, хүзүү, дал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-85/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-44, 47, 50, 53, 56, 59, 62, 65, 68, 71, 74, 77, 80, 83, 86/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

Нэг: 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 03 цагийн үед Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг Даланзадгад сумаас баруун хойш 50 километрт засмал зам дээр Тогтох овогтой Т.Б  нь Уаз-2206 маркийн 61-87 ӨМА улсын дугаартай автомашин жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан байна.

Хоёр: Уаз-2206 маркийн 61-87 ӨМА улсын дугаартай автомашины жолооч Тогтох овогтой Т.Б  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 2.7-ийн а-д “...заасан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Гурав: Уг зам тээврийн ослын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, шинжээчийн фото зурган дээр Уаз-2206 маркийн 61-87 ӨМА улсын дугаартай автомашины тоормосны мөр байхгүй тул хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна. /хх-88/,

Цагдаагийн ерөнхий газраас авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-89/,

Үнэлгээний дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-90/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-91/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №95 тоот Автомашин техникийн үнэлгээний дүгнэлт болон Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-92-93/,

Үнэлгээний дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-94/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-95/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-96/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-99/,

Шүүгдэгч Т.Б ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-100/,

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №01/150 тоот тодорхойлолт /хх-101/,

Шүүгдэгч Т.Б ийн жолоочийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-102/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-103/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-104-106/,

Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-107/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-108-116/,

Цогтцэций сум дахь цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Б д прокурорын даалгавар /хх-117/,

Мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчийн санал /хх-118/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-119/,

А овгийн Т.Б ийн Б.А гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-120/,

Гэрэл зураг /хх-121/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-122-123/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-124/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 38 дугаартай яллах дүгнэлт, хавсралт /хх-125-128/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-129/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б  нь 2017 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум явах хатуу хучилттай замын 50 дахь километрт 61-87 ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашин жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Б ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгч Т.Б ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б  нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ 61-87 ӨМА улсын дугаартай фургон автомашин жолоодож зорчигч тээвэрлэн явсан нь түүний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад өгсөн “...Нэг зогсож нүдний хор гаргадаг юм билүү гэж бодож байгаад хүмүүс дургүйцэх байх гэж бодоод цаашаа чигээрээ яваад Охин хөтөл даваад цаашаа уруудаж байгаад үүрэглээд замын зүүн гар талд байсан усны шуудууруу машин чигээрээ орж тас гэж дуугархад би сэрсэн. Яах ийхийн зуургүй машин онхолдсон...” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 2.7-ийн а-д “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

Шүүгдэгч Т.Б ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тулгуурлан шүүгдэгч Т.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н  нь эмчилгээний зардал болон хохирол төлбөрт нийт 4.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байх боловч шүүгдэгч Т.Б  нь 2.165.000 төгрөгийг хохирогчид төлсөн байх ба энэхүү төлбөрийн дүн дээр хэн аль нь маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н ын гаргасан хохирлын баримтуудыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон нягт нямбай хянаж үзэсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбодолтой дараах нотлох баримтуудыг үнэлж хохирлыг гаргуулан шийдвэрлэлээ.

Үүнд: Хот хоорондын зорчсон 45.800 төгрөг, “Фармалогик” ХХК-иас эм тариа авсан 14.000 төгрөг, “Мөнхийн тун мед” ХХК-иас эмчилгээнд зориулж авсан эд зүйлийн үнэ 35.000 төгрөг, нийт 94.800 төгрөгийг шүүгдэгч Т.Б оос гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н д олгох нь зүйтэй байна.

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй НӨАТ, бэлэн мөнгө авсан тухай баримтуудыг үнэлэх боломжгүй тул 177.820 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н ын нэхэмжилсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А овгийн Т.Б ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм

хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Б  600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Шүүгдэгч Т.Б  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н ын хохиролд 2.165.000 /хоёр сая нэг зуун жаран таван мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Т.Б оос 94.800 /ерэн дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н д /регистрийн дугаар: ЦВ55091515/ олгож, 177.820 /нэг зуун далан долоон мянга найман зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н ын 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн  дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ