Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2180

 

МАГАДЛАЛ

2019.12.20                                         Дугаар 2180                                 Улаанбаатар хот

 

 

 

 

“ГТ ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ГТ ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 68 955 285 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц, Л.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Г нь “ГТ ” ХЗХ-той 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/1047 тоот Зээлийн гэрээ, БГ/1047 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 15 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 дугаар сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч өөрийн ирээдүйд олох орлого, хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн банкны 103300076943 тоот дансруу шилжүүлсэн. Б.Г ЗГ/1047 дугаартай Зээлийн гэрээнүүдийн салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа 91102200 дугаарын утсаар холбогдон хэлсэн боловч тогтоосон хугацаанд төлөөгүй тул 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 9/68, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 9/100 дугаартай Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг өөртэй нь биечлэн уулзаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч “ГТ ” ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч нь Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүд нийт 1 539 500 төгрөгийг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 15 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18 546 527 төгрөг, нийт 33 546 527 төгрөг болж хуримтлагдсан байна. Мөн зээлдэгч Б.Г нь “ГТ ” ХЗХ-той 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/0922 тоот шугамын Зээлийн гэрээг байгуулж, зээлийн мөнгийг хэсэгчлэн авах нөхцөлтэйгээр 15 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний дагуу зээлийг олгохдоо хэсэгчлэн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр   5 000 000 төгрөгийг тус тус зээлдэгчийн Голомт банкны 111Э9130274 тоот дансанд шилжүүлсэн байна. Зээлдэгч нь ЗГ/0922 дугаартай Зээлийн гэрээнүүдийн салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч төлөөгүй. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж байгааг мэдэгдэн, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг удаа дараа 91102200 дугаарын утсаар холбогдон шаардсан ба Зээлдэгч 8 сарын байдлаар 2 сарын хугацаанд энэхүү зээлээ төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл зээлдэгч тогтоосон хугацаанд зээлээ төлөөгүй ба хоршооны зүгээс эргэж холбогдох оролдлого хийсэн боловч утсаа авдаггүй, уулздаггүй байдалтай байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн үндсэн төлбөрт 2 506 000 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 12 494 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр          22 914 758 төгрөг, нийт 35 408 758 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд Б.Г-аас 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ1047 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18 546 527 төгрөг, нийт 33 546 527 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/0922 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр 12 494 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 22 914 758 төгрөг, нийт               35 408 758 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тайлбар гаргаагүй байна.

Шүүх: .Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-аас 68 955 285 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ГТ ” ХЗХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660 675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгийн хураамжид хариуцагч Б.Г-аас 660 675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГТ ” ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэрийн 43 000 785 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь “ГТ ” ХЗХ нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зохицуулсны дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгууллага мөн эсэхийг тогтоогоогүй байна. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл хоршоо нь зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй байж зээл өгөх, мөн хүүг тооцож авах боломжтой байна. Гэтэл шүүхээс зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэхийг тогтоолгүйгээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг     хангасан нь үндэслэлгүй байна. Хэрэв “ГТ ” ХЗХ нь санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүй бол гэрээнд дурдсанчлан хүүг авах эрхгүй юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн шилжүүлсэн мөнгө нь болох 1 539 500 төгрөг нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 3171047 дугаартай гэрээний төлбөрөөс хасагдаж тооцогдох байсан. Гэтэл үндсэн төлбөрөөс хасаж тооцолгүй хүүний төлбөрөөс хасаж тооцсон нь үндэслэлгүй юм. Үндсэн төлбөрөөс хасагдсан тохиолдолд хариуцагчийн төлөх алдангийг хэмжээ багасах боломжтой байсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан тус зээлийн гэрээнүүд нь 1 жилийн хугацаатай гэрээнүүд учраас нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний хугацааны турш төлөгдөх хүүг төлж барагдуулахаас биш илүү мөнгө төлөх үндэслэлгүй билээ. Гэтэл шүүхээс зээлийн хугацааны хүү мөн эсэхийг нягтлан үзэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлд заасан хүүгийн хэмжээ нь сар бүр 8 хувь гэж тогтоосон байдаг. Энэ нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт харш байна. Учир арилжааны банкуудын сарын хүү дунджаар 1,5-2 хувь, харин Банк бус санхүүгийн байгууллагуудын хүү 4-5 хувь байхад илтэд өндөр хүү тавьж гэрээ байгуулсан бөгөөд шүүхээс үүнийг багасгаж шийдвэрлэх боломжтой байна. Хариуцагчийг шүүх хуралдаандаа ирээгүй, хариу тайлбар ирүүлээгүй байгаа нөхцөл нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулгыг илэрхийлэхгүй бөгөөд шүүхээс хэрэгт байгаа баримт, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “ГТ ” ХЗХ нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 68 955 285 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч байгууллага нь   15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, шугамын зээлийн зориулалтаар, сарын 8 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн 2017 оны 11 дүгээр сарын    09-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулагдаж тус гэрээгээр 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх, үүрэг үүссэн талаар гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдлыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчид төлбөр төлөхийг мэдэгдэж шаардлага хүргүүлсэн энэ талаарх баримт хэрэгт авагдсан байна. Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтаар тохирсон эргэн төлөлтийн хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга болон зээлийн тооцоолол зэрэг баримтаас зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 2 506 000 төгрөг төлбөрт төлсөн байна.

Хариуцагчийн хувьд зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/02210 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “452.1.1” гэснийг “452.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 373 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

        ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ