Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/377

 

 

Г.О, С.Знарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Р.Энх-Оюун,

            хохирогч, шүүгдэгч С.З,

            хохирогч, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Д.Батдулам,

            нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлоор С.З, Г.О нарт холбогдох 2111000340051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Бовгийн Гын О, 1982 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, -, ял шийтгэлгүй, /РД:-/;

            2. Б овгийн Сийн З, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Шууд ТВ” худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Г.О нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 5 тоотод хамтран байр түрээслэгч С.Зтай өмнө нь 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан бие биедээ халдаж байсан таарамжгүй харьцаанаас үүдэн толгойн тус газар нь аягаар цохих, үсдэх, гараас нь базаж маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч С.Знь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 5 тоотод хамтран байр түрээслэгч Г.Отэй цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан харилцан зодолдож, духнаас нь цус гарсныг хараад түүнийг түлхэж унаган толгой, нуруу хэсэгт олон удаа өшиглөх, нүүрэнд цохих, үснээс нь зулгааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.З, Г.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Бовогт Гын О, Боржигон овогт Сийн Знарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Г.О, С.Знарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Заас нийт 63.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оөд олгох, шүүгдэгч Г.Оөөс нийт 2.095.012 төгрөгийг гаргуулан хохирогч С.Зд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хуванцар аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн 1 ширхэг сиди, мөн С.Зын шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Д.Батдулам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Г.О нь Зтай харилцан зодолдох явцад нурууны 1.4,1.5 жийргэвч урагдал үүсч, цүлхийлт гэмтэл учирсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг, КТГ-ын шинжилгээ, рентген зураг, амбулаториор эмчлүүлэгчийн карт зэргээр тогтоогддог. Тодруулбал, О тухайн хэрэг учрал болсон өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Заяа гэх эмэгтэй хэвлий сав хэсэгт хөлөөрөө дэвсэж, өшиглөж, олон удаагийн давтамжтай нуруу хэсэгт өшиглөж дэвссэн. ...”, гэрч Эын “...Зөөрөөсөө гарсан цусыг хараад улайраад Оийн өрөө рүү ороод зодож эхэлсэн. О хүнээс цус гаргаснаа мэдээд өөрөө айгаад Зд зүгээр зодуулж эхэлсэн. Зын үс нь задгай арзайсан, нүүр нь цус болсон байдалтай О рүү дайраад хаа сайгүй цохиод байсан. ...” /хх 26-27/, гэрч Ц.Цын “...тэр хоёр эмэгтэй дахиад зодолдоод байх шиг байхаар нь дахин шар үстэй эгчийн өрөө рүү ороход тэрээр буйдангийн хажуугаар хажуулдсан байдалтай орчихсон, дух нь гэмтсэн эмэгтэй дээр нь гарчихсан байхаар нь салгаад өрөөнөөс гаргасан. ...” /хх 29/, “Мөнгөнгүүр” эмнэлгийн Соронзон үелзүүрт томографийн оношлогоогоор Г.Оийн нурууны L4\L5 түвшинд төвийн байрлалтай урагдалтай, L5\S1 түвшинд жийргэвч мөгөөрс төвийн байрлалтай урагдалтай, баруун талдаа парацентрал байрлалтай өргөн сууриар цүлхийж нугасны сувгийн өмнөд зайг болон баруун талын L5 мэдрэлийн гарах ёзоорын сувгийг нарийсгасан зэрэг гэмтлийн улмаас эмгэг өөрчлөлт үүссэн тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Шаардлагатай гэж үзвэл шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт орох эсэх, хохирлын хэмжээг тогтоох зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр орхигдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүи тогтоол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч О нь нуруу нь өвдөж байсан боловч Зын толгойг хагалсан үйлдэлдээ гэмшин, энэ талаарх баримтаа мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй байсан. Шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь, Знь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, байнга бурууг бусдаас хайсаар ирсэн. Гэмт хэрэг гарахад Зын шүлсээ амандаа хуримтлуулж байгаад Оийн нүүр рүү нулимсан үйлдлээс үүдэн маргаан нь ширүүсч, улмаар дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Гэм буруугийн шүүх хуралдааны явцад ч гэм буруугаа огт хүлээгээгүй байхад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг хангаагүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг алдаатай буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан шийдвэрлэсэн атлаа 2021 он гэж бичсэн, шинжлэн судлагдаагүй, гарын үсэг, тамга тэмдэг зөрүүтэй хохирлын баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэлгүйгээр тухайн баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг болон хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зодоон болсон өдөр цагдаагийн газраас ирээд С.Зыг эмнэлгээр дагуулж явсан. Нөгөөдөр нь би өөрийнхөө нуруу болон тархины зургийг авхуулсан. С.Зтай эвлэрэх, ойлголцох хүсэлтэй байсан учраас удаа дараа С.Заас уучлалт гуйсан. Хоёр хоногийн дараа нуруу өвдөөд байхаар нь нуруугаа үзүүлж, эмчилгээ бичүүлж байсан. Битүүний өдөр нуруу татаад хэвтэрт орсон бөгөөд нарийвчилсан томографын зураг авахуулахад нурууны L4\L5 түвшинд төвийн байрлалтай урагдалтай, L5\S1 түвшинд жийргэвч мөгөөрс төвийн байрлалтай урагдалтай, баруун талдаа парацентрал байрлалтай өргөн сууриар цүлхийж нугасны сувгийн өмнөд зайг болон баруун талын L5 мэдрэлийн гарах ёзоорын сувгийг нарийсгасан зэрэг гэмтлийн улмаас эмгэг өөрчлөлт үүссэн байсан. ...” гэв.

            Хохирогч, шүүгдэгч С.Зтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Г.Оөд үнэхээр гомдож байна. Би толгойдоо 3, 4 том оёдол тавиулсан. Намайг зодоод байхаар нь би өөрийгөө хамгаалж цохисон болохоос энэ хүнийг гэмтээх бодол надад байгаагүй. Би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд учирсан бодит хохирлыг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн. Г.Оийн нурууг гэмтээсэн талаар шинжээч эмчийн дүгнэлтэд тусгагдаагүй. Цаг хугацааны хувьд тохироогүй. Г.Оийн гаргаж өгсөн нотлох баримтын хувьд нэр нь зөрүүтэй, алдаатай байсан. Би нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудыг гаргаж өгсөн. ...” гэв.

            Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.О, С.Знар нь харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан нь нотлогдон тогтоогдсон. Гэмт хэрэг гарсан өдөр шүүх эмнэлэгт үзүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.О нуруу нь өвдсөн талаар дурдаагүй бөгөөд дахин шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байгаагүй. Тухайн гаргаж өгсөн баримтууд нь цаг хугацааны хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийн тухай нотлох баримт биш гэж үзэж, Г.Оийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, хурлыг цааш үргэлжлүүлсэн байдаг. Гэм буруутайд тооцсоны дараа С.Знь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. С.Зшүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирлын баримтуудыг гаргаж өгсөн. Г.Оөөс хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Миний зүгээс эсэргүүцэл бичээгүй учраас хохирлын талаар тусгайлан гаргах саналгүй байна. Хохирлын хувьд өөрчлөлт оруулахад санал, хүсэлт байхгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.О нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 5 тоотод хамтран байр түрээслэгч С.Зтай 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан бие биедээ халдаж байсан таарамжгүй харьцаанаас үүдэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С.Зын толгойн тус газар нь аягаар цохих, үсдэх, гараас нь базаж маажих зэргээр түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Знь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 5 тоотод хамтран байр түрээслэгч Г.Отэй цэвэрлэгээ үйлчилгээнээс болж маргалдан харилцан зодолдож, өөрийнхөө духнаас цус гарсныг хараад Г.Оийг түлхэж унаган толгой, нуруу хэсэгт олон удаа өшиглөх, нүүрэнд цохих, үснээс нь зулгааж чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Зын “...2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ... О над руу ойртоод “юу яриад байгаа гичий вэ, бичиг наасан байж худлаа яриад яваад байх юм” гээд шууд над руу дайрсан. Холдох гэтэл намайг мөрлөөд буланд шахахад Мандал салгасан. Тэгээд өрөө рүүгээ явж байтал араас үсдэж дараад гар хөлөөс базаж маажсан. ...Өглөө гал тогооны өрөөнд таараад ... өмнөх шигээ зодох гээд дайрсан. ...Тэгэхэд барьж байсан аягаараа миний толгой руу цохиод үснээс зулгааж, ... хоёр гараас зуураад базаж маажих үед миний духнаас маш их цус гарсан. ...” /хх 16-17/,

хохирогч Г.Оийн “...2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гал тогооны өрөөнд муудалцаад би түрүүлж түүний нүүр рүү гараараа 1-2 удаа цохиход миний үснээс зуураад бид хоёр үсдэлцсэн. ...2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүдний өрөөнд тааралдахад “сорвины тос авч өгөөрэй, ам нь өмхийрсөн, бүдүүн шар муур” гэснээс болж маргалдаж эхэлсэн. Знад руу дөхөж ирээд амандаа шүлсээ хуримтлуулж байгаад нүүр лүү нулимсан, тухайн үед би халуун устай аяга барьж байсан нөгөө гараар түүн рүү далайхад Зминий аягатай усыг түлхээд харилцан бие биеэ түлхэлцэж байхад Зминий гартаа барьсан устай аягыг унагаасан. Би аягаа газраас аваад Зруу шидээд хоорондоо барилцаж, цохилцон үснээсээ зулгаалцсан. Би Зын дээрээс дараад унахад тэрээр намайг цохисон. Нэг харсан чинь Зын нүүр цус болсон байсан. Тэгээд зодоон зогссон. Би айгаад дахиж тэр хүнд гар хүрээгүй. Дараа нь Знамайг хоёр удаа нүүр рүү алгадаад нуруун дээр гурван удаа гараараа цохисон. Тэгтэл З00 өрөө рүү орж нүүрэн дэх цусаа хараад улам уурлаад намайг өрөөндөө байхад араас ирж түлхэж унагаагаад дээрээс нэг хөлөөрөө дэвхэцсэн. Нуруу, толгой хаа хамаагүй хяналтаа алдсан байдалтай өшиглөсөн. ...Бид хоёр харилцан зодолдсон юм. ...” /хх 20-21/,

гэрч Б.Эын “...2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гал тогооны өрөөнд З, О нар ... маргалдаж хоорондоо үсдэлцсэн. ...Би Отэй хамт хоол унд хийж идэх тухай ярилцаж байтал Зөрөөнөөсөө маш их ууртай гарч ирээд Оөд хандаж “чи сорвины тос авч өг, энийг хар” гээд орилоод байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад хэрэлдэж байснаа бие биеэ үсдээд, газар унаад Заас аймаар их цус гараад зодоон их ширүүн болсон. Би арай гэж тэр хоёрыг салгасан. ...Зөөрөөсөө гарсан цусыг хараад улайраад Оийн өрөө рүү ороод зодож эхэлсэн. О хүнээс цус гаргаснаа мэдээд айгаад Зд зүгээр зодуулж эхэлсэн. ...” /хх 26-27/,

гэрч и.Цын “...Хажуу талын шар үстэй эгчийн өрөөнд ороход 2 эмэгтэй хүн хоорондоо үсдэлцсэн байхаар нь духандаа шархтай эмэгтэйгийн үсэдсэн гарыг салгаад өрөөнөөс гаргасан. Тэгээд өөрийнхөө өрөөнд ороод подволкоо өмсөөд гараад иртэл ... шар үстэй эмэгтэй нь буйдангийн хажуугаар хажуулдсан байдалтай орчихсон, дух нь гэмтсэн эмэгтэй дээр нь гарчихсан байхаар нь салгаад өрөөнөөс гаргасан. ...” /хх 29/,

гэрч Д.Мгийн “...Хэрэг учрал болсон гэх газарт очиход С.Згэх эмэгтэйн духнаас цус гараад хатсан байдалтай байсан. Харин нөгөө эмэгтэйд илтэд харагдах хүнд гэмтэл харагдаагүй, маажсан, улайсан байсан санагдаж байна. Хоёулаа харилцан зодолдсон байсан. ...” /хх 31/,

шинжээч Т.Агийн “...С.Зын биед учирсан тархи доргилт, духны шарх гэмтлүүд нь дангаараа тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 28-с доош хоногийн дотор эдгэдэг учир хөнгөн гэмтэлд хамааруулна. ...С.Зын КТГ-ийн хариуг үзлэг хэсэгт бичихдээ бичиглэлийн алдаа гаргасан байна. Зүүн талын зулай хэсгийн хуйханд бага зэрэг зөөлөн эдийн хавангийн өөрчлөлттэй гэснийг өөрчлөлтгүй гэж алдаатай бичсэн боловч гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. ...” /хх 34-37/,

шинжээч Г.Эын “...Г.Оийн биед учирсан зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын нуруу, доод уруул, баруун тохой, зүүн шууны зулгаралт, зүүн дал, баруун шууны цус хуралт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...” /хх 38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Зын биед тархи доргилт, духны шарх, баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт бүхий шинэ гэмтэл, баруун шууны дотор тал, баруун зүүн сарвуу, баруун дунд, ядам хуруу, зүүн шилбэний зулгаралт, хоёр бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хуучин гэмтлүүд тогтоогдсон. Учирсан гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тархи доргилт, духны шарх, баруун зүүн сарвуу, баруун дунд хурууны зулгаралт бүхий шинэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шууны дотор тал, баруун зүүн сарвуу, баруун дунд, ядам хуруу, зүүн шилбэний зулгаралт, хоёр бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хуучин гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6- д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн 13456 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 41-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Оийн биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруу, доод уруул, баруун тохой, зүүн шуунд зулгаралт, зүүн дал, баруун шуунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн 13451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 46-47/,

С.Зын амбулаториор үйлчлүүлэгчдийн картын хуулбар, “Мөнгөн гүүр” эмнэлгийн КТГ-ийн шинжилгээний тэмдэглэл /хх 78-91/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 130-131/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч С.З, Г.О нарын урьдын таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж, харилцан зодолдсоны улмаас хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.З, Г.О нарын үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр нөхөн төлөх талаар илэрхийлж оролцсон байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт холбогдох хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ашигтай үндэслэлд хамаарахаас гадна хуульд нийцнэ.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Г.О, С.Знарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Д.Батдуламын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

Гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй.

Шүүгдэгч С.Зын хохиролд олгохоор шийдвэрлэсэн 2.095.012 төгрөгөөс давхардуулан тооцож, олгохоор шийдвэрлэсэн 524.270 төгрөгийг хасаж, зөвтгөн 1.570.742 төгрөгийг шүүгдэгч Г.Оөөс гаргуулан шүүгдэгч С.Зд олгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн ба шүүгдэгч С.З, Г.О нарын хэн алиных нь хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Иймд шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлын “хохирол төлбөртэй холбоотой” хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Оийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 2022/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Заас нийт 63.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оөд олгох, шүүгдэгч Г.Оөөс нийт 2.095.012 төгрөгийг гаргуулан хохирогч С.Зд тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар баримтлан С.Заас нийт 63.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Оөд, шүүгдэгч Г.Оөөс нийт 1.570.742 төгрөгийг гаргуулан хохирогч С.Зд тус тус олгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

            ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ