| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/03039/и |
| Дугаар | 2178 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2178
“МД ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03039 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “МД ” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б, Ж.Э нарт холбогдох,
41 460 060 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “МД ” ХЗХ болон Ж.Э хамтран хариуцагч Ж.Б нарт 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр №79 тоот зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. зээлдэгчтэй зээлийн барьцааны №79 тоот гэрээ байгуулж ГД-000041543, Ү-2204000747 дугаартай, 30 м,кв талбайтай, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13-р хороолол, 6-р байр 227 тоот 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж, 17-р байр зоорийн давхрын 110 тоот 24 м.кв авто зогсоолыг барьцаалж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн №79 тоот гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр дуусгавар болох байсан боловч хамтран зээлдэгч нь байр зарж төлбөрөө төлнө гэж хугацаа алдаж гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, зугтааж, утсаа авахгүй зээлдүүлэгчид хүндрэл учруулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 12 129 800 төгрөг, үндсэн хүүнээс 9 650 200 төгрөг, нийт 21 780 000 төгрөг төлсөн болно. Иймээс “МД ” ХЗХ нь Ж.Э , Ж.Б нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн нийт дүнг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцож үзэхэд үндсэн зээл 32 870 200 төгрөг, үндсэн хүү 6 165 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 424 060 төгрөг, нийт 41 460 060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, хууль ёсны дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн зээлийн барьцаанд байгаа 30 м.кв талбайтай 2 өөрөө орон сууц, 24 м.кв талбай авто зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ж.Э , хамтран хариуцагч Ж.Б нар нь “МД ” ХЗХ-ны гишүүд бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 79 тоот зээлийн гэрээ байгуулан 45 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 3 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож зээл авсан ба зээлийн барьцаанд ГД-000041543, Ү-2204000747 дугаартай 30 м.кв талбайтай, Баянзүрх дүүрэг 15-р хороо, 13-р хороолол, 6 байр, 227 тоот 2 өрөө орон сууц, Хан-уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил Махатма ганди гудамж, 17-р байрны зоорийн давхрын 110 тоот 24 м.кв авто зогсоолыг барьцаалж, Улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч “МД ” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн нийт дүнг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцон үндсэн зээл 32 870 200 төгрөг, үндсэн хүү 6 165 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 424 060 төгрөг нийтдээ 41 460 060 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүй цаг дээр тооцож бодож гаргаж ирсэн нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №79 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийтдээ 21 780 000 төгрөгийг төлж барагдуулаад байгаа билээ. Гэтэл бидний нийт төлсөн эргэн төлөлтийг үндсэн төлбөрт тооцоогүй зээлийн хүүнд тооцсон нь үндэслэлгүй байна. 2018 оны зээлийн гэрээний 1.1.3-д зааснаар энэ гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн зээлийн үндсэн өр, хүү, бусад төлбөрийг энэ гэрээнд заасны дагуу төлж дуустал хүчин төгөлдөр байхаар зохицуулсан байхад гэрээний заалтыг зээлдэгчийн зүгээс мөрдөлгүй зээлийн төлбөрт төлсөн 21 780 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцоогүй нь үндэслэлгүй байна. Миний бие нь “МД ” ХЗХ-д гишүүнээр элсэн орж тодорхой хэмжээний төлбөр төлж, хоршооны үйл ажиллагаанд оролцож ирсэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны №79 тоот зээлийн гэрээний хувьд бизнесийн үйл ажиллагаа түр саатсаны улмаас зээл ялимгүй хожимдож төлсөн боловч төлж барагдуулахаа илэрхийлсээр ирсэн. Хариуцагч миний бие Ж.Б нь “ДБИ ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тухайн үед манай компани нь Телематик удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа болон бусад зүйлд зээлийн хөрөнгийг зарцуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу төлбөрийг ялимгүй хоцроосон нь хариуцлага алдсан боловч манай компанийн гол үйл ажиллагаа явуулах эрх болох лицензийг Стандартчилал хэмжил зүйн газраас шалгаж байгаа нэрийдлээр үйл ажиллагааг зогсоосноос болж ямар ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байдалд хүргэснээр ийм байдалд ороод байна түүнчлэн уг эрхийг түдгэлзүүлснээс хойш ажилчдынхаа эдийн засаг болон нийгмийн байдал болох цалин хангамжийг өгч чадалгүй алдагдалд орж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газраас 124 791 400 төгрөгийг, “АД ” ХЗХ-оос 59 726 500 төгрөгийг тус тус нэхэмжлээд байгаа билээ. Тиймээс зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйл, Үүрэг гүйцэтгэх дарааллыг хуулиар тогтоосон бөгөөд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж холбогдох хуульд зохицуулсны дагуу нэн тэргүүнд зээлийн гэрээний дагуу төлсөн 21 780 000 төгрөгийг үндсэн төлбөрт шилжүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч Ж.Э , хамтран хариуцагч Ж.Б нарын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №79 тоот гэрээний дагуу дагуу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тооцон үндсэн зээл 32 870 200 төгрөг, үндсэн хүү 6 165 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 424 060 төгрөг, нийт 41 460 060 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Э , Ж.Б нараас 38 590 027 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 870 033 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан үүргийн гүйцэтгэлийг Ж.Э ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204000747 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6 дугаар байрны 227 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206047172 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж 17 дугаар байр зоорийн давхарын 110 тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435 450.30 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э , Ж.Б нараас 421 100.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М ” ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: хариуцагч Ж.Э , хамтран хариуцагч Ж.Б нар нь “МД ” ХЗХ-той 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №79 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш нийтдээ 21 780 000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлсөн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №79 тоот зээлийн гэрээний “Нийтлэг үндэслэлийн” 1.3-д Энэ гэрээ нь байгуулсан өдрөөсөө эхлэн зээлийн үндсэн өр, хүү, бусад төлбөрийг энэ гэрээнд заасны дагуу төлж дуустал хүчин төгөлдөр байхаар зохицуулсан ба уг зээлийн гэрээний заалтны утга нь эхний ээлжинд үндсэн төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон заалт болох нь илэрхий байна. Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №79 тоот зээлийн гэрээний 1.3-д зааснаар энэ гэрээн байгуулагдсан өдрөөс эхлэн зээлийн үндсэн өр, хүү, бусад төлбөрийг энэ гэрээнд заасны дагуу төлж дуустал хүчин төгөлдөр байхаар зохицуулсан байхад гэрээний заалтыг зээлдэгчийн зүгээс мөрдөлгүй зээлийн төлбөрт төлсөн 21 780 000 төгрөгийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүн болох 41 460 060 төгрөгнөөс хасч тооцоогүй нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн тайлбарт хэд хэдэн үүргийн үед Иргэний хуулийн 216.1-216.3 дахь хэсгээр зохицуулна. Хэрэв үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгээр тогтоосон дарааллыг баримтална. Зардал гэдэгт шүүхийн зардал, банкны төлбөр, хураамж болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэхэд гарсан бусад зардлыг ойлгоно. Үүрэг гүйцэтгүүлэгчийн нөхөн төлүүлэхийг шаардаж буй зардал нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлтэй байх ёстой хэмээн тайлбарласан. Тиймээс уг заалт нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх ажиллагаанд хэрэглэгдэх хуулийн заалт мөн бөгөөд шүүхийн тайлбарлаж байгаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох нь тусдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагддаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “МД ” ХЗХ нь хариуцагч Ж.Б, Ж.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41 460 060 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 21 780 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй байна. Харин үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол нэн тэргүүнд шүүхийн зардал, үндсэн үүрэг, хүү төлүүлэх гэсний дагуу хариуцагч нарын төлсөн 21 780 000 төгрөгийг үндсэн төлбөрт шилжүүлэх ёстой гэж” тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч нар нь “МД ” ХЗХ-той 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45 000 000 төгрөгийг, 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6 дугаар байрны 227 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамж 17 дугаар байр зоорийн давхарын 110 тоот хаягт байршилтай 24 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдожээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан хуулийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөх үүргийг барагдуулах дарааллыг тогтоох агуулгаар зохицуулагдсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Шүүх хариуцагч нараас 38 590 027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулж, мөнгийг авсан талаар маргаагүй тул зээлдүүлэгч бусдад зээл олгох журмыг зохицуулсан дээрх хуулийн зохицуулалт нь зээлдэгч зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.НАРАНЦЭЦЭГ