Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1345

 

 

 

 

 

 2020              10             22                                         2020/ДШМ/1345                                                                                            Т  M 546                                  МАЛАЛ

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Б-,

хохирогч С.Б-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 05ы өдрийн 2020/ШЦТ/883 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2008000001054 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-ийн Б-, Улаанбаатар хотод 1974 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул-Алтай 000 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Б.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн автобусны буудлын орчимд С.Б-ыг “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар эрүүн тус газар нь цохиж, эрүү ясны хугарал, оочинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч С.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б- “1,000,000 төгрөг өгье, гомдолгүй гэж бичээд өгөөч” гээд гуйгаад байхаар нь эр хүний уужим сэтгэлээр зөвшөөрч бичиг хийж өгсөн. Үүнээс хойш холбогдоогүй. Би шүүх хуралдааны үеэр хохирлоо авах болов уу гэж харж байтал надад мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэн байсан. Би дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа тул миний хохирлыг Б-аас гаргуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаанд хохирогч С.Б- өөрөө ирээгүй. Хурлаас хойш 1 сарын дараа “1,000,000 төгрөг өг, өгөхгүй бол би давж заалдана” гэж удаа дараа залгаж, согтуу дарамталж байсан. Одоо нэхээд байгаа мөнгө нь ямар ч баримтгүй” гэв.  

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж байна. Номинцэцэг шинжээч эмчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байхгүй. Хохирогч гарсан зардал биш, харин гарах гэж байгаа зардлыг нэхэмжилж байна. Хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар баримт байхгүй байна. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулсан 8,000 төгрөгийн л баримт байдаг. Хохирол, хор уршгийг нотлох баримт байхгүй байхад шүүгдэгч Б.Б- нь 1,000,000 төгрөгийг эмчилгээний төлбөр гэж төлсөн байдаг. Цагдаагийн байгууллагад хохирогч Батчулуун нь “гомдол санал байхгүй, 1,000,000 төгрөгийг хүлээн авсан” гэх хүсэлтийг бичиж өгсөн байдаг. Хохирогчоос “анхан шатны шүүх хуралдаанд оролцоно” гэж бичгээр илэрхийлсэн зүйл байдаггүй. Иймд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1625 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 30 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх 82/ хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан болох нь тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болохоор байна.

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн тайлбарлаж болохгүй.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь эдлүүлэх учиртай.

Хохирогч С.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан шинжтэй байх тул “... шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хохирол нэхэмжлэх боломж олгоогүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05ы өдрийн 2020/ШЦТ/883 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

                                 ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН