| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00342/И |
| Дугаар | 151/ШШ2024/00554 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00554
2024 06 10 151/ШШ2024/00554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Б сум, .. дугаар баг, ....... оршин суух, Б овогт Нын Б,
Гуравдагч этгээд: Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Б,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Б аймгийн Х сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тушаалаар малчнаар ажилласан. 1986 оны 7 дугаар сарын 01-нээс 1988 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаат цэргийн албыг 132 дугаар ангид хаасан. 1984 оны 7 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх онуудад малчнаар ажиллаж байсан баримтыг шүүлгэхэд гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг дээрх хугацаанд Б аймгийн Х сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Бгийн 1984-1989 оны малчнаар ажилласан байдлыг нотлох тушаал шийдвэрүүд архиваас гараагүй, 1990-2000 оны нөхөн тооцох даатгалтай боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа хүрэхгүй учир малчны нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн дэвтэр нь нөхөн бичигдсэн гэж үзэж байна” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Б сумын Эрдэнэ багийн засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 05/14 дугаартай тодорхойлолт, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай лавлагаа, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай зөвлөмж, иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгин Х сумын У нэгдлээс 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 03-04/1845, 03-04/1846 дугаартай лавлагаа, иргэний ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай №1423000613 дугаартай баталгаажилтын хуудас (хх-1-17, 23-24, 25)-ыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст авагдсан баримтууд (хх-33-41), Төв аймгийн Цагдаагийн газарт авагдсан баримтууд (хх-42-43), Батлан хамгаалахын төв архивт авагдсан баримтууд (хх-44-46), Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт авагдсан баримтууд (хх-47) Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тасагт авагдсан баримтууд (хх-59-69), Б аймгийн архивын тасагт авагдсан баримтууд (хх-70-75), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст авагдсан баримтууд (хх-102-109), Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт авагдсан баримтууд (хх-110) -ыг бүрдүүлж, гэрчээр Н.Ц, Б.Д, Д.Ц, Н.Б нарыг асуусан болно. (хх-48-53, 81-92)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Н.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Миний бие Б аймгийн Х сумын . нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тушаалаар малчнаар ажилласан. 1986 оны 7 дугаар сарын 01-нээс 1988 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаат цэргийн албыг 132 дугаар ангид хаасан. 1984 оны 7 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх онуудад малчнаар ажиллаж байсан баримтыг шүүлгэхэд гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг дээрх хугацаанд Б аймгийн Х сумын “Улаан туг” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.“Үндэсний төв архивын сан хөмрөгт Б аймаг, Х сумын “У нэгдэл” байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Н овогтой Бд холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэх 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаартай Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт (хх-5), “Иргэн Нын Б нь Х сумын У нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар 1984-1991 онуудад ажилласан жилийн цалин, нотлох баримтын лавлагаа, мэдээлэл авах захиалга ирүүлснээс тус онуудад энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй байна” гэх Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай зөвлөмж (хх-7), “Тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу манай архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Х сумын бүртгэлээс С.Н, Н.Б нарт холбогдох хүн амын тооллогын эх баримтыг хуулбарлан, “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулж, лавлагааг хавсралтаар хүргүүлэв. Манай архивын сан хөмрөгт Б аймгийн Х сумын “У” нэгдлийн баримт шилжиж ирээгүй тул Н.Бд холбогдох лавлагаа гарах боломжгүй байна” гэх Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02/519 дугаартай албан бичиг (хх-59), “Танай хүсэлтийн дагуу иргэн Нын Бгийн Х сумын У нэгдлийн малчнаар 1984-1986, 1988-1990 онуудад эцэг Сийн Н нэрээр, эх Ёндонгийн Г /Г/ нарын ажилласан жилийн цалин хөлс олгосон тушаалыг шүүж үзэхэд эцэг С.Н нэрээр 1984, 1989 онуудад нотлох, 2 дугаар бригадаас 1984-1985 ондуудад, 3 дугаар хэсгээс 1989-990 онуудад цалин, эх Г нэрээр овоггүй 1984-1985 онуудад цалинг түүвэрлэн хүргүүллээ. Мөн Н.Б нэрээр цалин, нотлох баримт, эцэг С.Н нэрээр 1985-1986, 1988, 1990 онуудад нотлох, эх Ё.Г Г нэрээр 1985-1986, 1988-1990 ондуудад нотлох баримтаас энэ хүмүүстэй холбоотой мэдээлэл гараагүй болно. Мөн 1986, 1988 онуудад малчдын цалингийн баримтгүй болно” гэх Б аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 524 дугаартай цалингийн түүвэр (хх-70)-ээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.
4.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянан хэлэлцсэн болно.
5.“Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т зааснаар иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Н.Б нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-“Нын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 1989 онд МАА-н 2 дугаар хэсэгт хоньчин” гэж бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-15, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл (хх-34-41),
-“Нын Баярсүрэн 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, эцэг Сийн Н, эх Бэгзжавын Гансамбуу” гэж 19.. оны 3 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн төрөгсдийг бүртгэх анкет №13 /төрсний гэрчилгээний эх хувийг харьцуулав/ (хх-40),
-“Нын Б, 19.. оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 1983 онд Х сумын 8 жилийн сургууль төгссөн, автозасварчин, аав Намжин 61 настай, малчин, ээж Г 54 настай малчин, эгч Оюунчимэг, Нямсүрэн 27 настай, Нямдондов 30 настай, ах Цогтгэрэл, дүү Ганбаяр 12 настай, дүү Одсүрэн, Амгаланбаатар” гэх Б аймгаас 1986 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын 605634 дугаартай анкет (хх-46),
-“Нын Б БХЯ-ны сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар Б аймгаас 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардийн армийн 132 /126/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 605634 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх Батлах хамгаалах яамны төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 05/215 дугаартай лавлагаа (хх-45),
-“Тэргүүлэгч Сийн Н, эхнэр, Бэгзийн Г, хүү Нын Ганбаяр, хүү Нын Б, хүү Нын Амгаланбаатар нар Б аймаг, Х сум, Хөдөөд” гэж 1989 онд бүртгэсэн хүн амын тооллогын бүртгэл (хх-59-60),
-“Тэргүүлэгч Сын Н, ямаачин, Нын Б-20 настай, ямаачин, байнга суудаг” гэж 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэсэн Х сумын өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар (хх-62-67),
-“Тэргүүлэгч Нын Б, эхнэр Дашдаваагийн Хишигт, охин Бгийн Жавзандулам, хүү Бгийн Дарьбазар нар Б аймаг, Х сум, Норвилон 3 дугаар баг, Хөдөө” гэж 2000 онд хүн амын тооллогын бүртгэл (хх-62-67),
-“1990-2000 дуустал шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцсон” гэх Н.Бгийн 1426000613 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн Баталгаажилтын хуудас (хх-25),
-“Нын Б 19.. оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаагүй” гэх Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43)8
-“8 дугаар анги төгсөөд аав, ээжтэйгээ хамт мал дээрээ байдаг байсан. 1986 онд цэрэгт яваад 2 жилийн дараа цэргээс халагдаж ирээд “У” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Эднийх 2008 онд Төв аймагт нүүж ирсэн. Тэр болтол Б аймгийн Х суманд байдаг байсан. 1990 онд хувьчлал явагдаад “У” гэж нэгдэл байхгүй болсон. Тэр болтол Н.Б тасралтгүй ажилласаар байсан” гэх гэрч Б.Д /РД: .............../, Н.Ц /РД: .............../ нарын мэдүүлэг (хх-52-53),
-“Н.Б 1984 оноос ажиллаж эхэлсэн. 1986 онд цэрэгт явсан санагдаж байна. Б аймгийн Х сумын “У” нэгдэлд малчин хийж хонь, ямаа малладаг байсан. У нэгдлээс өөр газарт огт ажиллаагүй” гэх гэр Д.Ц /РД:.............../-ын мэдүүлэг (хх-83-85),
-“Н.Б 1984 онд 8 дугаар анги төгсөөд тэр нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Нэгдэл тарах хүртэл ажилласаар ирсэн. 1984 оноос 1993 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл ажилласан” гэх гэрч Н.Б /РД:.............../-ын мэдүүлэг (хх-86-88),
-шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэгч Нын Б нь 1989 онд Б аймаг, Х сум “У” нэгдэлд ямаачнаар ажилласан гэх үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т заасанчлан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд шүүх нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоох үүрэгтэй.
Иймд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Б аймаг, Х сум “У” нэгдэлд ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8.Нэхэмжлэгч Н.Бгийн 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “У” нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9.1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Б аймаг, Х сум, У нэгдлээс Нын Бд нээж өгсөн Хөдөлмөрийн дэвтэр нь улсын үзлэгт ороогүй, улсын байцаагч баталгаажуулаагүй үндэслэлээр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б аймаг, Х сум, У нэгдлээс Нын Бд нээж өгсөн Хөдөлмөрийн дэвтрийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр тус тус нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Нын Б (РД:...............)-ийн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Б аймгийн Х сумын “У” нэгдэлд ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Бгийн 1984 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Б аймгийн Х сумын “У” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН