Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ДШМ/1346

 

 

 

 

 

 2020            10             22                                         2020/ДШМ/1346                                                                                               Т  M 546                                  МАЛАЛ

Г.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч Н.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 12ы өдрийн 2020/ШЦТ/536 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С-д холбогдох эрүүгийн 2010000170445 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г-ийн С-, Ховд аймагт 1972 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Миг Даатгал” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 00-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Медас” ресторанаар үйлчлүүлж байхдаа “Тооцоо нэхлээ” гэх шалтгаанаар зөөгч У-ын нүүрэн рүү карт уншигч “ПОС” төхөөрөмжийг шидэж тархи доргилт, зүүн хацрын шонтон, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч А.У- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуувал зохих хэрэг хянан шийдвэхлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч У-ын биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, эргэлзээтэй гарсан тул дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан. Гэвч дахин шинжээчийн дүгнэлт өмнөх дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг арилгасангүй. Тухайлбал:

  1. “У-ын биед тархи доргилт, зүүн хацрын шонтон, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна” гэж дүгнэсэн боловч чухам аль гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах нь ойлгомжгүй.
  2. Дахин шинжээч томилсон прокурорын тогтоолд У-ын биед учирсан гэмтлүүд хоорондоо шалтгаант холбоотой эсэх гэсэн асуултад огт хариулт өгөөгүй.
  3. Уг тогтоолоор 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэхээр заасан боловч 3 шинжээч дахин дүгнэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
  4. Г.С- нь хэзээ картаа авч төлбөр тооцоо хийсэн талаар хохирогч болон гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Энэ нөхцөл байдлыг тогтоох зорилгоор холбогдох камерын бичлэг авч хэрэгт хавсаргах нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитоор шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байхад уг баримтыг хэрэгт хавсаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.  

            Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүхийн хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлтүүдэд ямар нэгэн зөрүү байхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж болно” гэж заасан. Мөн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргаж байгаа тохиолдолд 1, 3, 5 шинжээч оролцуулж болохоор заасан байгаа тул хууль зөрчсөн асуудал байхгүй. Шүүх хуралдаанд шинжээч эмч Энхбаярыг оролцуулсан. Шинжээч эмч Энхбаяр “хохирогчийн зүүн хацарт учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж тайлбарласан байдаг. Шинжээч эмч шалтгаант холбоог тогтоохгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар уг нөхцөл байдал тогтоогдоно. Шүүгдэгч Г.С- нь тухайн “Пос” машиныг хохирогчийн нүүр рүү шидсэний улмаас хохирогч гэмтэл авсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мөн Г.С-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь тухайн бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зохицуулжээ.

Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэм буруугийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэж, 2.3 дахь заалтад “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан хүрээнд, эрүүгийн хариуцлагын талаар мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” гэж заасан хүрээнд тус тус дүгнэлт хийхээр заажээ.

Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/536 дугаартай шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь ямар нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэлт огт хийгээгүй, шүүгдэгчид 800 нэгжээр торгох ял шийтгэн, зургаан сарын хугацаанд төлүүлэхээр тогтоохдоо “... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал ...” зэргийг харгалзан үзсэн гэх боловч шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдлууд дээрх шийдвэр гаргахад нөлөөлсөн хийгээд хохирол, хор уршгийн шинж чанарыг хэрхэн үнэлж, цэгнэсэн зэрэг нь тодорхой бус байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон бол шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, харин тухайн зөрчил нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөөгүй гэж үзвэл шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан шийдвэрлэх боломжтой байдаг.

Анхан шатны шүүх хуульд заасны дагуу хэргийн талаарх нөхцөл байдал, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт тогтоогдсон эсэх, эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байдалд хүргэж байгаа ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнээгүй зүйлийг нөхөн дүгнэх, улмаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх эрхгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/536 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.С-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцтэл шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                          

                          ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН