Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00555

 

           

 

 

 

 2024       06        10                                         151/ШШ2024/00555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн З сум, 1 дүгээр баг, Жавхлант хороолол, 419 тоотод оршин суух Б овогт Оын Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гансүх,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.О.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “О.Ц нь 2009 онд Б.Этэй танилцсан. 2009-2017 онд хамтран амьдарсан. 20.. онд бид хүүтэй болж, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүгээ ээжээр нь овоглосон. Бид зан байдлын тааламжгүй нөхцлөөс болж 2017 оны 11 сард салж тусдаа амьдарсан. Хүүгээ ээжээр нь овоглосон хэдий ч би хүүгээ эргэж тойрон асрамжилдаг байсан. 2023 оны 6 дугаар сард хүүгийн ээж Б.Э гэнэтийн байдлаар нас барж, миний хүү ганцаараа үлдэж, аав нь өөр дээрээ авч хамтран амьдарч байна. Иймд О.Ц намайг Э.Аын эцэг болохыг тогтоож өгнө үү” гэжээ

2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт, Ц.А эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэх өрхийн эмчийн тодорхойлолт, Төв аймгийн З сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн тодорхойлолт, Э.Аын төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээ, нэхэмжлэгч гаргагчийн хүсэлт, С дүүргийн 15 дугаар хорооны засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай тодорхойлолт, итгэмжлэл (хх-1-10, 40) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Төв аймгийн З сумын “Хүмүүн” цогцолбор сургууль, Төв аймгийн З сумын 1 дүгээр багийн засаг дарга, Төв аймгийн Цагдаагийн газраас нотлох баримтыг бүрдүүлж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулав. (хх-20-30, 31, 32, 33-34, 35, 36-39)   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.Цийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“О.Ц нь 2009 онд Б.Этэй танилцсан. 2009-2017 онд хамтран амьдарсан. 20.. онд бид хүүтэй болж, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүүгээ ээжээр нь овоглосон. Бид зан байдлын тааламжгүй нөхцлөөс болж 2017 оны 11 сард салж тусдаа амьдарсан. Хүүгээ ээжээр нь овоглосон хэдий ч би хүүгээ эргэж тойрон асрамжилдаг байсан. 2023 оны 6 дугаар сард хүүгийн ээж Б.Э гэнэтийн байдлаар нас барж, миний хүү ганцаараа үлдэж, аав нь өөр дээрээ авч хамтран амьдарч байна. Иймд О.Ц намайг Э.Аын эцэг болохыг тогтоож өгнө үү” гэв.  

3.О.Ц нь төлөөлөх эрхийг О.Гансүхэд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай бүх эрхийг олгожээ. (хх-40),

4.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.

4.1.С дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын “Эийн А нь тус хорооны .................... дүгээр гудамжны ..... тоотод, ам бүл 5 оршин суудаг болохыг тодорхойлов. Тус хаягт ээж Б.Эийн хамт амьдарч байсан болно. Ээж Б.Э нь нас барсан нь үнэн” гэх 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай тодорхойлолт (хх-10)-оор нэхэмжлэгчийн эцэг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.  

4.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянав.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

-“Эийн А, 20.. оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, С дүүрэгт төрсөн, эх Ш овогт Бийн Э” гэж 20.. оны 02 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн 498 дугаартай төрсний бүртгэлийн анкет (хх-30),

-“Оын Ц, 19.. оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн” гэж 19.. оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэсэн төрөгсдийг бүртгэх анкет (хх-88), БНМАУ-ын хүн амын регистрийн карт №112, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31(Б) (хх-21, 23, 24),

-“Бийн Э, 19.. оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн” гэж 19.. оны 3 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн төрөгсдийг бүртгэх анкет (хх-103), БНМАУ-ын хүн амын регистрийн карт №122, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31(Б) (хх-27, 28, 29),

-“Бийн Э, 2023 оны 6 дугаар сарын 01-ний Улаанбаатар хот, С дүүрэгт нас барсан” гэж 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн нас барсны бүртгэл (хх-25),

-“Эийн А, 20.. оны 02 дугаар сарын 07-ны Улаанбаатар хот, С дүүрэгт төрсөн, эх Ш овогт Бийн Э” гэж 20.. оны 02 дугаар сарын 16-ны өдөр бүртгэсэн Г-1448 дугаартай төрсний гэрчилгээ (хх-6),

-“Эийн А нь тус сургуулийн ангид суралцдаг бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотоос шилжиж ирсэн. Сурагч Э.А 2023 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл аавынхаа ах болох О.Галсүхийнд амьдарч, тэндээс сургуульдаа хамрагдаж байсан. 12 дугаар сараас аав Цтой хамт амьдарч эхэлсэн” гэх Төв аймгийн З сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаартай тодорхойлолт (хх-32),

-“Эийн А нь тус багийн Жавхлант 419 тоотод оршин суудаг. Э.А нь аав Оын Цийн хамт амьдардаг. Багийн хамтарсан ажиллаж өрх толгойлсон эцэг, зорилтот өрх, одоогоор хүүхэд эрсдэлгүй нөхцөлд амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэх Төв аймгийн З сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 149 дугаартай тодорхойлолт, 2023 оны 7 дугаар сард бүртгэсэн Хүн ам, өрхийн бүртгэлийн 4101512400005 дугаартай дэвтэр (хх-33-34),

-“Тус цагдаагийн газраас Оын Цийг цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүж үзэхэд 2007 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр С дүүргийн шүүхийн 104 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жил тэнссэн, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 478 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн байна” гэх Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 47/07-1111 дугаартай тодорхойлолт (хх-35),

-“1.Хүний неномын микросателлитын D3S1358, vWA, D16S539, CSF1PO, TPOX, D8S1179, D21S11, D18S441, D19S433, TH01, FGA, D22S1045, D5S818, D13S317, D7S820, SE33, D10S1248, D1S1656, D12S391, D12S1338 гэсэн локусын аллелиар О.Ц нь Э.Аын биологийн эцэг байх боломжтой байна. 2. О.Ц нь Э.Аын эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.9999%-ийн магадлалтай байна” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1807 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-36-39),

-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Эийн А /РД:............../-ын төрсөн эцэг нь Оын Ц /РД:............../ мөн болох нь нотлогдон тогтоогдож байна.

6.“Эцэг мөн болох”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч О.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.7-д зааснаар хүүхдийн асрамж, тэтгэвэр тогтоолгох зорилгоор шаардах эрхтэй байна.  

7.Шүүх нэхэмжлэгчийн шаардсанаар Эийн Аын төрсөн эцэг нь О.Ц мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Ш овогт Эийн А (РД:..............)-ын төрсөн эцэг нь Б овогт Оын Ц (РД:..............) мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч О.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН