Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00556

 

           

 

 

 

 2024       06       ..                                            151/ШШ2024/00556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн Б сум, 3 дугаар баг, Бичигт ногоо тасаг 1 дүгээр гудамж, 36 тоотод оршин суух Б овогт Сгийн Ш,

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Адъяасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.С.Ш нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1985 онд талийгаач нөхөр Ж.Этай танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд 1989 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүү Ш.Г, 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр охин Э.А, 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү Ш.О нар мэндэлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр маань өвчний улмаас нас барсан. Хүү Ш.Од тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байна. Иймд хүү Ш.О төрсөн эцэг Ж.Э мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

1.2.С.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн дараах байдлаар шаардсан. Үүнд: “С.Ш нь талийгч нөхөр Ж.Этай 1985 онд танилцаж, хамтран амьдарч, бидний дундаас 3 хүүхэд төрсөн. 2 хүүхдээ би өөрөөрөө, 1 хүүхэд маань талийгчаар овоглосон. Бага хүү О төрсөн эцэг нь Э мөн болохыг тогтоолгох гэхээр эсийн шинжилгээ авах боломжгүй, эцгийн талаас шинжилгээ өгөх хүн байхгүй учраас бусад нотлох баримтыг хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай тодорхойлолт, Ш.О төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, фото зургийн хуулбарууд, Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24/07 дугаартай зөвлөмж, итгэмжлэл (хх-1-11, 59-61, 62) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архив, Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн засаг дарга, Төв аймгийн Б сумын засаг даргаас нотлох баримтыг бүрдүүлж, Ж.Эын төрсөн дүү Ж.Эг гэрчээр асуув. (хх-27-38, 39-34, 45-50, 53-55)   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.Шийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгч С.Ш нь хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хамтын амьдралтай байсан байдлыг тогоолгохоор шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “С.Ш нь талийгч нөхөр Ж.Этай 1985 онд танилцаж, хамтран амьдарч, бидний дундаас 3 хүүхэд төрсөн. 2 хүүхдээ би өөрөөрөө, 1 хүүхэд маань талийгчаар овоглосон. Бага хүү О төрсөн эцэг нь Э мөн болохыг тогтоолгох гэхээр эсийн шинжилгээ авах боломжгүй, эцгийн талаас шинжилгээ өгөх хүн байхгүй учраас бусад нотлох баримтыг үндэслэн бидний хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэжээ.  

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.

3.1.Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “1990 оноос хойш хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох, тэтгэврийн шинэчлэгдсэн хуулийн дагуу тэтгэврийн 20 хувь өвлөх эрхээ эдлэх шаардлагатай байна” гэх 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24/07 дугаартай зөвлөмж (хх-59-61)-өөр нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.  

3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянав.

4. С.Ш нь төлөөлөх эрхийг Э.Ад 2024 оны 6 дугаар сарын ..-ны өдрийн итгэмжлэлээр 1 жилийн хугацаатай олгожээ. (хх-62)   

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

-“Жгийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, Бын сангийн аж ахуйд хадлан бригадад тракторын жолооч” гэж 1988 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №036 (хх-28),

-“Сгийн Ш, 1966 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Б суманд төрсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг” гэж 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №12 (хх-34),

-“Шийн Г, 1989 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Б сумын хүн эмнэлэгт төрсөн, эх Сгийн Ш .............” гэж 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн төрснийг бүртгэх анкет №0061 (хх-36),

-“Эын А, 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Б сумын төрөх эмнэлэгт төрсөн, эх Сгийн Ш ............., эцэг Жгийн Э НЙ63....16” гэж 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн төрснийг бүртгэх анкет №01 (хх-37),

-“Шийн О, 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Б сумын төрөх эмнэлэгт төрсөн, эх Сгийн Ш .............” гэж 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн төрснийг бүртгэх анкет №77 (хх-38),

-“1989 оны хүн амын тооллогод: тэргүүлэгч өөрөө: Ж.Э, 26 настай, эхнэр: С.Ш, 21 настай” гэх баримт Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/1996 дугаартай лавлагаа (хх-42),

-“2000 оны хүн амын тооллогод: тэргүүлэгч өөрөө: Жгийн Э, 19.. оны .. дугаар сард төрсөн, 36 настай, эхнэр Сгийн Ш, 1967 оны 4 дүгээр сард төрсөн, 32 настай, хүү Эын Г, 1989 оны 4 дүгээр сард төрсөн, .. настай, охин Эын А, 1990 оны 6 дугаар сард төрсөн, 9 настай” гэх Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/1997 дугаартай лавлагаа (хх-43),

-“Хүн амын орон сууцны 20.. оны улсын тооллогын бүртгэлийн 63 дугаар хуудсанд: Төв аймгийн Б сумын Бичигт багийн Урд ногоо тасаг, ногоо тасаг 1-36 тоотод оршин суугч, өрхийн тэргүүн Б ургийн овогтой Жгийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-нд төрсөн, 47 настай, эрэгтэй, эхнэр Б ургийн овогтой Сгийн Ш_ 1966 оны 4 дүгээр сарын 01-нд төрсөн, 44 настай, хүү Б ургийн овогтой Шийн О, 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 2 настай гэж бүртгэгдсэн байна” гэх Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/1994 дугаартай лавлагаа (хх-41),

-“Хүн амын орон сууцны 2020 оны улсын тооллогын бүртгэлийн 126 дугаар хуудсанд: Төв аймгийн Б сумын Бичигт багийн Урд ногоо тасаг, ногоо тасаг-0505 тоотод оршин суугч, өрхийн тэргүүн Б ургийн овогтой Жгийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-нд төрсөн, 56 настай, эрэгтэй, эхнэр Б ургийн овогтой Сгийн Ш_ 1966 оны 4 дүгээр сарын 01-нд төрсөн, 53 настай, хүү Б ургийн овогтой Шийн О, 2008 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 11 настай гэж бүртгэгдсэн байна” гэх Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03-05/1995 дугаартай лавлагаа (хх-40),

-“Сгийн Ш нь Жгийн Этай 1985 оноос хойш Б сумын Бичигт 3 дугаар багийн Урд ногоо тасгийн 9-903 тоотод хамтран амьдарч байсан бөгөөд Ж.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 12-нд нас барсан учир өрхийн бүртгэлээр ямар ч бүртгэл гарахгүй болно” гэх Төв аймгийн Б сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын ..-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт (хх-45),

-“Тус суманд .. жилд нэг удаа явагддаг хүн ам орон сууцны тооллогын баримт бичиг нь төрийн сангийн программд шивэгддэг тул лавлагаа өгөх боломжгүй. Мөн Ж.Э, С.Ш нар нь 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулаагүй А.данс байхгүй байгааг уламжлая” гэж Төв аймгийн Б сумын засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 02/169 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд (хх-47-50),

-“ Б овогт Жгийн Э (РД:НЙ63....16) нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан” гэж 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн нас барсны гэрчилгээ (хх-6),

-“Ж.Э, С.Ш нар нь 1987 оноос хамтран амьдарч эхэлсэн. Төв аймгийн Б суманд айл гэр болж тусдаа гарч байсан. Тэдний хамтран амьдарч байх хугацаанд 1989 онд хүү Г, 1990 онд охин А, 2008 онд хүү О нар төрсөн. Манай талийгаач ах өөрөө их хэнэггүй хүн байсан юм. Бүр гэрлэлтийн баталгаа ч аваагүй юм байна лээ. Тэгээд л хүүхдүүдээ бэр эгчээр овоглож байсан байна лээ. Ах бид 2 эцэг ондоотой учраас шинжилгээ өгч болохгүй байсан юм. Талийгаач ах маань айлын 6 хүүхдийн том нь, ганцаараа эцэг тусдаа байсан юм” гэх гэрч Ж.Э /РД:.........../-ийн мэдүүлэг (хх-34-36),

-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, фото зургууд зэргээр С.Ш, Ж.Э нар нь 1989 оноос 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

6.“Хамтын амьдралтай байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч С.Ш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.  

7.Шүүх нэхэмжлэгч С.Шийн шаардсанаар буюу С.Ш, Ж.Э нарыг 1989 оноос 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овогт Сгийн Ш (РД:.............), Б овогт Жгийн Э (РД:НЙ63....16) нар нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Шийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН