Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1379

 

 

 

 

 

     2020          10            29                                        2020/ДШМ/1379                                                                       

 

 З.Т-, П.Э- нарт холбогдох                                                                        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

                                            

            прокурор Ц.Отгонсүрэн,

            шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч Г.Тамир, Д.Одонтунгалаг,

шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч Г.Тамир, Д.Одонтунгалаг, шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн З.Т-, П.Э- нарт холбогдох 2010000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А овгийн З-ын Т-, Улаанбаатар хотод 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 000000000/;

 

2. Б овгийн П-ийн Э-, Дархан-Уул аймгийн Орхон суманд 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, М-гийн 0 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

 

      З.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 00000 хорооллын автомашины зогсоолоос Д.Ц-гийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан,

      З.Т-, П.Э- нар гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000 дугаар байрны автомашины зогсоолоос Э.Б-ийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, З.Т-, П.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.Т-өд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн, П.Э-ийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Т-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Э-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тус бүрийн цагдан хоригдсон 170 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-, П.Э- нараас тус бүр 7,900,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй өргөгч /домкрат/, төмөр иш, дугуй тайлагч багаж /дорцов/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч З.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ажиллагаанд саад учруулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн. Энэ гэмт хэрэгт холбогдож өдийг хүртэл хоригдож байгаадаа харамсаж, хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшиж байна. Би эхийнхээ хамт амьдардаг. Дахин ийм алдаа гаргахгүй тул надад боломж олгож, оноосон ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хууль хэрэглээний асуудлаар маргаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцсон. ... Анхан шатны шүүх учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт тусгасан нотлох баримтуудаар Т-ийн ганцаараа үйлдсэн гэмт хэрэгт учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Ганц шүүгдэгч З.Т-ийн мэдүүлгээс өөр баримтгүй болно. Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан тул бусад нотлох баримтаар шүүгдэгч З.Т-өд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч З.Т-өд 2 жилийн хугацаагаар хорих ял оноосон нь хэдийгээр шүүхийн эрх хэмжээний асуудал боловч гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцүүлэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон миний үйлчлүүлэгч шүүгдэгч З.Т-ийн хувийн байдалд хамгийн зүй зохистойгоор нийцүүлж ял шийтгэл оногдуулаагүй. Учир нь, З.Т- анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруу дээр маргадаггүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшин харамсаж байгаагаа ч шүүхэд илэрхийлсээр байхад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэх боломжгүй, 2 удаагийн үйлдэлтэй учраас гэж хандсан. Энэ хуулийн зохицуулалт нь хэдийгээр шүүхийн эрх хэмжээний асуудал боловч 2 удаагийн үйлдэлтэй тохиолдолд хэрэглэхгүй байх хуулийн зохицуулалт биш учраас шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд З.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины дугуй өргөгч, түүний иш төмөр, дорцов зэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр тухайн эд зүйлсийг зориулан тааруулж, тохируулж бэлтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул З.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч З.Т- хулгайлах гэмт хэргийг ганцаар үйлдсэн, мөн шүүгдэгч П.Э-тэй бүлэглэж үйлдэхээр завдсан болох нь тогтоогдож байна. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчим байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэрэг үйлдсэнд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заажээ. Шүүгдэгч З.Т- нэг гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн бөгөөд тухайн хоёр хэргийн аль хүнд зүйл, хэсэгт зааснаар түүний холбогдсон хэргийг зүйлчлэх, улмаар тухайн зүйл, хэсэгт зааснаар нэг удаа ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болохоор хуульчилсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... намайг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан гэж үзсэн. Миний хувьд ямар нэгэн байдлаар автомашин ашиглаагүй бөгөөд үүнийгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлж байсан.  Урьдчилан үгсэн тохиролцож хулгайлах гэмт хэрэг үйлдэх, хэрэгцээ шаардлага, шалтгаан надад огт байгаагүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би буруу үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Би ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн оюутан тул цаашдын ирээдүйн төлөө хичээл сургуульдаа жил алдахгүй, сургалтын системээс хоцрохгүй үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй байна. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Э-ий өмгөөлөгч О.Мөнхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч П.Э-ий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа хэдий ч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. 53-37 УНИ улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины 4 дугуйг хулгайлах үйлдэлд учрах саад нь юу байсан бэ? гэдэгт анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн хөрөнгийг өөрийн эзэмшил, эрхшээлд оруулан авснаар төгсдөг. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нар хохирогчийн автомашинаас дугуйг тайлж авснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Хохирогчийн автомашины 4 дугуйг хулгайлахад шүүгдэгч З.Т-ийн хувийн автомашин учрах саадыг нь арилгахад ямар ч үүрэг гүйцэтгээгүй. Хэрвээ шүүгдэгч нар автомашины 4 дугуйг хулгайлан авч байгаа үйлдлээ камерт бичүүлж үлдээхгүйн тулд З.Т-ийн автомашиныг халхавч болгон ашигласан, эсвэл хохирогчийн автомашины дугуйг хурдан салгаж авахын тулд өөрсдийн автомашинаар татаж салгах гэх зэрэг үйлдэл хийсэн бол учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэж болох талтай. Гэтэл хэргийн нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд П.Э- нарын хулгайлах үйлдэлд учрах саад байгаагүй болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 12-19/-ээс харагдана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч П.Э- нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол З.Т-ийн унаж явсан 24-10 УАЕ улсын дугаартай автомашиныг эд мөрийн баримтаар тооцох ёстой. Гэтэл тухайн автомашиныг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол хэрэгт авагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8-р тал “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “Toyota prius-30” загварын 24-10 УАЕ улсын дугаартай автомашиныг 15,800,000 төгрөгөөр /1хх 82-83/ үнэлсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй” гэж шүүх дүгнэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан буюу хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулах талаар хуульчилсан. Шүүгдэгч нарын зүгээс хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолдоо дурьдсан атлаа 15,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн төлүүлж, улсын орлого болгож байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгоосоо хазайсан дүгнэлт болсон гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/537 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг шүүгдэгч П.Э-ий бусдын автомашины 4 дугуйг хулгайлахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байгаа. З.Т-, П.Э- нар нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “Prius-20” загварын машины дугуй хулгайлахаар ярилцсан нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан. Өмгөөлөгч О.Мөнхболдоос “тухайн үед З.Т-ийн эзэмшилд байсан машиныг эд мөрийн баримтаар хурааж авсангүй” гэж байна. Гэтэл тухайн машин нь З.Т-ийн эзэмшилд бус, банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байсан болох нь хавтас хэрэгт авагдсан албан тоотоор тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасан. Иймд тухайн автомашинд үнэлгээ хийлгэж үнийн дүнг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Мөн тухайн автомашины 4 дугуйг хулгайлахаар очихдоо унаж явсан тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг тайлж аваад машин дотроо хийсэн байсан. Түүнчлэн дугуйг хулгайлахаар ойролцоох хэсэгт нь бетон авч ирж тавьсан байгаа нь хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар З.Т-, П.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

      Шүүгдэгч З.Т- нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашиглан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын автомашины зогсоолоос Д.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн 78-08УБД улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

      Шүүгдэгч З.Т-, П.Э- нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 250 дугаар байрны автомашины зогсоолоос Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн 53-37УНИ улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Ц-гийн “... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед “Hunnu mall” худалдааны төвийн зогсоолд автомашинаа байрлуулсан. Маргааш нь автомашиныг тоосгоор эвж, 4 дугуйг нь хулгайлсан байсан. ...” /1хх 29/,

 

хохирогч Э.Б-ийн “... 02 цаг 30 минутын орчимд “2 сэжигтэй этгээд автомашинаас чинь хулгай хийж байна” гэж утсаар ярьсан. Босоод очтол 20-25 орчим насны хоёр залуу 251 дүгээр байрны  ертөнцийн зүгээр урд талд байрлуулсан миний 5337 УНИ улсын дугаартай автомашины дугуйнуудыг хулгайлж байгаад Цагдаагийн байгууллагад баригдсан байсан. ...” /1хх 61-63/,

 

гэрч О.Аюушийн “... зурагт үзэж байгаад 02 цаг 20 минутын үед найз маань “Гадаа хүмүүс машинаас юм хулгайлаад байна” гэхээр нь хартал нэг хүн цагаан өнгийн “Prius 30” загварын машин дотор суучихсан гэрэл тусгаад, нөгөөх нь ягаан өнгийн “Prius-30” загварын машины хажуугаар юм зөөж авчирч тавиад дугуйг нь шалгаад байх шиг харагдсан. Манай найз цагдаад дуудлага өгөөд бид 2 цонхоор харж байгаад, гараад очих хооронд хүн байхгүй болсон байсан. ...” /1хх 60/ гэсэн мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-19, 157-161/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-23/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-37, 39-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 44-56/, эд зүйлийн үнэлгээ /1хх 73-76, 80-82, 175-177/, 24-10 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 142/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч З.Т- өөрийн автомашинаар явж харуул, хамгаалалтгүй, ойр орчимд нь хяналтын камергүй зогсоолыг урьдчилан судалж, хаанаас, ямар автомашины дугуйг тайлж авах санаагаа шүүгдэгч П.Э-тэй ярилцан тохиролцсон болох нь гар утсанд үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэлээр, гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч нар өөрсдийн хөлөглөж явсан автомашинаа бусдад таниулахгүйн тулд улсын дугаарыг тайлж авсан нь хэргийн газрын үзлэгээр тус тус тогтоогджээ.

 

Гэмт хэргийн халдлагын зүйл болсон автомашины обуд бүхий дугуйнуудын онцлог шинж чанар, овор хэмжээнээс шалтгаалан шүүгдэгч нар өөрийн эзэмшил, өмчлөлд авахын тулд зөөж тээвэрлэх, хэргийн газраас хурдан зайлах зэрэгт автомашин ашигласан гэж үзэхээр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “Хулгайлах гэмт хэрэгт учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан” гэж хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч З.Т-ийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлэхийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

 

Харин шүүгдэгч П.Э-ий хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэрэг хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял, төлөх төлбөрийг багасгаж, 6 сар хорих ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнэд 5,266,667 төгрөг гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/537 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын шүүгдэгч П.Э-д холбогдох хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Э-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т-өд оногдуулсан 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-ээс 5,266,667 төгрөг, шүүгдэгч З.Т-өөс 10,533,334 төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч Г.Тамир, Д.Одонтунгалаг, шүүгдэгч П.Э-ий өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

        

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН