Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1996

 

С.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01843 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн ерөнхий боловсролын 10000 сургуульд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 4 369 680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төөлөлөгч: М.Пүрэвжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Бум-Аюуш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нийслэлийн ерөнхий боловсролын 10000 сургуульд 2016 онд жолооч, сантехникчээр ажилд ороод ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй.

Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б/31 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн ба тушаалыг гаргахдаа Бага дунд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний 4.5.2, 4.5.8, сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 07, 03 дугаар сарын 22, 3 дугаар сарын 25-ны хурлын шийдвэрүүдийг удирдлага болгосон ба огт хамааралгүй зүйл заалтыг баримталсан гэж үзэхээр байна.

С.Бг ажлаас чөлөөлсөн тушаалд мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй гэж байгаа нь анх ажилд ороход тавьж болох шаардлагыг хожим тулгасан. 2015, 2017, 2018 онуудад тээврийн хэрэгсэлийг үзлэг, оношилгоонд оруулаагүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь уг автомашины эзэмшигч нь С.Б биш сургууль юм.

Мөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын төдлбөрийг байгууллага төлснөөр уг даатгалыг хийлгэх ёстой. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлын байранд архидан согтуурдаг, согтуу үедээ хүүхэд тээвэрлэсэн гэдэгт арга хэмжээ авагдаад хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрчихсөн.

Хариуцагч “жолооч С.Бг халамцуу жижүүрийн өрөөнд байсан жижүүрт тэмдэглүүлсэн” гэж нөхөж биччихээд ажлаас халах үндэслэлд дурдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас чөлөөлсөн тушаалд С.Б архи уусан байдалтай байсан гэж байгаа болохоос архи уусан нь тогтоогдсон гэж байхгүй, архи уусныг нь тогтоож байж арга хэмжээ авах ёстой.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан жолооч, сантехникчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 4 369 680 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10000 сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 тоот тушаалаар тус сургуулийн жолоочийн ажлаас нь чөлөөлсөн.

С.Б нь мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, 2015, 2017, 2018 оны тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд сургуулийн автобусыг хамруулаагүй, 2015, 2016, 2018, 2019 онуудад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байран дээр архидан согтуурч, согтуу үед хүүхэд тээвэрлэсэн зэрэг нь хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсгэсэн буюу Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан тул ажлаас чөлөөлсөн.

Ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тухайн үеийн жижүүрийн дэвтэрт хийсэн тэмдэглэгээ болон Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 10000 тусгай сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/58 тоот С.Бд сануулах арга хэмжээ авах тухай тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 тоот С.Бд арга хэмжээ авах тухай тушаал, 2018 оны 8 дугаар сарын 29-ны өдөр ажлын цагаар болон ажилтай үедээ архи хэрэглэхгүй байхыг албан ёсоор амласан талаар бичгээр гаргасан түүний амлалт зэргээр нотлогдож байгаа болно.

С.Б ажил үүргийнхээ хуваарийн дагуу сургуулийн хүүхдийг зөөдөг автобусны бүрэн бүтэн байдал хангах, тээврийн хэрэгсэлийн үзлэг оношилгоонд бүрэн хамруулж, хүүхдүүдийг эрүүл аюулгүй, тайван зорчуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийг зөрчсөн.

Манай сургууль нь бусад сургуулиас харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурдаг гэдгээрээ онцлогтой бөгөөд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг тээвэрлэдэг жолооч нь маш хариуцлагатай албан тушаалд тооцогддог.

С.Б сургуулийн хүүхдүүд амарч байхад жижүүрийн өрөөнд согтуу унтаж байсан. С.Бгаар сантехникчийн ажлыг давхар хийлгэлгүй, н.Мөнхбаатар сантехникчийн ажлыг хийж байсан.

С.Бг анх ажилд ороход нь мэргэшсэн жолоочийн үнэмлэх ав гэсэн шаардлагыг тавьж байсан боловч биелүүлээгүй. Захирлын зөвлөлийн хурлаар архи уусан нь тогтоогдсон тул ажлаас нь халсан. 2017 онд хүүхдийн гомдлоор С.Бг шалгахад архи уусан нь тогтоогдож, 300 000 төгрөгөөр торгоод, цагдаа автомашиныг нь барьж ирсэн. Жижүүрийн дэвтэрт нөхөж бичсэн зүйлгүй, тухайн үед харсан зүйлээ л бичсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бг Нийслэлийн ерөнхий боловсролын 10000 дунд сургуулийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас 4 256 402 төгрөг гаргуулж С.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 113 278 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83 052 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитой үнэлээгүй. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “...жолооч С.Б нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг хэдний өдөр гаргасан нь хариуцагчийн тайлбар, хурлын тэмдэглэлүүд болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд хангалттай нотлохгүй байна” гэж дүгнэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Ерөнхий боловсролын 10000 сургуулийн жижүүрийн дэвтэрт 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр жолооч С.Б согтуу байсан талаар тэмдэглэгдсэн бөгөөд энэхүү байдлыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзэн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн.

Жолооч С.Б нь ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг байнга, давтан гаргадаг, алдаа дутагдалдаа дүгнэлт хийдэггүй, ёс зүйгүй авирладаг, жолоочийн ажил үүргээ хангалттай биелүүлдэггүй зэргийг хурлын тэмдэглэл, жижүүрийн дэвтэрт бичсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг бөгөөд энэхүү баримтуудыг шүүх тал бүрээс нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.5.2-т заасны дагуу зөрчлийг С.Б гаргасан нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд С.Бг ажлаас чөлөөлсөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 10000 сургуулийн захирлын тушаал үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10000 зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 10000 сургуульд /цаашид 10000 сургууль гэх/ холбогдуулан тус сургуулийн жолооч, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 4 369 680 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын 10000 сургуулийн захирлын Б/70 тоот тушаалаар жолоочоор ажиллаж байсан.

 

С.Бг сантехничээр томилсон тушаал хэрэгт байхгүй боловч 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/09 тоот тушаалаар түүний сантехникчийн ажлыг хавсран гүйцэтгэж буй цалингийн нэмэгдэл 40 хувийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хассан байдлыг дүгнэвэл тэрээр уг өдрийг хүртэл сантехникчээр ажиллаж байсан гэж дүгнэхээр байна.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, маргааны зүйл нь С.Б нь 10000 сургуулийн жолоочийн ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

10000 сургуулийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 37.1, Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.21, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, хөдөлмөрийн гэрээний 4.5.2, 4.5.8 дахь заалт, сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 07, 22, 25-ны өдрийн хурлын шийдвэрийг баримтлан С.Б мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, 2015, 2017, 2018 оны тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд сургуулийн автобусыг хамруулаагүй, 2015, 2016, 2018, 2019 онуудад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлын байран дээр архидан согтуурч, согтуу үедээ хүүхэд тээвэрлэсэн гэсэн үндэслэлийг зааж түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 10/

 

Нэхэмжлэгч ажилд орсон үеэс буюу 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн сургуулийн автобусыг жолоодож байсан талаар талууд маргаагүй.

 

С.Б нь 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдөр жолооч болж, В, С ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Е ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр D ангилалд хамаарах тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг тус тус авчээ.

 

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн сургалтын хөтөлбөр, журам үнэмлэхний загвар батлах тухай 161/229 дүгээр /Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр/ хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын   “в”-д “D” /“DE”/ ангиллын мэргэшсэн жолооч-жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автотээврийн хэрэгсэл /750 кг-аас дээш жинтэй чиргүүлтэй/ жолоодож улс хоорондын зорчигч болон жуулчин тээврээс бусад зорчигч тээврийн /тролейбус орохгүй/ ажил, үйлчилгээг гүйцэтгэнэ” гэж зааснаас үзвэл хариуцагч байгууллага нь мэргэжлийн байдлыг хангасан жолоочийг автобусны жолоочоор ажиллуулах үүргээ биелүүлээгүй, үүнд ажилтан С.Б буруугүй байна.

 

10000 сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд С.Б мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй талаар хэлэлцэж, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 38 тоот албан бичгээр С.Бд “хүүхэд тээвэрлэх автобусны аюулгүй байдлыг хангах, баримт бичгийг зөрчилгүй болгохыг” мэдэгдсэн гэх боловч уг мэдэгдлийг ажилтанд гардуулан өгсөн талаар баримтгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Бы шүүх хуралдаанд гаргасан “...хожим 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр С.Энхтуяа мэргэшсэн жолоочийн үнэмлэх ав гэсэн үүрэг өгсөн, одоо сургалтад сууж байгаа...” гэсэн тайлбарыг хариуцагч 10000 сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд “одоогийн байдлаар С.Бтай холбоотой 150 000 төгрөг бүхий мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдах төлбөрийн баримт ирсэн...” гэсэн тайлбартай харьцуулан дүгнэвэл жолооч С.Б мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа боловч сургалтын үргэлжлэх хугацаа тодорхойгүйгээс хариуцагч байгууллагаас өгсөн хугацааны /2019.03.07-2019.03.25/ дотор С.Б сургалтад хамрагдаж шалгалтыг өгөх, үнэлгээ авах боломжтой байсан гэж дүгнэхээргүй байна.

 

Иймд Б/31 тоот тушаалд дурдсан С.Б мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.

 

Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний 232 дугаар тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журмын 2.1-т: “Автотээврийн хэрэгслийн өмчлөгч нь жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсаныг үндэслэн автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулна” гэж заажээ. Сургуулийн автобусыг 2015, 2017, 2018 онуудад техникийн хяналтын үзлэгт хамруулах нь уг эд хөрөнгийн өмчлөгч болох 10000 сургуулийн үүрэг, уг үүргийг гүйцэтгэхийг С.Бд даалгасан, шилжүүлсэн эсэх талаар баримтгүй тул ажилтныг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй юм.

 

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна” гэж, мөн хуулийн 5.3 дахь хэсэгт “Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна”

Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээд” гэж тус тус заажээ.

Дээрхээс дүгнэвэл жолооч С.Б нь мэргэшсэн жолооч биш байхаас гадна Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан өөрт ашиг олох зорилгогүй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 10000 сургуульд жолоочоор ажилладаг.

 

Иймд Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар автобусны өмчлөгч болох 10000 сургууль нь уг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэх үүрэгтэй байх тул ажилтан С.Бг 2015, 2016, 2018, 2019 онуудад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй гэх тушаалын үндэслэл буруу, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

С.Б ажлын байранд архи ууж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа хариуцагч байгууллага нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь ажил олгогч нь зөрчил гаргагч хэзээ, хаана, ямар зөрчил гаргасан гэдгийг тогтоох ажиллагааг явуулах учиртай. 10000 сургуулийн захиргааны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07, 22, 27-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдээс үзвэл С.Б хэдийд зөрчил гаргасан талаар тогтоогоогүй, жижүүрийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлд С.Б архи уусан гэх байдлыг тэмдэглэж, бичилтийг нөхөж бичсэн байх тул уг тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэ тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй баримт гэж дүгнэх юм.

 

Түүнчлэн 10000 сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/58 тоот тушаалаар С.Бд сануулах арга хэмжээ, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 тоот тушаалаар үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ тус тус авсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар ажилтныг сахилгын шийтгэлтэйд тооцох 1 жилийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны 5 сар 24 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 256 402 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА