Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/386

 

Н.Н, Ч.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, Э.Энхжаргал хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Н.Н, Ч.Э нарт холбогдох 2107 00000 0242 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н-н Н, 1981 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 1999 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Увс аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2000 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай захирамжаар өвчний учир эдэлж буй ялыг 3 сарын хугацаагаар хойшлуулсан,

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 39/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан;

Т овгийн Ч-ийн Э, 1977 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн буюу 2.040.000 төгрөг төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн 2005 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 60 дугаартай захирамжаар 2 сарын баривчлах ялаар сольж, 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ялыг эдэлж дууссан;

Н.Н нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туулын ар дэнж гэх газарт байрлах “Б” ХХК-ийн амралтын газрын ажилчид байрлаж байсан монгол гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Ч.Э-тэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Ч.Э-ийн цээжин тус газарт хутгалсны улмаас эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...Намайг хүн хутгалаагүй. ...Би баруун гараараа барьж байгаад кран руу гарсан. Тэгээд зүүн талаараа унасан. ...Автомашинаар эмнэлэг хүргэгдэх замд юу ч яригдаагүй. Би уначихлаа л гэж тэр хэдэд хэлсэн” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар: Н.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Ч.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Н-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т овогт Ч-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т овогт Ч-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Э-ийн мэдүүлгийг шалгах ажиллагааг дүрс бичлэгт буулгаж хуулбарлан авсан сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт хадгалуулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн иштэй 1 ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн эд мөрийн комисст шилжүүлж, шүүгдэгч Н.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “...Би мөрдөн байцаалтын шатанд “Би өөрөө унасан” гэж үнэнээ хэлээд байхад худал мэдүүлэг өгсөн гэж ял тулгасанд гомдолтой байна. Би урьд нь шүүхэд хүсэлтээ бичгээр өгсөн байхад мэдээлэл лавлагааны ажилтан шүүгчид нь өгөхгүй олон хоног ширээн дээрээ байлгасан байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан шинжээчийн 521 дугаартай дүгнэлттэй танилцаад огт хүлээн зөвшөөрөхгүй байсан тул “Шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй дахин дүгнэлт гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргахад прокурор татгалзсан. Энэ хүсэлтээ шүүх хуралдаан дээр ч өмгөөлөгчийн хамт гаргасан боловч шүүх яагаад хүлээж аваагүй талаараа тайлбарлаагүй. Шүүхийн шийдвэрт мөн дурдаагүй байсан. Хяналтын прокурор Д.Аянагүлд эхлээд хандахад миний хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гарсан гэх боловч энэ талаар надад танилцуулаагүй, хариу огт ирээгүй бөгөөд дээд шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан. Шинжээчийн дүгнэлт хүнд гэж гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би эмнэлэгт хүнд хагалгаанд ороогүй, хоёр хоноод эмчлүүлэх шаардлагагүй гээд эмнэлгээс гарсан. Түүнээс хойш эрүүл мэндийн байдал 2-3 хоногт эдгэрсэн байхад амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, найзынхаа төлөө худал ярьсан болгож намайг яллаж байгааг бас ойлгохгүй байна. Хэрэв би хүнд гэмтэл авсан бол би явж чадахааргүй, хэвтэрт, мөн хөдөлмөрийн чадвараа зохих байдлаар алдсан байх ёстой атал мөрдөгч Саранзулын гэрчийн мэдүүлгээр намайг болон Н.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тухайн үед эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, эм авахад ямар ч мөнгөгүй байсан тул өөрийн хамгийн дотны найз болох Н.Н-ээс дараа төлөхөөр мөнгө гуйж авсан. Миний буруутай үйл ажиллагааны улмаас Н.Н-ийг хүнд зүйл ангиар яллаж байгаад гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч цахим сүлжээ гэдгээр дүгнэлтээ гаргасан гээд байгааг ойлгохгүй байна. Миний 4 дүгээр хавирганд үүссэн хугарлыг дүгнэлт гаргасан эмч огт оруулаагүй, шүүгч, өмгөөлөгч нар сайн асуусан. Шинжээч эмч энэ талаар асууж байгаагүй. Хэрэв би бусдад хутгалуулсан бол хавиргандаа гэмтэл авах байсан болов уу, анагаах ухаанаар уушгинд асуудал үүсэх байсан уу, амь насанд аюултай гэмтэл авсан хүн хоёр хоногийн дараа архи дарс уухад зүгээр байсан, гүйж харайх, босож явахад ямар ч хүнд юм тулгараагүй, биеийн байдал хэвийн байхад шинжээч эмч, мөрдөгч, шүүгч нар намайг “Чи хүнд гэмтэлтэй” гээд тулгаад байгааг ойлгохгүй, эргэлзэж байна. Бидний ажиллаж байсан газарт буюу гэрт ажлын болон ахуйн зориулалттай олон хутга байсан. Гэтэл хэн нэгэн хутгалсан юм бол яагаад тэр хутганы нэг тал нь цусны ул мөр байхгүй байгаа юм бол, миний цус болсон хувцсыг яагаад хураан авч тэмдэглэл үйлдээгүй юм бол, миний ургийн овгийг мөрдөгч яагаад өөр өөрөөр бичээд байгаа юм бол гэх зэрэг асуултууд гарч байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэн ч намайг ятгаагүй, би болсон үйл явдлыг бүгдийг үнэнээр нь олон удаа хэлсэн. Би Н.Н-тэй ямар нэг байдлаар маргалдаж, муудалцаж байгаагүй. Ямар шалтгаанаар, хэдийд, хаанаас тухайн хутгыг зэвсэг болгон тусгайлан бэлтгэж ашигласан зэргийг шалгаагүй. Мөрдөгч маш хурдан шалгаж, прокурор бидэнд өгсөн яллах дүгнэлтийн хавсралтыг өөрчилж дахин өгсөн. Н.Н-ийн эх нь хүнд өвчтэй, асаргаанд байдаг бөгөөд хоригдсоноос хойш тэр хүний биеийн байдал эрс муудаж, асрах хүнгүй болж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Би худал яриагүй. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулснаар бодит үнэн тогтоогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдолдоо: “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед архи уугаад согтсон байсан учраас сайн санахгүй байна. Ч.Э-ийг дагуулаад эмнэлэг рүү явсан. Тэгээд эмнэлэгт очоод цагдаа аваад явсан. Болсон явдалд харамсаж байна” гэдгээ хэлж мэдүүлсэн. Болсон үйл явдлыг санахгүй байгаа бөгөөд урд өдөр нь бидний сайн найз А Увс аймагт нас барсан гэж сонсоод сэтгэлээр ихэд унаж, архи хэтрүүлэн хэрэглэсэн. Эрүүлжүүлэх байрнаас цагдаа намайг шөнө гаргаж “Гэрчийн мэдүүлэг авна” гэхэд бичиг үсэг мэдэхгүй талаараа үнэнээ хэлэхэд тэрээр үл тоон баахан юм асууж байгаад гарын үсгээ зур гэж тулгаад байсан. Би бусдад зэвсэг хэрэглэж, биед нь хүнд гэмтэл учруулсан эсэхдээ эргэлзэж байна гэдгээ мэдүүлсэн. ...Би эх Д-ийн хамт амьдардаг бөгөөд ээж минь сахрын болон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, элэг нь өөхөлсөн, хатуурлын шинж тэмдэгтэй, өвчний улмаас гэртээ хэвтрийн дэглэмд хүний асаргаанд байдаг. Мөн зүрхний эмчийн байнгын хяналтад байдаг тул би асардаг байсан. Би улирлын чанартай барилгын болон цахилгааны ажил хийж ээжийнхээ эмчилгээний болон ахуйн хэрэгцээнийхээ мөнгийг олж, амьдарч ирсэн. Анхан шатны шүүх намайг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хүнд байна. Иймд миний ар гэрийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэн зүйлчлэлийг өөрчилж, шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд явуулаагүй, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой, нарийвчлан шалгаагүй байхад шүүх анхаарахгүйгээр нэг талыг барьж шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан хохирогч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Туул голын орчимд цахилгааны ажил хийж байсан. Намайг хүн хутгалаагүй, би уначих шиг болсон. Тэгээд гэр рүү ороод ийм юм болчихлоо гэсэн чинь явъя гээд шууд аваад явсан. Би краны кабинаас тамхи авч байгаад уначих шиг болсон. Баахан фасад төмөр л байсан. Автомашинтай эмнэлэг орох замд юу ч яриагүй. ...” /хх 24-25/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Намайг хүн хутгалаагүй. Тамхи авч буух гаж байгаад унасан. Унаснаас болоод хавирга хугарсан. ...” гэх мэдүүлэг,

гэрч З.Э-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г бид хоёрыг гадаа ажил хийж байхад дуудсан. Яагаад эмнэлэгт үзүүлэх болсон бэ гэвэл намайг очиход, кран дээрээс унасан гээд хэвтэж байсан. ...”,

гэрч Б.Д-ийн: “...Манай хүү Н нь миний 3 дахь хүүхэд байгаа юмаа, би 6 хүүхэд төрүүлснээс одоо 4 хүүхэд минь байдаг бөгөөд одоо надад ганц өмөг түшиг болж байгаа нь Н юм. ...”,

гэрч З.Г-ын“...Ч.Э-ийг унаад гэмтчихсэн байна гэж л ойлгосон. ...Тэгээд ажлын талбай дээр байж байсан чинь “Унаад бэртчихлээ, эмнэлэг явах болчихлоо” гэсэн. Би багажаа хариуцаад ард нь үлдсэн. ...”

гэрч Б.Н-ын: “...Тэр өдөр 2021 оны 10 дугаар сард бид нар архи ууж байсан. Би урд өдөр нь уусан байсан болохоор согтоод уначихсан байсан. Тэгээд намайг унтаад босоод ирэхэд Ч.Э төмөр дээр уначихлаа гээд дуудсан. Биеэс нь цус гарчихсан байсан. Тэгээд би Э-ыг дуудаад эмнэлэг рүү явсан. Тухайн үед эмнэлэгт яаж очсоноо санахгүй байна. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирээд эрүүлжүүлэхэд хийсэн. ...”,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 521 дугаартай дүгнэлт /1хх 57-58/ зэрэг бусад баримтуудаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй, хуульд заасан үндэслэл журмын дагуу тал бүрээс нь сайтар шалгаагүй, түүнчлэн шүүх хуралдаан дээр дээрх хохирогч болон гэрчүүд эх сурвалжаа зааж чадаагүй байхад шүүх анхаараагүй шийдвэрээ гаргасан.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй , хэргийн байдлыг тал бүрээс нь шалгаагүй байхад анхан шатны шүүх нь нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй шийдвэрээ гаргасан гэж үзнэ.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдлууд тогтоогдсон тул өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1, 6.14, 6.15-д заасны дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасан байхад шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Тухайлбал, урьдчилсан хэлэлцүүлгээр тус шүүхийн ажилтан хохирогчийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг нь дарагдуулж улмаар гомдлын дагуу шалгаж тогтоон, түүнд хариуцлага тооцсон баримт хэрэгт хавсаргасан байгаа.

Мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй, мөн хувийн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд заасны дагуу сайтар шалгаагүй, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгасан цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь тус хуулийн 30.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өмсөж явсан гэх хувцаст үзлэг хийгээгүй, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийн дагуу хохирогчийн мэдүүлгийг үндэслэн кранд үзлэг хийгээгүй, тухайн өдрийн ажил үүргийн хуваарь, шаардлагатай гэрчүүдийг асууж шалгаагүй. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч З.С гомдол мэдээллийг шалгаж улмаар эрүүлжүүлэх байрнаас Н.Н-ийг гаргаж, шөнийн цагаар хууль зөрчин гэрчийн мэдүүлэг авсан болох нь нотлогдсон бөгөөд хэргийг шалгаж байсан дээрх мөрдөгчийг, мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнх-Очир нь үндэслэлгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан байхад анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна.

4. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус, эргэлзээтэй, үзүүлэгч-магадлуулагч болох Ч.Э-ийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх зэрэг бүх баримтад тулгуурлаж дүгнэлтээ гаргаагүй, цахимын дутуу бүртгэлийг үндэслэн шинжээчийн дүгнэлтээ гаргасан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг огт анхаараагүй шийдвэрээ гаргасан.

Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуян нь Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн цээжний эгц байрлалын рентген зурагт "4-р хавирга 1-АА шугамаар хугаралтай" гэдгийг дүгнэлтдээ тусгаагүй орхигдуулсан, энэ талаарх онош бичиж, дүгнэлт гаргасан Ж.Алтансувдын албан ёсоор гаргасан дүгнэлтийг оруулаагүй шинжээчийн дүгнэлт гаргасан байна. /хх 102 дугаар тал болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

5. Прокурорын шатанд мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай тогтоолыг дур мэдэн авч өөрчилсөн, хэрэгт өөрчилж сольсон прокурорын тогтоолоо хавсаргасан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтыг өөрчилсөн бөгөөд эдгээр зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн болно. Хэрэгт хяналт тавьж буй прокурорын зүгээс эд мөрийн баримтын талаар бичсэн дээрх шийдвэрүүдээ өөрчилсөн тухайгаа дээд шатны прокурорт болон шүүхэд тус тус урьдчилан мэдэгдээгүй.

6. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт тэдгээрийн тайлбар гаргах хугацааг талуудын санал, хүсэлтийг харгалзан урьдчилан тогтоогоогүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасныг тус тус зөрчсөн байна.

7. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасан "Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө" гэсэн заалтыг зөрчиж, 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хэргийн оролцогч нарт  тус тус гардуулан өгсөн байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Ч.Э хохирч, түүний биед 4 дүгээр хавирганы хугарал гэх гэмтэл тогтоогдсон. Шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн гэмтлийг ямар гэмтлийн зэрэгт хамаарах вэ гэдгийг тогтоогоогүй. Яагаад амь биед аюултай хүнд гэмтэл гэж үзэж байгаа вэ гэхээр цээжний хөндийгөөс 100 грамм цус гарсан. Энэ нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэдгийг тодорхойлж байна гэж үзсэн. Цээжний хөндийн шингэн зүйл нь ямар зүйлээс бий болдог вэ гэхээр би нарийн мэргэжлийн шинжээч биш, гэхдээ “Google” буюу интернэт хөтчөөс хайгаад үзэхэд хавирганы хугарлын улмаас цээжний хөндийгөөс шингэн зүйл гарч болно гэсэн мэдээлэл гарч ирдэг. ...Тухайн хавирганы гэмтлийн улмаас шингэн зүйл гарсан бол гэмтлийн зэрэг өөрчлөгдөх нөхцөл байдал байна. Хохирогчийн хавирга хугарсан байхад тухайн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна. Шинжээч хавтаст хэргийн хүрээнд дүгнэлт гаргаагүй. Өөрөө дур мэдэн нотлох баримт бүрдүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цахим өвчний түүх рүү нэвтэрч орсон. Тэндээс холбогдох материалуудыг татаж авсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хуульд зааснаар хэрвээ материал дутуу байвал шинжээч өөрөө бие даан материал цуглуулахгүйгээр мөрдөгчөөс холбогдох материалыг ирүүлэхийг хүсэх эрхтэй байдаг. Гэтэл үүнийг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Э-д ямар хэмжээний хохирол учирсан талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээч эмчээс тодруулахад хохирогчийн биед учирсан хавирганы гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, дахин шинжээчийн дүгнэлт гарсан ч гэсэн гэмтлийн зэрэг нь өөрчлөгдөхгүй талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлгэрэнгүй тайлбарласан. Түүнээс интернэт хөтчөөс хайх ч юм уу, өөрийн таамгаар хэлээгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч үндэслэлтэй дүгнэлт, тайлбар хэлсэн. Тиймээс дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. ...Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгахад кранаас унасан гэдгээ заагаагүй. Цахилгааны өндөр хүчдэлийн шонгоос унасан гэж тайлбарладаг. Харин хэргийн газрын үзлэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө кранаас унасан асуудлыг ярьдаг. Хохирогч өөрөө тогтвортой мэдүүлэг өгдөггүй. Хэргийн газарт анх очсон мөрдөгч хэргийн газарт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. Тэгэхэд кран биш, өргөгч машин байсан. Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтээр тамхи авах явцдаа доошоо унасан гэсэн машины зураг бол байдаг. Кранд үзлэг хийх шаардлагагүй. Тухайн үед хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгахад кран байгаагүй. ...Хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтыг дутуу бичсэнээс шалтгаалж, шүүгдэгч нарын нүдэн дээр хавсралтыг өөрчилж өгсөн. Түүнээс шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт оруулсан, нотлох баримтыг өөрчилсөн асуудал байхгүй. Энэ хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Нотолбол зохих байдал бүгд нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Н, Ч.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Н нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туулын ар дэнж гэх газар байрлах “Б” ХХК-ийн амралтын газрын газрын ажилчид байрлаж байсан монгол гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хохирогч Ч.Э-ийг цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст баталгаа гаргасны дараа хохирогчоор “...Намайг хүн хутгалаагүй ...Би баруун гараараа барьж байгаад кран руу гарсан. Тэгээд зүүн талаараа унасан ...автомашинаар эмнэлэг хүргэгдэх замд юу ч яригдаагүй ...би уначихлаа л гэж тэр хэдэд хэлсэн. ...” гэж худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч З.Э-ын: “...Би З.Г-ын хамт ажилдаа гарсан. Ч.Э, Н.Н, Б.Н, Б.Н гэх хүмүүс ажилдаа гараагүй. Архи уугаад үлдсэн. Өдөр 13 цагийн үед найз Б.Н бид хоёрыг дуудаад “Болохоо байлаа. Н.Н Ч.Э-ийг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь гэрт ороход орон дээр цээжнээс нь цус гарчихсан хэвтэж байсан. Бид нар Ч.Э-ийг машинд суулгаад Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв рүү хүргэхээр явцгаасан. ...Н.Н “Би найзыгаа хутгалчихлаа” гээд байсан. ...Замд явж байхдаа Ч.Э “Би ямар найзыгаа шоронд явуулалтай биш дээ. Төмөр дээр уначихлаа гэж хэлээрэй” гээд бид нарт захиж хэлсэн. ...” /1хх 27, 29/,

гэрч З.Г-ын: “...Өглөө цагдаа дээр ирээд хамт байсан хэдээсээ юу болсон талаар асуухад “Ч.Э-ийг Н.Н хутгалсан” гэж байсан. ...” /1хх 31/,

гэрч Б.Н-ын: “...Унтаж байтал “Ёо” гэх шиг болсон. Гэтэл Ч.Э намайг “Хөөе эндээс цус гарчихлаа. Намайг хутгаар хатгачих шиг боллоо” гээд дуудахаар нь би сэрээд сандраад хартал Ч.Э-ийн цээж хавьцаа цус болчихсон, дээрээс нь гараараа дарчихсан, Н.Н яг хажууд нь “Яав аа” гээд хоёулаа сандарчихсан байхаар нь би шууд гарч гүйгээд ажил хийж байсан З.Э-ыг дуудаад З.Г, З.Э хоёрыг гэр рүү дагуулж ороод Ч.Э-ийг өргөж машинд суулгаад Налайхын эмнэлэг дээр хүргэж ирсэн. Эмнэлэг явах замд Ч.Э бид нарт “Би өөрөө унасан гэж хэлнэ. Найзыгаа яаж шоронд явуулах вэ” гэж хэлж байсан. ...” /1хх 35/,

шинжээч С.Төгсбуяны анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Э-ийн Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн өвчний түүхэнд бичигдсэнээр 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгт цээжний зүүн хөндийд тавигдсан гуурсаар 100 мл цус гарсан гэсэн ба энэ нь цээжний хөндийд хутга нэвтэрч үүссэн болохыг нотолно. ...Ч.Э-ийг үзэхэд цээжний зүүн хажуу талд 3.9 см урттай, 3 мэс заслын оёдолтой байсан. ...Унах үед үзүүртэй зүйл эгц дээшээ харсан байсан тохиолдолд үүсэх боломжтой. Гэмтэл үүссэн байрлалыг харахад шугамын дунд шугамаас үүссэн байсан. Тэгэхээр энэ байрлал гарын байрлалын ард байх боломжтой байрлал. Тэгээд дээрээс унасан гэж үзэхэд гараа өргөсөн маягтай үзүүртэй зүйл дээр унана. ...Хэрвээ 3 метр өндөр дээрээс энэ хутган дээр унасан тохиолдолд хутга тэр чигээрээ цээжний хөндийд нэвтрэх боломжтой. ...Харин хутган дээрх цусны толбыг харахад ажлын хэсгээр үүсгэгдсэн байх боломжтой. Тэгэхээр хохирогчийн биед учирсан гэмтлийг харахад энэ хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. ...4 дүгээр хавирга шархны хажуу талын гэмтэл байна. Энэ гэмтэл өөрөө 4 дүгээр хавирганы дундуур цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх. Тэгэхээр цээжний хөндий рүү хутга ороход хавирга хугарах магадлалтай. ...” /1хх 62, 2хх 12/,

Ч.Э-ийн эрүүл мэндэд “цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хуримтлагдсан хий шингэнийг соруулж авсан мэс ажилбарын дараах байдал” бүхий хүнд хохирол учирсан, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэхийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 521 дугаартай дүгнэлт /1хх 57-58/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-7/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч Н.Н, Ч.Э нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчид, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Н-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч Ч.Э-ийг худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Н, Ч.Э нар нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх амралтын газрын ажилчид байрлаж байсан гэрт Б.Н, Б.Н нарын хамт архи ууж, Н.Н, Ч.Э нар нь тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Н.Н нь Ч.Э-ийг хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хуримтлагдсан хий, шингэнийг соруулж авсан мэс ажилбарын дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан, улмаар З.Э нь Ч.Э-ийг тус дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байх бөгөөд Ч.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасан /1хх 23/-ы дараа найз Н.Н-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх зорилгоор түүнийг гэмт хэрэг үйлдээгүй, өөрөө золгүй байдлаар унаж бэртсэн мэтээр болж өнгөрсөн үйл баримтыг зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн нь гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс “...Нотолбол зохих байдал нотлогдоогүй, ...дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай, ...гэмт хэргийн үйл баримт эргэлзээтэй, ...хэргийг прокурорт буцаах...” гэж гомдол гаргасан, прокурор “...мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, ...нотолбол зохих байдал нотлогдсон, ...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан...” гэж мэтгэлцэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, шүүгдэгч Ч.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гэрч Б.Н, гэрч З.Э нар нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар тодорхой мэдүүлсэн, харин гэрч З.Г нь тухайн цаг мөчид гэмт хэрэг үйлдэгдсэн гэрт байгаагүй бөгөөд тэрээр хэргийн үйл баримтын талаар шууд заагаагүй, гэрч Б.Д нь гэмт хэргийн үйл баримтын талаар бус өөрийн хүү, шүүгдэгч Н.Н-ийн хувийн байдлын талаар мэдүүлсэн, шинжээчийн С.Төгсбуян нь 2021 оы 10 дугаар сарын 13-ны өдөр Ч.Э-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан талаар 521 дугаартай дүгнэлт гаргахдаа Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 9722 тоот өвчний түүхтэй танилцсан тухай тодорхой дурдсанаас гадна энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “...би хүнд гэмтэл авсан бол хөдөлмөрийн чадвараа алдсан байх ёстой, ...шинжээчийн дүгнэлт дахин гаргуулснаар бодит үнэн тогтоогдоно. ...” гэжээ.

Ч.Э-ийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /1хх 57-58/- ээр Ч.Э-ийн биед учирсан энэхүү гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэсэн байх бөгөөд үнэн зөв дүгнэлт гаргах үүрэгтэй талаар шинжээчид хууль сануулж, гаргуулсан тусгай мэдлэгт үндэслэсэн шинжээчийн дүгнэлтийг худал гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шинжээч С.Төгсбуян нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э-ийн цээжний хөндийд хутга нэвтэрч, хүнд гэмтэл учирсан гэж тодорхой мэдүүлсэн байгаагаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт цээжний хөндий рүү хутга орж байхад хавирга хугарах боломжтой талаар тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4660 дугаартай дүгнэлтээр хэргийн газрын үзлэгээр хураан авсан бор өнгийн модон оруулгатай 11 см иштэй, 28 см урттай хутга дээрээс O/I/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн нь шүүгдэгч Ч.Э-ийн цусны бүлэгтэй тохирч байгаа буюу түүний төмөр дээр унаж бэртсэн гэх тайлбар үүгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх ба ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр тус хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, тодруулбал шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагагүй, нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, шүүгдэгч Ч.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ