| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/04848/И |
| Дугаар | 102/ШШ2024/02663 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/02663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, шүүгч Г.Ариунаа, А.Зүмбэрэл, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, рд:, ...ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг,.....тоотод оршин суух, рд:....., ...т холбогдох
гэм хорын хохиролд 3 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч ....,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гэм хорын хохирол төлбөр 3 650 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...миний бие 2023 оны 05 сарын 13-ны өдрийн оройн 20 цагийн орчим гэртээ хоол хийж байхдаа бусдад зодуулж хохирсон бөгөөд 2023 оны 05 сарын 22-ны өдрийн ... тоот Эрх бүхий албан тушаалтны тогтоол Зөрчлийн хэрэг нээх тухай хэргийн дугаар .... дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгагдсан болно. Иргэн ... манай гэрт дайрч орж ирж гадаа тоглож байсан хүүхэд загналаа гэх шалтгаанаар гэр бүлийн хүмүүсийн нүдэн дээр хэл амаар дайрч доромжлон зэрлэг бүдүүлгээр миний биед халдаж нүүр, хүзүү болон гар маажин тухайн үед өмсөж байсан хувцас урж, харааны шил хагалж, танхайрсан болно. Үүний улмаас: нэгдүгээрт сэтгэл санаа, хоёрдугаарт гоо сайхан, гуравдугаарт эд материалын хохирлуудыг надад болон гэр бүлд учруулсан. Иймд тухайн процесст цагдаагийн байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авсан боловч зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авч өнгөрсөн. Одоогоор ямар нэгэн надад учруулсан хохирол барагдуулаагүй, уучлалт гуйгаагүй, гадаа болон лифтид тааралдах болгонд намайг болон хүүхдүүдийг маань сэтгэцийн өвчтэй энэ байрнаас зайл гэх мэтээр удаа дараа хэл амаар дайрч доромжилж байна. Бага насны хүүхдүүдэд сэтгэл зүйн болон гадны хүчин зүйлээс шалтгаалсан хүчирхийлэлд өртөж байна. Иймээс үндсэн хуульд заасны дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул сэтгэл санаа, эд материалын хохирлыг барагдуулж өгнө үү хавтаст хэрэгт миний нүүрийг маажсан зураг авагдсан байгаа. Би гоо сайхны эмнэлэгт сорив арилгаж, бүдгэрүүлэх үйлчилгээнд 2023 оны 06 сарын 09-ний өдөр, 2023 оны 09 сарын 10-ны өдөр, 2023 оны 12 сарын 10-ны өдөр 2023 оны 12 сарын 13-ны өдөр нийт 4 удаагийн эмчилгээнд өөрийн зардлаар орсон. Мөн миний харааны нүдний шил 225,000 төгрөгийн баримт байгаа. Миний өмсөж байсан 160,000 төгрөгийн үнэтэй фудволкийг маань урсан байгаа. Бодит баримт дээр үндэслэж миний хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэв.
3.Хариуцагч хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. 650,000 төгрөгийн баримтын хувьд нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн баримтуудыг үзэхээр 520,450 төгрөг болж үнийн дүн зөрүүтэй байгаа. Нүдний шилний 225,000 төгрөг болон 4 удаагийн сорвины эмчилгээний зардлын баримт нь хэрэгт авагдаагүй байна. Нүдний шилний зураг болон хэн ямар байдлаар яаж эвлэсэн гэх талаар баримт байхгүй байна. Хэрэгт урагдсан фудволкийн зураг байгаа болохоос 160,000 төгрөг гэдгийг нотлох баримт байхгүй байна. Сэтгэл санааны 3,000,000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн:
нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хэргийн 2 дугаар тал/
....ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3 дугаар тал/
зөрчлийн хэрэг нээх тухай, эрх бүхий албан тушаалтны тогтоол /хэргийн 4 дүгээр тал/
дүрс оношилгооны шинжилгээний хариу /хэргийн 5 дугаар тал/
төлбөрийн баримтууд /хэргийн 6-9 дүгээр тал/
Шийтгэлийн хуудас /хэргийн 10 дугаар тал/
Зураг-4ш /хэргийн 11-12 дугаар тал/
..... ХХК-ийн тодорхойлолт баримт /хэргийн 67-69 дүгээр тал/
Голомт банк 2023.05.16-ны өдрийн худалдан авалтын баримт /хэргийн 76 дугаар тал/
2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хүсэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд /хэргийн 77-78 дугаар тал/
.... зүрхний бичлэг хийсэн хуудас /хэргийн 79 дүгээр тал/ баримтууд
5.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн:
хариуцагчийн иргэний үнэмлэх /хэргийн 15 дугаар тал/
хариу тайлбар /хэргийн 20 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 29 дүгээр тал/
6.Шүүхээс бүрдүүлсэн:
Зөрчлийн хэргийн материалууд /хэргийн 46-66 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч ...3 650 000 төгрөг гаргуулах тухай...нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч хэл амаар доромжилж биед халдсны улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...хохирол төлбөр баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч .... Баянгол дүүрэг, ... тоот хаягт оршин суудаг, 2023 оны 05 сарын 13-ны өдөр тухайн байрны оршин суугч хариуцагч ...тэй гадаа тоглож байсан хүүхдийг загналаа гэх шалтгааны улмаас маргалдаж, хариуцагч ... нэхэмжлэгч ....ийн нүүр болон хүзүү гар хэсэгт маажиж, мөн гараараа толгой тус хэсэгт 2-3 удаа цохьсон үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгагдаж, бусдын биед гэмтэл учруулахгүй халдсан үйлдлээ Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалаар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй. /хэргийн 46-66 дугаар тал/.
Зөрчлийн хэрэгт авагдсан 2023.05.19-ний өдрийн дугаар 6436 тоот Шинжээчийн дүгнэлт, 2023.05.28-ны өдрийн дугаар.... тоот Шинжээчийн дүгнэлт баримтуудаар хариуцагч нэхэмжлэгчийн биед халдсны улмаас нэхэмжлэгчийн биед хамар, дээд доод уруул, эрүү баруун хацар, цээж хэвлий, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба тухайн гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэжээ. /хэргийн 51, 56 дугаар тал/
4.Хариуцагч дээрх зөрчил үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар маргаагүй.
5.Хариуцагч нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан зөрчлийн улмаас нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан хохирол зардал 650 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3000 000 төгрөг нийт 3 650 000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн.
6.Хариуцагч зөрчлийн улмаас учирсан хохирол төлбөр зардлын хэмжээний талаар маргаж байгаа ба ... зардлууд баримтаар нотлогдохгүй байна... гэж маргасан.
7.Хариуцагч нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулахгүйгээр халдсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор хохирол учирсан тул хариуцагч хохирол төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй.
8.Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулахгүй халдсан гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол төлбөрт 516 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 133 550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9.Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг нотлох баримтаар тогтоогдож байгаа дараах баримтаар тогтоов. Үүнд:
Нэхэмжлэгчийн толгойн комьпютэр томографик дүрс оношилгоо хийлгэсэн төлбөр 140 000 төгрөг, Сонгодо эмнэлэгт гоо сайхны эмчид үзүүлж зөвлөгөө авсан үзлэгийн төлбөр 48 000 төгрөг, сорвины тос худалдан авсан төлбөр 103 450 төгрөг, шинээр нүдний шил хийлгэсэн зардал 225 000 төгрөг зэрэг болно. /хэргийн 53-55 дугаар тал/
10.Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 3000 000 төгрөг, эд хөрөнгийн хохирол 133 550 төгрөгтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч энэ шаардлагаа нотлоогүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11.Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч сорви арилгах ботокс тарилга хийлгэсэн 650 000 төгрөгийн баримт өгсөн ба энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй тул шүүх хэлэлцэхгүй орхив.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 16 143 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
13.2024 оны 04 сарын 10-ны өдрийн хариуцагчаас ... олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 29 дүгээр тал/
14. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигчид түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул зохигч талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ...ээс гэм хорын хохирол төлбөр 516 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 133 550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 16 143 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
ШҮҮГЧ Г.АРИУНАА
А.ЗҮМБЭРЭЛ