Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шонхойн Оюунтуул |
Хэргийн индекс | 102/2024/03001/И |
Дугаар | 102/ШШ2024/02718 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/02718
2024 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/.... | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: ..... тоот хаягтай, рд:...., ...ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ... тоотод оршин суух, рд:., ...т холбогдох,
19 765 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч ...,
хариуцагч ... нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... хариуцагч ...т холбогдуулан 19 765 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...би ачаа тээврийн том машин авахаар хариуцагч ...т мөнгө өгсөн. 2023 оны 03 сарын 07-ны өдөр манай нөхөр .. фейсбүүкээр хараад ачааны волво маркийн машин байна, авах уу манай таньдаг оруулж ирнэ гэж байна, хямдхан юм байна гээд, би найдвартай хүн юм бол авъя гээд мөнгөө шилжүүлсэн. Тэгээд ... гэдэг хүнтэй манай нөхөр утсаар ярихад 14 хоног дотор ирэх юм байна гээд 03 сарын 07-ны өдөр 5,480,000 төгрөг өгсөн. 03 сарын 11-ний өдөр ... руу дансаар 25,000,000 төгрөг шилжүүлсэн. 03 сарын 14-ний өдөр үлдэгдэл 21,230,000 төгрөг шилжүүлж, нийт 51,715,000 төгрөг шилжүүлсэн. 14 хоногийн дотор машин ирнэ гээд хүлээж байгаад компани нь шинэ машин авахаараа хасалт хийнэ гэж байна, болоогүй байна гэж байгаад сүүлдээ машин худлаа болчихлоо мөнгийг чинь өгнө гэсэн. 05 сарын 04-ний өдөр ... бид хоёр руу буцаалт 6,850,000 төгрөг хийсэн. Сүүлдээ 07 сард Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт хандсан боловч залилангийн хэрэг биш гэж үзээд хэрэгсэхгүй болгоод иргэний шүүхэд ханд гэсэн. 2023 оны 08 сарын 23-ны өдөр 25,100,000 төгрөгийг мөн ..ийн данс руу буцаалт хийсэн. Түүнээс хойш нөгөө Солонгос чинь мөнгөө өгөхгүй байна гээд яваад байсан. Сүүлдээ ойлголцохгүй, утсаар ч ярьж болохгүй байсан. Иймд үлдэгдэл мөнгө болох 19,765,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Бид нарын гол зорилго нь ачааны машин авах байсан. Учир нь ачааны машинаар амьдралаа залгуулдаг... гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...би анх н.Элбэгзаяа гээд эртний танил маань надтай холбогдоод Волво маркийн чирэгч толгой хэрэгтэй байна, та таньдаг хүмүүстэйгээ холбогдоод өгөөч гээд би хүмүүстэй холбогдоод машины зураг явуулсан. н.Элбэгзаяа 10 хоногийн дараа буцаж холбогдоод нөгөө машин чинь одоо байна уу, энд нэг хүн авъя гээд байна гээд асуухад байсан. .. өөрөө фейсбүүк группээс машины зургийг харсан юм шиг байна лээ. Түүнээс би энэ машиныг ав, энэ гоё машин байна гэж огт хэлээгүй. Би мөнгийг нь шилжүүлж зуучилж өгсөн. 03 сарын 07-ны өдөр 5,480,000 төгрөг аваад тэр өдөртөө би найман шарга ороод Хажидцэрэн гэдэг хүний данс руу мөнгийг нь шилжүүлж, Солонгос хүний данс руу шилжүүлсэн. 03 сарын 11-ний өдөр 25,000,000 төгрөг, 03 сарын 14-ний өдөр 21,230,000 төгрөгийг би хүлээж аваад Солонгос хүний данс руу шилжүүлсэн. Машин хэзээ бэлэн болох вэ? гэхээр маргааш явуулна, нөгөөдөр явуулна, бичиг баримт нь болохгүй байна гэж байгаад утсаа авахгүй алга болсон. Машин зарсан солонгос улсын иргэнтэй би холбогдсон. Би нэхэмжлэгчийн мөнгийг олж өгөхөөр хуулийн фирмд 1 сая вон төлж цагдаагаар хайлгаж байж би 10,000,000 вон буюу 25,100,000 төгрөгийг ..т олж өгсөн. Одоо би солонгос улсын иргэнтэй холбогдож чадахгүй байгаа, заримдаа утсаа аваад заримдаа авахгүй байгаа. Мөнгөнийхөө оронд өөр машин өгье гээд яваад байгаа. Солонгос хүнээс 6,500,000 вон буюу 19,765,000 төгрөг авч өгөх үлдэгдэлтэй. Би өөртөө нэг төгрөг ч авч хэрэглээгүй учраас би өөрөөсөө төлж чадахгүй ... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/
.., ... нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3 дугаар тал/
..., .. нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4-8 дугаар тал/
...-ны өдрийн дугаар ...Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокрорын тогтоол /хэргийн 9-10 дугаар тал/ баримтууд,
5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 17 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч ...19 765 000 төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...том оврын ачааны машин худалдан авахаар шилжүүлсэн 51 715 000 төгрөгөөс буцаан шилжүүлээгүй үлдэгдэл мөнгийг гаргуулна... гэж тайлбарласныг,
хариуцагч...энэ мөнгийг би төлөх үндэслэл байхгүй... гэж маргаж байна.
Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ... нөхрийн хамт өөрсдийн амьдралын эс үүсвэр амьжиргааг залгадаг том оврын ачааны машинаа сайжруулан орлогоо нэмэгдүүлэх зорилгоор волво маркийн том оврын ачааны машин худалдан авах, хариуцагч машиныг 14 хоногийн дотор БНСУ-аас оруулж ирэн нэхэмжлэгчид өгөхөөр гуравдагч этгээдээр дамжуулан хариуцагчтай аман байдлаар тохиролцож, нэхэмжлэгч хариуцагчийн Хаан банкны эзэмшлийн дансанд 51 715 000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 4-10, 17 дугаар тал/
Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болно.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.
Машины үнэ 5 480 000 төгрөг нөхөр ..ийн данснаас 2023.03.07-ны өдөр, 2023.03.11-ны өдөр нөхөр ..ийн данснаас 25 000 000 төгрөг 2 удаагийн гүйлгээгээр хувааж, нэхэмжлэгч өөрийн банкны данснаас 21 235 000 төгрөг 2023.03.14-ны өдөр нийт 51 715 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлэн төлсөн, хариуцагч мөнгийг хүлээн авсан байна. Мөнгө шилжүүлсэн, хүлээн авсан талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч 14 хоногийн дотор нэхэмжлэгчийн захиалсан машин хөрөнгийг нийлүүлэхээр тохиролцсон боловч хугацаандаа машин хөрөнгийг шилжүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2023.05.04-ний өдөр 6 850 000 төгрөг, 2023.08.24-ны өдөр 25100 000 төгрөгийг нэхэмжлэгчийн нөхрийн банкны данс руу буцаан шилжүүлсэн нь банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Хуульд заасны дагуу гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хариуцагч нэхэмжлэгчийн татгалзлыг хүлээн авсан учир гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгийг буцаан шилжүүлэх хуульд заасан үүргийн дагуу 6 850 000 төгрөг, 25 100 000 төгрөгийг /31 950 000 төгрөг/ нэхэмжлэгчид буцаан шилжүүлж зарим хэсгийг биелүүлсэн байна.
Хариуцагч үлдэх 19 765 000 төгрөгийг шилжүүлээгүй, 51 715 000 төгрөгийг тэр даруй .... ний 508147608142 дугаарын данс руу шилжүүлсэн, .. төлөх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч, БНСУ-ын иргэн .. нарын хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй, тэдний хооронд ямар нэг аман тохиролцоо хэлцэл хийгдээгүй, нэхэмжлэгч мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, хариуцагч мөнгийг .. руу шилжүүлсэн талаар ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас 19 765 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 775 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 256 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ...аас 19 765 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 775 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 256 775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ