Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1380

 

 

 

 

 

 

      2020          10            29                                        2020/ДШМ/1380                                                                                     

 

Э.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

шүүгдэгч Э.Д-ын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1502 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1906058710810 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ийн Д-, Улаанбаатар хотод 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн;

Э.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.У-ийг “Энержи ресурс” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд  оруулан 340,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Д-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 105 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Э.Д- давж заалдах гомдолдоо: “... би У-ээс 340,000 төгрөг авсан нь үнэн. Ажилд оруулж өгөөч гэхээр нь “Энержи ресурс” компанийн ажилтан тул мастер Мөнхбаярт хэлээд, сургалтанд хамрагдсаны дараа ажилд авах тухай асуудал болсон. Тэгээд авсан мөнгөө буцааж өгсөн. Энэхүү асуудлыг шүүхээс намайг бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хэдийгээр би урьд нь нэг удаа алдаа гаргасан ч дахин алдаа гаргахгүй гэж хичээж эхнэр, үр хүүхдүүдийнхээ төлөө амьдарч ирсэн боловч хүнд чин сэтгэлээсээ, сайхан сэтгэлээсээ тус болж, сайн нэр олж авах тэнэг зангаасаа болж 340,000 төгрөг авч, хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Эхнэр А.Оюун ажилгүй, бага насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Эх С.Наранцэцэг минь зүрхний өвчтэй, хүнд хагалгаанд орж, эмчийн хяналтанд байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь намайг маш их дарамтлан, эхнэрийг айлган сүрдүүлж, чамайг заавал шоронд хийнэ гэж айлган сүрдүүлж байсан тул би Цагдаагийн Ерөнхий газарт гомдол гаргасан. Энэ асуудлыг одоо л шалгаж байгаа. Мэдүүлэг авах үед өмгөөлөгчтэй оролцоно гэхэд өмгөөлөгчгүй оролцуулж эрхийг минь зөрчсөн. Би гэм буруугийн асуудлаар маргаагүй, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж, хохирогч У-ээс уучлалт гуйсан байхад анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүх үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо сайн дураар төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, миний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээгүй шийдвэрлэснийг ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж байна.

Ял нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй. Би хэд хэдэн гэмт хэрэг үйлдээгүй, харин хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахаар бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой. Шүүх эрх хэмжээний хүрээнд надад ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу хүндрүүлэх талаас нь бус хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1502 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахаар бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Мөн Э.Д- гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд байна. Эхлээд 100,000 төгрөг дансаар, дараа нь 240,000 төгрөг дансаар авсан. “Таксинд явж байхдаа “намайг ажилд оруулж өгөөч” гэж өөрсдөө гуйсан байсан” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэх үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна. Хэрэв шүүхээс энэ гэмт хэргийг Э.Д- нь үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Э.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож ялыг нэмж нэгтгэн ял оногдуулсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Э.Д- нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б.У-ийг “Энержи ресурс” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд  оруулан 340,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.У-ийн “... Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгаас дүү Баяннэмэхийн хамтаар ирж явахдаа “Инержи” ХХК-д ажилд орох юмсан гэж ярьж суутал машинд сууж явсан үл таних залуу өөрийгөө тэнд ажилладаг гээд үнэмлэх бичиг баримтаа харуулаад “Би та хоёрыг ажилд оруулаад өгье” гэсэн. Өөрийгөө Д- гэж танилцуулаад “Уурхайд нүүрс зөөдөг том даацын тэрэг барьдаг” гэж байсан. Бид найдвартай юм бол оруулаад өгөөч гэж гуйсан. Намайг бичиг баримттай, жолооны үнэмлэхтэй учир уурхайн жолоочоор ажиллах боломжтой, дүүд бичиг баримт байхгүй учраас сургалтанд суух хэрэгтэй гэж хэлсэн. 09 дүгээр сарын 01-ний өдөр манай дүүтэй нягтлан, няравын сургалтанд суулгаад өгье гэж ярьсан байсан. Харин дараа нь надтай холбогдоод Гандолгор гэж хүний данс руу 100,000 төгрөг шилжүүлүүлж авсан. Авсан мөнгөө хувцас таних тэмдэгний мөнгө гэж хэлсэн. Тэгээд сургалтын мөнгө гээд 240,000 төгөрг Дуламсүрэн гэх хүний данс руу хийлгэсэн. ...” /хх 13-14, 15, 16/,

гэрч Д.Дуламсүрэнгийн “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүнсний дэлгүүрт намхан нуруутай, 35-40 орчим насны эрэгтэй хүн орж ирээд миний данс руу мөнгө шилжүүлээд 10,000 төгрөг өгье гээд дансны дугаар аваад мөнгө шилжүүлж авсан. Миний дансанд 240,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, АТМ дээр очиж тухайн эрэгтэйд мөнгийг нь авч өгөөд шимтгэлийн мөнгөө аваад явуулсан. ...” /хх 18-19/,

гэрч П.Буяннэмэхийн “...Д- өөрийгөө “Инержи ресурс” ХХК-д том тэрэгний жолооч хийдэг, манай компанид ажиллахыг хүсвэл надад танил байгаа, надтай холбогдоорой гэсэн. Хэд хоногийн дараа над руу залгаад хүмүүстэй ярьсан үнэмлэх авахын тулд 75,000 төгрөг хэрэг болж байна гэхээр нь шилжүүлсэн. Дахиад надад мөнгө хэрэгтэй байна гэх мэтээр нийт 225,000 төгрөг авсан. ...” /хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,  

С.Гандолгор, Б.У-, Д.Дуламсүрэн нарын банкны дансны хуулгууд /хх 46-58, 65/,

шүүгдэгч Э.Д-ын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 78-79/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Э.Д- нь бусдыг ажилд оруулж өгнө гэж өөрийн хийж чадахгүй зүйлийн талаар худал амлалт өгч хохирогчийг хууран мөнгийг нь авсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байх ба уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулжээ.

Тэрээр өмнө нь залилах гэмт хэрэг үйлдсэний учир Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн учраас өмнөх тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгон ял оногдуулж, нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэжээ. Уг хуулийн зохицуулалтын дагуу өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг одоо эцэслэн хэлэлцэж байгаа учир хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах журмыг анхан шатны шүүх баримталж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1502 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР     

   

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН