Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2179

 

МАГАДЛАЛ

 

2019.12.20                                                 Дугаар 2179                                   Улаанбаатар хот

 

 

 

Н.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/02186 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “АИ  ” ХХК-д холбогдох,

19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Н.Х-той хөдөлмөрийн гэрээ байгуулан хуульчаар ажиллуулахыг “АИ  ” ХХК-д даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “АИ  ” ХХК-д туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан хуульчийн албан тушаалд ажилд орсон бөгөөд ажил олгогчийн зүгээс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон 19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Ингэхдээ туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг сунгаж ажиллуулахад дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж болдоггүй тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байна гэдэг тайлбарыг өгсөн. Энэхүү 19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээ нь албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэг, цалингийн хэмжээ болон хөдөлмөрийн нөхцөлийн хувьд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлтэй ижил байсан. Өөрөөр хэлбэл, цалин хөлс, ажлын цаг, анх ажилд ороход хийж байсан хуульчийн ажил, үүрэг, удирдах удирдуулах ёс, оффиссын нөхцөл /ажлын өдрүүдэд ажиллаж өглөө оройдоо хуруу уншуулж ажилласан цагаа бүртгүүлдэг/ бүгд хэвэндээ байсан. Туршилтын 3 сарын хугацаанд чадварыг гүйцэтгэлийн үнэлгээний дундаж нь 74 хувьтай буюу ажил олгогчийн цаашид үргэлжлүүлэх саналтай байхад хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хөдөлмөрийн гэрээний үндсэн шинжийг бүрэн агуулсан байх боловч үр дагавар нь ажилтны ээлжийн амралт, олговор, ажилгүйдлийн тэтгэмж, нэмэгдэл хөлсүүд гэх мэт Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон нөхцөлүүдийг эдлэх боломжгүй буюу дордуулсан нөхцөл байдлыг үүсгэсэн. Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг ажил олгогчийн зүгээс ноцтой зөрчсөн. Иймд Н.Х  уг гэрээг зөвшөөрөхгүй гэж марган 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “АИ  ” ХХК-д хүсэлт гаргасан боловч тус компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ болгон өөрчлөлгүйгээр ажилтны эрхийг зөрчсөн байна. Иймд Н.Х  нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-т заасны дагуу мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон байгуулсан 19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Н.Х-той хөдөлмөрийн гэрээ байгуулан хуульчаар ажилуулахыг “АИ” ХХК-д даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардаж байна. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.30 дахь хэсэгт тус хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллаж байгаа бол туршилтын болон дадлагын ажилтны гэрээ дууссан бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эсхүл үндсэн ажилтан болгож хөдөлмөрийн гэрээ байгуулах харилцааг зохицуулсан, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тухай зохицуулалт дотоод журамд нь байхгүй атал хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь ажилтны эрхийг зөрчсөн хэрэг. Иймд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэж байна. Хариуцагч “нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан” гэж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасантай нийцэхгүй, хуулийн зохицуулалтаар бүрэн үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:     Н.Х  нь хөдөлмөр эрхлэлт, ажил зуучлалын компаниар зуучлуулан “АИ  ”  ХХК-д ажилд орж, түүнийг захиргаа, хүний нөөцийн албаны хуульчийн албан тушаалд ажиллуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.24 дэх хэсэгт заасны дагуу туршилтын хугацаатайгаар байгуулсан. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.24 дэх хэсэгт заасны дагуу шинээр ажил орж буй ажилтанг 3 сар хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулдаг бөгөөд туршилтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүн, идэвхи санаачлагыг дүгнэж, цаашид үндсэн ажилтанаар ажиллуулах, эсвэл гэрээг дуусгавар болгох эсэхийг хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.29 дэх заалт, хөдөлмөрийн түр гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч шийддэг. Н.Х  нь туршилтын хугацаанд ажиллах хугацаандаа ажлын үр дүн, гүйцэтгэлийн үнэлгээгээр хангалтгүй байсан тул үндсэн ажилтнаар жинхэлж цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж, туршилтын хугацааны гүйцэтгэлийн үнэлгээний хуудсаар гэрээ цуцлах саналыг талууд баталгаажуулан гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 02-ний өдрийн Б/94 тоот тушаалаар хөдөлмөрийн түр гэрээг нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусгавар болгосон. Тухайлбал туршилтын хугацаан дахь гүйцэтгэлийн үнэлгээгээр эхний сар буюу 1 дүгээр сард 85 хувь, 2 дугаар сард 75 хувь, 3 дугаар сард 66 хувь болж буурч ажлын үр дүн гүйцэтгэл хангалтгүй байсан тул түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн түр гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.2 ахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн түр гэрээг дуусгавар болгосон. Туршилтын хугацааны гүйцэтгэлийн үнэлгээг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч тухай бүр гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа “...ажил олгогч цаашид үргэлжлүүлэх саналтай байсан” хэмээн бичсэн нь үндэслэлгүй юм. Харин өөртэй нь харилцан тохиролцож компанид тодорхой ажлуудыг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхээр 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээг байгуулан ажиллуулсан. Энэхүү хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэх ажил нь хуульчийн нарийн мэргэжлийн ур чадвар шаардахгүй, техникийн ажил буюу эрх зүйн актын нэгдсэн санг файлаар үүсгэх тодорхой ажлуудыг гүйцэтгэхээр тохиролцон хөлсөөр ажиллах гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан байдаг. Тэрээр хөлсөөр ажиллах гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 20 гаруй хоног ажилласны дараа уг гэрээг өөрийн саналаар цуцлах хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр компанийн захиргаанд гаргасан. Уг гэрээнд нэхэмжлэгч Н.Х  өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан бөгөөд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанчлан уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Н.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан ...туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг сунгаж ажиллуулахад дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж болдоггүй тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байна” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд компанийн зүгээс тийм тайлбар өгөөгүй болно. Компанийн хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн түр гэрээнд заасны дагуу туршилтын хуацаанд ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн гэж үзвэл цаашид жинхэлж хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахаар заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрөө эрх зүйч мэргэжилтэй, хуульчаар ажиллаж байсан хүний хувьд үүнийг мэдэхгүй байна гэж үзэхгүй байна. Хэрэв хууль бус шаардлага, тайлбар гаргасан гэж үзсэн бол гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй, холбогдох байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэлээ гаргасан гэж үзэж байна. Хэрвээ өмнөх хөдөлмөрийн гол маргаан болох хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалд гомдол гаргасан бол ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгуулах, цалинтай тэнцэх нөхөн олговорыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх гэх мэт шаардлага гаргаж болох юм. Гэтэл уг тушаалыг хүчингүй болгуулах, хуульчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэсэн хөдөлмөрийн харилцаатай үйл баримт нэхэмжлэлийн шаардлагад байхгүй, уг хөдөлмөрийн түр гэрээтэй холбоотой гомдол гаргах хугацаа өнгөрсөн учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад зааснаар хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцлийг хуульд зааснаас дордуулсан учраас хугацаандаа хандсан гэх тайлбарыг гаргаж байна. Хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гээд байна уу эсхүл өмнө нь байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаад байна уу гэдэг нь тодорхойгүй. Өмнөх гэрээ бол хуульд нийцсэн, сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалт хүртэл хуульд нийцсэн хүчин төгөлдөр. Иймд нэхэмжлэлийн шаардлагагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:АИ  ” ХХК-д холбогдуулан гаргасан 19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Н.Х-той хөдөлмөрийн гэрээ байгуулан хуульчаар ажилуулахыг “АИ  ” ХХК-д даалган, ажилгүй байсан  хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн туршилтын хугацааны гэрээг дуусгавар болгосон тус компанийн захирлын 2019 оны 04 сарын 02 өдрийн Б/94 дугаар тушаалтай нэхэмжлэгч маргаагүй, уг тушаалтай холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн дүгнэлт хийсэн нь маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс "хөлсөөр ажиллах гэрээ" нэртэй гэрээ байгуулсан боловч тэрхүү харилцаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж тайлбарлаж буй шалтгаанаа нэхэмжлэгчийн зүгээс дараах хүснэгтээр тус гэрээнүүдийг харьцуулан үзсэн болно УДШ-ийн 2012 оны 6 сарын 15 өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдюрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 1.3-н "б"-д "байнгын ажлын байр" гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс тогтоомон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлага дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг олгоно" гэж тайлбарласан. Гэтэл талуудын хооронд үүссэн харилцаа нь байнгын ажлын байрны харилцаа байхад Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Мөн УДШ-ийн дээрх зөвлөмжийн 4.2-т "Хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол Хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр... байдаг" талаар тайлбарласан. Гэтэл Хөлсөөр ажиллах гэрээний 1.1-1.11-д заасан нөхлүүдийг узвэл Хөлсөөр ажиллах гэрээний шинжгүй, Хөдөлмөрийн гэрээний шинжтэй буюу Н.Х  нь өөрийн чөлөөт боломжоор бус "АИ  " ХХК-ийн дотоод журмыг мөрдөн, ажилын цагийн дагуу ажиллахаар байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд нийгмийн даатгал нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: 2019 оны 4 сарын 02 өдөр буюу Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа талуудын хооронд үүсч Н.Х-ын зүгээс 2019 оны 4 сарын 22 өдөр "АИ  " ХХК-д гаргасан “...хөлсеөр ажиллах гэрээгээр ажиллах боломжгүй, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах...” агуулгатай хүсэлт гаргаснаар ажил олгогчийн зүгээс тушаал бичгээр гаргалгүйгээр амаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосноор 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай маргаан үүссэн. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр мөн өдрөөс тоологдоно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүтээр зүйлд заасан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд ^ ийгмийн даатгал нөхөн төлүүлэх шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны шүух туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон Б/94 дугаар тушаалыг маргааны зүйл гэж ойлгон, маргаагүй зүйлийг шийдвэрлэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Түүнчлэн УДШ-н 2012.06.15 өдрийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 3-ын 3.2-д тайлбарласнаар "ажилтныг ажлаас халсан шийдвэр бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй баЙгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ" гэжээ. Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчын тушаалтай маргаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Х  нь нь хариуцагч “АИ ” ХХК-д холбогдуулан 19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Н.Х-той хөдөлмөрийн гэрээ байгуулан хуульчаар ажилуулахыг АИ   ХХК-д даалган, ажилгүй байсан  хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн түр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад хуульчаар ажиллахаар мөн өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын    06-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулахаар тохиролцсон байна. Түүнчлэн, “АИ  ” ХХК-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Б/94 тоот “Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Компанийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.6, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт болон Н.Х-той байгуулсан түр гэрээний 3.4, 7.1-д заасныг тус тус үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийн түр гэрээний хугацаа дуусгавар болж, сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр Н.Х-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Н.Х  нь туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг сунгаж ажиллуулахад дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж болдоггүй тул хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Н.Х-той хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалтай холбогдуулан гаргасан шаардлага гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар “ажлаас буруу халсан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, дээрх тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талуудын хүсэл, зориг бүрэн илэрхийлэгдсэн, гүйцэтгэх ажлын жагсаалт гаргасан, хэн аль нь эрх, үүрэгтэй танилцсан үйл баримт тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “АИ  ” ХХК-ийн хүний нөөцийн албанд “хөлсөөр ажиллах гэрээг цуцлах” тухай хүсэлт гаргасан байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл хэргийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт      оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/02186 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 19/141-А тоот хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Н.Х-той хөдөлмөрийн гэрээ байгуулан хуульчаар ажиллуулахыг “АИ  ” ХХК-д даалган, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Н.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

       ШҮҮГЧИД                                               Д.ЦОГТСАЙХАН

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ