| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2005015491078 |
| Дугаар | 2020/ДШМ/1381 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганхуяг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ДШМ/1381
2020 10 29 2020/ДШМ/1381
, Б.Б-, Б.М-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч ийн өмгөөлөгч Д.Ганхуяг,
шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Батбаяр,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Батгэрэлийн бичсэн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 61 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн , Б.Б-, Б.М- нарт холбогдох 2005015491078 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Э-ий Б-, Улаанбаатар хотод 1992 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Шилэн Соёмбо” ХХК-д ажилладаг гэх, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, Дамбадаржаа 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/,
2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
2. Н овгийн Б-гийн Б, Улаанбаатар хотод 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;
3. Б овгийн Б-гийн М, Улаанбаатар хотод 1994 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Шар хадны 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/,
2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
Б.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 1а байрны 17 тоотод хамтран амьдрагч Б.М-г жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, тохой, шуу шилбэ, гуянд цус хуралт, тохой шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
нь энэ үед хохирогч Б.М-г жирэмсэн болохыг мэдсээр байж, зүүн хацар руу нь алгадаж, толгойгоор нь цонх мөргүүлж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.М- нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол 1а байрны 17 тоотод бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 626,200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б-, нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж, Б.М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Б.Б-ийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.М-г бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Б.Б-ийн цагдан хоригдсон 1 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 472 цагийн хугацаагаар тогтоож, цагдан хоригдсон хоноггүй, Б.Б-, нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг хохирогч Б.М-д нээлттэй үлдээж, хохирогч С.Сэрчмаа өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Б.М-гаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Батгэрэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг эс зөвшөөрч байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг зөрчсөн.
Шүүхийн хэлэлцүүлгээр Б.М- бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 276,200 төгрөгийн хохирол учруулсан нь бага хэмжээний хохирлоос бага байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “... бага бус хэмжээнээс дээш хохирол ...” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан ойлголтыг хэрэглэснийг нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байх тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч ийн өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар , Б.Б-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 1а байрны 17 тоотод шүүгдэгч Б.Б- нь хамтран амьдрагч Б.М-г жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, тохой, шуу шилбэ, гуянд цус хуралт, тохой, шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, энэ үеэр шүүгдэгч нь хохирогч Б.М-г алгадаж, цонх мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.М-н “... Б- “Манай өвөө бид хоёрыг зоддог байсан, бид ямар ч хэрэг хийсэн цуг байж, хоёулаа хүлээдэг байсан” гэх мэт зүйл ярьсан. Тэгэхээр нь би “Та хоёрыг нийлээд юу хийдгийг бүгдийг нь мэднэ” гэхэд Б- “Чам шиг хачин ... юу мэддэг юм, танай ээжийг чинь шоглоно, тэр балгасыг чинь шатаана, ар талаа харж яваарай, буудна шүү” гэх зэргээр дайрч миний цээж рүү толгойгоороо мөргөсөн. Тэгээд “Май, май, чам шиг ... бол яаж ч чадахгүй” гээд дайраад байхаар нь Батхишигт хандаж “Энийг гаргаач ээ” гэсэн чинь Батхишиг “Хүний толгойг яаж мэддэг юм” гэж орилж босч ирээд миний идэж байсан гоймонг гал тогооны цонх руу шидсэн. Гал тогооны цонх хагарч над руу шилний үүрмэг үсэрсэн. Би зөрүүлээд халбага шидсэн боловч оноогүй. Энэ үед Б- миний цээж рүү толгойгоороо мөргөж байснаа хацарт 1 удаа алгадаж, нүүрний хоёр талаас бариад хойш түрсээр цонхонд тулгаад толгойгоор нилээн хэдэн удаа цонх мөргүүлсэн. Нилээн удаан маргалдаж, эд хогшил эвдсэн. Тэгээд Батхишигийг гарах гэхээр нь хориглоход намайг алгадаад, буйдангийн урд татаж унагаад дээрээс толгой, зүүн мөр рүү нилээн хэдэн удаа цохьсон. Мөн хугархай шүүрний ишээрээ намайг замбараагүй цохьсон. Би болиулах гэж тийчлэхэд миний гэдэс, цээжинд нилээн хэдэн удаа өшиглөсөн. Орой нуруугаар өвдөөд байсан, өглөө 07 цагийн үед доошоо цус гарсан байсан. ... Би одоо 4 сартай жирэмсэн. ...” /хх 65-67, 68, 69-70/,
гэрч Э.Хатанбаатарын “... 00 цагаас 06 цаг хүртэл Мандухай нийт 27 удаа над руу залгасан байсан. Би утасныхаа дууг хаагаад унтсан учраас сонсоогүй. Мандухайгаас “Хатнаа туслаарай, ээжид битгий хэлээрэй гуйж байна, бөөнөөрөө зодож алах гээд байна, ... намайг аваач, утас унтрах гээд байна, Богд ард байна, 1а 17 тоот шүү, би аймаар айж байна, надад чамаас өөр залгах хүн алга”, “Гуйя, Хатнаа утсаа ав, гуйж байна, би айгаад байна, миний утас холбогдохгүй байсан ч намайг ирж аваарай”, “Хатнаа миний цус тогтохгүй байна, надад туслаарай гуйя, би маш их айж байна, намайг хурдан ав”, “Хатнаа надад байх газар хэрэгтэй байна, Урангоод битгий хэлээрэй, санаа нь зовчихно, ээж ах хоёр бас аймаар байгаа, утсаа ав, ярих юм байна”, “За, за хэрэггүй дээ, баярлалаа” гэсэн мессежүүд ирсэн байсан учраас цагдаад хаягаар нь дуудлага өгсөн. ...” /хх 72-73/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Б.М-д тархи доргилт, тохой, шуу, шилбэ, гуянд цус хуралт, тохой, шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 4705 тоот шинжээчийн дүгнэлт /хх 85-86/,
шинжээч эмч Н.Туяагийн “...Томогарфи авахуулсан зураг байхгүй үед мэдрэлийн үзлэгээр тархи доргилт гэмтлийг тогтоох боломжтой. Үзүүлэгч нь жирэмсэн тохиолдолд урагт хор нөлөө ихтэй байдаг учраас компьютер шинжилгээ хийх боломжгүй тул мэдрэлийн үзлэгээр гэмтлийг тогтоосон. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 90-91, 92/ гэсэн мэдүүлэг,
Аюулын зэргийн үнэлгээ /хх 36-39/, хохирогч Б.М-н жирэмслэлтийн талаар эмнэлгийн бичиг баримтууд /хх 44-46/, бичлэг бүхий “CD”-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдов.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Шүүгдэгч нь хохирогч Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа алгадаж, цонх мөргүүлэн тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бол шүүгдэгч Б.Б- нь хамтран амьдрагч Б.М-г найз той маргалдсанаас нь болж алгадаж, татаж унаган гараараа болон шүүрний ишээр цохиж зодон тархи доргилт, тохой, шуу шилбэ, гуянд цус хуралт, тохой, шуунд зулгаралт бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх ба тэрээр хохирогчийг жирэмсэн болохыг мэдэж байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж үйлдсэн” гэсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ийн хувьд хохирогчийг жирэмсэн болохыг гарцаагүй мэдсэн, эсхүл мэдэх бүрэн боломжтой байсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар эргэлзээгүй нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.
Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Б.Б-, нарын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.
Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Б-, нарт холбогдох хэсгийг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзлээ.
Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч Б.М-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа тогтоох хэсгийн 3 дахь заалтад уг хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, хоорондоо илт зөрчилтэй шийдвэр гаргажээ. Энэ талаар улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл үндэслэл бүхий байх боловч шийдвэрт өөрчлөлт оруулах замаар шүүхийн алдааг залруулах боломжгүй тул шийтгэх тогтоолоос шүүгдэгч Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн учир улсын яллагчийн эсэргүүцлээс хохирлын хэмжээний талаар болон хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх асуудалд хууль дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/722 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.М-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцтэл түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН