| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2017/0317/З |
| Дугаар | 128/ШШ2018/0021 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2018/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т**** О*** ХХК /РД:51****8 /
Нэхэмжлэгч: Т**** о****-3 ХХК /РД:57****9/
Хариуцагч: Нийслэлийн тээврийн газар
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Нийслэлийн тээврийн газарт 2015 оны 8-12 дугаар сарын нэхэмжлэгчийн зардлын санхүүжилтээр олгох санхүүжилтээс суутган тооцож хасахыг чиглэл өгч үүрэг болгосон үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох,
Нийслэлийн тээврийн газарт холбогдуулан Нийслэлийн тээврийн газрын Т**** О*** ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс 2015 оны 8-11 дүгээр сард шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд 184,***,067 төгрөг, 11 дүгээр сард орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 60,***,392 төгрөг, 10-11 дүгээр сард мөнгөний хайрцаг эвдэрсэнд 98,***,235 төгрөг, нийт 343,***,694 төгрөгийг суутган тооцож хассан болон зардлын санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч Т**** О*** ХХК-д хариуцагч Нийслэлийн тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох үндэслэлгүйгээр суутгагдсан шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд суутгагдсан үндэслэлээр суутгагдсан 184,***,067 төгрөгийг гаргуулах, Орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд хүрээгүй үндэслэлээр суутгагдсан 60.***,392 төгрөгийг гаргуулах, Мөнгөний хайрцаг эвдсэн үндэслэлээр суутгагдсан 98,***,235 төгрөгийг гаргуулах, нийт 343,***,694 төгрөгийг Нийслэлийн тээврийн газраас гаргуулах,
Нийслэлийн тээврийн газрын Т**** о****-3 ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс 2015 оны 8-11 дүгээр сард шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд 61,*******,592 төгрөг, 11 дүгээр сард орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54,*******,418 төгрөг, 10 дугаар сард мөнгөний хайрцаг эвдсэнд 26,*******,874 төгрөг, нийт 142,*******,884 төгрөгийг суутган тооцож хассан болон зардлын санхүүжилтыг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч Т**** о****-3 ХХК-д хариуцагч Нийслэлийн тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох үндэслэлгүйгээр суутгагдсан шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд суутгагдсан үндэслэлээр суутгагдсан 61,*******,592 төгрөгийг гаргуулах, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд хүрээгүй үндэслэлээр суутгагдсан 54,*******,418 төгрөгийг гаргуулах, мөнгөний хайрцаг эвдсэн үндэслэлээр суутгагдсан 26,*******,874 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*****, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х******з, С.М******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т**** О*** ХХК, Т**** о****-3 ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т**** О*** ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс, Т**** о****-3 ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхээр үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Т**** О*** ХХК болон Т**** о****-3 ХХК-иуд нь Нийслэлийн тээврийн газартай 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 1-06/15, 1-36/15 тоот Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулан ажиллаж байсан ба 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байдаг. Нийслэлийн тээврийн газар, УУ*Б*К ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс Нийтийн тээврийн автобус, троллейбусанд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах гурван талт гэрээ-г байгуулсан.
2015 оны 8-11 дүгээр саруудад Т**** О*** ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 184,***,067 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 60,*******,392 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн 98,***,235 төгрөг, нийт 343,***,694 төгрөг суутган тооцож хассан байна. 2015 оны 8-11 дүгээр саруудад Т**** о****-3 ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин ниймгийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 61,*******,592 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54,*******,418 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн 26,*******,874 төгрөг, нийт 142,*******,884 төгрөг суутган тооцож хассан байна.
Нийслэлийн тээврийн газрын 2015 оны 8-12 дугаар сард нэхэмжлэгчид зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс суутган тооцож хассан зардлын санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж үзэж байна. Суутган тооцож хассан үйл ажиллагаа болон санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа нь хууль бус үйл ажиллагаа болохыг мөн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг Нийслэлийн аудитын газар шалгаад гүйцэтгэлийн аудитын тайлан гаргасан байдаг. Нийслэлийн аудитын газрын Нийслэлийн тээврийн газрын 2013-2015 оны зарим үйл ажиллагааны үр дүнд хийсэн НАГ-АХ/2016/-ГА8-02/ГА дугаартай гүйцэтгэлийн аудитын тайланд зардлын санхүүжилтийг үндэслэлгүй суутгагдсанг тогтоон зардлын санхүүжилтыг олгохдоо заавар журмыг бүрэн мөрдөөгүй байгааг дүгнэн тайланг Нийслэлийн тээврийн газарт хүргүүлсэн байдаг. Нийслэлийн тээврийн газар нь тайланг хүлээн авч, хүлээн зөвшөөрч санал нэг байгаа бөгөөд зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч ажиллахаа 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1/935 дугаартай албан тоотоороо хариу мэдэгдсэн байдаг. Гэтэл үндэслэлгүй суутгагдсан шалтгаанаа нотолж чадахгүй суутгагдсан санхүүжилтийг олгохгүй байгаад гомдолтой байна.
2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 6 дугаар хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталсан.
Үүний дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн нэгж зардлыг санхүүжүүлэхээр баталсан.
Т***** о**** ХХК-д 2015 оны 8-12 дугаар саруудад 3,042,854,679 төгрөгийн (гурван тэрбум дөчин хоёр сая найман зуун тавин дөрвөн мянга зургаан зуун далан есөн) төгрөгийн; санхүүжилт олгогдохоос үндэслэлгүйгээр нийт 343,***,694 (гурван зуун дөчин гурван сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөгийн, Т**** о****-3 ХХК-д 2015 оны 8-12 дугаар саруудад 794,*******,059 (долоон зуун ерэн дөрвөн сая зургаан зуун есөн мянга тавин дөрөв) төгрөгийн санхүүжилт хийгдэхээс нийт 142,*******,884 (нэг зуун дөчин хоёр сая хорин долоон мянга найман зуун наян дөрөв) төгрөгийн хасалт хийж суутган тооцсон.
2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс цахим төлбөрийн системд шилжсэнээр Нийслэлийн тээврийн газар болон У*Б*К ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай шугамын орлогын төлөвлөгөөний ямар нэгэн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан. Мөн орлогын доод хязгаарыг тогтоохтой холбоотой үйл ажиллагаа зохицуулах зорилготой Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналтын автобус ажиллуулах журам нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн тээврийн газрын даргын А/122 дугаартай тушаалаар батлагдсан гарсан байтал орлогын доод түвшин биелүүлээгүй гэх үндэслэлгүй шалтгаанаар Т**** О*** ХХК-аас 11 дүгээр сард 60,*******,392 төгрөгийг, Т**** о****-3 ХХК-аас 11 дүгээр сард 54,*******,418 төгрөгийг тус тус хасаж суутгасан.
Цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд автобус тус бүрд мөнгөний хайрцаг байршуулсан боловч мөнгөний хайрцгийг ашиглах журам, хөрөнгө хүлээлцсэн хоёр талын акт баримт байхгүй, мөнгөний хайрцаг эвдэрсэн эсэхийг тогтоосон зүйл байхгүй байхад мөнгөний хайрцаг эвдэрсэн гэх үндэслэлгүй шалтгаанаар Т**** О*** ХХК-аас 10 дугаар сард 67,690,738 төгрөг, 11 дүгээр сард 31,*******,497 төгрөг, Т**** о****-3 ХХК-аас 10 дугаар сард 26,*******,874 төгрөгийг тус тус хасаж суутгасан.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгагч түр гэрээгээр ажиллуулах журам 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн тээврийн газрын даргын А/112 тоот тушаал гарсан боловч шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд гэх үндэслэлгүй шалтгаанаар Т**** О*** ХХК-аас 8 дугаар сард 40,*******,170 төгрөг, 9 дүгээр сард шалгагч 42,*******,749 төгрөг. 10 дугаар сард 52,283,090 төгрөг, 11 дүгээр сард 48,592,058 төгрөг, Т**** о****-3 ХХК-аас 8 дугаар сард 13,,718 төгрөг, 9 дүгээр сард 14,,438 төгрөг, 10 дугаар сард 16,,818 төгрөг, 11 дүгээр сард 16,,618 төгрөгийг тус тус хасаж суутгасан.
Дээрхи асуудлуудаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02567 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 880 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00844 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 00403 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1714 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 00039 дугаартай тогтоол тус тус гарсан.
Иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр Нийслэлийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар суутган тооцож хассан үндэслэлээ дээрээс шууд хас гэсэн, бидэнд чиглэл өгсөн, төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах ёсны дагуу суутгал хийсэн, дээрээс өгсөн чиг үүргийн дагуу суутгал хийсэн гэх зэргээр тайлбарладаг бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрт хамааралгүй асуудлаар, өөрийн чиг үүрэгт байхгүй эрх хэмжээгээр, хууль бусаар үүрэг даалгавар өгсөн нь нотлогддог. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Нийслэлийн тээврийн газарт 2015 оны 8-12 дугаар сарын нэхэмжлэгчийн зардлын санхүүжилтээр олгох санхүүжилтээс суутган тооцож хасахыг чиглэл өгч, үүрэг болгоод байгаа энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь илт хууль бус гэж үзэж байгаа ба нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж олгогдох ёстой байсан санхүүжилт 1,5 жилийн хугацаа өнгөрсөн байтал олгогдохгүй өнөөдрийг болтол маш их хохирол учруулсаар байдаг. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа нэгэнт хийж гүйцэтгэсэн байхад санхүүжилтийг үндэслэлгүйгээр хууль бусаар суутган тооцож хассанд гомдолтой байна.
Иймд Нийслэлийн тээврийн газрын 2015 оны 8-12 дугаар сард нэхэмжлэгчид зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс суутган тооцож хассан болон зардлын санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус болох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Нийслэлийн тээврийн газарт нэхэмжлэгчийн зардлын санхүүжилтээр олгох санхүүжилтээс суутган тооцож хасахыг чиглэл өгч үүрэг болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тус тус тогтоон Нийслэлийн тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс үндэслэлгүй суутган тооцсон Т**** О*** ХХК-д 343,***,694 (гурван зуун дөчин гурван сая долоон зуун наян есөн мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөг, Т**** о****-3 ХХК-д 142,*******,884 (нэг зуун дөчин хоёр сая хорин долоон мянга найман зуун наян дөрөв) төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Нийслэлийн тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*****, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолын дагуу зохицуулагдах бөгөөд тогтоолын 3 дахь хэсэгт "Энэхүү журам, тариф батлагдсантай холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг шийдвэрлэн ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-/-д зөвшөөрсүгэй гэж заасан. Энэхүү тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.
Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмын 1.1 дэх заалтад 1.1. Энэхүү журмын зорилго нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрснээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, "У*Б*К" ХХК, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог түргэн шуурхай явуулах, үйлчилгээний орлогыг нэгдсэн дансанд төвлөрүүлэх, хуваарилах, шугамын орлого бүрдүүлэлтэд хяналт тавих, нийслэлийн төсөвт тусгах, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино." гэж тодорхойлсон байна.
Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолыг биелүүлэн ажилласан захиргааны байгууллага болох Нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна.
Энэхүү санхүүжилтийн үйл ажиллагаа нь зөвхөн дээрх журмын хүрээнд гүйцэтгэлээр санхүүжүүлсэн ба Төсвийн тухай болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжоор төсвийн санхүүжилтийг ажил үйлчилгээ болон зардлын гүйцэтгэлийг үндэслэж санхүүжүүлсэн болно.
Нэхэмжлэгч компаниуд 3 төрлийн тооцоололтой холбоотой гомдол гаргасан.
Шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд олгох санхүүжилтийн тооцоолол: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан 1 машин цагийн зардлын тооцоонд шалгагчийн цалин хөлсийг 8 цагаар ажиллахаар тооцож оруулсан байдаг. Нийслэлийн Тээврийн газраас Т*****-о*** ХХК, Т****-о*****-3 ХХК-иудын 2015 оны 08-11 дүгээр саруудын Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг үндэслэн, дээрх хугацаанд шалгагч нартаа өгсөн цалинг нь зардлын санхүүжилтээр олгосон тул тус компанийн шалгагч нарын цалин, Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд Т*****-о*** ХХК-ийн зардлын санхүүжилтээс хасаж тооцсон 184,***,067 төгрөг, Т****-о*****-3 ХХК-ийн 61,*******,592 төгрөгийг буцаан олгох нь тус тус үндэслэлгүй гэж үзэж байна.
Орлогын доод хязгаарт хүргээгүй тооцоолол: Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл тус бүрийн орлогын мэдээ тайлан У*Б*К ХХК-д хүргүүлж байхыг Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад тус газраас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1809 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Гэвч Т*****-о*** ХХК, Т****-о*****-3 ХХК-иуд өөрийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдийн орлогын мэдээллийг ирүүлээгүй тул 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Тээврийн газар нь тухайн чиглэлүүдийн зорчигч урсгалын судалгаанд үндэслэн Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам-ын 4.2 дах хэсэгт заасны дагуу орлогын доод хязгаарыг тогтоосон болно.
Энэ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолоор батлагдсан Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам-ын 2.3 дахь хэсгийг Т**** О*** ХХК, Т**** о****-3 ХХК-иуд хэрэгжүүлэхээр тодорхой ажил зохион байгуулж ажиллаагүй гэж үзэн тус компаниудын төвлөрүүлсэн орлогын дүнг Нийслэлийн Тээврийн газраас тухайн чиглэлүүдэд тогтоосон орлогын доод хязгаартай жишиж дутуу төвлөрүүлсэн орлогыг үйл ажиллагааны зардлын санхүүжилтээс хасаж тооцсон.
Иймд Т**** О*** ХХК-ний 60.*******.392 төрөг, Т****-о*****-3 ХХК-ийн 54.*******.418 төгрөгийг буцаан олгох нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Бэлэн мөнгөний эвдэрсэн хайрцаг эвдэлсэн шалтгаанаар хийсэн тооцоолол: 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Т*****-о*** ХХК, Т****-о*****-3 ХХК-ийн нийтийн тээврийн автобус, троллейбус удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах 06/03-020 дугаар, 06/03-019 дугаар гурван талт гэрээ тус тус байгуулагдсан.
Уг гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 26 өдрийн УБСК ХХК-иас Нийслэлийн Засаг даргын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлсэн тайлангаар Т***** о***XXК-ийн автобусуудад суурилуулсан бэлэн мөнгөний нийт 274 хайрцгаас 69 хайрцаг эвдэрсэн тул компанид олгох 2015 оны 10 дугаар сарын санхүүжилтийн дүнгээс 67.690.738 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн У*Б*К ХХК-иас ирүүлсэн тайлангаар 54 хайрцаг эвдэрснийг дээрхи гэрээний 5.6.3-д Тоног төхөөрөмж алдагдах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын жолооч кондукторын буруутай үйлдлээс төхөөрөмж эвдэрсэн гэмтсэн бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага бүрэн хариуцна., 6.1-д Гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас аль нэг талд болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан нь нотлогдвол буруутай тал хохирлыг бүрэн хариуцна. гэж заасан тул 31,*******,497 төгрөг буюу нийт 98,***,235 төгрөгийн үйл ажиллагааны зардлын санхүүжилтээс хасаж тооцсон болно.
Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний хайрцгуудыг санаатайгаар эвдсэн нь нийтийн тээврийн үйлчилгээний орлого тодорхой хувиар буурч, тус гэрээний 5.6.3, 6.1 дэх заалтыг үндэслэн бэлэн мөнгөний хайрцаг эвдсэн шалтгаанаар Т**** о ХХК-аас хасаж тооцсон 98,***,235 төгрөг, Т**** о****-3 ХХК-аас хасаж тооцсон 26,*******,874 төгрөгийг буцаан олгох нь тус тус үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ
Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******, Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс цахим төлбөрийн системд шилжих үйл явц явагдаад картын систем болон мөнгөний хайрцгаар нийтийн тээврийн тээвэрлэлтийн хөлсийг авдаг журамд шилжсэн.
2015 оны 08 дугаар сараас эхлэн орлогын хэмжээ эрс багассан. Өмнө нь 2.3 тэрбум төгрөгийн орлого ордог байсан боловч 1 тэрбум төгрөгийн орлого ордог болсон. Машин цагийн алдагдлын зөрүүнд өгч байгаа санхүүжилтийг төсөвт тусгасан мөнгөөр олгодог манай байгууллагын хувьд энэ асуудалд анализ хийсэн.
Улмаар нийтийн тээврийн хяналтын байцаагч, авто тээврийн байцаагч, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд өдөрт дор хаяж 2 автобусанд сууж үзэн хяналт тавихад шалгагч нар ажиллахаа больсон байсан бөгөөд байнга шахаж шаарддаг байсан шалгагч нар ажиллахгүй байгаа учраас орлого буурсан гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Миний бие Нийтийн Тээврийн газрын эдийн засагч нартай хамтран машин цагийн зардлын тооцоог бодож аль аль талдаа алдагдалгүй байхаар тооцоолж 4 төрлийн тариф гаргасан. Энэхүү тарифыг гаргахдаа автобусны жолооч, шалгагчийн цалин, шатахуун, сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал, тухайн компанийн удирдлага, оффисын ажилчдын цалинг хүртэл тооцон төсвөөс 49 тэрбум төгрөгийн алдагдлыг нь хүлээхээр болсон. Гэтэл орлого нь багасан, төсвөөс хүлээх 49 тэрбум төгрөгийн алдагдал нь ихсэх гээд байсан учраас шалгагч нарыг ажиллуулаагүй хугацааны тооцооллыг гаргасан. Компаниудтай байгуулсан гэрээний 3.2.12-т шалгагч нарыг нарыг бүрэн ажиллуулна гэж заасан байсан.
Улмаар шалгагч нар нэгэнт ажиллаагүй учраас нэг цагийн зардлыг 2018 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийг 243 төгрөгөөр тооцоолж нийт авах ёстой шалгагчийн цалинг суутгасан. Хэрэв шалгагчийг ажиллуулсан бол ажилласан цагийн тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж ирүүлэх талаар компаниудад мэдэгдсэн. Үүний дагуу шалгагч ажиллуулсан компаниудад санхүүжилтийг нь өгсөн.
Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б-д тус тус заасан байгаа. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6/22 дугаар тогтоолоор үүрэг болгосон... гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т**** О*** ХХК болон Т**** о****-3 ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Нийслэлийн тээврийн газарт 2015 оны 8-12 дугаар сарын нэхэмжлэгчийн зардлын санхүүжилтээр олгох санхүүжилтээс суутган тооцож хасахыг чиглэл өгч үүрэг болгосон үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох,
Харин Нийслэлийн тээврийн газарт холбогдуулан Нийслэлийн тээврийн газрын Т**** О*** ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс 2015 оны 8-11 дүгээр сард шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд 184,***,067 төгрөг, 11 дүгээр сард орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 60,*******,392 төгрөг, 10-11 дүгээр сард мөнгөний хайрцаг эвдэрсэнд 98,***,235 төгрөг, нийт 343,***,694 төгрөгийг суутган тооцож хассан болон зардлын санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч Т**** О*** ХХК-д хариуцагч Нийслэлийн тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох үндэслэлгүйгээр суутгагдсан шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд суутгагдсан үндэслэлээр суутгагдсан 184,***,067 төгрөгийг гаргуулах, Орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд хүрээгүй үндэслэлээр суутгагдсан 60.***,392 төгрөгийг гаргуулах, Мөнгөний хайрцаг эвдсэн үндэслэлээр суутгагдсан 98,***,235 төгрөгийг гаргуулах, нийт 343,***,694 төгрөгийг Нийслэлийн тээврийн газраас гаргуулах,
Нийслэлийн тээврийн газрын Т**** о****-3 ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс 2015 оны 8-11 дүгээр сард шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд 61,*******,592 төгрөг, 11 дүгээр сард орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54,*******,418 төгрөг, 10 дугаар сард мөнгөний хайрцаг эвдсэнд 26,*******,874 төгрөг, нийт 142,*******,884 төгрөгийг суутган тооцож хассан болон зардлын санхүүжилтыг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгч Т**** о****-3 ХХК-д хариуцагч Нийслэлийн тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох үндэслэлгүйгээр суутгагдсан шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд суутгагдсан үндэслэлээр суутгагдсан 61,*******,592 төгрөгийг гаргуулах, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд хүрээгүй үндэслэлээр суутгагдсан 54,*******,418 төгрөгийг гаргуулах, мөнгөний хайрцаг эвдсэн үндэслэлээр суутгагдсан 26,*******,874 төгрөгийг гаргуулах гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно[1].
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг: Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн тээврийн газарт 2015 оны 8-12 сарын нэхэмжлэгчийн зардлын санхүүжилтээр олгох санхүүжилтээс суутган тооцож хасахыг чиглэл өгч үүрэг болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолд[2] заасны дагуу зардлын санхүүжилтийн олгох ёстой мөнгийг Нийслэлийн Тээврийн газраас олгохгүй байгаагаа Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу суутгасан гэж хэлдэг. Энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д ...нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 29.1.4.б-д өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биeлэлтийг хангуулах аар, мөн Авто тээврийн тухай 7 дугаар зүйлийн 7.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь автотээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 7.1.1-д нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах гэж заасан, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан[3] Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмын 1.1 дэх заалтад Энэхүү журмын зорилго нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ...Нийслэлийн Засаг даргын Тамгын газар...Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог түргэн шуурхай явуулах, үйлчилгээний орлогыг нэгдсэн дансанд төвлөрүүлэх, хуваарилах, шугамын орлого бүрдүүлэлтэд хяналт тавих, нийслэлийн төсөвт тусгах, нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино" гэж тодорхойлсон зэргээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд харьяалах нутаг дэвсгэрийнхээ нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гарсан журам, стандартын биeлэлтийг хангуулах, түүнд хяналт тавих үүргийнхээ дагуу үүрэг чиглэл өгсөн байх бөгөөд энэхүү үйлдэл, үйл ажиллагаанд дээр дурьдсан Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус акт-ын шинж тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулсан гаргасан ...Нийслэлийн Засаг даргын үйлдэл,...илт хууль бус болохыг тогтоолгох... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хоёр: Т**** О*** ХХК-д болон Т**** о****-3 ХХК-иудаас Нийслэлийн тээврийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч нарын хохиролд шаардаж буй мөнгөн дүн өөр боловч маргаж буй үндэслэл, тайлбар ижил утга агуулгатай байх тул шүүх тэдгээрийг нэгтгэж доор дурьдсан хууль зүйн дүгнэлтүүдийг өгсөн болно.
2.1.Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлжээ.
Үүнээс үзвэл Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас
эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж буй хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг хүлээн авсанаас, эсхүл мэдсэнээс хойш буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан ...30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана..., харин 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана-аар байна.
Хэргийн үйл баримтаас үзвэл анх нэхэмжлэгч Т**** О*** ХХК болон Т**** о****-3 ХХК-иудаас Нийслэлийн Тээврийн газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн сангийн хэлтэст холбогдуулан ...485.817.578 төгрөг гаргуулах тухай... шаардлага бүхий нэхэмжлэлээ[4] иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргаан гэж үзэж 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр /хуучнаар/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шатны шүүхэд гаргасан байна[5].
Шүүх уг хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын журмаар тухай бүрийн шүүхийн шийдвэрийг хянан үзээд эцэст нь Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/00039 дүгээр тогтоолоор ...нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсхүл захиргааны актын зохих ёсоор биелүүлээгүй үйлдлээс улбаатай гэж үзэх...үндэслэлийг тодруулж, зохих дүгнэлт хийгээгүй... гэж дүгнэн[6] хэргийг дахин хэлэлцүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/757 дугаар албан бичгээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байна[7].
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Т*****-о*** ХХК болон Тэнүүн-Огоо 3 бааз ХХК-иудаас Нийслэлийн Тээврийн газар болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн тээврийн газрын 2015 оны 8-12 дугаар сард нэхэмжлэгчид зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс суутган тооцож хассан үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Нийслэлийн тээврийн газарт 2015 оны 8-12 сарын нэхэмжлэгчийн зардлын санхүүжилтээр олгох санхүүжилтээс суутган тооцож хасахыг чиглэл өгч үүрэг болгосон үйлдэл, үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан Т**** О*** ХХК-д нийт 343,***,694 төгрөг, Т**** о****-3 ХХК-д нийт 142,*******,884 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл, түүний дотор энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно[8].
Учир нь нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас эрхээ зөрчигдсөн гэж үзсэн этгээд уг захиргааны актыг мэдмэгцээ хуульд заасан дээд шатны байгууллага, албан тушаалтанд биш бусад эрх бүхий байгууллагад хандах явцад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан тохиолдол байдаг[9].
Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь анхнаасаа хэргийн харьяаллын бус шүүхэд хандан Нийслэлийн Засаг дарга болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байсан болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШЗ2017/08495 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож[10] байх бөгөөд эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг Үндсэн хууль болон холбогдох хуулиар олгогдсон байдаг учраас нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа алдсан гэж үзэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т**** О*** ХХК болон Т**** о****-3 ХХК-аас Нийслэлийн Тээврийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад хугацаа алдахад хүргэхүйц нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн... гэх тайлбар үндэслэлгүй байна.
2.2.Маргааны үйл баримтын талаар:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолоор Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам[11], Нийтийн тээврийн машин цагийн тариф[12], мөн Нийслэлийн тээврийн газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/107 тоот тушаалаар Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шалгагч гэрээгээр түр ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай журам, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/112 дугаар тушаалаар Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шалгагч гэрээгээр түр ажиллуулах журмыг шинэчлэн батлах тухай[13] журмыг тус тус баталжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолын 3-т ...энэхүү журам, тариф батлагдсантай холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зардлын санхүүжилтийг шийдвэрлэн мөрдөн ажиллахыг заасан байна[14].
Энэхүү тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.
Гэтэл Нийслэлийн тээврийн газраас 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр саруудын үйлчилгээний төлбөрийг дээрх тогтоолоор баталсан Нийтийн тээврийн машин цагийн зардлын тарифын дагуу автобусны 1 машин цагийн зардал 32. төгрөгөөр тооцож, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эхний санхүүжилт, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 дахь санхүүжилтийг нэхэмжлэгч нарт олгохдоо Т**** О*** ХХК-иас 343.789.694 төгрөг, нэхэмжлэгч Т**** о****-3 ХХК-иас 142.*******.884 төгрөгийн суутгал хийжээ.
Нэхэмжлэгчээс дээрх тооцооллын тоон дүн дээр маргаагүй ч суутгал хийсэн хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх тал дээр маргаж байна.
2.3.Шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд олгох санхүүжилтийн талаар:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан 1 машин цагийн зардлын тооцоонд шалгагчийн цалин хөлсийг өдрийн 8 цагаар ажиллахаар нэг цагийн зардлыг 2018 төгрөгөөр тооцжээ.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч компаниудын 2015 оны 08-11 дүгээр саруудын шалгагч нарт олгох зардлын санхүүжилтээс Нийгмийн даатгалын шимтгэл тайланг нь үндэслэн Т**** О*** ХХК иас 8 дугаар сард 40.*******.170 төгрөг, 9 дүгээр сард 42.*******.749 төгрөг, 10 дугаар сард 52.283.090 төгрөг, 11 дүгээр сард 48.592.058 төгрөг, Т**** о****-3 ХХК-иас 8 дугаар сард 13..718 төгрөг, 9 дүгээр сард 14..438 төгрөг, 10 дугаар сард 16..818 төгрөг, 11 дүгээр сард 16..618 төгрөгийг хасаж олгожээ.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...шалгагчийн үнэмлэх аваагүй учир шалгагч нар ажиллагаагүй гэж үзнэ, үнэмлэхээ зүүснээрээ шалгагчийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байна гэж үзэхээр байна... гэж тайлбарлах боловч харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд У*Б*К ХХК-иас шалгагчийн картыг бий болгон тэдгээрийн цагийн бүртгэлийг хянахаар зохицуулсан атлаа энэ талаарх журмыг Нийслэлийн Тээврийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/107 дугаар тушаалаар батлан гаргасан байна.
Энэхүү журмыг танилцуулах сонсох ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд бүх аж ахуйн, нэгжид зохион байгуулагдсан гэх боловч шалгагчийн үнэмлэхийг Т**** о*** ХХК, Т***** о*** -3 ХКК ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан байна.
Гэтэл үнэмлэх гардан авснаас өмнөх цаг хугацаанд буюу 2015 оны 8-11 дүгээр саруудад шалгагч нар нь ажиллаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд учир нь өмнө кондуктороор ажиллаж байсан хүмүүс шалгагчаар дээрх хугацаанд ажиллаагүй талаарх нотлогдвол зохих зүйл хэрэгт огт авагдаагүй, хариуцагч энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д ...хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх...үүрэгтэй... зааснаар хөдөлбөргүйгээр тогтоосон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Маргааны үйл баримтаас үзэхэд хуучин кондуктороор ажиллаж байсан хүмүүс шалгагчаар шилжин ажиллах үеийн зохицуулалт бүрэн хэрэгжээгүй, ажлын байрны тодорхойлолт албажаагүй, зардлын санхүүжилтийг сар сард нь тооцон олгоогүй зэргээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд нь нэг шалгагчид олгох нийгмийн даатгалын шимтгэлийг багасгаж өгсөн зэрэг шилжилтын үеийн хийдэл байсан болох нь тогтоогдож байна.
Гэтэл хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр зөвхөн өөрсдийн бодит бус хийсвэр үндэслэлд тулгуурлан шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд олгох санхүүжилтээс Т**** О*** ХХК 184.695.067 төгрөг, Т**** о****-3 ХХК-иас 61.*******.592 төгрөгийг хасаж тооцсон нь буруу байна.
2.4.Орлогын доод хязгаарт хүрээгүй талаар:
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам-ын 4.2-т Нийслэлийн тээврийн газар нь У*Б*К ХХК-ийн УМЦТС-ийн бүртгэл, тайланг үндэслэн чиглэл тус бүрийн орлогын доод хязгаарыг улирал тутам тогтоож өгнө гэж заасан бөгөөд чиглэл тус бүр орлогын доод хязгаарыг улирлын эхэнд тогтоохоор журамлажээ.
Улмаар Нийслэлийн тээврийн газраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүдийн зорчигч урсгалын судалгаанд үндэслэн орлогын доод хязгаарыг тогтоож, 2015 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын 1 машин цагийн зардлаас нэхэмжлэгч Т**** О*** ХХК-ийн орлогын доод түвшинг 479.131.866 төгрөгөөр, Т**** о****-3 ХХК-ийн орлогын доод түвшинг 103.979.502 төгрөгөөр тогтоосон байна.
Харин хариуцагчаас дээрх тогтоолоор баталсан Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журмын 2.3-т Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүд нь энэ журмын 4.2-д заасан орлогын доод хязгаарыг төвлөрүүлж ажиллана гэснийг баримтлан нэхэмжлэгч компаниудыг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж ажилласан ба орлогын доод хязгаарт хүрч ажиллаагүй, журамд зааснаар орлогын доод хязгаарыг төвлөрүүлж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэн тогтоосон орлогын доод хязгаартай нэхэмжлэгч компаниудын төвлөрүүлсэн орлогын дүнг жишиж дутуу төвлөрүүлсэн орлогын үйл ажиллагааны зардлын санхүүжилтээс Т**** О*** ХХК-иас 60.*******.392 төгрөг, Т***** о*** -3 ХКК ХХК-иас орлогын зөрүү 54.*******.418 төгрөгийг тус тус хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.
Учир нь 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс цахим төлбөрийн системд шилжсэнээр Нийслэлийн тээврийн газар болон УУ*Б*К ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай шугамын орлогын төлөвлөгөөний ямар нэг гэрээ байгуулаагүй. Мөн орлогын доод хязгаарыг тогтоохтой холбоотой үйл ажиллагаа зохицуулах зорилготой Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналтын автобус ажиллуулах журам нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн тээврийн газрын даргын А/122 дугаартай тушаалаар[15] батлагдан гарсан байтал орлогын доод түвшин биелүүлээгүй гэж Т**** О*** ХХК-аас 60,*******,392 төгрөгийг, Т**** о****-3 ХХК-аас 54,*******,418 төгрөгийг тус тус хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.
Учир нь дээрх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/22 тоот журам батлах тухай тогтоол, түүний хавсралтаар хариуцагчид машин цагийн зардлын мөнгөөс суутгал хийх эрх хэмжээг олгоогүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх журамд орлогын доод хязгаарыг дутуу төвлөрүүлсэн бол орлогыг үйл ажиллагааны зардлын санхүүжилтаас хасаж тооцно гэсэн зохицуулалт байхгүй байна.
2.5.Бэлэн мөнгөний хайрцаг эвдэрсэн талаар:
2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Т**** О*** ХХК, Т**** о****-3 ХХК-ийн нийтийн тээврийн автобус, троллейбус удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж суурилуулах, ашиглах, сургалт явуулах 06/03 дугаар[16], 06/03 дугаар[17] гурван талт гэрээг байгуулан, гэрээний дагуу У*Б*К ХХК-иас тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмж суурилуулжээ.
Гэтэл тоног төхөөрөмж ашиглалтын явцад нэхэмжлэгч Т***** о***XXК-ийн автобуснуудад суурилуулсан бэлэн мөнгөний нийт 274 хайрцагаас 10 дугаар сард 69 хайрцаг эвдэрсэн тул тус компанид олгох 2015 оны 10 дугаар сарын санхүүжилтийн дүнгээс 67.690.738 төгрөг, 11 дүгээр сард 54 хайрцаг эвдэрсэнээс тус сард олгох санхүүжилтийн дүнгээс 31.*******.497 төгрөг, харин Т**** о****-3 ХХК-ийн автобуснуудад суурилуулсан бэлэн мөнгөний хайрцаг 2015 оны 10 дугаар сард 28 эвдэрсэн тул тухайн сард олгох санхүүжилтээс 26.*******.874 төгрөгийг хасаж тооцсон байна.
Харин хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх гурван талд гэрээний 5.6.3-д Тоног төхөөрөмж алдагдах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын жолооч кондукторын буруутай үйлдлээс төхөөрөмж эвдэрсэн гэмтсэн бол нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага бүрэн хариуцна, 6.1-д Гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас аль нэг талд болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан нь нотлогдвол буруутай тал хохирлыг бүрэн хариуцна гэжээ.
Уг гэрээний 6.1-д зааснаас үзвэл хохирол учруулсан нь этгээдийн гэм буруутай үйлдэл нотлогдвол буруутай этгээдээс хохирлыг хариуцуулахаар байхад хариуцагч Нийслэлийн Тээврийн газраас нэхэмжлэгч компаниудын тээврийн хэрэгсэлд суурилуулсан мөнгөний хайрцгийн эвдэлсэн гэм буруутай этгээдийг олж тогтоож, хохирол учруулсан болохыг нотлоогүй атлаа нэхэмжлэгч компаниудын жолооч кондукторын буруутай үйлдлээс мөнгөний хайрцгийг эвдэлсэн гэж буруутган тэдэнд олгох үйл ажиллагааны санхүүжилтаас нийт 98,***,235 төгрөгийн хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн У*Б*К ХХК-иас тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмж суурилуулан уг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн баримт болон эвдрэл гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зааварчилгаа огт байхгүй болно.[18]
Угтаа бол мөнгөний хайрцгийг эвдэлсэнтэй холбоотой хохирлын асуудлаар Улаанбаатар смарт карт ХХК өөрөө арга хэмжээ авах ёстой атал тус компанийн өмнөөс хариуцагч Нийслэлийн тээврийн газар үндэслэлгүйгээр бусдаас хохирлыг гаргуулан авч байгаа нь буруу байна.
2.6. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 1-06/15[19], 1-36/15[20] дугаар гэрээний 3.1.5-д ...нөхөн олговроос үүрэг гүйцэтгэгч талтай тохиролцолгүйгээр ямар нэгэн суутгал хийхгүй... гэж заасныг зөрчин 2015 оны 8-11 дүгээр саруудад Т**** о****-3 ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс үндэслэлгүйгээр шалгагч нарын цалин нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 61,*******,592 төгрөг, орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54,*******,418 төгрөг, мөнгөний хайрцаг эвдсэн 26,*******,874 төгрөгийг хасаж тооцсон хариуцагч Нийслэлийн Тээврийн газрын үйл ажиллагаа хууль бус, үндэслэлгүй болох нь тогтоогдож байх бөгөөд уг хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Т**** О*** ХХК-д 343,***,694 төгрөг, Т**** о****-3 ХХК-д 142,*******,884 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаас Нийслэлийн тээврийн газраас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нөгөөтээгүүр хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн аудитын газраас Нийслэлийн тээврийн газрын 2013-2015 оны зарим үйл ажиллагааны үр дүнд хийсэн НАГ-АХ/2016/-ГА8-02/ГА/ дугаартай гүйцэтгэлийн аудитын шалгалтын тайланд[21] ...Нийслэлийн тээврийн газрын 2015 оны 8-12 дугаар сард нэхэмжлэгч Т**** О*** ХХК болон Т**** о****-3 ХХК-нд зардлын санхүүжилтын бүрэн олгоогүй нь хууль бус, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу санхүүжилтыг олгохдоо заавар журмыг бүрэн мөрдөөгүй... дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагчийг төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, энэ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.11-д заасан орон нутгийн төсвөөр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг тус тус хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Энэхүү хэрэг маргааны үйл баримттай холбогдуулан доорх тайлбарыг нэмж хэлэхэд угтаа бол аль ч улс оронд нийтийн тээвэр алдагдалтай ажилладаг ашгийн бус үйлчилгээний байгууллага гэж үздэг[22] бөгөөд энэ тохиолдолд төрөөс нийтийн тээврийн үйлчилгээний уламжлалт мөнгө хураах бүтэц тогтолцоог халж, цахим төлбөрийн систем нэвтрүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог түргэн шуурхай явуулах зэрэг эерэг хандлагыг төлөвшүүлэхээр зорьж буй ажлыг хэрэгжүүлж буй захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжүүд захиргааны хэм хэмжээний актуудын заалтыг нэг мөр зөв ойлгож хэрэглээгүйгээс маргааны үйл баримт үүссэн болохыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.7, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т**** О*** ХХК болон Т**** о****-3 ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Нийслэлийн тээврийн газарт 2015 оны 8-12 дугаар сарын нэхэмжлэгчийн зардлын санхүүжилтээр олгох санхүүжилтээс суутган тооцож хасахыг чиглэл өгч үүрэг болгосон үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т**** О*** ХХК-иас Нийслэлийн тээврийн газарт холбогдуулан Нийслэлийн тээврийн газрын Т**** О*** ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс 2015 оны 8-11 дүгээр сард шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд 184,***,067 төгрөг, 11 дүгээр сард орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 60,*******,392 төгрөг, 10-11 дүгээр сард мөнгөний хайрцаг эвдэрсэнд 98,***,235 төгрөг, нийт 343,***,694 төгрөгийг суутган тооцож хассан болон зардлын санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч Нийслэлийн тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох 343,***,694 төгрөгийг Т**** О*** ХХК-д олгосугай.
3. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 58 дугаар зүйлийн 58.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т**** о****-3 ХХК-иас Нийслэлийн тээврийн газарт холбогдох Т**** о****-3 ХХК-д зардлын санхүүжилтээр олгосон санхүүжилтээс 2015 оны 8-11 дүгээр сард шалгагч нарын цалин, нийгмийн даатгалын зөрүүнд 61,*******,592 төгрөг, 11 дүгээр сард орлогын доод түвшингийн төлөвлөгөөнд 54,*******,418 төгрөг, 10 дугаар сард мөнгөний хайрцаг эвдсэнд 26,*******,874 төгрөг, нийт 142,*******,884 төгрөгийг суутган тооцож хассан болон зардлын санхүүжилтыг бүрэн олгохгүй байгаа үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Т**** о****-3 ХХК-д хариуцагч Нийслэлийн тээврийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол болох 142,*******,884 төгрөгийг гаргуулж Т**** о****-3 ХХК-д олгосугай.
2.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 3 хавтаст хэргийн 12-13 хуудас,
[2] 1 Хавтаст хэргийн 34-36 хуудас
[3] 2 Хавтаст хэргийн 194-195 хуудас
[4] 101/2016/00858/и индекстэй иргэний хэргийн 1 хавтаст хэргийн 3-4 хуудас
[5] 101/2016/00858/и индекстэй иргэний хэргийн 1 хавтаст хэргийн 1-4 хуудас
[6] 1 Хавтаст хэргийн 113-117 хуудас,
[7] 101/2016/00858/и индекстэй иргэний хэргийн 1 хавтаст хэргийн 143 хуудас,
[8] 1 Хавтаст хэргийн 118-119 хуудас,
[9] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар зөвлөмж
[10] 2 Хавтаст хэргийн 182-184 хуудас,
[11] 2 Хавтаст хэргийн 194-195 хуудас,
[12] 2 Хавтаст хэргийн 195 хуудас,
[13] 2 Хавтаст хэргийн 172-175 хуудас,
[14] 1 Хавтаст хэргийн 36 хуудас,
[15] 2 Хавтаст хэргийн 176-177 хуудас,
[16] 1 хавтаст хэргийн 28-30 хуудас,
[17] 1 хавтаст хэргийн 31-33 хуудас,
[18] 101/2016/00838/и индекстэй хэргийн 1 хавтас 48-61 хуудас
[19] 101/2016/00838/и индекстэй хэргийн 1 хавтас 13-16 хуудас,
[20] 1 хавтаст хэргийн 22-30 хуудас,
[21] 1 хавтаст хэргийн 40-78 хуудас
[22] https://www.news.mn/?id=162063