Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2177

 

МАГАДЛАЛ

 

2019.12.20                                               Дугаар 2177                                   Улаанбаатар хот

 

 

 

 

С.Т-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Нийслэлийн шүүхийн шидвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: НШШГГ-аас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч С.Т-аас  64 668 900 төгрөгийг гаргуулж, Н.Т-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч С.Т-ын  хууль ёсны эрхийг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, түүнд өөрөө оролцох эрхийг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаанд талуудаас гадна бусад этгээдүүд оролцох эрхтэй байдаг. Тухайн үед албадан дуудлага худалдаанд орж байгаа үл хөдлөх хөрөнгө нь 70 хувийн гүйцэтгэлтэй байж байгаад 100 хувийн гүйцэтгэлтэй болсон байхад хямд үнэлгээгээр үнэлж албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр авагч Н.Т орж, анхны албадан дуудлага худалдааны үнээс 1 000 000 төгрөгөөр илүү үнээр худалдаж авсан нь эргэлзээтэй байна. Хэрэгт байгаа баримтуудаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх алба нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа төлбөр авагч Н.Т-тай үгсэн хуйвалдсан, төлбөр төлөгч С.Т өөрөө уг дуудлага худалдаанд оролцож худалдан авах эрхтэй байхад түүнд мэдэгдээгүй,             400 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг нь 78 319 800 төгрөгөөр хямд худалдаж авсанд гомдолтой байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, 197 дугаар зүйлийн 197.24, 197.26 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон тул Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11\2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шинжээчийн дүгнэлтээр барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11\2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг 152 639 600 төгрөгөөр үнэлсэн. Гэрчилгээнд 30 хувийн гүйцэтэлтэй гэж бичигдсэн боловч үнэлгээ хийлгэх үед 100 хувийн гүйцэтгэлтэй болж ашиглалтанд орсон байсан, ийм байдлаар үнэлүүлсэн. Төлбөр     төлөгч нь төлбөр авагчид төлбөрөө төлөөгүй учир уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Төлбөр төлөгч С.Т олон удаа шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж явуулахгүй байсан бөгөөд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон 3 шатны шүүхээс шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд өөрөө нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйгээс шүүх нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын   25-нд буцаасан. Үүнээс хойш манай байгууллага 2019 оны 08 дугаар сарын 20-нд 9/1 тоот хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол, мөн мэдэгдлийг С.Т-д 2019 оны 08 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгсөн боловч өөрөө тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдахыг мэдсэн, өөрөө оролцох эрх нь нээлттэй байсан, бид эрхийг зөрчсөн зүйл байхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 06-нд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулан уг үл хөдлөх хөрөнгийг санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-д зааснаар шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 76 319 800 төгрөгөөр тогтоосон. Уг албадан дуудлага худалдаанд Б.П , Н.Т гэсэн 2 хүн оролцсон бөгөөд өсгөх үнээ 500 000 төгрөгөөс эхэлж, Н.Т нь 78 319 800 төгрөгөөр худалдан авч ялагч болсон. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа хуульд зааснаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Өнөөдөр сонингоор нийтэд мэдээлсэн. С.Т нь өөрөө байраа худалдан авах гэсэн юм бол төлбөрөө төлчих боломж нь байсан. Гэвч өөрөө дуудлага худалдаанд оролцоогүй, шийдвэрийн дагуу төлбөр төлөхөөс байнга зайлсхийж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч С.Т-ын  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2019/07434 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга      хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлахдаа нэхэмжлэгч талд ашигтай үйл баримтыг дутуу судалж шүүх хуралдааны шийдвэр бүхэлдээ хариуцагчийн талд гарсанд гомдолтой байна. Төлбөр авагч Н.Т нь 160 000 000 төгрөгийн үнэ бүхий бүрэн ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийг 78 000 000 төгрөгөөр буюу 2 дахин бага үнээр авсан үйл баримт нь илэрхий үндэслэл муутай, нэг талд давуу байдал олгосон бай магадлалтай байхад шүүх үнэлэлт өгсөнгүй. Мөн С.Т миний биед дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдээгүй, мэдэгдэх гэсэн боловч хүлээн аваагүй гэх тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй. Түүнчлэн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн хугацаанд гаргаж, улмаар иргэий хэрэг үүссэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь С.Т нь үнэлгээтэй холбоотой гомдлоосоо татгалзсан гэсэн үг биш бөгөөд өнөөдрииг хүртэл үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна.

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрт гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, мөн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр авагч Н.Т-д 64 190 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ сайн дураар төлж биелүүлээгүйн улмаас хариуцагч байгууллага хугацаа тогтоож үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүйн улмаас түүний өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад тохиролцоонд хүрээгүй тул шинжээч томилуулан шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 152 639 600 төгрөгөөр үнэлэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Шинжээчийн үнэ тогтоосон үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 152 639 600 төгрөгийн 70 хувиар тооцож, 106 847 720 төгрөгөөр тогтоохыг төлбөр төлөгч С.Т-д 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/28, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний 4/10304 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Бор толгойт 1-1 тоот хаягаар хүргүүлсэн. Ийнхүү 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд нэхэмжлэгчийн эд хөрөнгө худалдан борлогдоогүй үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Үүний дараа хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн үнэлгээний 50 хувиар тооцож, 76 319 800 төгрөгөөр тогтоож 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр болох тухай мэдэгдлийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4/18363 тоот албан бичгээр төлбөр төлөгчид хүргүүлсэн боловч гарын үсэг зурахаас татгалзсан нөхцөл байдал үүссэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тэдгээрийн оршин суух хаягаар мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй, мөн төлбөр авагчид, хариуцагч байгууллага нар хуйвалдан хямд үнээр барьцааны эд хөрөнгийг худалдсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцыг зах зээлийн ханш нь тогтоосон үнээс илүү болох талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

       ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ