Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1382

 

 

 

 

 

  2020         10            29                                             2020/ДШМ/1382                         ХЯНУУЛАХ

 

Э.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-,

шүүгдэгч Э.А-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1349 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.А-од холбогдох эрүүгийн 1906035122774 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ын А-, Дархан-Уул аймагт 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, эгч, дүү нарын хамт амьдардаг гэх, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Их Монгол хотхоны 00000-0 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:000000000/;

Э.А- нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хотхоны 903-32 тоот гэртээ согтуугаар, хамт архи ууж байсан Ц.Т-тэй маргалдан зодолдож эрүүл мэндэд нь баруун шанаанд 2х0.6 см, хүзүүний баруун хэсэгт 5х0.6 см, 5.5х0.6 см, 3.5х0.5 см, 2х0.2 см, 3х0.5 см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0.9 см, 1х0.3 см, 0.8х0.3 см босоо байрлалтай, хэвлийн баруун хэсэгт 4х0.5 см, 4х0.2 см босоо байрлалтай, баруун өвдөгт 2х1.5 см зуйван хэлбэрийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1349 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Хэргийн материалтай танилцахад ахлах мөрдөгч Т.Алтангэрэл нь яллагдагч Э.А-ыг хүн амины хэрэгт хамааралгүй болгохын тулд хамтран хуурамч нотлох баримт үйлдэж, тэр хуурамч нотлох баримтаа баталгаажуулан CD-д бичигдсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэгчийг хийж 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталгаажуулан хэрэгт хавсаргасан байна. Уг хуурамч бичлэгт Э.А-ын 99057527 дугаартай утсаар цагдаагийн 102 дугаарт залгаж ярьж байсан мэт бичлэг байна.

Уг бичлэг хуурамч болох нь дараах байдлаар нотлогдоно. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд цагдаагийн 102 дугаарт залгасан нэг ч тохиолдол байхгүй байсан ба 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Э.А-од утсыг нь хүлээлгэн өгсөн байна.

Харин талийгаачийн утсанд үзлэг хийхэд цагдаа руу олон удаа залгаж амь аврахыг гуйх гэж оролдсон байдаг. Ахлах мөрдөгч Т.Алтангэрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамааралгүй болгож үйлдсэн нотлох баримтыг давж заалдах шатны шүүх шалган тогтоох боломжгүй.

2. Хавтаст хэрэгт хуурамч нотлох баримтыг нотлох баримт болгосон үйлдлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож буцаахдаа Э.А-ын хамтрагч Золбоо нь Э.А-ын гэрт зүгээр ороод гарахдаа шархтай гарсан, Золбоо нь гэрт орохдоо нэг хувцастай, гэрээс гарахдаа өөр хувцастай байсан зэргийг давхар шалгуулж өгнө үү.

Ийм байдлаар хуурамч нотлох баримт бүрдүүлж Э.А-од ял завшуулсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж CD бичлэгийг хэзээ, хаана баталгаажуулан авсныг тогтоож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-ы өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “... Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Э.А-ын үйлдэлд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох санаа сэдэлт болон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв. ... Прокуророос шүүгдэгч Э.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа зайлшгүй нэмж хийх шаардлагатай. Тодруулбал, өмгөөлөгч бид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материалтай танилцаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хяналтын прокурор Ц.Ганцэцэгт тухайлан нэмэлт мөрдөн байцаалтын 10 ажиллагааг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй тул Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргасны үндсэн дээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын нэрээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4/117 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Таны тус прокурорын газар хандаж гаргасан гомдлын дагуу эрүүгийн 1906035122774 дугаартай хэргийг хянав. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай байх тул хяналтын прокурор Ц.Ганцэцэгийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн 1777 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн болно.” гэж өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, гомдлын дагуу дээд шатны прокуророос яллах дүгнэлтийг хүчингүй болгож өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хүсэлтэд дурдсан 10 ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү шийдвэрийн дагуу гомдолд дурдсан 10 ажиллагаа огт хийгдэлгүй хэрэг шүүхэд шилжсэн.

Энэхүү гомдолд дурдсан ажиллагаануудыг хийх нь хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэхэд туйлын ач холбогдолтой байсан боловч анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн болон бусад байдлыг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох ёстой атал нотолж тогтоолгүй дутуу цугларсан баримтын хүрээнд, дутуу бичигдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хохирогчийг яагаад тагтаар дамжиж буух үйлдэл гаргаж байгаа үйл баримтад огт дүгнэлт хийсэнгүй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хотхоны 903 дугаар байрны 32 тоотын түлхүүр нь зөвхөн тухайн орон сууцанд амьдардаг шүүгдэгч Э.А-од нэг хувь байдаг бөгөөд тэрээр хаалгыг гаднаас нь түгжиж, улмаар найзуудаа дуудсан үйл баримт тодорхой харагддаг. Энэ нь түүний амь нас, эрүүл мэндэд халдах эрсдэл үүссэн нөхцөл байдалд өөрийгөө хамгаалж тагтаар буух үйлдэл хийсэн тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл Э.А-ын хаалга түгжсэн, найзуудыгаа дуудаж байгаа үйлдэл болон хохирогч тагтаар бууж амь насаа алдах нөхцөл байдал нь хоорондоо шалтгаант холбоотой байсаар атал энэ талаар шүүх анхаарч үзсэнгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр талийгаач нь биеийн хөгжил сайн, ганц хүнд зодуулах хүн биш бөгөөд хэрэгт авагдсан тухайн орон сууцны цонх хэсгийг харуулсан бичлэгт байран дотор олон хүн байгаа, мөн зодоон болж хөшиг хөдөлж байгаа дүрс тодорхой харагддаг. Энэ нь Э.А-ын дуудсан гэх найзууд нь байранд нэвтрэн орж, улмаар хохирогчийн бие махбодид бүлэглэн халдсан гэх үндэслэлийг шууд үүсгэж байгаа юм. Шүүх Э.А-од дуудагдан очиж байгаа түүний найзууд, найзуудын мэдүүлэгт зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй. Эдгээр нөхцөл байдлыг үнэн зөвөөр тогтоох нь хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх ч нөхцөл байдлыг үүсгэх юм. Иймд зайлшгүй хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой байсан.

Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай тогтоолд “...хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж  найдсан бол хөнгөмсөг хандлагаар болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцно.” гэж тайлбарласан байдаг бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл дээрх нөхцөл байсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой байсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч бидний зүгээс мөрдөн байцаалтын шатанд дутуу хийгдсэн ажиллагаанаас гэрчүүдтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулан тодруулж, үнэн зөвийг олох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд гэрч Б.Мөнхтуул, Э.Эрдэнэсүрэн, Ч.Отгонбаяр, Э.Баасанхүү, Д.Нэргүй, Ё.Золбоо нарыг оролцуулах хүсэлтийг гаргаж шүүх хүлээн авч гэрч нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрийнхээ дагуу гэрч Б.Мөнхтуул, Э.Эрдэнэсүрэн, Ч.Отгонбаяр, Д.Нэргүй нарыг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг хэргийн гол гэрч тухайн үйл явдал болох үед шүүгдэгч болон хохирогчтой цуг байсан Б.Мөнхтуул бөгөөд уг гэрчийг зайлшгүй шүүх хуралдаанд биечлэн оролцуулах нь хэргийг шударгаар шийдвэрлэх, цаашлаад мэтгэлцэх боломжийг тэгшээр хангахад чухал ач холбогдолтой байсан. Гэтэл шүүх өөрийн гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр гэрч нарыг оролцуулах ёстой атал оролцуулалгүй шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Э.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Золгүй явдлаар хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.А- нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.А-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хотхоны 903-32 тоот гэртээ согтуугаар, хамт архи ууж байсан Ц.Т-тэй маргалдан заамдалцан ноцолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ё.Золбоогийн “...15 цаг өнгөрч байхад Э.А- орцондоо нохойтойгоо, тавчиктай, дээгүүрээ нүцгэн сууж байсан ба “Манай энд байдаг эгчийн явалддаг залуу агсам тавиад гэрт барилцаж аваад, би зугтаагаад гараад ирлээ, цагдаа дуудсан” гэж хэлсэн. Ингээд цагдаа руу байн байн залгасан боловч “дуудлагатай байна” гээд ирэхгүй байсан. Э.А- “Чи ойрхон найз нөхөд байвал дуудчих, энэ хүмүүсийг гаргахгүй байж цагдаад хүлээлгэж өгмөөр байна” гэхээр нь би ажлынхаа Баасанхүү, Нэргүй нарыг 15 цаг 23 минутанд залгаж дуудсан. Тэр хоёр ирээд цагдаа дуудсан бол удахгүй ирэх байх гээд орцонд уулзчихаад явсан. Э.А- дахин цагдаа руу залгасан. Хаалганы завсраар “Туул эгчээ санаа зоволтгүй, одоо цагдаа ирж байгаа” гэж хашгирсан. Би наана шатан дээр зогсож байсан. Нөгөө залуу “Э.А-оо хаалгаа онгойлгочих” гээд байсан. Ингээд Э.А- хаалга чагнаж байгаад “Цонхоор үсэрлээ” гэнээ гэхээр нь би орцноос гараад тойроод хартал замын голд хүн хэвтэж байсан. ...” /1хх 189/,

гэрч И.Анандын “... Ц.Т- “Намайг хүмүүс зодох гээд байна, гялс манай байрны хажуу талын 903 дугаар байрны 83 тоотод хүрээд ир, нэг залуутай архи уусан чинь муудалцаад, намайг гаднаас түгжчихлээ, энэ залуу найзуудаа дуудсан, намайг зодох гээд байна, орцонд нэг нохойтой хүн байгаа, тэрнээс түлхүүрийг нь булааж аваад хаалга онгойлгоодох” гэж хэлсэн. ...” /1хх 193/,

гэрч Б.Мөнхтуулын “... Тэмүүжин намайг хардаад над руу дайрч зүүн шанаа руу цохиод, би буйдан дээр унасан. Хэсэг манарч сууж байхад Э.А- намайг өмөөрч Тэмүүжинтэй маргалдаж, зууралдаад зодолдоод байсан. Тухайн үед хэн нь хэнийгээ яаж цохихыг сайн хараагүй. ...” /1хх 200-201/,

гэрч Э.Эрдэнэсүрэнгийн “... дээд айлд эрэгтэй гэхээр хүн согтуу, агсам тавиад байгаа бололтой дуу чимээ гараад байсан. ...” /1хх 202/,

гэрч Д.Нэргүйн “... лифтээр гарахад Золбоо, хажууд нь 1 залуу байсан. Хамт байсан залуу нь дээгүүрээ нүцгэн, цээжний дээд хэсэг хүзүүний орчим боолгосон шинжтэй улайсан, халамцуу байдалтай байсан. Тэр залуу “Манай гэрт нэг залуу намайг зодохоор нь зугтаж гэрийнхээ түлхүүрийг авч гарч ирсэн, цагдаа дуудсан” гэж байсан. Тэр залуу гэрийнхээ хаалгыг тогшиж “Эгчээ зүгээр үү” гэж асууж байсан. ... Золбоо тэр залууд шоотой эрээн цамцаа тайлж өгсөн санагдаж байна.” /1-р хх 207/,

гэрч Э.Баасанхүүгийн “...Лифтээр 5 давхарт гарахад Золбоо дээгүүрээ хөх сааралдуу өнгийн богино хүрэм, ногоон эрээн өнгийн шоотой цамц өмссөн харагдсан.  Доогуураа юу өмссөн байсныг санахгүй байна. Түүний биед ямар нэг зодуулсан гэх ул мөр ажиглагдаагүй. Харин хамт байсан танихгүй найз гэх залуу дээгүүрээ нүцгэн, доогуураа өмдтэй, хүзүүндээ боолгуулсан гэхээр улайсан байдалтай байсан. Өөр зодуулсан гэхээр ул мөр харагдаагүй. Хажууд нь жижиг нохой байсан... Золбоогийн найз нь “Нэг согтуу залуу агсам тавьж, өөрийг нь зодох гээд байхаар ноцолдож байгаад зугтаж гарч ирээд гаднаас түгжээд цагдаад дуудлага өгсөн” гэж байсан. ...” /1хх 209/,

шинжээч эмч С.Чулуунсүхийн “... дүгнэлтээр тогтоосон гэмтлүүд нь амь хохирогчийг амьд ахуйд, нас барахаас өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цогцосны гадна үзлэг фото зурагт харагдах 2 шанааны хавдар гэх зүйл нь амь хохирогчийг толгой хэсгээр хатуу гадаргуу дээр унах үед толгойны хэлбэр алдагдсанаас хаван хавдар мэт харагдсан байж болно. Түүнээс 2 шанаанд шууд хүч үйлчилсэний улмаас үүссэн зөөлөн эдийн няцрал гэмтэл биш юм. Харин хүзүүний 2 тал болон хоолой, төвөнхний хэсэгт үүссэн шархнууд, цээжний улайлт, хэвлийн хөхрөлт, зулгаралт, хэвлий орчим үүссэн эгц босоо байрлалтай зураасан хэлбэрийн шарх нь амь хохирогчийг нас барахаас өмнө амьд ахуйд нь үүсгэгдсэн гэмтлүүд байсан. Эдгээр нь мохоо зүйлд нидрэгдэх, цохигдох, үрэгдэх, маажигдах үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн цусанд 1,6% спирт илэрсэн нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Дунд зэргийн согтолттой хүн өөрийгөө удирдах, идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой гэж үздэг. Амь хохирогчийн биед илэрсэн хэвлийн баруун хэсгийн зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох, нидрэгдэх үед үүсэх боломжтой. Биеийн ар хэсгээр унах үед үүсэх боломжтой, хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй, ... амь хохирогчийн баруун шанаанд болон хүзүүний баруун хэсэгт учирсан хөндлөн байрлалтай, цээжний баруун дээд хэсэгт босоо байрлалтай, хэвлийн баруун хэсэгт босоо байрлалтай, баруун өвдөгт зуйван хэлбэрийн зулгаралтууд нь өндрөөс унахад үүсээгүй.” /1хх 248-429, 2хх 1/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Ц.Т-гийн баруун шанаанд 2х0,6 см, хүзүүний баруун хэсэгт 5х0,6 см, 5,5х0,6 см, 3,5х0,5 см, 2х0,2 см, 3х0,5 см хөндлөн байрлалтай, цээжний баруун хэсэгт 4х0,9 см, 1х0,3 см, 0,8х0,3 см босоо байрлалтай, хэвлийн баруун хэсэгт 4х0,5 см, 4х0,2 см босоо байрлалтай, баруун өвдөгт 2х1,65 см зуйван хэлбэрийн зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэн болохыг тогтоосон шинжээчийн 1548 тоот дүгнэлт /2хх 17-19/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгч Э.А-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Э.А-ын гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын давж заалдсан гомдлуудын дагуу хэргийг хянаж үзэхэд хохирогч Ц.Т- нь орон сууцны тагтаар дамжин буух гэж оролдсон өөрийн идэвхтэй үйлдлийн улмаас өндрөөс унаж амь насаа алдсан болох нь эд мөрийн баримт болох камерын бичлэг /1хх 74, 2хх 171-172/-ээр тогтоогджээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Э.А-ыг гэрийн хаалгаа түгжиж, найз нөхөдөө дуудсан үйлдэл нь хохирогч Ц.Т-г тагтаар буухад хүргэсэнтэй шалтгаант холбоотой, камерын бичлэгт Э.А-ын гэрт олон хүн байгаа, мөн зодоон болж хөшиг хөдөлж байгаа дүрс бичигдсэн гэж маргадаг боловч эдгээр үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаас үзвэл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байхаар хуульчилжээ.

Хохирогч Ц.Т-, шүүгдэгч Э.А- нарын хэн аль нь цагдаагийн байгууллагад хандаж тусламж хүсч байсан нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дуудлагын лавлагаа, түүх /1хх 6, 7, 34, 152, 166/ зэрэг баримтаар тогтоогдсон. Тухайн үед шүүгдэгч Э.А-ын дуудсанаар ирсэн гэрч Ё.Золбоо, Д.Нэргүй, Э.Баасанхүү нар гэрт оролгүй, орцноос буцсан болохоо мэдүүлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.А-ыг хохирогчийг амь насаа алдахад хүргэсэн гэж үзэх боломжгүй байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэргийн 171-172 дугаар талд авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн дууны бичлэг бүхий СД-д мөрдөгч үзлэг хийн бэхжүүлсэн байх тул нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэл муутай байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязаарын хүрээнд шүүгдэгч Э.А-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцжээ. 

Иймд давж заалдсан гомдлуудад дурьдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/1349 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН