Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/1383

 

 

 

 

 

     2020          10            29                                        2020/ДШМ/1379       

                                                                                                  Т  M 546                                  МАЛА

А.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч А.О-а,

шүүгдэгч А.О-ийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 07ы өдрийн 2020/ШЦТ/977 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.О-т холбогдох эрүүгийн 2003003260252 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У- овгийн А-ийн О-, Улаанбаатар хотод 1982 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Шороот 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

 

А.О- нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны 22 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ дахь хэсэгт заасныг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Hyundai starex” загварын 46-92УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашааны замд явахдаа мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж овоолсон шороо мөргөсний улмаас зорчигч А.О-ын эрүүл мэндэд хүнд, зорчигч Ж.Н-, Э.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Тээврийн прокурорын газраас: А.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.О-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох Д ангиллын эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч А.О-ийн В, С, СЕ, Д ангиллын 394074 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч А.О- нь тухайн ослын үед хохирогч А.О-ад хүнд, Э.Б-, Ж.Н- нарт хүндэвтэр, Б.Б-од хөнгөн хохирол учирсан даруйд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд эмнэлэгт хэвтэх, эм тариа авах, эмчилгээний зардлыг боломжоороо төлсөн. А.О-ад 673,790 төгрөг, Э.Б-д 1,500,000 төгрөг бэлнээр болон эмнэлгийн төлбөр, эм худалдан авахад зарцуулах журмаар төлсөн. А.О- нь хохирогч нартай ойр дотно, найз нөхдийн холбоотой бөгөөд гэмт хэрэг гарсан шалтгаан нь зөвхөн шүүгдэгчийн буруу биш, нэгэндээ шаардлага тавьж хориглолгүй, согтуу машин бариулснаас энэ гэмт хэрэг гарсан гэдгийг хохирогч нар мэдүүлдэг. А.О- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг бүгд мэдүүлсэн. Цаашид учирч болзошгүй хохирогч нарын эрүүл мэндийн зардлыг цаг тухай бүр нь төлөхөө илэрхийлсэн. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Түүний хувийн байдлын хувьд ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг нь хуралдааны тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдсон. А.О- нь төлөв даруу зантай, бусдад тусархаг, нөхөрсөг нийтэч зан байдалтайг гэрчүүд мэдүүлдэг. Энэ гэмт хэргийг согтуурсан үедээ анхаарал хайхрамж алдсаны улмаас үйлдсэн бөгөөд тэрээр хувь хүний зан чанарын тухайд зэрлэг догшин авиртай, нийгэмд хор аюултай үйлдэлтэй хүн биш юм. Анхан шатны шүүхээс А.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, эсхүл 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль боломжтой ял хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэлгүй түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Иймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч А.О- давж заалдах гомдолдоо: “... Би осол гарсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Мөн хохирол гомдолгүй, гэм буруугаа хүлээсэн болно. Ийм байхад 2 жилийн ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Мөн эхнэр 3 хүүхэд, өндөр настай эцэг, эх, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч А.О-а тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.О-т шаардлага тавиагүйн улмаас тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан. Ослын улмаас би хүнд гэмтэл авсан. Бид найз нөхөд тул А.О-т оногдуулсан ял хүндэдсэн санагдаж байна. Иймд ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.О- нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг нь орчин тойрон, нийгэм, өөрт болон бусдад маш их хор хөнөөлтэй учраас хууль тогтоогч хүндрүүлэн үзэх шинж болгон хуульчилж өгсөн. Иймд энэ зүйл, заалтаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар А.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч А.О- нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны 22 цаг 20 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/ дахь хэсэгт заасныг зөрчин согтуугаар “Hyundai starex” загварын 46-92УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын рашааны замд явахдаа мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж замын овоолсон шороо мөргөсний улмаас зорчигч А.О-ын эрүүл мэндэд хүнд, зорчигч Ж.Н-, Э.Б- нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

хохирогч А.О-ын... Очирмагнай, О-, Наранбаатар, Батболд, Баттөр нарын хамт архи уусан. 22 цагийн орчим О- “Hyundai Starex” загварын автомашинаа жолоодоод явж байгаад гэнэт овоолсон шороо мөргөсөн. ...” /1хх 21-20/,

 

хохирогч Э.Б-ийн “... 3 шил 0,75 литрийн архийг зургуулаа хувааж уусан. О- өөрийнхөө 46-92 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодоод Очирмагнай жолоочийн хажууд, би жолоочийн ар талд, нөгөө хэд хаана яаж сууж явсныг санахгүй байна. Шороон зам дээр гараад явж байтал автомашин 2 тал руу дайвалзаад овоолсон шороо мөргөсөн. ...” /1хх 25-26/,

 

хохирогч Ж.Н-ын “... автомашиныг О- өөрөө жолоодоод, би жолоочийн арын суудалд суусан. Шороон замаар явж байтал машин 2 тийшээ дайвалзаад явчихсан. Тэгээд л гэмтлийн эмнэлэгт ирснээс хойш асуудлыг санаж байна. ...” /1хх 29-30/,

 

гэрч А.Очирмагнайн “... О- автомашин жолоодоод, жолоочийн хажууд би суугаад, үлдсэн хүмүүс хойд талын суудалд сууж явсан ба Бумбатын Рашааны ойролцоо шороон замаар явж байгаад овоолсон шороо мөргөсөн. ...” /1хх 40/,

 

гэрч Э.Осорын “... Манай компанийн замын ажил 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн. Далангийн дүүргэлтийн шороо дутсан тул шороо буулгасан байсан. Харанхуй болж шороогоо тэгшлэх гэхээр хэмжилтийн багажаар түвшин шалгаж болохгүй байсан тул шороог үлдээж, маргааш нь тэгшлэх гэж байсан юм. ...” /1хх 46-47/ гэсэн мэдүүлгүүд,

 

хохирогч А.О-ын биед хүзүүний 3, 4 дүгээр нугламын түвшингийн нугасны няцрал, тархины хоёр талын духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дотор капсулын цус харвалт, баруун гарын саажил, зүүн хоншоорын хөндийн ар, урд ханын хугарал, хамар ясны хугарал, баруун хөмсөг, зүүн зовхины дотор булангийн цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6261 тоот шинжээчийн дүгнэлт /1хх 170/,

 

хохирогч Э.Б-ийн биед зүүн шаант ясны далд хугарал, зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шилбэний зулгаралт, зүүн 5, 10 дугаар хавирганы далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6258 тоот шинжээчийн дүгнэлт /1хх 96-97/,

 

хохирогч Ж.Н-ын биед зүүн дал ясны хугарал, тархи доргилт, хүзүү, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №6279 тоот шинжээчийн дүгнэлт /1хх 153-154/,

 

зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бүдүүвч зураг /1хх 4-12/,

 

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 13/,

 

яллагдагч А.О-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /1хх 200-202/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч А.О-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн нь зам, орчны байдлыг бодитоор үнэлж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослоос урьдчилан сэргийлэх, аюулыг зайлуулах чадваргүй байдалд хүргэж, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үндсэн шалтгаан, нөхцөл болсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.О-ийн гэм буруу, хувийн байдал, согтууруугаар автомашин жолоодон зам тээврийн осол гаргасан хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, ялын зорилгыг хангасан байх тул ял хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч А.О-ийн В, С, СЕ, Д ангиллын 394074 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээс зөвхөн “... Д ангиллын эрхийг ...” хассан мэтээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад заасан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүний биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс “... жолоодох эрхийн...” гэж залруулан тогтоолд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/977 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...жолоодох Д ангиллын эрхийг ...” гэсэн хэсгийг “... жолоодох эрхийг...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН