Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02381 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК,

Хариуцагч: Д.Ц нарт тус тус холбогдох,

Гэрээнээс татгалзаж, 73 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ёндонжамц

Хариуцагч “Д” ХХК-ийн өмгөөлөгч, Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цтой 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр барилгын захиалга авах тухай 2015/112 дугаар гэрээг байгуулж, гүйцэтгэгч “Д” ХХК болон Д.Ц нар нь захиалагч “М” ХХК-ний зөвшөөрсөн зураг төслийн дагуу 140 м.кв талбайтай энгийн амины орон сууцыг захиалагчийн газар дээр 3-6 сарын хугацаанд 1 м.кв талбайг 900 000 төгрөгөөр тооцон 126 000 000 төгрөгөөр гүйцэтгэх, мөн 5х7 хэмжээтэй 2 автомашины гарааш 21 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тус тус тохиролцон.

Гэрээний нийт төлбөрийн 50 хувь буюу 73 500 000 төгрөгийг бартераар NTV телевизээр гүйцэтгэгч “Д” ХХК-ийн рекламыг цацах, үлдэгдэл 73 500 000 төгрөгийг гэрээний хавсралтад заасны дагуу төлөхөөр тохиролцсон.

Гэрээгээр рекламын төлбөрийг 1 секунд нь 2 500 төгрөг байхаар тохирсны ба NTV телевизийн эфирээр 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 29 691 секундийн буюу 74 252 500 төгрөгийн рекламыг тодорхой давтамжтайгаар 1199 удаа цацсан.

Гэрээ байгуулснаас хойш 2015 оныг дуустал “М” ХХК-ийн зүгээс барилга бариулах газрыг үзүүлэх, барилга эхлүүлэх талаар гүйцэтгэгч “Д” ХХК болон захирал Д.Ц нарт шаардлага тавьж байсан.

“Д” ХХК болон Д.Ц нар нь гэрээнд заасан барилгын ажлын нийт төлбөрийн 50 хувь буюу 73 500 000 төгрөгийн рекламыг хүлээн авсан учраас 2015/112 дугаар гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй. 140 м.кв энгийн амины орон сууц барих ажлыг биелүүлээгүй. Мөн хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Ц нь уг гэрээний үүргийг хүлээх шаардлагагүй, “Д” ХХК хариуцах үүрэгтэй байх тул хариуцагч Д.Цгоос татгалзаж байна.

Иймд “Д” ХХК болон “М” ХХК нарын хооронд байгуулагдсан 2015/112 дугаар гэрээг цуцалж, “Д” ХХК-аас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд NTV телевизийн эфирээр цацсан “Д” ХХК-ийн үйл ажиллагааны реклам зар сурталчилгааны төлбөр болох 73 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ДХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед манай компанид зар сурталчилгаа явуулах шаардлага байгаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийн 50 хувийг бартераар хийж үлдэх 50 хувийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 22 050 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 22 050 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14 700 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 700 000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч тал нь реклам цацсан боловч үлдэх 50 хувийг төлөөгүй учраас барилгын ажил эхлүүлэх боломжгүй байсан.

Биет хөрөнгийг биет бус бартераар солих нь маркетингийн оновчтой шийдэл биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. NTV телевиз болон нэхэмжлэгч талд манай байгууллага өөрсдөө очиж “зар сурталчилгаа явуулж өгөөч, бид байшин барьж өгье” гэж санал гаргаагүй.

Манайх өөр телевизүүдтэй хамтарч ажиллаж байсан учраас бэлдсэн реклам байсан нь үнэн. Гэрээний 1.2-д захиалагч нь гүйцэтгэх ажлын эхний төлөлтийг хийснээр гэж заасан байгаа. Бартераар төлөх нь эхний төлөлт биш юм. Санхүүжилт хийгээгүй учраас барилга эхлэх боломжгүй, барилгын зураг огт хийгдээгүй, мөн барилга барих газраа нэхэмжлэгч зааж өгөөгүй.

Гэрээнд заасан барилгын ажлын санхүүжилтийг барилгын үе шат бүрт тасралтгүй хийнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч тал нь эхлээд санал тавьсан, 73 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын захиалга авах гэрээ гэж 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Уг гэрээнд “Д” ХХК-ийг төлөөлж Д.Ц гэж гарын үсэг зурсан байдаг.

Д.Цг хариуцагчаар татсан нь тодорхойгүй байна. Учир нь гэрээг хоёр компани байгуулсан. Барилгын захиалга авах гэрээг ямар үндэслэлээр цуцалж байгаа нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Д” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээ цуцлан, зар сурталчилгааны төлбөр 73 500 000 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Цд холбогдох гэрээ цуцлан, зар сурталчилгааны төлбөрт 73 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “М” ХХК нь татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 523.212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх өөрийн гаргасан шийдвэрийнхээ үндэслэл болсон дүгнэлтээсээ эсрэг байдлаар шийдвэрийн тогтоох хэсгийг үйлдэж улмаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний харилцааны аль нь үүссэн болохыг тодорхойлолгүй, ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад реклам сурталчилгаа явуулсан талаар хариуцагч маргаагүй, хариуцагч өөрийн бэлдсэн реклам, шторкийг нэхэмжлэгчид өгч телевизээр цацуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх анхаарч үзээгүй.

Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэсэн заалтыг хэрэглэх нөхцөл бүрдсэн байгаад дүгнэлт өгөөгүй, анхаарч үзээгүй.

Түүнчлэн шүүхээс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалсан гэж үзэхээр байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Д” ХХК, Д.Ц нарт тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 73 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Максима медиа” ХХК-ийн гаргасан баримтын талаар тодруулах үүднээс Ч.Энхчимэгийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШЗ2019/10150 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.4 дэх хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлгийг урьдчилан аваагүй атлаа 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Ч.Энхчимэгт түүний үүрэг, хүлээлгэх хариуцлагыг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан нь зөрчилтэй болсон байна.

 

Анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдаанд Ч.Энхчимэгийг гэрчээр оролцуулахдаа түүнд үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулах тухай ажиллагаа хийлгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Мөн нэхэмжлэгч талаас “NTV телевизээр 2015 оны 10 дугаар сард нэвтрүүлсэн рекламын хуваарь, тооцоо” гэх цахим хэлбэрээр хөтлөгдсөн баримтыг хуулбарлаж өгсөн байх ба уг баримт нь дангаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг хангахгүй юм. Түүнээс гадна уг баримтад ерөнхий нягтлан бодогч Х.Батзаяа баримтыг хэвлэсэн гэж тэмдэглэгдсэн боловч гарын үсэг зурсан байдлаас дүгнэвэл түүнийг хэн нэгэн төлөөлсөн байх ба уг этгээдийг тодорхойлох боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 212 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА