| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/04978/И |
| Дугаар | 102/ШШ2024/00054 |
| Огноо | 2023-12-26 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/00054
| 2023 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/00054 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянхонгор аймаг, тоотод оршин суух, Эгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Чт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,048,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Б.Чт холбогдуулан 1,048,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Э би 2023 онд*******-ийн Бизнесийн сургуульд элсэн орсон билээ. Би 2023 оны 8 сард Хятад Улсын Тайванийн Их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэйгээр сурах эрх авсан хэдий ч ээжийгээ орхиж явах хүсэлгүй байсан тул тус сургуулиас түр хугацаагаар хойшлуулсан. Би тус шүүхэд аав гэх Б.Чээр Их сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,048,050 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Миний ээж Д.М нь 2023 оны 08 сарын 22-ны өдөр сургалтын төлбөр болох 2,096,100 төгрөгийг төлсөн. Аав гэх Б.Чтэй би 1 удаа л уулзаж байсан, намайг төрснөөс хойш нэг удаа ч эцгийн хайр халамжийг үзүүлээгүй өнөөдрийг хүргэсэн. Намайг хүүхдзэ биш гэж шинжилгээнд хүртэл оруулах гэж байсан гэж ээж хэлсэн. Одоо ч гэсэн шинжилгээнд оруулна гэж хэлдэг гэсэн. Нэг удаа надтай уулзахдаа лам хүүхдийн гомдол байна гэж хэлсэн учраас надтай уулзсан гэдгийг би ээжийнхээ ярианаас олж мэдсэн. Би тэр хүнд маш их гомддог. Би ээж, өвөө, эмээ, ээжийн ах, эгч нарын хайранд төрж, өсөж сайн сайхан явж байгаа. Ээж минь бие нь өвддөг хэдий ч миний төлөө ажил хийж, намайг юугаар ч дутаагаагүй. Гэсэн хэдий ч би төрсөн аав гэх Б.Чээс сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулж, ээжийнхээ ачаанаас жаахан ч гэсэн хөнгөлөхийг хүсэж байна. Иймд төрсөн эцэг Б.Чээс их сургуулийн 2023 оны 1 дүгээр курсын хагас жилийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 1,048,050 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримт /хх-ийн 5/, М сургуулийн тодорхойлолт /хх-ийн 17/, М сургуулийн оюутны тодорхойлолт /хх-ийн 38/, М Сургуулийн Удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолын хуулбар /хх-ийн 39/, шүүхээс М Сургуулийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 2/3056 тоот албан бичиг /хх-ийн 44/, хавсралт /хх-ийн 45-48/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Ч нь охин Ч.Эг огт харж үзэж байгаагүй бөгөөд 1 удаа л уулзаж байсан. Би М сургуулийн Бизнесийн сургуульд 2023 оны 09 сард элсэн орсон бөгөөд төлбөр 2,069,100 төгрөг төлсөн. Эцэг Б.Чээс 2023 оны 1 дүгээр курсын хагас жилийн сургалтын төлбөр 2,069,100 төгрөгийн 50 хувь 1,048,0,50 төгрөгийг хуульд заасны дагуу нэхэмжилж байна гэж тайлбарласан байна.
3.Нэхэмжлэгч Ч.Э нь М сургуулийн Бизнесийн сургуульд 2023 оны 09 сарын 19-ний өдөр бакалаврын оюутнаар элсэн орж, сургалтын төлбөрт 2,219,400 төгрөг төлсөн болох нь М сургуулийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/3056 тоот албан бичиг, М сургуулийн Бизнесийн сургуулийн Оюутны тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.1, 26.2.2, 26.2.3-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд болон хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, ... түүнд суурь боловсрол олгоход тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар ... эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, хэрэв тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зохицуулсан.
5.Нэхэмжлэгч Чийн Э 2005 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрж, 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 18 нас хүрч насанд хүрсэн болох нь Ч.Эээс Д.Мд олгосон итгэмжлэлд хавсаргасан иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26, 35, 38 дугаар зүйлд заасан эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.3-т заасны дагуу тэжээн тэтгүүлэгч хүүхэд ...18 нас хүрсэн тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно.
7.Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу ... сургуульд орсон гэх мэт үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох боловч дээд боловсролыг насанд хүрсэн иргэн өөрөө сонгох эрхэд хамаарах бөгөөд эцэг эхэд төлбөр төлөх үүрэг үүсгэх онцгой нөхцөл байдал болохгүй.
8.Иймд хариуцагч Б.Чт холбогдох 1,048,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 29,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Чт холбогдох 1,048,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.Эгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 29,710 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР