Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/1444

 

 

 

 

 

 2020           12              02                                         2020/ДШМ/1444                                                                                                               Т  M 546                                  МАЛАЛ

Ө.Г-д холбогдох                      

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ө.Г-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, Б.Баттуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 08 дугаар сарын 24ий өдрийн 2020/ШЦТ/1536 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Г-гийн өмгөөлөгч Б.Баттуяа, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ө.Г-д холбогдох эрүүгийн 1908053560028 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Ө-ын Г-, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цэргийн цагдаа мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хамбын 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Ө.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.О-ийг хардалтын улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудалд “Өөр залуутай утсаар ярилаа” гэх шалтгаанаар хоолойг нь боомилж, алгадсан, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод Э.О-ийг гэрт нь цохиж зодсон, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 01-12 тоотод өөрийн гэртээ элгэдэж, тэлээгээр ороолгож, байнга зодож, заналхийлэн, харгис хэрцгий харьцан, догшин авирлаж, тарчлаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт,

2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудлын автомашины зогсоолоос хохирогч Э.О-ийг 34-36 УБП улсын дугаартай автомашинд суулган авч явахдаа “Утсаа авсангүй, худал ярьлаа, богино юбка өмслөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар олон удаа цохиж, мөргөөд, гарыг нь хүлж, 2 удаа боомилж ухаан алдуулан онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоот Г.Н-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дарс, чинжаал хутга хулгайлан 107,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Ө.Г-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж тарчлаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, эдгээр ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцон нийт 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 1 хоног хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 226 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч Э.О- нь гэмт хэргийн улмаас цаашид учрах хохирол, хор уршигаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Г.Н-д 107,000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CD-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ө.Г-гийн өмгөөлөгч Б.Баттуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцаан дотор өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй. Нэг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж салгаж зүйлчлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш 5, 6 удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана. /Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаар тогтоол/

Гэтэл Ө.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.О-ийг
зодсон гэх үйлдлийг анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогчид
хөнгөн
гэмтэл учруулсан гэж давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлийн шинжийг төсөөтэй хэрэглэж болохгүй талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн шаардлага, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

“Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинжийг тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан болно. Эрүүгийн эрх зүйн онол, практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэгдэх бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд 3 болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу 3 ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно гэжээ.

2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн үйлдэл нь тооны хувьд байнга гэсэн шинжийг агуулж байгаа хэдий ч үйлдлийн хооронд хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийгээгүй. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Намайг зодоогүй өмдний тэлээгээ шидсэн” гэж мэдүүлсэн Э.О-ийн мэдүүлэг /1-р хх 46 дугаар тал/-д байхад зодсон болгож зөвхөн яллах талыг барьж асуудалд хандсан.

Мөн Э.О-ийн ээж Г.Н- нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-р гудамж, 12 тоотод Ө.Г-гийн гэрийн бүргэд хаалга, цонхыг эвдсэн, аав Н.Өнөрбатын эзэмшлийн автомашины цонхыг хагалсан эдгээр хохирогч нарыг нэхэмжлэгчээр тогтоогоогүй эрх ашгийг нь зөрчсөн.

Ө.Г-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.О-ийн ээж Г.Н-гийн гэрийн түлхүүр байдаг байсан тухай Э.О- мэдүүлэг өгсөн. /2-р хх 20 дугаар тал/ Тэднийхээр орж гардаг учраас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрт нь ороход хүн байгаагүй тул өмнө нь өөрөө худалдаж авсан архийг, чинжаал хутгын хамт авч явсан нь хулгайлах гэмт хэргийн шунахайн сэдэлт, санаа зорилго байхгүй, орон байранд хууль бусаар нэвтрээгүй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Ө.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, хулгайлах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг шууд хүндрүүлэн нэг гэмт хэрэгт хоёр удаа ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь, 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үйдлийг давхардуулан зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийг хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтооно гэснийг хэрэглэхдээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Миний үйлчлүүлэгч цагдан хоригдож байх хугацаанд аав нь бурхан болж амьдралд нь хүнд гарз тохиосон. Энэ байдал сэтгэл зүйн хүнд цохилтонд оруулж, одоо дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Ө.Г-гийн үйлдлийн давхар зүйлчлэлийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ө.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай Э.О-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл дээрээ маргахгүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Хууль бусаар нэвтэрсэн тухайд Э.О- бид хоёр биесээ мэддэг болоод 2 жил болж байна. Тэр хугацаанд гэрт нь удаа дараа өөрийн дураар орж, гардаг байсан. Өмнөх өдөр нь маргалдсан байсан тул уучлалт гуйх гээд гэрт нь очсон боловч Э.О- байгаагүй. Хүлээгээд ирэхгүй байхаар нь өөрийн худалдаж авсан архиа ууж байгаад аваад гарсан. Надад хулгай хийх ямар ч санаа зорилго байгаагүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ө.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ө.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Э.О-ийг хардалтын улмаас 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Янгир” зочид буудалд “Өөр залуутай утсаар ярилаа” гэх шалтгаанаар хоолойг нь боомилж, алгадсан, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоотод Э.О-ийг гэрт нь цохиж зодсон, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 01-12 тоотод өөрийн гэртээ элгэдэж, тэлээгээр ороолгож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг,

2019 оны 10 дугаар сарын 10-ны орой 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудлын автомашины зогсоолоос хохирогч Э.О-ийг 34-36 УБП улсын дугаартай автомашинд суулган авч явахдаа “Утсаа авсангүй, худал ярьлаа, богино юбка өмслөө” гэх шалтгаанаар нүүрэн тус газар олон удаа цохиж, мөргөн, гарыг нь хүлж, 2 удаа боомилон ухаан алдуулж онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 118 дугаар байрны 95 тоот Г.Н-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дарс, чинжаал хутга хулгайлан 107,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Э.О-ийн “... Г-той 2018 оны 07 дугаар сард танилцаж уулздаг болсон. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Г-гийн төрсөн өдөр болж Налайх дүүргийн 2 дугаар хорооны “Янгир” зочид буудалд орсон. Зочид буудалд байхад ажлын залуу утсаар залгаж ярихад Г- хардаж уурлаад нүүр рүү 1-2 удаа алгадаж, гарынхаа шуугаар хоолой боож амьсгал давчдуулсан. Энэ үед нүүр жоохон хөхөрсөн. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би автомашинаар Г-г гэрт нь хүргэж өгөхөд миний утсыг шалгана гэж шүүрч авснаас болж маргалдсан. Би утсаа аваад холдоход Г- миний хоолойг шахаж “Чи ийм хөгийн байхгүй юу, юм яръя гээд байхад” гээд гэдэс рүү өвдөглөж, газар унахад цамцны захнаас татаж хоолой шахсан. 2019 оны 06 дугаар сард ил харагдах гэмтэл шарх соривгүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэх үндэслэлээр өргөдлийг хаасан. Үүнээс хойш уулзахаас татгалздаг боловч өөрөө байнга уучлалт гуйж уулзъя гэдэг байсан. 9 дүгээр сарын эхээр “Фэйсбүүкээр эрэгтэй хүнтэй найз боллоо” гээд хардахаар нь дахиж уулзахгүй гэж шийдсэн. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөөнөөс хойш уулзъя гээд байхаар нь 16 цагийн үед найз Чанцалмаатай хамт “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудлын зогсоолд өөрийн эзэмшлийн автомашинтай уулзахаар очсон.  Г- ирээд машинаас буулгах гээд цонх, хаалга эвдэнэ гэж айлгаад байхаар нь буугаад очиход ирсэн машиндаа суулгаад авч явсан. Намайг “Утсаа авахгүй байна, худал ярьлаа, богино юбка өмссөн байна” гэж олон удаа нүүрэнд цохиж, пүүзнийхээ үдээсээр миний хоёр гарыг хүлж, багалзуурдаж ухаан алдуулсан. Ухаан ороход хээр шуудуу ухсан газарт аваачсан байсан. Сэргэхэд Г- жолооч залуутай хамт байсан бөгөөд намайг дахиад цохиж зодож байгаад гарынхаа шуугаараа боож ухаан алдуулсан. Тэгээд дахин сэргэхэд 5 шарын “Энхжин” худалдааны төв дээр явж байсан. Гэртээ оруулаад тайвширсан бололтой байхаар нь “Би гэртээ харъя” гэж гуйхад “Болоогүй байна хэвт, битгий дургүй хүргээд байгаарай, боогоод унагаана шүү” гэсэн. Өглөө сэрээд “Гэртээ харья” гэж гуйхад элгэн тус газар цохиж, “Чи надад худал хэлсэн, хуурсан, чиний ээж жаахан зовог” гэсэн. “Арай хэтрүүлчихлээ” гээд уучлалт гуйгаж байснаа дахин уурлаж бүсээрээ намайг 2 удаа ороолгосон. Тэгээд “Одоо би болилоо, чи яв, хэрэв цагдаад хандана гэвэл сайн бодоорой, дараа хоёулаа уулзах нүүр байгаа шүү” гэж хэлээд гараад явсан. Намайг цагдаагийн байгууллагад хандсанаас хойш байцаагчийн өрөөнд дугаараа нууцалсан утсаар “Хаана явсан газар чинь ална, хоёулаа уулзана” гэж заналхийлээд байсан. Би спинингдээ орчихоод Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дрангоны ар талын авобусны буудлын хойно Г-той уулзаад жаахан маргалдах үед миний цүнхийг аваад машинаас буугаад явсан. Тэр үед цүнхэнд байсан гэрийн түлхүүрээр гэрт орсон байсан. Ээж гэрээс эд зүйл алга болсон гэж байсан...” /1-р хх 40-41, 45-46, 51-53, 174/,

хохирогч Г.Н-гийн “...20 цагийн үед Г- уулзъя гэхээр нь гэрт нь очсон. Тэнд маргаан болж Г- намайг түлхэж унагасан. Гэртээ 22 цагийн үед ирэхэд нэг эргэж түгжигдсэн байсан хаалга маань 2 эргэж онгойсон. Гайхаад эд зүйлээ бүртгэхэд бурханы тавиур дээр байсан Виски, хутга хоёр алга болсон байсан. Байрны хяналтын камерын бичлэг шүүхэд Г- цахилгаан шатанд сууж байгаа нь бичигдсэн байсан...” /2-р хх 69-70/,

гэрч Г.Н-гийн “...2019 оны 06 дугаар сараас О-, Г- гэх залуутай үерхэж байгааг мэдсэн. Тэр үед охины маань нүд хөхөрсөн, зодуулсан байдалтай ирэхээр нь цагдаад гомдол гаргасан боловч охин гомдолгүй гээд хаалгасан байсан. Үүний дараа О-ийг гэртээ байхад нууцалсан дугаараас “Уулзахгүй бол ална, өөр хүмүүстэй явалдсан” гэх мэтээр хардаж сэрдэж айлган сүрдүүлдэг болсон. Шөнө, орой над руу залгаад “Чамаас болж охинтой чинь уулзаж чадахгүй байна, гай болж байна, ална” гэж заналхийлдэг. 2019 оны 10 дугаар сарын 10-ны орой охин ажлаасаа ирэхгүй байхаар нь санаа зовоод утас руу нь залгатал Г- аваад “Би танай охиныг алах гээд хөдөө явж байна, буцаж ирээд чамайг ална, Төв аймагт хүрээд ир” гэсэн. 11-ний өглөө Төв аймагт очиж цагдаад хандаж хайгаад олоогүй. Гэрэлт-Од гэх залууг барьж аваад асуухад Г- охиныг маань гэртээ аваачсан гэж хэлсэн...” /1-р хх 60-61, 187, 2-р хх 24/,

гэрч Б.Гэрэлт-Одын “...Г- ах “Нисэх рүү машин бариад яваад өгөөч” гэсэн. Өөрөө согтуу байсан. О- дээр очоод хэрэлдээд, машинд суулгаад “Чи яахаараа богино юбка өмсдөг юм” гэж загнасан. О- эгч бас согтуу байсан. Г- ах нүүрэн тус газар нь нилээн хэдэн удаа цохиод байх шиг байсан. Ард зодоод байсан. Нэг эргээд харахад мөргөж байсан. Тэндээс шинэ хурдны замаар яваад хажуу тийш салж уул руу чигтэй шороон замаар явсан. Замдаа гарынхаа шуугаар хоолойг нь боохоор нь би болиулсан. Тэгтэл “Бид хоёрын асуудал чамд хамаагүй, замаа хараад яв” гэж загнасан. Уулын бэлд очиход зогс гэсэн. О-ийг бууъя гэж байснаа буцаад хот руу явсан. Хот руу явах замдаа бас зодоод байсан. Тэгээд Г-гийн гэрийн гадна тэр хоёрыг буулгасан...” /1-р хх 58/,

гэрч Б.Чанцалмаагийн “...О- бид хоёр “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудал зогсоол дээр ирэхэд “Pruis-20” загварын автомашинаас Г- бууж ирээд О-ийг ятгасаар байгаад автомашиндаа суулгаад шууд хөдөлсөн...” /1-р хх 181-182/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Э.О-ийн биед дух, хүзүү, зовхи, хамар, хацар, шанаа, сарвуу, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 12385 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 77/,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1605 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, холбогдох материалууд /1-р хх 225-245/, Аюулын зэргийн үнэлгээний маягт, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /1-р хх 15-17, 18-19/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1-р хх 20-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 12-16/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 57-58/, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2-р хх 60/, эд зүйлийн үнэлгээ /2-р хх 30-32/,

шүүгдэгч Ө.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр О-тэй утсаар ярьж чадаагүй учир орой нисэхээс хүн тосно гэдгийг санаад танил дүү Гэрэлт-Одын хамт түүний машинтай хүлээж байгаад уулзсан. Машиндаа суулгаад ярилцаж байгаад уур хүрээд 1, 2 удаа алгадсан. О- нүүрээ дараад доошоо болохоор нь нуруунд гараараа цохисон. Буух гээд хаалга онгойлгохоор нь хоолойг нь боосон, гарыг нь уясан... Гэрийн түлхүүрийг өмнө нь О-ээс авсан байсан болохоор гэрийг нь онгойлгоод ороход хүнгүй байсан. Жаахан сууж байгаад гарахдаа виски авч гарсан... Өмнө нь О-ийн цээжинд гараараа нэг удаа түлхэж байсан. 2018 оны 12 дугаар сард Налайхад нэг буудалд О-тэй маргалдаад нэг удаа алгадаж байсан...” /1-р хх 102-106, 217-220, 2-р хх 84-87/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг 1.2 дахь заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцсон байна.

            Дээрх гэмт хэрэг нь бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийллээр илрэх ба хохирогчийг өвтгөн шаналгасан, зовж зүдрэхээр байдалд хүргэсэн, доромжилсон, гутаасан шинжтэй гурав ба түүнээс дээш тооны үйлдлүүд хамаарна.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Ө.Г-гийн үйлдэл нь гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож, заналхийлэн бие махбодийн болон сэтгэл санааний дарамт үзүүлсэн шинжийг хангасан байна. Тэрээр энэхүү сэдэлт, санаа зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийг цохих, мөргөх, гарыг нь хүлэх, боомжилж ухаан алдуулах зэргээр харгис хэрцгийгээр зодож хөнгөн хохирол санаатай учруулснаас гадна тухайн хэргийг шалгах явцад хохирогч Э.О-ийн эх Г.Н-гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь авсан хэргийн үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс, шүүгдэгч Ө.Г-гийн гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхээс зайлсхийснийг харгалзан уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байх тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлуудын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.  

Хохирогч Г.Н-гийн “... гэрийнх нь хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгосон байсан ...” талаарх мэдүүлэг нь гэрч Э.О-ийн “... Ө.Г- маргалдах явцдаа цүнхнээс нь гэрийн түлхүүрийг нь авсан байсан ...” гэх мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэгээр давхар батлагдаж байх тул шүүгдэгч Ө.Г-г бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн гэрт орох эрхтэй, түлхүүр нь байдаг, хулгайлсан гэх эд зүйлийг өөрөө худалдан авч хохирогчийн гэрт тавьсан гэж шүүгдэгч Ө.Г- маргадаг боловч эдгээр үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.    

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “... байнга ...” гэсэн шинжийг Эрүүгийн эрх зүйн онол ёсоор гурав ба түүнээс дээш тооны үйлдлээр тайлбарлах бөгөөд зарим нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүхээс, Ө.Г-г 2018 оны 12 дугаар сарын 22, 2019 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт,  2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогчид онц харгис, хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсноос үзэхэд нэг үйлдлийг хоёр гэмт хэргээр давхар зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу, төсөөтэй хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ө.Г- нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийг зодсон нөхцөл байдал /1-р хх 225-245/ тогтоогдож байхад уг үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хамааруулан эрүүгийн хариуцлага хүлээлгэлгүй ял завшуулсан болохыг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Э.О-ийн эх Г.Н-гийн бусдын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан байж болзошгүй үйлдэл нь шүүгдэгч Ө.Г-гийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Шүүгдэгч Ө.Г- өмнө нь хоёр удаа шүүхээр ял шийтгүүлсэн ба үүний заримыг эдлэхээс санаатай зайлсхийсэн хувийн байдал болон хохирогчийн эсрэг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргээс үзэхэд хорих ялыг хаалттай хорих байгуулагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “Хорих ялыг хөнгөрүүлэх, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/1536 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттуяа, Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

 

                       ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН