Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 118/ШШ2023/0033

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б., Д.,Э., Р., В., Б., Л., Т., Ц., Д.                      

Хариуцагч: Завхан аймгийн дарга нарын хоорондын нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Завхан аймгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн үр дүнгээр багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийг олгохгүй байгаа Завхан аймгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, багийн даргын 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 3 901 254 төгрөгийг Б., Д., Э., Р., В. Б., Л., Ц., Т., Д. нарт тус тус олгохыг Завхан аймгийн даргад даалгуулах гэж тодорхойлсон.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн сумын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/19 дүгээр захирамжаар ******* багийн даргын албан тушаалд томилогдон, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар чөлөөлөгдсөн ба мөн өдрийн Б/11 дүгээр захирамжаар тус багийн даргаар дахин томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

2.1 Нэхэмжлэгч Д. нь Завхан аймгийн сумын даргын  2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар ******* багийн даргын албан тушаалд томилогдон, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн ба 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар тус багийн даргаар дахин томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

2.2 Нэхэмжлэгч Д. нь Завхан аймгийн сумын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай захирамжаар ******* багийн даргын албан тушаалд томилогдон, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн ба мөн өдрийн Б/10 дугаар захирамжаар тус багийн даргаар дахин томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

2.3 Нэхэмжлэгч В., Р., Э. нар нь Завхан аймгийн сумын даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/39 дүгээр захирамжуудаар *******, *******, ******* багийн даргын албан тушаалд тус тус томилогдон, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/06, Б/08, Б/10 дугаар захирамжуудаар чөлөөлөгдсөн ба 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/17, Б/19, Б/20 дугаар захирамжуудаар дээрх багуудын даргаар тус тус дахин томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.   

2.4 Нэхэмжлэгч Б., Л. нар нь Завхан аймгийн ******* сумын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Хүнгүй болон багийн даргын албан тушаалд тус тус томилогдон, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар тус тус чөлөөлөгдсөн ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар дээрх багуудын даргаар дахин томилогдон ажиллаж байгаа.

2.5 Нэхэмжлэгч Ц., Т. нар нь Завхан аймгийн сумын даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар , багийн даргын албан тушаалд тус тус томилогдон, 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн ба 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн , багийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/21, Б/22 дугаар захирамжуудаар тус тус дээрх багуудын даргаар дахин томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.

3. Нэхэмжлэгч нар нь улс төрийн сонгуулийн үр дүнгээр багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйн талаар Завхан аймгийн даргад гомдлоо гарган шийдвэрлүүлж, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/768 дугаар албан бичгээр өгсөн хариуг эс зөвшөөрч, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэн тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 118/ШЗ2023/0159 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 4. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ээлжит 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа багийн даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдсөнөөр хуулийн дагуу тэтгэмж авах эрх бидэнд үүссэн. Гэтэл 2021 онд улсын төсөвт суугдаж, 2022 онд ирнэ гэж хүлээлтийн байдалтай болгосон. 2022 оны 11 сард аймгийн даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс шилжүүлнэ гэсний дагуу хэлтсийн холбогдох албан тушаалтнаас лавлахад та нарын тэтгэмж төрийн сангийн дансанд 6 сарын үндсэн цалингийн дунджаар 3 901 254 төгрөг бодогдож шилжиж ирсэн байгаа, санхүүгийн баримтад нэгдүгээр гарын үсэг зурдаг аймгийн дарга зөвшөөрвөл шууд шилжүүлнэ гэж тайлбарласан. Аймгийн даргатай уулзахад санаа зоволтгүй мөнгө чинь нэр устайгаа шилжээд ороод ирсэн байгаа, хурлаар оруулаад шийднэ гэсэн боловч өдийг хүртэл бидний тэтгэмжийг өгөөгүй. Иймд бид дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаанд төрийн чиг үүргийг анхан шатанд хүргэж үйлчилсний төлөө олгодог нийтийн удирдлагын нийгмийн баталгаа болсон 2006 оны Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж буюу нэхэмжлэгч тус бүрийн 3 901 254 төгрөг /нийт 39 012 540 төгрөг/-ийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг тэтгэмжийг нэхэмжлэгч тус бүрт олгохыг даалгуулахаар танай шүүхэд хандаж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2018 оны ээлжит сонгуулиар багийн иргэдийн Нийтийн Хуралд өрсөлдөж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлсэн. Үүний үндсэн дээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор уламжлагдаж, сумдын дарга нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагад нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгч нарыг багийн даргаар томилсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд заасан бүх шатны дарга дөрвөн жилийн хугацааг эдэлнэ гэж заасан, энэ бүрэн эрхийн хугацаа хэрэгжих ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрхийг нь нэг бүрчлэн заасан. Энэ бүрэн эрхийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлээд, хэрэгжүүлснийхээ төлөө 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Хурлын болон даргын бүрэн эрхийн баталгаа болсон зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авахаар байгаа. Энэ зохицуулалт 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдсөн 2020 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд мөн энэ агуулгаараа орж ирсэн. Ингэхдээ энэ зүйл нэршлийн хувьд өөрчлөгдсөн. 2020 оны хуулийн 78 дугаар зүйл “Нэгжийн удирдлагын нийгмийн баталгаа” гэсэн гарчигтай, доторх агуулгын хувьд 78.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн дарга болон бүх шатны дарга ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн. Энэ зохицуулалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлаж байна. Дээрх тэтгэмжтэй холбоотой зохицуулалт нь хуучин хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д, шинээр мөрдөгдөж байгаа хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан зохицуулалт ямар ч үг үсгийн зөрүүгүй байгаа. Ээлжит сонгуулийн дүнд чөлөөлөгдөх үед 2006 оны хууль мөрдөгдөж байсан. Нэхэмжлэгч нарын тэтгэмж шаардах эрх нь хуучин хуулийн үед үүссэн. Бүгдээрээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн. Жишээ нь, сумын ******* багийн дарга гэхэд 2021 оны 9 сард чөлөөлөгдсөн тул энэ өдрөөс шаардах эрх нь үүсэж байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу тэтгэмжийг олгох ёстой. Тэтгэмж олгохгүй байх эс үйлдэхүй гаргаж байгаад 2022 оны 1 дүгээр сараас хойш хүчин төгөлдөр үйлчилсэн хуулийн үед ч мөн энэ эс үйлдэхүй үргэлжилсэн. Учир нь хуучин хэрэгжиж байсан хуулийн зохицуулалт шинэчилсэн хуульд өөрчлөгдөөгүй хадгалагдсан. 2006 оны хуулиар баталгаажсан “Хурлын болон даргын бүрэн эрхийн баталгаа” гэж байгаа. Үүнийг бүрэн эрхийн баталгаа гэж үзнэ. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх шаардах эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нийгмийн баталгаа буюу ажлаас чөлөөлөгдөөд дараагийн ажилд орох хүртэлх хугацааны баталгаа гэж тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр нөхцөл байдал нь Нийгмийн даатгалын тухай хууль болон ажилгүйдлийн тухай хуулийн дагуу явагддаг. Даатгагч, даатгуулагч нарын хоорондын харилцаа байгаа. Ажилтны сар бүрийн цалингаас суутгаад ажил олгогчийн тухайн ажилтанд зориулж шимтгэл төлөх байдлаар яваад цалингийн сангаас 26 хувийг тооцож, сар бүр нийгмийн даатгалын санд үйлдвэрлэлийн ослын даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн даатгал гэсэн таван шимтгэлийг нийгмийн баталгаа болгон өгдөг. Тухайн нийгмийн харилцаа, үйл явдлаас шалтгаалаад ажилгүй болсон тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж яригдана, түүнээс ажилгүйдлийн тэтгэмжийг албан тушаалын бүрэн эрхийн баталгаатай хольж ойлгох боломжгүй. Хуульд бүрэн эрхийн баталгаа гэж заасан. Тийм учраас дөрвөн жилийн хугацаанд Үндсэн хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө авах тэтгэмжийг нэхэмжлэгч нар бүгд авах эрхтэй. Авах эрх нь ажлаас чөлөөлөгдсөнөөр үүснэ. Ээлжит сонгуулийг дөрвөн жилийн хугацаанд хийнэ гэсэн хуулийн зохицуулалттай. 2020 онд ээлжит сонгууль болсон. Нэхэмжлэгч нарыг сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн гэж ярих боломжтой, бүгд чөлөөлөгдсөн, чөлөөлөгдөхгүй байх боломжгүй. Гэтэл хариуцагч талаас чөлөөлөгдөөгүй, одоо хүртэл ажлаа хийж байгаа, чөлөөлөгдсөн гэдэг нь бодит байдал дээр харагдахгүй байна гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгч нарын тухайд нэг ажил олгогчоос тушаал гараад дахин томилдог хэлбэрийн төдий асуудал биш. Чөлөөлөгдөх болон томилох процесс нь тус тусдаа, томилогдох процессын тухайд энэ албан тушаалаас чөлөөлж байж, сонгууль явагдах асуудал яригддаг. Сонгууль нь  хуульд зааснаар бүх шатны дарга дээр явагдана. Сонгууль болохдоо багийн иргэдийн Нийтийн Хурлаар өрсөлдөнө. Өрсөлдөөд багийн иргэдийн дийлэнхийн итгэлийг авч, багийн иргэдийн Нийтийн Хурлаас сумын даргад уламжлагддаг. Сумын дарга хянаад бүрэн эрхийнхээ дагуу тухайн хүнийг томилдог. Хэрвээ сонгуульд өрсөлдөөд гарч ирээгүй бол энэ ажлыг хийх боломжгүй. Ийм маргаантай 11 хүн байсан, одоо энэ хэрэгт 10 хүн байгаа. сумын Олон булаг багийн даргаар ажилладаг нэхэмжлэгч нартай яг адилхан кэйстэй боловч нэхэмжлэлээ татсан. Татах үндэслэл нь би өөр мөнгөтэй андуурсан байна, нэхэмжлээд байгаа 3 901 250 төгрөг миний данс руу орсон, мөн би энэ ажлаа хийж байгаа учраас нэхэмжлэлээ татан авч байна гэсэн. Багийн дарга нар бүгд адилхан кейстэй байж зарим нь яагаад тэтгэмжийн мөнгө авахгүй байгаа юм бэ гэдэг асуудал яригдана. Хариуцагчийн төлөөлөгч нар тухайн үед гэдэг хүн би сонгуульд өрсөлдөхгүй гэж тэтгэмжээ авсан, сонгуульд өрсөлдөхгүй гэсэн учраас тэтгэмжийг нь өгсөн гэж тайлбарладаг. Үндсэн хуульд заасан сонгогдох эрхэд шууд халдаж тэтгэмж өгөхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн багийн нийт иргэдийн сонгох эрхийн асуудал, тухайн хүнийг сонгомоор байна гэтэл тэр хүн нь тэтгэмж авахын тулд сонгуульд оролцохгүй гэх боломжгүй. 116 багийн даргын тэтгэмжийн мөнгө улсын төсвөөс батлагдсан. Мөн аймгийн дарга нэхэмжлэгч нартай уулзахдаа та нар чимээгүй байж бай тэтгэмж чинь батлагдаад орж ирсэн гэдэг байдлаар хэлсэн байсан. Хариуцагч тал тайлбарлахдаа аймгийн дарга нэгдүгээр гарын үсэг зурах юм бол өгөхөд бэлэн гэж хэлдэг. Улсын төсвөөс орж ирсэн мөнгийг өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна...гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Б. нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол урьд эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгоно гэж заасан. Багийн даргын сонгууль УИХ-ын сонгуулиас хойш болдог. 2021 оны төсвийг 2020 оны 8 сард өгсөн. Тухайн үед Ковидтой холбогдуулаад багийн даргын сонгууль явагдаагүй байсан учраас 2021 оны төсөвт энэ тэтгэмж суугдаагүй. Харин 2022 оны төсөвт суулгахаар төсөвлөн 2021 оны 8 сард өгсөн. Төсөвт тэтгэмжийг суулгахдаа Сангийн яам ямар нэгэн судалгаа авдаггүй, Завхан аймгийн хэмжээнд улс төрийн хэдэн албан тушаалтан байгаа гэдэг тоогоор 2022 оны төсөвт суугдаж орж ирсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн. Бид Төсвийн тухай хууль болон бусад дагаж хэрэгжиж байгаа хуулийнхаа хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Бүрэн эрхийн хүрээнд багийн дарга ямар ажил хийх вэ гэдгийг зааж өгсөн байдаг. 2022 оны төсвийг улсаас батална. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг улс төрийн албан тушаалтны цалин аль нэг байгууллага шиг бие дааж тусдаа батлагддаггүй. Орон нутгийн төсөв орон нутгийн татварын орлого болон улсаас авч байгаа санхүүгийн дэмжлэгийн хүрээнд бүрдээд, аймаг төсвөө хуваарилдаг. Энэ хуваарилалтаар улс төрийн албан тушаалтны 920 000 000 төгрөгийн мөнгө орж ирсэн, үүнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үнийн дүнгээр нь баталж өгсөн. 2022 онд аймгийн даргаар гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед нэгдүгээр гарын үсгийг дарга, хоёрдугаар гарын үсгийг би зурж байсан. Миний хувьд нэхэмжлэгч нарыг тэтгэмжээ авъя гэхэд төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн даргатай очиж уулзаач гэснээр уулзаж байсан. сумын нэг багийн дарга, мөн ******* сумын гурван багийн дарга нарын хувьд 2022 онд сумд нь багийн даргын сонгууль болж байсан, тэр үед сонгуульд дахин оролцохгүй гэдэг байдлаар өргөдлөө өгөөд тэр өргөдөлтэй аймгийн дарга танилцсаны үндсэн дээр тэтгэмжийн мөнгийг нь олгосон. Тэтгэмжийн мөнгөө аваад сонгуульд оролцох, оролцохгүй нь миний эрхийн асуудал гээд сонгуульд оролцоод багийн дарга болсон. Нэхэмжлэгч нарын хувьд ямар нэгэн байдлаар цалингийн доголдол үүсээгүй, өмнө багийн дарга хийж байгаад дахиад багийн дарга болоход цалингийн, ажилласан жилийн, нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол үүсээгүй. 2022 оны төсвөө батлаад тэтгэмж өгөхтэй холбогдуулаад төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс хэдэн багийн дарга чөлөөлөгдсөн, хэдэн сумын Хурлын дарга чөлөөлөгдсөн бэ гэдэг судалгааг аваад үзэхэд нийт 169 хүний судалгааг өгсөн байсан. Энэ судалгаан дээр үндэслээд бид нар ажилтай, ажилгүй буцаад томилогдсон гэдэг байдлаар ялгаад тэтгэмжийн мөнгийг нь өгсөн... сумын ******* багийн дарга Э., ******* багийн дарга Р., ******* багийн дарга В., ******* сумын багийн дарга Л., сумын ******* багийн дарга Д. нар нь албан тушаалаасаа өөрчлөгдсөн эсэх талаар судалгаанд ороогүй байсан. сумын ******* багийн дарга Б., ******* багийн дарга Д., ******* сумын багийн дарга Б., сумын багийн дарга Т., ******* багийн дарга Ц. нар нь уг судалгаагаар багийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байсан... Орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн 24 сумын 116 багийн даргаар 2016-2020 онд томилогдон ажиллаж байсан улс төрийн албан тушаалтны судалгаа, мөн 2020-2024 онд орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон 116 багийн даргын судалгаа байгаа. Орон нутгийн 2 сонгуулийн үр дүнгээр нийт 13 сумын 19 багийн дарга нар дахин томилогдсон. Тухайн багийн дарга нарын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, нийгмийн даатгал шимтгэлүүд тасалдалгүй ажилласан тул уг тэтгэмжийг олгоогүй. Хуулийн 78 дугаар зүйлд чөлөөлөгдсөн бол гэж заасан нь тухайн улс төрийн албан тушаалтан ажлаасаа бүр мөсөн чөлөөлөгдөж, дахин ажилтай болох хугацаанд нийгмийн баталгааг хангах зорилготой олгож байгаа тэтгэмж гэж ойлгож байна... 2022 оны төсөвт улс төрийн албан тушаалтны тэтгэмж болох 920,7 сая төгрөг суугдсан. Энэ мөнгийг 2022 онд 747,9  сая төгрөгийг улс төрийн албан тушаалтанд олгох тэтгэмжид зарцуулсан байна. Ингэж олгохдоо төрийн сангийн тоот буюу дарга нэртэй данснаас олгосон бөгөөд сумдын дансанд хуваарилаагүй болно. 2022 онд улс төрийн албан тушаалтны тэтгэмжийн үлдэгдэл мөнгө 172,8 сая төгрөгийг Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дэх хэсэгт "Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ” гэж заасны дагуу орон нутгийн орлогын дансанд татан төвлөрүүлсэн. 2023 онд аймгийн төсөвт хоёр удаагийн тодотгол хийж, орон нутгийн орлогын дансны үлдэгдлийг аймгийн 100 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэрлэсэн. 2022 онд аймгийн дарга Д.тай эдгээр багийн дарга нар удаа дараа уулзаж байсан, тухайн үед дарга амаар тэтгэмжийн мөнгийг дахин томилогдсон багийн дарга нарт олгохгүй гэсэн шийдвэрийг хэлж байсан. Үүний дагуу аймгийн даргатай уулз, дарга зөвшөөрвөл би шилжүүлж болно гэсэн тайлбарыг өгч байсан... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б., Д., Э., Р., В. Б., Л., Ц., Т., Д. нар нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний тэтгэмж буюу албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа Завхан аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг тэтгэмжийг гаргуулахыг хүсжээ.

2. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаар тогтоолоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосны дагуу сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль орон даяар зохион байгуулагдаж, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр санал хураалт явагдсан /илэрхий үйл баримт/.

4. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараа сумдын багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж, шинээр даргыг сонгож, томилуулах үйл ажиллагаа явагдсанаар Завхан аймгийн сумын ******* багийн даргын албан тушаалаас Б.ийг, сумын ******* багийн даргын албан тушаалаас Д.ийг, сумын ******* багийн даргын албан тушаалаас Э.ыг, сумын ******* багийн даргын албан тушаалаас Р.г, сумын ******* багийн даргын албан тушаалаас В.ыг, ******* сумын багийн даргын албан тушаалаас Б.ийг, ******* сумын багийн даргын албан тушаалаас Л.ыг, сумын багийн даргын албан тушаалаас Ц.ыг, сумын багийн даргын албан тушаалаас Т.г, сумын ******* багийн даргын албан тушаалаас Д.ийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр 2021 онд 109, тус тус чөлөөлсөн нь холбогдох сумдын дарга нарын захирамжаар  тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 34, 109, 113, 121, 129, 133, 137, 143, 147 дугаар хуудсанд/

5. Нэхэмжлэгч нарыг багийн даргын албан тушаалаас чөлөөлөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Баг, хорооны даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”, 26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны даргыг сум, дүүргийн дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон даргад энэ хугацаа хамаарахгүй”,  28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн дарга шийдвэрлэнэ” гэж заасан.

6. Нэхэмжлэгч нарын тухайд  дээрх хуульд заасан журмын дагуу багийн даргын албан тушаалд томилогдон ажиллаад сумын даргын шийдвэрээр чөлөөлөгдсөн байна.

7. 2006 оны Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэжээ.

8. Орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдсөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын болон бүх шатны даргад тухайн ажлыг эрхэлсэн хугацаанаас үл хамааран нэг удаагийн тэтгэмж олгохоор дээрх хуулиар тогтоосон байх тул бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж авах эрх үүссэн байна.

9. Энэ тэтгэмж нь даргын албан тушаалд ажиллаж байсан улс төрийн албан хаагчийн хуулиар тогтоосон бүрэн эрхийн баталгаа бөгөөд төрөөс нэхэмжлэгч нарыг уг баталгаагаар хангах үүрэгтэй тул урьд авч байсан багийн даргын албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгч нарт олгох эрх зүйн үндэслэлтэй байна.

10. Хариуцагч Завхан аймгийн даргаас “Цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасалдаагүй, ажилгүй болох эрсдэл үүсээгүй, улс төрийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байгаа” гэх үндэслэлээр нэр бүхий нэхэмжлэгч нарт дээрх хуульд заасан тэтгэмжийг олгохгүй тухай аман шийдвэр гаргасныг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хэн алин нь тайлбарласан.

11. Нэхэмжлэгч нарын тухайд 2020 оны сонгуулийн үр дүнд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдсөний дараа тус тусын багийн иргэдийн Нийтийн Хурлаар нэр дэвшин, дахин багийн даргаар томилогдон ажиллах болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ нөхцөл байдал нь 2017-2021 онуудад багийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж, хуульд заасан журмын дагуу чөлөөлөгдсөнөөр олгогдох нэг удаагийн тэтгэмж авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

12. 2006 оны Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэг удаагийн тэтгэмжийг ”Сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөн байх” гэх ганцхан шалгуурыг хангасан тохиолдолд олгохоор байна, харин “улс төрийн албан тушаалд үргэлжлүүлэн ажилласан эсэх, ажилгүй болох эрсдэл үүссэн эсэх зэргийг харгалзан үзэх” нэмэлт шалгуурыг энэ хуулиар тогтоогоогүй байна.

13. Нутгийн удирдлагыг хэрэгжүүлэгч улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн баталгаа болох энэ нэг удаагийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажилтан /даатгуулагч/-д учирсан эрсдэлийг бууруулах, ажилгүй болсон даатгуулагчийг дараагийн ажилд орж орлоготой болох хүртэл хуулиар тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангаас амьдралын баталгааны эх үүсвэр болгон олгож буй ажилгүйдлийн тэтгэмжтэй адилтган үзэж нэхэмжлэгч нарт олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг зөвтгөх эрх зүйн үндэслэлгүй.

14. Аймгийн дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 14 дүгээр зүйлийн 14.1.20-д зааснаар тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд төсөвтэй холбоотой дараах үүргийг хүлээхээр байна.

15. 2006 оны Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсгийн а-д “...орон нутгийн төсвийн болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлуулахаар тухайн Хуралд оруулах, батлагдсан хөтөлбөр, төсөв, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ: ...41.2.2.батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, 65 дугаар зүйлийн 65.1.1-д “Тухайн шатны төсвийн төсөл, тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах” гэж тус тус заажээ.

16. Энэ зохицуулалтаас үзэхэд хариуцагч Завхан аймгийн дарга нь тухайн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлуулах, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, захиран зарцуулах үүрэгтэй боловч дээрх үүргээ зөрчиж хуулиар тогтоосон нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгч нарт олгоогүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын нийгмийн баталгаагаар хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

17. Хуульд заасан тэтгэмжийг нэхэмжлэгч нарт олгохгүй байгаа хариуцагч Завхан аймгийн даргын хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарыг багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь “нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан” агуулга бүхий Завхан аймгийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/768 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд/

18. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй нь 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хугацаанд болон 2020 онд шинэчлэн найруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хууль шилжилтийн хугацаанд дамжин өнөөдрийг хүртэл үргэлжилжээ.

19. Монгол Улсын Их Хурлаас 2020 онд шинэчилсэн найруулгаар баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн бөгөөд хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-д Аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах талаарх аймгийн даргын бүрэн эрх, 78 дугаар зүйлийн 78.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэх заалт тус тус хэвээр хадгалагдсан тул дээрх зүйл хэсгийг үндэслэн нэхэмжлэгч нарт нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа хариуцагч Завхан аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг нэхэмжлэгч нарт олгохыг даалгах нь зүйтэй байна.

20. Завхан аймгийн даргын Тамгын газраас аймгийн хэмжээнд сонгуулийн үр дүнд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бүх шатны Хурлын дарга, дарга, тэдгээрийн орлогч нарын тоон судалгааг 2021 оны байдлаар гаргаж, тэдэнд /үүнээс багийн дарга 116/ олгогдох нэг удаагийн тэтгэмжийг 920 769 400 төгрөгөөр тооцож 2022 оны төсөвт суулгахаар төсөвлөсөн, уг төсөв батлагдан хэмжээгээр Завхан аймгийн даргын төрийн сангийн дансанд хуваарилагдсан болохыг хариуцагчийн төлөөлөгч нар үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч тайлбарласан. /Хавтаст хэргийн 172-175, 187-188 дугаар хуудсанд/

21. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнд чөлөөлөгдсөн улс төрийн албан тушаалтнуудад олгох нэг удаагийн тэтгэмжийн төсөв батлагдаагүй, санхүүжилт хийгдээгүй гэж маргаагүй учир уг төсвийг баталсан, хуваарилсан талаарх баримтуудыг шүүх нэмж цуглуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

22. Завхан аймгийн даргын төрийн сангийн тоот дансанд түүний зарцуулах 2022 оны төсвийг хуваарилан шилжүүлсэн гэх ба уг дансны мэдээллээс харахад сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөний тэтгэмж гэх ангилалд 913 703 800 төгрөгийг зарцуулахаар тусгаж, 747 880 962 төгрөгийн гүйцэтгэл хийгдэж, нийт 163 улс төрийн албан тушаалтанд тэтгэмжийн мөнгийг олгосон байх боловч нэр бүхий нэхэмжлэгч нарт олгоогүй, төсвийн үлдэгдлийг зарлагын хэмнэлтэд тооцож, орон нутгийн ерөнхий орлогын 100090000910 тоот дансанд шилжүүлэн, 2023 оны төсөвт төвлөрүүлсэн болох нь 2022 онд тэтгэмж олгосон албан тушаалтнуудын жагсаалт, Завхан аймгийн багийн дарга нарын судалгаа /2016-2020/, Багийн дарга нарын судалгаа /2020-2024/, Улс төрийн албан тушаалтны судалгаа, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Аймгийн төсвийн тодотгол батлах тухай” 70 дугаар, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Аймгийн 2023 оны төсвийн тодотгол батлах тухай” 81 дүгээр тогтоолууд,  Завхан аймгийн орон нутгийн ерөнхий орлогын 100090000910 тоот дансны хуулга, Завхан аймгийн даргын Төрийн сангийн тоот дансны хуулга, төсвийн хэлбэлзэл гэх баримтуудаар нотлогдож байна. /Хавтаст хэргийн 168-171,176-182,186 дугаар хуудсанд/

23. Хариуцагч Завхан аймгийн дарга нь “Ажилгүй болох эрсдэл үүсээгүй, улс төрийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байгаа” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарт тэтгэмжийн мөнгийг олгоогүй боловч 2022 онд тэтгэмж олгосон албан тушаалтнуудын жагсаалт, Завхан аймгийн багийн дарга нарын судалгаа /2016-2020/, Багийн дарга нарын судалгаа /2020-2024/ гэх баримтуудыг харьцуулан харахад багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа дахин багийн даргаар томилогдон үргэлжлүүлэн ажиллаж буй зарим хүнд нэг удаагийн тэтгэмж  болох 3 901 254 төгрөгийг олгож, ялгамжтай хандсан нь тогтоогдож байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэстэй. /Хавтаст хэргийн 161-175 дугаар хуудсанд/

24. Тодруулбал, 2021 онд чөлөөлөгдсөнөөс хойш дахин багийн даргаар томилогдон үргэлжлүүлэн ажиллаж байгаа сумын Олонтүрүү багийн дарга Б., сумын Хуягт багийн дарга Ц., Үржил багийн дарга Д., Хонгор багийн дарга Д. нарт 3 901 254 төгрөгийг тус тус олгосон нөхцөл байдал тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 164, 165, 169, 171, 172, 173 дугаар хуудсанд/

25. Дээрх нэр бүхий хүмүүст тэтгэмжийг олгохдоо “улс төрийн албан тушаалд дахин нэр дэвшиж, үргэлжлүүлэн ажиллахгүй” гэх өргөдөл, хүсэлтийг нь үндэслэсэн хэмээн хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарласныг зөвтгөх эрх зүйн үндэслэлгүй.

26. 2020 оны Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасан уг нэг удаагийн тэтгэмжийг улс төрийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахгүй тухай баталгаа, өргөдөл, хүсэлт гаргасан эсэхээр хязгаарлан олгохгүй байх эрх зүйн үндэслэлгүй.

27. Иймд Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг зөрчиж, хуульд заасан журмын дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон нэхэмжлэгч Б., Д., Э., Р., В. Б., Л., Ц., Т., Д. нарт нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа Завхан аймгийн даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын нийгмийн баталгаагаар хангагдах, тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул урьд эрхэлж байсан багийн даргын албан тушаалын зургаан сарын  цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж буюу 3 901 254 /гурван сая есөн зуун нэг мянга хоёр зуун тавин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч тус бүрд олгохыг хариуцагчид даалгах эрх зүйн үндэслэлтэй байна.

28. Нэхэмжлэгч нарыг 2021 онд багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх үед Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын тогтоолын 11 дүгээр хавсралтаар баталсан цалингийн хэмжээг мөрдөж байсан байх ба уг хавсралтаар багийн даргын албан тушаалын нэг сарын цалингийн хэмжээг “603 031-697 388” төгрөг гэж тогтоосныг үндэслэн нэг сарын цалингийн дундаж хэмжээг 650 209 төгрөг /[603031+697388}:2=650 209/, зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг 3 901 254  төгрөг /650209*6=3 901 254/ гэж тооцсон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д ”Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

30. Хэрэгт авагдсан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.ид 70 200 төгрөгийг олгуулахаар тогтоосон болно. /Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар  зүйлийн 78.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Завхан аймгийн сумын ******* багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Б., ******* багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн  Д., сумын ******* багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Э., ******* багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Р., ******* багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн В., ******* сумын багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Б., багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Л., сумын багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Ц., багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Т., сумын ******* багийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Д. нарт нэг удаагийн тэтгэмж олгохгүй байгаа Завхан аймгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, багийн даргын албан тушаалын зургаан сарын үндсэн цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 3 901 254 төгрөгийг нэхэмжлэгч Б., Д., Э., Р., В. Б., Л., Ц., Т., Д. нарт тус тус олгохыг хариуцагч Завхан аймгийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн даргаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.ид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ТУНГАЛАГ