| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/05640/И |
| Дугаар | 102/ШШ2024/02365 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/02365
| 2024 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2024/02365 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээ цуцалж, хохиролд 57,000,000 төгрөг гаргуулах, орон сууцыг чөлөөлүүлэх тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Д.Цт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ цуцалж, хохиролд 57,000,000 төгрөг гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. *** ХХК, Д.Ц нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр № ***тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.2-т 2022 оны 8 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна, 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 1,500,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг гүйцэтгэгч талд үл маргах журмаар төлнө гэж талууд тохиролцсон. Иргэн Д.Ц нь гэрээ байгуулсан өдөр түлхүүрийг хүлээн авч байрандаа нүүж орсон. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, уулзаж шаардаж байсан боловч үр дүн гарсангүй, нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжилж буй 57,000,000 төгрөгийн тухайд орон сууц хүлээн авсан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тооцоход 38 сарын хугацаа өнгөрсөн байна. 38 сарыг сар бүрийн 1,500,000 төгрөгөөр тооцон дээрх орон сууцыг ашиглаж байсны төлбөрт 57,000,000 төгрөгийг гаргуулж, мөн *** тоот 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч Д.Ц шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би дүүгийнхээ өмнөөс тайлбар хэлж чадахгүй байна. Би гэрээ байгуулаагүй. Энэ гэрээг байгуулсныг би мэдээгүй байсан. Энэ гарын үсэг миний гарын үсэг биш. Тус байранд одоо миний дүү амьдарч байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.09.10-ны өдрийн ***тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2019.10.15-ны өдрийн *** тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, *** тоот оршин суугч Д.Цын ашиглалтын төлбөр тооцоо, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн *** дугаар шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Д.Б-оос гэрчийн мэдүүлэг авсан, нэхэмжлэгчээс 2023.12.07-ны өдрийн *** тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаарх лавлагааг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардсан. Үүнд: *** ХХК, Д.Ц нарын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр № ***тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.2-т 2022 оны 8 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна, 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч гэрээг цуцлах тохиолдолд худалдан авагч нь орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд нэг сар тутамд 1,500,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг гүйцэтгэгч талд үл маргах журмаар төлнө гэж талууд тохиролцсон. Иргэн Д.Ц нь гэрээ байгуулсан өдөр түлхүүрийг хүлээн авч байрандаа нүүж орсон. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, уулзаж шаардаж байсан боловч үр дүн гарсангүй, нэг ч төгрөгийн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжилж буй 57,000,000 төгрөгийн тухайд орон сууц хүлээн авсан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тооцоход 38 сарын хугацаа өнгөрсөн байна. 38 сарыг сар бүрийн 1,500,000 төгрөгөөр тооцон дээрх орон сууцыг ашиглаж байсны төлбөрт 57,000,000 төгрөгийг гаргуулж, мөн *** тоот 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.
3. Хариуцагч дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд: Би дүүгийнхээ өмнөөс тайлбар хэлж чадахгүй байна. Би гэрээ байгуулаагүй. Энэ гэрээг байгуулсныг би мэдээгүй байсан. Энэ гарын үсэг миний гарын үсэг биш. Тус байранд одоо миний дүү амьдарч байгаа гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020.09.10-ны өдрийн ***тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2019.10.15-ны өдрийн *** тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, *** тоот оршин суугч Д.Цын ашиглалтын төлбөр тооцоо, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.23-ны өдрийн *** дугаар шийдвэр, 2023.12.07-ны өдрийн *** тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, *** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаарх лавлагаа, гэрч Д.Бийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *** ХХК нь ***барьж 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулжээ.
6. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Д.Ц-тай *** тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ***тоот *** м.кв, 1 өрөө орон сууцыг 110,375,000 төгрөгөөр худалдах, төлбөрийн урьдчилгааг *** ХХК-ийн гүйцэтгэлээр төлж үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүүгүй төлж барагдуулахаар тохиролцож, гэрээ байгуулсан байна.
7. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Худалдагч тал болох *** ХХК нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгч, хариуцагчийн дүү Д.Б нь орон сууцыг одоо хүртэл эзэмшиж, ашиглаж байна.
8. Харин худалдан авагч Д.Ц нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор орон сууцны үнийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсэж, нэхэмжлэгч нь 2020.09.10-ны өдрийн гэрээний ***тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээний 7.3-т Хэрэв Худалдан авагч нь төлбөр төлөх хугацааг гэрээнд заасан өдрөөс хойш 14 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд худалдагч нь энэ талаар Худалдан авагчид 1 удаа сануулах ба сануулгыг утас, гар утасны мессеж, мэйлийн аль нэгнээр мэдэгдснээс хойш төлбөрөө 3 хоногийн дотор төлөөгүй нөхцөлд Худалдагч нь Худалдан авагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээг цуцалсанд тооцно гэж зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байна.
Түүнчлэн гэрээний 7.4-т Худалдан авагчийн хүсэлтээр эсхүл Худалдан авагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Худалдагч тал гэрээг цуцлах тохиолдолд Худалдаг авагч нь орон сууцыг хүлээн авсан анхны байдалд нь оруулж Худалдагчид хүлээлгэн өгөх бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд орон сууцыг хөлсөлж байсанд тооцно. Орон сууцыг хүлээн авсан өдрөөс хүлээлгэн өгөх хүртэлх нийт хугацаанд нэг сар тутамд 1,500,000 төгрөгөөр хөлсөлж байсанд тооцож хүлээлгэн өгөх хүртэлх хугацааны төлбөрийг Худалдагч талд үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь уг заалтыг баримтлан хариуцагчаас орон сууцыг хүлээн авсан 2020 оны 9 дүгээр сарын 10-наас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 2023 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл нийт 38 сарын хугацааны түрээсийн төлбөрт 57,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул худалдагч нь уг гэрээнээс татгалзах эрхтэй.
Иймд хариуцагч нь гэрээний дагуу шилжүүлэн авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй байх тул хариуцагчийн эзэмшил ашиглалтаас гэрээний зүйл болох *** тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
10. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орон байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Талууд гэрээндээ Худалдан авагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг цуцалсан тохиолдолд орон сууцыг ашигласан 1 сар тутам 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч талын ашигласан 38 сарыг 1,500,000 төгрөгөөр тооцон, 57,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
16. Иймд хариуцагч Д.Ц-аас орон сууцыг ашигласан хугацааны төлбөрт 57,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэлээ.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 513,150төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.212, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Ц-аас *** тоот хаягт байрлах, 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, 57,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 513,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ