Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ДШМ/1445

 

 

 

 

 

 2020             12              02                                       2020/ДШМ/1445                                                                                                           Т  M 546                                  МАЛАЛ

Э.Б-д холбогдох                                                                                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Э.Үнэнсайхан,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 24ий өдрийн 2020/ШЗ/3262 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Б-д холбогдох 2006000002272 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ийн Б-, Баянхонгор аймагт 1974 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “ИЙ ЭЙЧ БИ ИЙ” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 000 байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Э.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон аварга” хүнсний дэлгүүртээ үйлчлүүлэгч Ц.Д-ыг “Боорцог муудсан асуудлаас болж эхнэртэй маргалдлаа” гэх шалтгааны улмаас үснээс нь зулгаан, газар унаган эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...хохирогч Ц.Д- нь 74 настай буюу өндөр настай иргэн болох нь түүний мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр тогтоогдож байх ба харагдах байдлаар ч илэрхий байна. Хохирогч өндөр настай болохыг шүүгдэгч Э.Б- мэдсэн, ойлгосон болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “хохирогч биеэ хамгаалж чадахгүй... болохыг мэдсээр байж” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байхад прокурор гэмт хэргийн дээрх хүндрүүлэх шинжийг орхигдуулан хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хуульд нийцээгүй байна. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэх ойлголт нь хохирогч бие махбодын хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байх явдал юм. Биеэ хамгаалж чадахгүй хүнд өндөр настай болсны улмаас бие махбодын хувьд хүч тамир сул дорой болж өөрийгөө бусдын халдлагаас идэвхтэйгээр хамгаалж чадахгүй хүн хамаарна. Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

      Прокурор Б.Ганзориг бичсэн прокурорын эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан нөхцөлийг шаардана. Хохирогч биеэ хамгаалж чадахгүй ойлголтод өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй, мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байдал хамаарна. Э.Б- нь хохирогч Ц.Д-ыг өөрийгөө хамгаалж, хүч түрэмгийлсэн үйлдлийг эсэргүүцэж чадахгүй болохыг мэдээгүй, мөн хохирогч Ц.Д-тай анх удаа уулзсан, харин ч эхнэр Г.Хонгорзулын эрүүл мэндэд халдсан учир эхнэрээсээ хохирогчийг салгах гэж үснээс зулгааж, газарт унаган эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан үйл баримт нотлогдсон. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

      Хохирогч Ц.Д-ын өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 3262 дугаартай шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй гарсан. Хохирогч Ц.Д- нь эмэгтэй, 1946 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 74 настай хүн юм. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 659 дугаартай тогтоолд хууль хэрэглээний талаар тайлбар хийсэн. Уг тайлбарт хохирогчийн насны байдал хамаарч байгаа. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Б-д холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарчээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээс иш татаж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж” гэдэгт хохирогч бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх чадахгүй болохыг гэмт этгээд мэдсэн, эсхүл хохирогч гадна төрх байдлын хувьд энэ нөхцөл байдал гэмт этгээдэд илэрхий мэдэгдэхүйц байсныг ойлгоно. Бие махбодийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй гэдэгт нэг талаас биеийн хөгжлөөр илтэд сул дорой бага насны хүүхэд, өндөр настан, өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй хүн, нөгөө талаас согтуурсан, мансуурсан, бусад гадны хүчин зүйлийн улмаас гэмт халдлагад эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдалд байгаа хүн хамаарах тул хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Э.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “Хохирогч өндөр настай нь биеэ хамгаалах чадваргүйд хамаарахгүй, өндөр настан гэдгийг яллагдагч мэдээгүй” гэж эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/3262 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН