Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 109/2017/0030/З |
Дугаар | 221/МА2017/0772 |
Огноо | 2017-11-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0772
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээд М.Б-ын өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0040 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0040 дүгээр шийдвэрээр: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Б.Б-ийг ажлаас халах тухай” Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “Ундарга” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б.Б-ийг ажлаас халах тухай маргаан бүхий актад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д “энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасныг үндэслэсэн байдаг.
Маргаж байгаа актад хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасан аль зөрчлийг үндэслэж ажлаас халсан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д зааснаар ажлаас халах шийдвэр гаргасан үндэслэлтэй байна гэж дүгнэв” гэжээ. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актад үндэслэгдээгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн гэж ямар үндэслэлээр дүгнээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлт өгсөн.
Мөн Б.Б миний бие удаа дараа зөрчил гаргаагүй байхад маргаан бүхий актад удаа дараа зөрчил гаргасан гэх хуулийн үндсэн заалтыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хууль тогтоомжуудыг маргаан бүхий актад үндэслээгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй.
Анхан шатны шүүх Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн албан тоотыг үндэслэж ажлаас халсан гэж дүгнэсэн атлаа тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн эсэх, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийгээгүй.
Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 тоот албан бичгийг үндэслэсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Хэрэв уг албан тоотыг үндэслэсэн бол тухайн албан тоотод дурдагдсан зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийх ёстой. Учир нь тухайн зөрчлийг шалгаж хариу өгсөн гэх Авлигатай тэмцэх газрын албан тоотын хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, зөрчил гаргасан хугацаа 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, Авлигатай тэмцэх газар нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01/158 тоот албан бичгийг үндэслэж зөрчлийг хянан шалгасан байдаг.
Тухайн зөрчил гаргасан хугацаа, илрүүлсэн хугацаа нь тухайн үед дагаж мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар захиргааны зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гаргасан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохиолдолд сүүлийн зөрчил гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны шийтгэл оногдуулж болохоор заасан байдаг. 2-т эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу уг зөрчилд захиргааны байгууллага хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан өдрөөс хойш 1 сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болохоор заасан.
Гэтэл тухайн зөрчлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан тоотод дурдагдсан зөрчил нь прокурорын шатанд хянагдаж байсан хугацаанд захиргааны хариуцлага ногдуулан ажлаас халсан. Тухайн зөрчлийг прокурорын байгууллагаас шалгаад 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл тухайн прокурорын эцсийн шийдвэр гараагүй байх хугацаанд миний биеийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр прокурорын шатанд хянагдаж байсан зөрчлийг үндэслэж ажлаас халж хууль тогтоомжуудыг ноцтой зөрчин хуулийг буруу хэрэглэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, орон нутгийн өмчит “Ундарга” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргах, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, орон нутгийн өмчит “Ундарга” ХХК-ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Архангай аймгийн Аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” албан шаардлагууд болон Авилгатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг үндэслэсэн” гэж тайлбарлан маргаж байна.
Ийнхүү хариуцагчаас Б.Б-ийг ажлаас халахдаа дээрх албан шаардлагууд болон албан бичгийг үндэслэсэн талаар тайлбарласан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг албан шаардлагад дурдсан зөрчил нэг бүрийг нэхэмжлэгч гаргасан эсэх болон тэдгээр зөрчилд нэхэмжлэгч буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, Архангай аймгийн Аудитын газраас орон нутгийн өмчит “Ундарга” ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн тайланд аудит хийж, илэрсэн асуудлыг танилцуулан санал авахаар тус компанийн удирдлагад 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр албан бичиг хүргүүлэхэд хариу өгөөгүй учир 03 дугаар сарын 21-ний өдөр Аудитын газрын даргын өрөөнд дуудаж уулзах гэхэд “Төрийн аудитын байгууллага улс төржиж байна” гэх тайлбарыг хэлдэг, энэхүү удирдлагын зүй бус харьцаа нь Төрийн аудитын байгууллага болон ажилтны нэр хүндэд зүй бусаар халдаж байгаа үйлдэл, мөн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдсон гэх үндэслэлээр тус компанийн захирал Б.Б-т сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах саналыг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 46/46 дүгээр албан шаардлагаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэж маргаж байхад энэ талаар шалгаж, дүгнэлт өгөх үүргээ шүүх огт хэрэгжүүлээгүй байна.
Мөн тус газрын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 52/52 дугаар албан шаардлагаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зүйл заалтууд болон Компанийн дүрмийг зөрчсөн тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой 120 сая төгрөгийн, орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн үедээ захирал Б.Б нь орон тооны зөвлөхөөр ажиллаж 4, 5, 6 саруудад 3.6 сая төгрөгийн цалин авсан, тус байгууллагын захирлын хамаарал бүхий этгээдийн компани болох “Цогт-Өнжүүл” ХХК-аас өмнөх жилд 4.7 сая төгрөгийн авлагын тооцоотой байсан ба уг авлагын тооцоог 2016 оны 12 дугаар сард цэвэр бохир усны хоолой нийлүүлж авлагыг хаасан зэрэг 128.4 сая төгрөгийн зөрчлүүд илэрч санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” санал дүгнэлт авсан гэх үндэслэлээр байгууллагын удирдлага, ерөнхий нягтлан бодогч нарт арга хэмжээ авах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ.
Гэтэл хавтаст хэрэгт тендертэй холбоотой баримт бичгүүд байхгүй, энэхүү тендертэй нэхэмжлэгч хэрхэн холбогдож ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй, шүүх энэ талаар хэргийн оролцогч нараас тодруулаагүй, мөн нэхэмжлэгч Б.Б-ийн орон нутгийн сонгуульд нэр дэвшсэнтэй холбоотой баримт байхгүй, 2017 оны 4, 5, 6 дугаар сарын цалин авсан зөрчил гаргасан гэх боловч хэрэгт авагдсан Б.Б-ийн нийгмийн даатгалын дэвтэрт 6 дугаар сарын цалин бичигдээгүй, түүнчлэн уг албан шаардлагад түүнийг Компанийн дүрмийг зөрчсөн гэсэн байхад “Ундарга” ХХК-ийн дүрэм хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд гэх “Цогт-Өнжүүл” ХХК болон “Ундарга” ХХК-ийн хоорондох авлагын тооцооны асуудлыг шалгаж тодруулаагүй зэргээс давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийн талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “...төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн...захирал...нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан тул шүүх “Ундарга” ХХК нь орон нутгийн өмчит хуулийн этгээд болох талаарх баримтыг цуглуулж, нэр дэвшсэн хугацаанд тус компанийн захирал Б.Б нь орон тооны зөвлөхөөр ажилласан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байжээ.
Авлигатай тэмцэх газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3689 дүгээр “Хяналт шалгалтын үр дүн, илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” албан бичигт “...Б.Б нь өөрийн нөхөр Э.Дашзэвэгийн “Цогт-Өнжүүл” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 20.909.800 төгрөгийн ажил гүйцэтгэсэн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэр бүлийн гишүүний өмчлөлд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 1 дүгээр багт худалдан авсан 2 болон 3 өрөө орон сууцнуудыг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, 2015, 2016 оны мэдүүлгийн хэсэгт гэр бүлийн гишүүний хадгаламжийг зөрүүтэй мэдүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас халах хариуцлага хүлээлгэхийг Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд мэдэгджээ.
Гэтэл шүүх дээрх нөхцөл байдалтай холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, тухайлбал “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг”, хадгаламжийн дэвтэр зэргийг нотлох баримтаар авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “...нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчжээ.
Түүнчлэн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаар захирамжаар Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох, “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/148 дугаар захирамжаар намайг “Ундарга” ХХК-ийн захирлын ажлаас ямар нэг үндэслэл, шалтгаангүйгээр чөлөөлсөн, мөн тушаалын үндэслэлд дурдагдсан асуудал нь Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/70 дугаар захирамжийн ажлаас халсан үндэслэлтэй ижил” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Дээрх байдалд үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН