Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 162

 

“Д” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                М.Батсуурь

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Г.Банзрагч

                                    Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О нарт холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн Ж.Зоригтод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0852 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0069 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваа,

Гуравдагч этгээд: Ж.Зоригт, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч А.Нарантуяа нар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0852 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/38 дугаар захирамжийн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О  нарт холбогдох хэсэг, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжийн Ж.Зоригтод холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0069 дүгээр магадлалаар:  нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0852 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хугацаа сунгахыг...” гэснийг “...хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг...” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн гомдол: ... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 505 дугаар захирамжаар “Д” ХХК-д тус дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын зүүн хойд талд 20.000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

4. Дүүргийн Засаг даргын дээрх захирамжийн дагуу “Д” ХХК-д 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, дүүргийн Газрын алба, “Д” ХХК-ийн хооронд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “... дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг хуульд заасан журмын дагуу тогтоогүй байна ...” гэж дурдсан байдаг.

6. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах гухай 15 дугаар тогтоолд “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үплчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчид 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн газраа хууль ёсоор ашиглах эрх үүссэн байна.

7. Гэвч нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ бусад газраас заагласан хил хязгаар байгуулаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн газрын үзлэг, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн тайлбараар тус тус тогтоогддог.

8. Мөн дээрх тогтоолд “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно ...” гэж заасан байна.

9. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид энэхүү нөхцөл байдал учраагүй бөгөөд тэрээр өөрт хуулиар олгогдсон хугацаанд тухайн газраа гэрээнд заасан   зориулалтын дагуу ашиглаагүй, ашиглах талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... эзэмшил газартаа сувиллын газар байгуулах зорилготой төсөл хөтөлбөрт хамрагдах болсон ...” гэж дурдаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй бөгөөд хариуцагч гомдолдоо дурдсан боловч давж заалдах шатны шүүх энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

10. Анхан шатны шүүх хариуцагчийг дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй, нэхэмжлэгчийг эзэмшил газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн тохиолдолд энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэртээ тусгаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс энэ асуудлыг анхаарч үзэн магадлалдаа дурдах нь зүйтэй байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

11. Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 9.6-д “... иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 9.4-т дурдсан баримтыг тухайн мэдэгдэл өгсөн албан тушаалтанд хүлээлгэн өгнө ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тогтоосон акт, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

12. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхацсан нь зөвхөн хариуцагчийн буруу, эзэмших эрх бүхий газрын нэгж талбар, эргэлтийн цэгийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж үзэж байгаа нь шүүх хэт нэг талд үйлчилж байна гэсэн эргэлзээг төрүүлж байна.

13. Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, шүүх хуулийг нэг мөр хэрэглээгүй болохыг хяналтын шатны шүүх анхаарч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            14. Анхан болон давж заалдах аштны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

15. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 505 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын зүүн хойд талд 20000 м.кв газрыг “аж ахуйн” зориулалтаар нэхэмжлэгч “Д” ХХК-д 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 0292813 дугаар гэрчилгээ олгожээ.

16. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй, эрх бүхий этгээдээс уг компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, цуцалсан ямар нэг шийдвэр гаргаагүй, газар эзэмших эрх хүчинтэй байх үед буюу 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга А/38 дугаар захирамж гаргаж, “Д” ХХК-ийн эзэмшил газарт давхцуулан иргэн Н.Б, Я.О, Э.У, Л.Н, А.Б, Б.Н, И.Б, Э.А, Т.О, Т.Б, Б.Э, Б.Х, Б.О, Н.Л, И.О  нарт, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/173 дугаар захирамжаар иргэн Ж.Зоригтод тус тус эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй /байх/” хуулийн шаардлагад нийцээгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

17. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй /тохиолдолд  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/”-оор заасан байх тул, хэрэв газар эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь зохих журмын дагуу тогтоогдсон тохиолдолд, эрх бүхий этгээдээс түүний газар эзэмших эрхийг цуцалж, эрх зүйн харилцаа дуусгавар болсны дараа, үүний үндсэн дээр чөлөөлөгдсөн газрыг бусад этгээдэд зохих журмын дагуу олгох боломжтой юм.

18. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...нэхэмжлэгч нь эзэмшил газар дээрээ бусад газраас заагласан хил хязгаар байгуулаагүй, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... /байхад шүүх анхаарч үзээгүй/” гэх гомдлыг хангах үндэслэлгүй, ийм нөхцөл байдал нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас маргаан бүхий газрыг гуравдагч этгээдүүдэд шууд хуваан эзэмшүүлэх үндэслэл болохгүй. 

19. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нь нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг тогтоосон акт, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргийг дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй, учир нь, ийм үндэслэлээр бусдын эзэмшил газарт давхцуулан, өөр этгээдэд газар эзэмшүүлэх эрхийг дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулиар олгоогүй байна.

20. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “...  дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах”-аар заасныг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх хэт нэг талд үйлчилж байна” гэх, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга  тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА