Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 14

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэг, гуравдагч этгээд Б.Мөнгөнцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Б.Намбарын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах

Б.Намбар миний өмчлөлийн 400 м2 газарт шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэг, гуравдагч этгээд Б.Мөнгөнцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд нараас эвлэрлийн гэрээ байгуулсаныг хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Намбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие  нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2006 оны 10-р сарын 05-ны өдрийн 143 дугаар захирамжаар ЦУ-01Б-22 тоот хашааны газрыг /0194929 тоот гэрчилгээтэй/ эзэмшсэн билээ. Гэтэл 2009 онд хажуугийн айл болох Ж.Хүрэлсүх нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэж, гарын үсгийг хуурамчаар ашиглан нотариатаар батлуулж, миний газрыг өөртөө шилжүүлэн нэгтгэсэн байна.

Ж.Хүрэлсүх нь миний газрыг өөртөө авсан даруй буюу 2009 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 0247392 тоот гэрчилгээ бичүүлсэн өдрөө Б.Мөнгөнцэцэгт хашаа байшин бэлэглэлийн гэрээгээгээр шилжүүлсэн болохыг аймгийн Газрын алба болон, Эрдэнэбулган сумын газрын даамлаас тодруулан мэдээд удаа дараа хүсэлт тавьсаны дагуу Ж. Хүрэлсүх, Б.Мөнгөнцэцэгт эзэмшүүлж, өмчлүүлсэн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар  сарын 16-ны өдрийн 218 дугаар захирамж, Архангай аймгийн Засаг даргын 2009 оны 377 дугаар захирамжийн 9 дэх хэсгийн 800м2 газраас 400м2 газрыг аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн а/636 тоот захирамжаар хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээсэн. 

Иймд Б. Мөнгөнцэцэгийн Цогт уулын 01Б-20 тоот хашааны газрын газар өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б. Мөнгөнцэцэгийн хууль бусаар өмчилөн авсан 800 м2 газраас 400 м2 газрыг Б. Намбар миний өмчлөх эрхийг сэргээсэн захирамжийг хэрэгжүүлж, Цогт уулын 01Б- 22 тоот хашааны 400м2 газарт шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Вандансүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Намбарын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1. Б.Мөнгөнцэцэг нь 2009 оны 11 дугаар сарын 24-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт уулын 1Б-20 тоотод орших 800 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрын өмчлөх эрхийг анх удаа баталгаажуулахаар гаргасан мэдүүлэгтээ иргэн Б.Мөнгөнцэцэгийн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, Архангай аймгийн Засаг даргын 2009 оны 11-р сарын 16 өдрийн дугаар 377 захирамж, иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж, газрын кадастрын зураг, газрын хянан баталгааны хуудас, үйлчилгээний хөлс төлсөн баримт зэрэг нотлох баримтыг хавсарган өгснийг үндэслэн дээрхи газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Г- 0118001265 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000081590 тоот гэрчилгээ олгосон нь холбогдох хууль журмыг зөрчөөгүй болно.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.3,13.5.7,13.5.8,13.9 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 4 дэх заалтыг удирдлага болгон мэдүүлэг гаргагчийн гаргасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийг хийсэн. Иймд Б.Мөнгөнцэцэгийн газар өмчлөх гэрчилгээг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй болно.

Гуравдагч этгээд Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие 2009 оны 11 сард иргэн Ж.Хүрэлсүхээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт –Уулын 01 Б-20 тоот хашааны 800 м2 газрыг 22,000,000 сая төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед иргэн Ж.Хүрэлсүх бид нар нь бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ газрыг Ж.Хүрэлсүхээс худалдан авсны дагуу би улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж газар өмчлөлийн гэрчилгээгээ авсан болно. Б.Намбарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймаг дахь Төрийн банкны Архангай салбар”-аас 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр харилцагч Б.Мөнгөнцэцэг нь сарын 1,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай 42,000,000  сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан.

IТухайн үед зээл авахдаа зээлийн барьцаанд Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 3 дугаар баг Цогт-Уулын 1Б-р гудамж 20 тоотод байрлах нэгж талбарын 021803791 дугаартай, 800 мкв талбай бүхий газар болон Улсын бүртгэлийн Ү-0118000654 дугаартай, 56 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан №104 тоот зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан бөгөөд гэрээ байгуулах явц бүгд хууль, эрх зүйн хүрээнд явагдсан. Улмаар Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Иймд Төрийн банк нь уг газрын хууль ёсны эзэмшигч бөгөөд харилцагч Б.Мөнгөнцэцэгийн авсан зээлийг бүрэн хаагдсаны дараагаар барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой гэжээ.

 

Хэргийн оролцогч нар шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн эвлэрлийн гэрээндээ:

1. Нэхэмжлэгч Б.Намбар нь 2015 оны 11-р сарын 15-ны өдөр тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нь газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, хүсэлтээ гарган 2006 онд газар эзэмшиж, 2014 онд газраа өмчилсөн. Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар ...үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх миний эрх зөрчигдөөд байна. Иймд Б.Мөнгөнцэцэгийн Цогт-Уулын 01 Б-20 тоот хашааны газрын газар өмчлөлийн гэрчилгээг хүчингүй болгож, Б.Мөнгөнцэцэгийн хууль бусаар өмчлөн авсан 800 м2 газраас 400 м2 газрыг Б.Намбар миний өмчлөх эрхийг сэргээсэн захирамжыг хэрэгжүүлж, Цогт уулын 01Б-22 тоот хашааны 400 м2 газарт шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.”...гэсэн нэхэмжлэлд гуравдагч этгээдээр татагдсан Б.Мөнгөнцэцэг миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч нэхэмжлэгч Б.Намбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувдтай “Миний бие нь хууль бусаар өмчлөн авсан 800 м2 газрыг Төрийн банкны Архангай аймаг дахь салбарт зээлийн барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусах тул хууль бусаар өмчилж авсан 800 м2 газраас 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Намбарын эзэмшилд шилжүүлж өгөхөөр Улсын бүртгэлд хүсэлт гаргах үндэслэлээр эвлэрлийн гэрээ байгуулж байгаагаа баталж байна.

 

2. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох иргэн Б.Намбарын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэг миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Гуравдагч этгээд болох Б.Мөнгөнцэцэг нь Төрийн банкны Архангай аймаг дахь салбарт зээлийн барьцаанд байгаа Цогт-Уулын 01Б-20 тоот хашааны 800 м2 газрын эргэн төлөлт нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусах тул хууль бусаар өмчилж авсан 400 м2 газрыг нэхэмжлэгч Б.Намбарын эзэмшилд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлээс чөлөөлөн шилжүүлж өгөх хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2014 оны 11-р сарын 24-ны а/636 тоот захирамжийг хэрэгжүүлж Б.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн Цогт уулын 01Б-20 тоот хашааны 800 м2 газраас Б.Намбарын өмчлөлд 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувдтай эвлэрлийн гэрээ байгуулж байгаагаа баталж байна.

 

З. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэгийн “Б.Мөнгөнцэцэцэг нь хууль бусаар өмчлөн авсан 800 м2 газрыг Төрийн банкны Архангай аймаг дахь салбарт зээлийн барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусах тул хууль бусаар өмчилж авсан 800 м2 газраас 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Намбарын эзэмшилд шилжүүлж өгөхөөр Улсын бүртгэлд гаргасан хүсэлт болон аймгийн Засаг даргын 2014 оны 11-р сарын 24-ны өдрийн а/636 тоот захирамжийг хэрэгжүүлж Б.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн Цогт уулын 01Б-22 тоот хашааны 800 м2 газраас Б.Намбарын өмчлөлд 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохоо баталсан тайлбар, гуравдагч этгээдээр татагдсан Б.Мөнгөнцэцэгийн “миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хууль бусаар өмчилөн авсан Цогт уулын 01Б-22 тоот хашааны 800 м2 газрыг Төрийн банкны Архангай аймаг дахь салбарт зээлийн барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусах тул хууль бусаар өмчилж авсан 800 м2 газраас 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Намбарын эзэмшилд шилжүүлж өгөхөөр Улсын бүртгэлд хүсэлт гаргасан тухайгаа баталсан тайлбар зэрэг дээр үндэслэгдэн “Б.Мөнгөнцэцэгийн хууль бусаар өмчилж авсан Цогт уулын 01Б-22 тоот хашааны 800 м2 газраас 400 м2 газрыг Б.Намбарын өмчлөлд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж шинээр өмчлөлийн гэрчилгээ олгох” нөхцөлтэйгөөр хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэг, гуравдагч этгээд Б.Мөнгөнцэцэг нартай эвлэрч байгаагаа баталж байна.

Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд бидний зүгээс уг эвлэрэлтэй холбогдуулж дахин гомдол гаргахгүй, талууд эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөө шүүхийн шийдвэрийн нэгэн адил заавал дагаж биелүүлэх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Намбар нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах Б.Намбар миний өмчлөлийн 400 м2 газарт шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 20 дүгээр зүйлийн 20.1.1, 43 дугаар зүйлийн 43.3-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд хэргийн оролцогч нар нь шүүхэд өгсөн эвлэрлийн гэрээндээ “..Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэг, гуравдагч этгээд Б.Мөнгөнцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулжээ.

Гуравдагч этгээд Б.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хууль бусаар өмчлөн авсан 800 м2 газрыг Төрийн банкны Архангай аймаг дахь салбарт зээлийн барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусах тул хууль бусаар өмчилж авсан 800 м2 газраас 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Намбарын эзэмшилд шилжүүлж өгөхөөр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбилэг нь Б.Мөнгөнцэцэцэг нь хууль бусаар өмчлөн авсан 800 м2 газрыг Төрийн банкны Архангай аймаг дахь салбарт зээлийн барьцаанд тавьсан ба зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусах тул хууль бусаар өмчилж авсан 800 м2 газраас 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Намбарын эзэмшилд шилжүүлж өгөхөөр Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт болон аймгийн Засаг даргын 2014 оны 11-р сарын 24-ны өдрийн а/636 тоот захирамжийг хэрэгжүүлж Б.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн Цогт уулын 01Б-20 тоот хашааны 800 м2 газраас Б.Намбарын өмчлөлд 400 м2 газрыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нартай эвлэрч байгаагаа баталсан үндэслэлээр харилцан тохиролцож эвлэрснээ бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь хуульд харшлахгүй байна.

 

Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Б.Намбарын  нэхэмжлэлтэй Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах Б.Намбар миний өмчлөлийн 400 м2 газарт шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эд хөрөнгө, өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 17 дугаар зүлийн 17. 1,  18 дугаар зүйлийн 18.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, Б.Намбарын нэхэмжлэлтэй  Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах  Б.Намбар миний өмчлөлийн 400 м2 газарт шинээр өмчлөлийн гэрчилгээ олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                                                                  

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол  гаргах эрхгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОДОНТУЯА