Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/0534

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б****, /РД:ФБ6******/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ***** дүгээр гудамж, ** тоот.

Нэхэмжлэгч: Ж.Ж*****, /РД:ЧД7*******/ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ***** дүгээр гудамж, ** тоот,

Нэхэмжлэгч: Б.Ж**-е*** /РД:ШУ9******/ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ***** дүгээр гудамж, ** тоот.

Нэхэмжлэгч: Б.Ж**** /РД:УТ0*******/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ***** дүгээр гудамж, ** тоот.

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын гудамж 1 тоотод байрлах Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба.

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын гудамж 1 тоот.

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.И*******-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00524862 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.Б****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*****, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******, гуравдагч этгээд М.И******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж.. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Н.Б**** болон Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нар нь Сонгинохайрхан дүүргийн, 1 дүгээр хороо, ** тоотод байрлах газарт 1997 оноос одоог хүртэл 23 жил амьдарч байгаа бөгөөд уг газраа 2007 онд өмчилж авахаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүсэлт тавихад цахилгааны хамгаалалтын бүсэд газар олгох боломжгүй тул хашаагаа татаж багасгаад 706 м.кв газрыг авах боломжтой гэсний дагуу бид хашаагаа татан 700 м.кв газрыг үнэгүй өмчилж үлдсэн 6 м.кв газрыг тухайн үеийн ханшаар буюу 79,200 төгрөгөөр худалдан авч байсан. Үлдэх 455 м.кв газар нь дэлгүүр болон манай хашаа хоёрын дунд байрладаг ба тухайн газарт хүмүүс ихээр архидан согтуурч амгалан тайван байдал алдагдуулдаг тул тус газрыг 2008 онд хашаа барьж битүүлээд одоог хүртэл амьдарч байна.

Манайх ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хүүхдүүддээ өмчлүүлэх, эзэмшүүлэх хүсэл сонирхол бий болж улмаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл хүсэлт гаргаж Сонгинохайрхан дүүргийн газрын байцаагчтай хэд хэдэн удаа уулзахад Цахилгаан түгээх эрчим хүчний байгууллагаас зөвшөөрөл авчирвал өмчлөх боломжтой гэсний дагуу 2014 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид хандсан боловч хариу ирүүлээгүй. Дахин 2015 онд хандахад 5/1472 дугаарын албан бичгээр Цахилгааны дэд өртөөний хамгаалалтын зурвас тул амьдрах боломжгүй хуулийн заалттай газар гэж хариу өгсөн. Гэтэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3/1205 дугаарын албан тоотоор уг газрын хамгаалалтын зурвасыг зөөх боломжтой тул эзэмших зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хүргүүлснээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжаар иргэн М овогтой И******* Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамжны 1а тоотод байрлах 455 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна.

Манайх тухайн газрыг эзэмшиж, өмчилж авахаар удаа дараа Сонгинохайрхан дүүргийн газрын албанд өргөдөл гаргаж, мэргэжилтэнтэй уулзаж шаардлагатай өргөдөл хүсэлт тавихад бидэнд тус газрыг эзэмших, өмчлөх зөвшөөрөл олгоогүй байж иргэнд М.И*******-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь шударга ёсонд огт нийцэхгүй байна. М.И****** тус газрын цэвэрлэх 110/35/10 кв станцаас тэжээгдэж байгаа зоорь фидерийн тулгуур №85 тэжээгдэж байгаа АТП-1408 дэд хамгаалалтын станцыг зөөх нь битгий хэл уг газар хашаа ч хатгаагүй, оршин суудаггүй одоо хүртэл тус станц хэвээрээ байгаа. 2014-2019 он хүртэл уг станц байрнаасаа огт хөдлөөгүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжид Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, ******** дүгээр гудамж ** тоотод байрлах 455 м.кв газрыг М.И15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гараагүй, уг захирамжид М.И******ы нэр огт байхгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №000****63 дугаартай гэрчилгээг М.И*******-д олгосон байна.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж захирамжийн хуулбарыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас гаргуулж авснаар уг захирамж болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 сарын 04-ний А/321 захирамж болохыг мэдэж уг захирамжийн хавсралтад М.И******ы нэр огт байхгүйг мэдсэн. Харин Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга 2014 оны 10 дугаар сарын 20-ны М.И*******-д Засаг даргын захирамжгүй байхад газрын гэрчилгээг хууль бусаар олгосныг олж тогтоосон.

Бид М.И******ыг хашаагаа тат газраа чөлөөл гэхэд Нийслэлийн газрын албанд өргөдөл гаргахад 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-06/406 албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд явуулсан байсан албан тоотод Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.И*******-д эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин газар эзэмшүүлсэн тул зохих журмын дагуу мэдээлэл, санал ирүүлж хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг үүрэг болгосон байдаг. Бид маш их гомдолтой байна. Уг газарт манайх хашаа татсан шалтгаан нь үл таних архичин согтуу хүмүүс ойртож амь насаа алдаж, бэртэж гэмтэх, мөн бусад хог хаягдлын цэг үүсэхээс урьдчилан сэргийлсэн болно. Үүний тулд манайх хашаагаа сунгаж татсан байсныг М.И****** нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай хашааг буулгах, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай хашааг буулгасан ч хог, шороо, согтуу хүмүүс явж бидний амгалан тайван байдлыг алдагдуулж, амьдрахад хэцүү байна.

Уг газарт бид 23 жил амьдарч ирсэн, мөн тухайн газрыг хамгаалж хашаа хатгаж, хог шороог нь цэвэрлэж байсан шударга иргэний хувьд бидэнд тэргүүн ээлжинд газрын зөвшөөрөл олгох үндэслэлтэй байтал уг газар дээр огт амьдардаггүй бүртгэлгүй, иргэнд хууль бусаар Засаг даргын захирамжгүй байтал газрын гэрчилгээ авсан М.И*******-д газрыг эзэмшүүлэх болсон нь бидний уг газрыг эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамжны 1а тоотод байрлах 455 м.кв газрын эзэмших эрхийг М.И*******-д олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамжны 1а тоотод байрлах 455 м.кв газрын эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А****** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... маргаан бүхий газарт иргэн М.И******ы хүсэлтийн дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3/1205 тоот албан бичгийг үндэслэн Дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжаар М.И34 дүгээр /хуучнаар 1 дүгээр / хороо Толгойтын 94 дүгээр гудамжны 1а тоот 455 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эрх олгосон байна.

Тухайн байршилд иргэн Н.Б**** 2018 оноос эхлэн удаа дараа гомдол, хүсэлт гаргаж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн утгатай хариуг 2018 оны 17/349, 2019 оны 17/234 тоот албан бичгүүдээр хариу хүргүүлсэн байна. Мөн тус албанд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102 дугаар магадлал тус албанд ирүүлсэн байна... гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ....Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий газарт 13 жил амьдарсан байхад тухайн газрыг өөр этгээдэд эзэмшүүлсэн гэж байх боловч нэхэмжлэгч нарын энэ үйлдэл нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27.4-т /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ гэж заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхтэйг нотлох баримт биш юм.

Газрын тухай хуульд тухайн газарт олон жил амьдарсан иргэнд давуу эрхтэйгээр газар эзэмшүүлэх эрх олгохоор заагаагүй бөгөөд газрын тухай хуулийн 32, 38 дугаар зүйлд заасан хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг судлан үзэж зохих журмын шаардлага хангасан иргэнд газар эзэмшүүлэхээр хуульчилсан байна. Иргэн М.И*******-д 2014 онд Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-аас зөвшөөрөл авч хуульд заасан холбогдох материалыг бүрдүүлэн Газар зохион байгуулалтын албанд өгч дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо 94-1а тоот хашааны нэгж талбарын 18**********21 дугаар 455 м.кв газрыг эзэмших эрх авсан байна. Дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг хүчингүйд тооцох үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд М.И****** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...2013 онд анх маргаан бүхий 455 м.кв эрчим хүчний станц байрладаг газрыг олж харсан. Тэр үед уг газар нь 2 айлын хашааны голд сул чөлөөтэй хоосон газар байсан. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Бгэх хүнтэй өрөөнд нь биечлэн уулзаж дээрх газрыг эзэмших хүсэлтэйгээ хэлсэн. Тэгэхэд надад дээрх газар нь Эрчим хүчний хамгаалалтын зурвас газар байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн шийдэх асуудал гэж зөвлөсний үндсэн дээр би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн бичиг хэргийн албанд өөрийн хүсэлт болох хамгаалалтын зурвасыг чөлөөлж, дэд станц АТП-1408-ийг зөөвөрлөх зардлыг хувийн зүгээс зөөвөрлөх хөрөнгө мөнгийг гаргана гэж бичсэн гар өргөдлийг тэргүүн дэд захирал н.Д*****-д хандаж 2013 оны 5 дугаар сарын 24-нд өгсөн. Үүний хариу 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарч Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд дээрх газар байрлах дэд станц АТП-1408-ийг зөөвөрлөх боломжтой тул М.И*******-д газрыг эзэмшүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Газрын албанд хүргүүлсний үндсэн дээр 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дээрх газрыг надад эзэмшүүлсэн.

Иймд дээрх газрыг эзэмшихийн тулд анх газар дээрээ хашаа татсан байх шаардлагатай гэж Газрын албаны мэргэжилтний зөвлөснөөр уг газарт 2014 оны 10 дугаар сарын эхэнд нагац эгч н.Эбас бус хүмүүстэй очиж 700.000 төгрөгөөр шинэ банз худалдаж авч хашаа татсан. Хашаа татаж байхад Н.Б**** эхнэр Ж****** нар гарч ирж миний газар гэж маргалдаж хэл амаар доромжилж байсан. Тэр өдөртөө багтаж хашаагаа татаж дуусгачхаад би газрыг орхиж явсан. Ажил төрөл гэж яваад эргэж тойрч чадалгүй яваад 7 хоногийн дараа татсан хашаагаа эргэж харахад Н.Б**** нь миний татсан хашааг буулгаад авчихсан байсан. Би хашаа татсан талаар зураг бичлэг баримтгүй гэдэг шалтгаанаар шүүхийн өмнө хөрөнгө эд мөнгөөр хохироод Н.Б**** нь миний шинэ банзан хашааг өөртөө авсан. Тиймээс дээрх газрын маргааныг олоход хэл амаа ололцохгүй, ойлголцох чадваргүй, харилцааны соёлгүй хүмүүс байсан тул дээрх маргааныг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлж явсаар өдийг хүрсэн.

2018 онд Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх, 2019 онд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх зэрэг байгууллагын шийдвэр гарч М.И****** нь хууль зөрчөөгүй байна. Дээрх газрын хууль ёсны эзэмшигч мөн тул Н.Б**** та зөвшөөрөлгүй татсан хашаагаа авахыг зөвлөсөн. Гэвч дээрх газарт намайг очиход хэл амаар доромжилж хашаагаа буулгаж авахгүй байсан тул 2019 онд шүүхийн шийдвэрээр Н.Б****ын зөвшөөрөлгүй татсан хашааг шүүх буулгасан. Н.Б**** нь нэхэмжлэлдээ Би түрүүлж дээрх газрыг хөөцөлдсөн гээд 2014, 2015 онуудад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандсан гэсэн байна. Тийм бол миний бие 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандсан гар өргөдлийг баримт болгож хавсаргав.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тухай дэд станцыг зөөвөрлөх шийдвэр болох техникийн нөхцөлийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний нэр дээр гаргаж өгсөн. Тэр үед станцыг зөөвөрлөхөд миний хувийн зүгээс хөрөнгө мөнгө санхүүг нь шийдвэрлэх, мөн тусгай зөвшөөрөлтэй компани шаардлагатай, санхүү нь 10 сая төгрөг гэсэн тул санхүүгийн бэрхшээл гарч ирсэн. Үүнтэй зэрэгцэж ээжийн минь бие өвдөж эмнэлгийн ажилтай явсаар техникийн нөхцөлийн хугацаа буюу 1 жил өнгөрчихсөн. Тиймээс техникийн нөхцөл сунгаж шинээр авах шаардлагатай болсон. Иймээс техникийн нөхцөлийн сунгахаар 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүсэлт өгсөн. Миний бие дээрх газрыг эзэмшихдээ хариуцах байгууллага болох Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хандаж хууль ёсны дагуу эзэмшсэн болно. Энэ хугацаанд сэтгэл санаа, хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдаж өдийг хүртэл газраа эзэмшиж чадахгүй Н.Б**** Ж****** нараар хэл амаар доромжлуулж яваа тул үнэн мөнөөр шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б**** нараас анх Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00****62 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан[1].

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.И*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нарт олгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно[2].

Шүүх энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхдээ захиргааны актын хууль зүйн зөрчлийг арилгах замаар иргэний Үндсэн хуулиар олгосон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг эн тэргүүнд хамгаалахын сацуу нийгэмд тогтсон буруу жишгийг таслан зогсоохыг зорьсон болно.

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.И*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрх олгох тухай А/321 дүгээр захирамжаар иргэн М.И*******-д Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмшүүлжээ[3].

Энэхүү захирамжийг нэхэмжлэгч Н.Б**** нарын 5 иргэн эс зөвшөөрч ...энэ газрыг эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан боловч Цахилгааны дэд станц байгаа тул ойрхон гэр, орон сууц барих боломжгүй гэж мэдэгдэж байсан. Гэтэл манай цахилгааныг бичдэг залуу энэ газрыг авсан болохыг мэдсэн. М.И****** цахилгаан түгээх сүлжээнд ажилладаг, дэд станцыг зөөвөрлөх боломжтой гэхээр нь газар эзэмших эрх олгосон байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл дэд станцыг зөөвөрлөөгүй. Энэ асуудлаар Нийслэлийн Газрын албанд хандахад Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг зөрчин М.И*******-д газар олгосон гэж хариу өгсөн... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтаас үзвэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан ...шийдвэрт хамааралтай,...бодит нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй.

Захирамжийн үндэслэл болсон эрх зүйн зохицуулалт нь уг актыг гаргах болсон бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар иргэн М.И*******-д эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газар дээр 110/35/10 кВ станцаас тэжээгдэх, зоорь фидерийн тулгуур №85 тэжээгдэж байгаа АТП-1408 дэд станц байрладаг[4].

Уг станц нь 2001 онд ашиглалтанд орсон цагаас эхлэн одоог хүртэл Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ашиглалтанд байгаа болно[5].

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох, түүний хүрээнд ажил, үйлчилгээ явуулахтай холбогдсон харилцааг Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталсан[6].

Уг тогтоолын 3 дугаар хавсралтад:

 

 

 

Шугам сүлжээний хүчдэлийн түвшин

Хүн оршин суудаггүй газраар өнгөрөх нөхцөлд

Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд

Дэд станц, хуваарилах байгууламж

Шугамын захын утаснаас хоёр тийш

Тал бүр тийш

1

Цахилгаан дамжуулах шугам

а/1кВ хүртэл

-

1-1.5 м

-

2

б/ 1-20 кВ хүртэл

10 м

2 м

10 м

3

в/ 35 кВ хүртэл

15 м

4 м

15 м

4

г/ 110 кВ хүртэл

20 м

5 м

20 м

5

д/ 220 кВ хүртэл

25 м

6 м

25 м

гэжээ.

Энэ зурвас газарт ямар ч байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд эдэлбэр газар олгох, дур мэдэн барилга байгууламж, хашаа гэр, агуулах сав барих, мал амьтан үржүүлэх, бэлчээх болон бусад ямар ч ажил үйлчилгээ хийхийг хатуу хориглосон.

Уг дүрмийн тавдугаар зүйлд Аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга эрчим хүчний шугам сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, эрчим хүчний шугам сүлжээний зурвасын зураглалыг үндэслэн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу хамгаалалтын зурвасыг тогтооно гэсэн ба арван зургаадугаарт Энэхүү дүрмийн биелэлтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, эрчим хүчний зохицуулагч болон хяналтын улсын байцаагч, эрчим хүчний шугам сүлжээг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага өөр өөрийн чиглэлээр хяналт тавьж хууль дүрмийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх үүрэг эрхтэй гэж  заасан байна.

Гэтэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Эрчим хүчний тухай хуулийн 7 зүйлийн 7.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ, 7.3-д Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй атлаа энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно-сон хамгаалалтын зурвас бүхий газар дээр иргэн М.И*******-д газар эзэмшүүлжээ.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас иргэн М.И*******-д газар эзэмшүүлэхдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3/1205 дугаар ...шилжүүлэн зөөх боломжтой... гэх албан бичгийг үндэслэх нь учир дутагдалтай.

Зүй нь уг албан бичгийн гүйцэтгэлийг хэрэгжүүлсний дараа түүнд газар эзэмшүүлэх нь холбогдох хуульд нийцэх байжээ.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.И*******-д холбогдох хэсэг нь хууль бус бөгөөд уг актын улмаас иргэн М.И******ы болон нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй байх тул түүнийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00524862 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтаас үзвэл хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн М.И******ы газар хүссэн хүсэлтийг шийдвэрлэхдээ Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Журам батлах тухай 83 дугаар тушаалын Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасан эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал-ыг баримтлаагүй, суурин болон хээрийн судалгаа хийгээгүй байна.

Түүнчлэн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3/1205 дугаар албан бичгийн дагуу АТП-1408 дэд станцыг шилжүүлээгүйн улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж,...зөрчсөн; 40.1.2 газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан... заасан нөхцөл байдлыг бий болсон.

Нөгөөтээгүүр шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.И*******-д холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гарсан болохыг тогтоосон тул уг шийдвэрийг үндэслэл болгон олгосон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00524862 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3.Иргэн Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэжээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох маргааны үйл баримтаас авч үзвэл иргэн Н.Б**** нь гэр бүлийн гишүүдийн хамт маргаан бүхий газар болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, ** тоотын баруун талд[7] газар өмчлөх эрхээ эдлэн амьдарч байгаа болно.

Хэдийгээр нэхэмжлэгч Н.Б**** нараас ...маргаан бүхий газар дээр анх газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж байсан... гэж тайлбарлан маргах боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Засаг даргын Тамгын газрын архив, бичиг баримтад үзлэг хийхэд тэдгээрийг тус газар дээр гуравдагч этгээд М.И******аас өмнө газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх талаар баримт олдоогүй, нэхэмжлэгч өөрөө ч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй болно.

Түүнчлэн шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлсэн хэдий ч хавтас хэрэгт иргэн Н.Б**** нараас маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар иргэн М.И*******-д Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмшүүлэхээс өмнө тус газрыг эзэмших хүсэлттэй байсан эсэх талаарх өргөдөл, хүсэлт болон түүнтэй холбогдох баримт олдоогүй.

Тиймээс хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 17/349 дүгээр албан бичиг[8], 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17/234 дүгээр албан бичгээр[9] ...хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй... гэх хариуг хүргүүлж байсныг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг хууль бус татгалзал болон эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газар дээр 110/35/10 кВ -н АТП-1408 дэд станц байрладаг[10], уг станцын хамгаалалтын зурваст дээрх хуулиар бусдад газар эзэмшүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс хэргийн үйл баримттай холбогдуулан судалсан зүйлээс үзвэл[11] Цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын утсууд нь тодорхой шалтгааны улмаас /ашиглалтын элэгдэл хуучралт, гадны механик цохилт, хүчтэй салхи шуурганы улмаас/ бэхэлгээ нь гэмтэх, тулгуур унах, хүчдэлтэй утас тасарч хүн, амьтан, гэр, байшин дээр унавал  шугам, дэд станцын хамгаалалтын зурваст суурьшсан аж ахуйн нэгж, ард иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд нөхөгдөшгүй гарз хохирол учруулах хор хөнөөлийн хэмжээ дэндүү их юм.

Түүнчлэн станц байрлаж байгаа газар дээр цахилгаан соронзон орон нөлөө үүссэнээр хүний биед дотор муухайрах, судас бүдүүрэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг.

Мөн шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийх явцад тухайн дэд станцын газардуулагч байгаа нь тодорхойгүй байсан болох нь ажиглагдсан.

Товчхондоо Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газар дээр 110/35/10 кВ -н АТП-1408 дэд станц байрлаж байгаа тохиолдолд энэхүү газрыг иргэнд эзэмшүүлэн ашиглуулах боломжгүй тул маргаан бүхий актыг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч нарын эрх, сэргэхээргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.Ихолбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000****63 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан Н.Б****, Ж.Ж*****, Б.Е*****, Б.Ж**-е***, Б.Ж**** нарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ****** гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг нэхэмжлэгч нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР